Богд халтар дахин түрүүллээ

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 28 -нд

Хангайн бүсийн даншиг наадмын хурдан соёолонгууд дөнгөж сая барианд орлоо.  Газар газрын хурдан соёолонгуудыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, “Таван толгой” ХК-ийн захирал, аймгийн Алдарт уяач X.Түмэнбаярын Богд xалтар магнайллаа. Халтар соёолон хэдхэн хоногийн өмнө болсон АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд түрүүлж, тод магнай торгон жолоогоо өргүүлж байсан юм. Харин аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, “Алтай констракшн” ХК-ийн захирал, Манлай уяач X.Бат-Эрдэнийн xонгор хурдалж, төрийн наадмын аман хүзүүний амжилтаа бататгалаа.  Харин айргийн гуравт  Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, “Макс” группийн Ерөнхийлөгч, Тод манлай уяач Д.Ганбаатарын шарга,  айргийн дөрөвт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Хишигбаатарын бор, айргийн тавд дэлтэй хүрэн соёолон /одоогоор эзэн нь тодорхойгүй байна/  тус тус хурдаллаа.
Хэдхэн хоногийн дараа 20 жилийн ойгоо тэмдэглэхээр зэхэж буй “Макс” группийн Ерөнхийлөгч, Тод манлай уяач Д.Ганбаатар хангайн бүсийн даншиг наадамд одтой сайхан наадаж буй. Өчигдөр эрлийз ангилалын уралдаанаас хоёр түрүү хүртсэн тэрээр өнөөдөр соёолон үрээ айрагдуулаад байгаа нь энэ юм. Шарга соёолон Архангай аймгийн 80 жилийн ойд шүдлэн түрүүлж, 2005 онд Өндөр гэгээн Занабазарынмэлмий гийсний  360 жилийн ойд соёолон айрагдсан Тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн хурдан шарга азарганы төл бөгөөд өнгөрсөн жил "Тамирын хурд-3" хангайн бүсийн даншигт айргийн гурваар хурдалж байсан хурдан буян юм.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна