Ц.Дэмчигцоодол хоёр дахь түрүүгээ авлаа

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 30 -нд

Говийн бүсийн хурдан морины уралдааны шүдлэн насны морьд дөнгөж сая барианд орлоо. 156 бүртгүүлснээс 148 гарааны зурхайгаас эргэж, Дундговь аймгийн Хулд сумын уугуул,аймгийн Алдарт уяач Ч.Дэмчигцоодолын хул түрүүллээ. Харин аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Д.Хишигжаргалын бор давхижээ. Айргийн гуравт Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Отгонбатын хар, айргийн дөрөвт Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул Х.Лхагвасүрэнгийн хар, айргийн тавд Төв аймгийн Сэргэлэнгийн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Сүхбаатарын хээр тус тус хурдалжээ. Хээр шүдлэн хэдхэн хоногийн өмнө болсон төрийнхөө их баяр наадамд айргийн дөрвөөр хурдалсан бөгөөд энэ цагийн хурдан хүлгэдийн нэг Б.Наранхүүгийн Монгол хээр азарганы төрсөн дүү нь юм. Харин зургаад Ховд аймгийн Мянгад сумын уугуул Б.Анхбаярын Дөлгөөн бор, долоод Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Д.Дашжамцын зээрд, наймд Булган аймгийн Тэшиг сумын уугуул С.Энхцагийн шарга, есөд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Н.Амгалангийн хээр, аравт Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул Ц.Амарсайханы хул тус тус хурдаллаа.
Говийн бүсийн  хурдан морьдын уралдаан дааганы уралдаанаар өндөрлөнө. Бид энэ тухай мэдээллийг цуг тухайд нь хүргэх болно.
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна