Д.Баясгалангийн Суман хүрэн

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 25 -нд

Төрийнхөө их баяр наадамд тоосоо өргөж, торгон жолоо сугсран, амгай юугаа  хангинуулан айргийн гуравт хурдалсан Орхон аймгийн “Эрдэнэт хүлэг” холбооны нарийн бичгийн дарга  Д.Баясгалангийн хүрэн морь Сэлэнгэ аймгийн Бургалтай сумын уугуул Жаргалсайханы унаган адуу гэдэг. Даага, шүдлэндээ тэр хавийнхаа уралдаануудад  амжилттай уралдаж байсан хүрэн үрээг хязааланд нь Д.Баясгалан авчээ. Сайн хүлэг эзнээ хайж явдаг гэдэгчлэн хүрэн хязаалан ирсэн даруйдаа  Хангал сумын болон Булган аймгийн наадмын аман хүзүүнд хурдалж, Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойн баяр наадамд 19-өөр давхижээ. Харин 2010 он гарсаар хүрэн соёолон “Дүнжингаравын хурд”-д 11-ээр хурдалж, Орхон аймгийн хаврын тэргүүн сарын уламжлалт уралдаанд айргийн таваар давхижээ. Харин зун нь Орхон сумын наадамд түрүүлж, төвийн бүсийн хурдан морины уралдааныг мөн л магнайлав.  
Бүсийн наадмын түрүү хурдан хүрэн 2011 онд Булган аймгийн Могод сумын 80 жилийн ойд түрүүлж, Орхон аймгийнхаа наадамд наймлан, “Тамирын хурд-3” бүсийн уралдаанд аравт хурдалсан бол Молор эрдэнийн мялаалга наадамд айргийн дөрөвт  давхисан билээ.
Харин 2012 он гарсаар аймгийнхаа хаврын уралдаанд 12-оор, “Дүнжингаравын хурд”-д 30-аар, Булган аймгийн болон Баян-Өндөр  сумын наадамдаа түрүүлээд төрийн наадмын зүг жолоо залжээ. Энэ жилийн хувьд Д.Баясгалан уяач зургаан насны морь уясан ч ганцхан хүрэн морио хөтлөн төрийн наадмыг зорьсон нь учиртай. Хүрэн морь урьд урьдынхаасаа илүү өнгөтэй, ёстой л нөгөө торгон ир нь орчихоод уяан дээрээ тогтож байсан гэдэг. Чухам тиймээс л 400  километрийн алсаас ганц морьтой төрийн наадмыг зорьж, түүнээ гүйцэлдүүлж адуутай нөхөрлөсөн эр хүний ид хавыг гайхуулж байхав.
Төрийнхөө их баяр цэнгэлд цулбуур өргүүлсэн Д.Баясгалангийн хүрэн Суман нэртэй. Суман тамгатай хүрэн морь хэмээн бүртгүүлснийг нь  TV-9 морь тайлбарлагч Оюунбаатар “Суман хүрэн” хэмээн зарлаж Монгол даяар цуурайтуулсан билээ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна