Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулалтын тэмцээн Өмнөдэлгэрт боллоо

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 24 -нд

Дархан аварга Б.Бат-Эрдэнийн өлгий нутаг болох Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 2012 оны 21-ээс 23-ны хооронд улсын аварга шалгаруулах уургач, бугуйлч, эмнэг хангал сургагчийн тэмцээн болж өнгөрлөө. “Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулалт” нэртэй уг тэмцээн нь 22 дахь жилдээ уламжлал болон зохиогдсон бөгөөд жил бүр өөр өөр аймаг, суманд болдгоороо онцлог юм. Энэ жилийн ээлжит тэмцээнд 19 аймаг, нэг дүүргээс 200-аад тамирчин ирсэн. Дундговь, Баян-Өлгий, Өвөрхангай аймгууд тодорхой шалтгааны улмаас оролцож чадаагүй бөгөөд аймаг аймгийн шилдгүүд авхаалж самбаа, авъяас чадлаа гайхуулсан өргөн дэлгэр наадам боллоо. Тал бүрээс цугларч, морин дэл дээр салхи татуулан давхилдах залуусыг орон нутгийн нь батлан хамгаалах яамны дарга нар нь удирдан авчирсан аж. Хөөж, шургуулж уургалах, эмнэг булгиулах, хөөж, шургуулж бугуйлдах төрлөөр тэмцээний шалгаруулалт явагдсан бөгөөд тус бүр аваргуудыг шалгаруулж, нэгдсэн дүнгээр багуудыг байр эзлүүлсэн. Уг тэмцээнд жил бүр амжилт гарган, медаль авдаг хоёр тамирчныг спортын мастер, нэг тамирчныг спортын дэд мастер цолоор, спортын мастер Ж.Цогзолмаад  МУ-ын Манлай хүлэгч цол гардуулан шагналын хур буусан юм.
Мөн үндсэн тэмцээний хажуугаар аваргын нэрэмжит бөхийн барилдаан, холч морин уралдаан, Спортын мастер Ж.Цогзолмаад Манлай хүлэгч цол гардуулах ёслол, ухаант морьдын сонирхолтой үзүүлбэр, үдэшлэг цэнгүүн гэх мэт олон үйл ажиллагаа явагдсан билээ. Аварга өөрийн биеэр ирэн хоёр өдрийн туршид наадамчин олонтойгоо хамт байж, нутаг нутгийн залуустай халуун сэтгэлийн яриа өрнүүлж байлаа. Энэ жилийн наадамд багаараа Дорноговь аймаг түрүүлж, Сэлэнгэ аймаг удаалж, Завхан аймаг гуравдугаар байранд орсон юм. Дараа жилийн наадмын тов Булган аймагт зохиогдохоор болсон билээ. Тэмцээний хөтөлбөрт тусгагдсанаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын үзэсгэлэнт, түүхийн дурсгалт газар болох “Балдан Бэрээвэн” хийдрүү нэг өдрийн аялалаар тэмцээнд хүрэлцэн ирсэн бүх багууд явцгаасан билээ. Хур бороо дагуулж хувьтай хүмүүс нэгэн дор цугларсан, монгол эр хүний шалгуур энэхүү тэмцээн нь үзэх харах сонинтой үнэхээр сайхан болж өнгөрснийг энд дуулгахад таатай байна.

Ш.Бадмаа

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна