Улс халзангийн унаач Т.Баярхүү: Улс халзандаа найдаж байсан

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 16 -нд

-Улс халзанг унаад түрүүлгэлээ. Мэдээж баяртай байгаа байх. Манай уншигчдад тэр сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Тиймээ. Маш их баяртай байгаа. Намайг Тогоохүүгийн Баярхүү гэдэг. Би Дорнод аймгийн Матад сумынх л даа. 2010 оноос хойш хурдан морь унаж байгаа. Би тугал ухаа, улс халзан, жанжин бор, яруу саарал, хүрэн үрээ гээд олон хурдан морийг унадаг.
-Хурдан морины хүүхдүүд жоохноосоо морь унасан байдаг. Чиний хувьд?
-Ер нь унаач бид нар багаасаа морьтой ойрхон өсдөг юм. Миний хувьд таван настайгаасаа морь унаж сурсан. Одоо бараг есөн жил болж байна даа.
-Энэ жилийн наадамд улс халзангийн гараа хэр байсан бэ? Түрүүлнэ гэдэгтээ найдаж байв уу?
-Найдалгүй яахав. Хурдан юм чинь. Гарааны хувьд сайн байсан. Арван хэдэд эргээд толгойны хэдтэй уралдаж байгаад цагаан хөтлөөс тасарсан.
-Уралдаан болоход  унаачаас их зүйл шалтгаалдаг шүү дээ. Чиний хувьд ямар тактикаар уралддаг вэ? Энэ жил хэдэн насны морь унасан бэ?
-Би тархинд эргээд, үзүүр дээрээ хамаг хүчээ шавхдаг юмуу даа. Сая долоон насны морь уналаа.
-Чи улсын довтой олон хурдан ажнай унадаг юм байна. Энд тэндхийн уралдаанаасаа ярихгүй юу?
-Тугал ухааг 2010 онд унах гэж байгаад шагай хулыг унасан юм. Тэгээд шагай хулаар улсад 13-аар орсон. Харин тугал ухаа таваар орж байсан л даа. Жанжин бор гээд Манлай Бат-Эрдэнэ ахын адууг унадаг юм. Тэр маань хөл нь доголоод улсад уралдаж чадаагүй. Яруу саарлыг 2010 оны зүүн бүсэд унаж, айргийн гурваар орж байлаа.
-Унах дуртай морь чинь аль вэ? Унаачид  “би тэрийг унана” гэх мэтээр булаацалддаг гэсэн?
-Тиймээ. Миний хувьд улс халзан, хүрэн соёолонгоо унах дуртай. Дүнжингаравт хүрэн соёолон, улс халзан хоёрыг айрагдуулж байсан. Дүнжингараваас хоёр айраг авчихаад, Сүхбаатарт түрүүлгэж, сая улсад алтан жолоо өргүүллээ. Ер нь олон жил сайхан уралдаж, дархлагдсан адуутай уралдах хамгийн гоё.
-Морь унахад хэцүү, хүндрэлтэй зүйл гардаг уу? Өвлийн уралдаан хэцүү юм шиг санагддаг?
-Гайгүй шүү. Харин халуун өдөр л уралдах жаахан хэцүү байдаг юм. Өвлийн уралдаан тийм ч хэцүү бишээ. Уралдаад сурчихлаар гайгүй байдаг юм.
-Чи үе тэнгийнхнийгээ бодвол газар үзээд олон наадмаар явсан байх. Үеийнхээ хүүхдүүдтэйгээ байхаар чи арай л өөр байдаг байх?
-Өөр байлгүй яахав. Морь унаж, дандаа том хүмүүстэй хамт яван, олон газраар нааддаг болохоор үеийн хүүхдүүдтэйгээ ярилцахаар их өөр байдаг.
-Ангийнхан чинь чамайг морь унадгийг мэдэх үү? Багш нарыгаа арын хаалгадаж байна уу?
-/инээв/ Багш нарыг дүн дээрээ  гайгүй арын хаалгаднаа. Ангийнхан хааяа телевизээр харсан байдаг юм.
-Олон наадамд уралдаж байхад хамгийн гоё нь хаанахын наадам байсан бэ?
-Эрдэнэтийн төвийн бүсийн даншиг их гоё байсан. Тэнд яруу сааралтай айрагдсан. Мөн Бандгай ахын хүрэн халзан, бас нэг даагатай айрагдаж байлаа.
-Энэ жилийн наадмын хамгийн гоё нь юу байсан бэ?
-Азаргаа түрүүлгэхэд их сэтгэл хөдөлсөн. Бас анх удаа ерөнхийлөгчтэй уулзаж, гараас нь үүргэвчтэй бэлэг авсан маань их дурсгалтай зүйл болсон. Ерөнхийлөгчийг зурагтаар л хардаг байсан болохоор бахархалтай байсан юм.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй болно гэж боддог вэ?
-Энэ талаар бодоогүй байгаа. Сайн мэдэхгүй байна. Сургуулиа төгсөөд шийдэх байхаа.
 -Ярилцсанд баярлалаа. Унасан бүхнээ түрүүлгээрэй.
 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна