ҮХ-ийн цэцийн гишүүн Д.Сугар: Хул азарга намайг олон баярлуулсан

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 17 -нд

Баяр хүргэе. Сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?
Баярлалаа. Хул азарга маань айргийн дөрөвт хурдаллаа. Сэтгэл их өндөр байна. Ганц миний ч биш газар газрын хурдан ажнай төрийнхөө наадамд тоосоо өргөж уясан эзэн, унасан хүүхдийнхээ магнайг тэнийлгэсэн их сайхан наадам боллоо. Морь гэлтгүй завсар чөлөөгөөр нь бөх харлаа. Бөх ч ялгаагүй чанартай байна. Хоёрын даваанаас эхлээд аймгийн мундаг бяртай  арслангууд хоорондоо барилдаж хурд хүч шалгасан уран хурц барилдаанаар наадамчин олноо баясгалаа. 
Хул азарга тань дээр хэзээ ирсэн бэ? Өмнөх амжилтуудыг сонирхуулбал?
Хязааландаа ирээд Өвөрхангай аймгийн Өлзийт суманд түрүүлсэн. Мөн аймгийн наадам, зүүн бүсэд айрагдсан. Бага наадамд бол олон орсон адуу байгаа юм. Хул азарга намайг олон баярлуулсан буянтай амьтан байгаа юм.
-Хул азарганы дараагийн уралдаан хаана байх бол?
-Төрийн алба гэдэг цаг зав багатай том үүрэг хүлээсэн хүндтэй ажил. Морь ч ялгаагүй цаг шаардсан ажил шүү дээ. Энэ хоёр цаг зав шаардсан ажлыг зэрэгцүүлнэ гэдэг хүнд санагддаг. Гэхдээ эднийг зэрэгцүүлээд явдаг мундаг хүмүүс байдаг. Харин миний хувьд тэр тал дээрээ жаахан тааруу хүн байгаа юм. Найз нөхдөөс бэлгэнд ирсэн сайн давхиж байгаа ганц нэг адуу маань Тод манлай Д.Онон, мөн Тод манлай С.Ганхуяг нар дээр уягддаг юм. Хул азаргыг цаашид хаана наадахыг Д.Онон Тод манлай л шийдэх байх даа.
-Ингэхэд та хэзээнээс морь сонирхох болов?
-Би Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрж өссөн хөдөөний хүүхэд. Дээд сургуульд ортлоо мал дээр өссөн. Хөдөө сайхан шүү дээ. Адуугаа маллаад, гүү татаад л. Адуутай айлын хүүхэд болохоор хурдан морь унадаг байлаа. Биеэр жижиг байсан учир хамаатан садан ах дүү, нэг голын хүмүүсийнхээ морийг унаж өссөн.
-Бага насны сэтгэлд хоногшсон наадмаа эргээд дурсвал?
-1969 он байхаа. Би 4-р ангид байсан юмдаг. Сумынхаа наадамд хамаатны ахынхаа морийг унаад түрүүлгэж билээ. Тэр наадам л одоо хэр нь санаанаас гардаггүй юм. Сумын наадам хамгийн сайхан нь байдаг юм шүү дээ. Жинхэнэ монгол наадам суманд л болдог. Би тэгж боддог. Их элэгсэг дотно нэгнийхээ морийг түрүүлэхэд нийтээрээ баярладаг. Одоо ч гэсэн зав гарвал сумынхаа наадмыг үзмээр санагддаг шүү. Өнгөрсөн жил сумынхаа наадамд очоод энэ сайхан хүмүүсээсээ, тэр сайхан нутаг усаа орхиод ямар их удаа вэ гэсэн эмзэглэл төрсөн. Ахмадуудаа таньдаг, үеийнхнээ муухан таньдаг, залуучуудаа огт танихаа байсан байна лээ. Тэгэхээр болж өгвөл нутагтаа ойр ойрхон очиж байх хэрэгтэй  юм шигээ.

-Тийм шүү. Сэтгэгдлээ хуваалцан танд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд ивээж явах болтугай.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна