Дорноговийнхон хийморьтой байлаа

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 24 -нд

Хан хэнтий нутгийн уул ус, ургамал ногоо нь жигдэрсэн ногоон талд хангал морьдын нуруун дээр ханхалзан давхилдах нутаг нутгийн залуус “Уран уургач, бугуйлч, эмнэг сургалт”-ын тэмцээнийг алс хол нутгуудаасаа зорьж ирцгээсэн байлаа.  Хоёр өдөр явагдсан наадмын эхний өдөр уургач, бугуйлчийн нэгдүгээр шатны тэмцээн болсон. Дараагийн өдөр эмнэг булгиулах болон уургач, бугуйлчийн сүүлийн шатны тэмцээнүүд явагдаж өндөрлөсөн юм. Уг тэмцээний хөөж уургалах, шургуулж уургалах  төрлүүдэд 18 аймгийн 21-н авхаалжит залуус эв дүй, ур чадвараа сорьсноос Ховд аймгийн уургач Төмөрмөнх нийт 27 оноогоор түрүүлэн, Завхан аймгийн уургач Алтанцоож 26 оноогоор хоёрт орж, Дорноговь аймгийн уургач Баасанхүү 25 оноогоор гуравдугаар байрыг эзэлсэн билээ. Харин хөөж, шургуулж бугуйлдах тэмцээнд Сэлэнгэ аймгийн бугуйлч спортын мастер, улсын дөрвөн удаагийн аварга бугуйлч С.Батсуурь түрүүлж, улсын таван удаагийн аварга болж амжилтаа бататгасан юм. Баянхонгор аймгийн бугуйлч Отгонбаяр удаах байранд орж, Өмнөговь аймгийн бугуйлч Ууганбаяр гуравдугаар байрыг эзэллээ. Нуруун дээрээ салхинаас өөр зүйл хүргээгүй эмнэг хангалын зоон дээр бүжих эрэмгий залуусын тэмцээн үзэгч олныг шуугиулсан үнэхээр аатай сайхан болсон. Энэхүү эмнэг булгиулах тэмцээнд Хэнтий аймгийн эмнэг сургагч Тулга түрүүлж, Дорноговь аймгийн тамирчин Батмягмар, гуравдугаар байранд Багануур дүүргийн тамирчин Анхбаяр орсон билээ. Тэмцээний нэгдсэн дүн буюу багийн оноогоор Дорноговь аймаг түрүүлж, Сэлэнгэ аймаг удаалан, Завхан аймаг гуравдугаар байранд шалгарсан. Дөрөвдүгээр байрыг Булган аймаг авч, айргийн тавд Завхан аймаг орсон билээ. Ийнхүү монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос ирж наадсан хүдэр эрсийн тэмцээн дуу хуур, найр наадам, сонин содон үзүүлбэр, үзэгчдийг дуу алдуулсан олон үйл явдлаар дүүрэн байсаар өндөрлөсөн юм.

Ш.Бадмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна