Ажнай шаргын гал төл аман хүзүүдлээ

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 28 -нд

Хангайн бүсийн даншиг наадам азарганы уралдаанаар үргэлжилж байна.  201 хурдан хүлэг шандас шалгаснаас  Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, Үндсэн хуулийн цэцийн гишүүн  Д.Сугарын хул азарга  магнайдаа тоосгүй түрүүлж, алтан жолоо өргүүллээ. Тод манлайн унаган хүлэг хул азарга хэдхэн хоногийн өмнө болсон төрийнхөө их баяр наадамд айргийн дөрөвт хурдлан эзнийхээ магнайг тэнийлгэж байсан билээ.  Харин аман хүзүүнд  Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн захирал, аймгийн Алдарт уяач Ч. Ганзоригийн хүрэн азарга хурдаллаа. Э.Эрдэнэчулуун Тод манлайн уяа сойлгыг нь тааруулсан энэ хурдан буян өнгөрсөн жилийн улсын наадамд есөлж, “Тамирын хурд -3” уралдаанд айргийн дөрөвт хурдалж байсан юм.  Харин энэ жил төрийнхөө их баяр наадамд арав гарган давхиж, хангайн бүсийн даншигт аман хүзүүнд хурдалсан энэ хурдан буян Амгалан төрийн ажнай шарга азарганы гал төл гэдгийг морь сонирхогчид мэдэх бизээ. Харин айргийн гуравт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, Төв аймгийн Баянцогт сумын харьяат, Тод манлай уяач  С.Ганхуягийн хүрэн, айргийн дөрөвт Дорнод аймгийн Баяндун сумын уугуул П. Цэвэгмидийн хүрэн хурдалжээ. Их хурд-5 уралдаанд Тайж халтар азаргаа түрүүлгэж байсан энэ хийморьтой эрийн хүлгэдийг Тод манлай уяач Д.Мөнхбат тааруулдагийг уншигчид мэдэх бизээ. Хангайн бүсийн даншиг наадмын хурдан азарганы уралдааны айргийн тавд  Төв аймгийн Бүрэн сумын уугуул Х.Улам-Өрнөхийн хул давхижээ. Ийнхүү хангайн бүсийн хурдан морьдын уралдаанд Тод манлай уяачид одтой наадлаа.
А.Тэлмэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна