Т.Алтангэрэлийн өсгий цагаан даага түрүү магнай боллоо

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 31 -нд

“Их мандал-2012” говийн бүсийн даншиг наадмын хурдан дааганы уралдааныг дахин нэг өдөр хойшлуулах шийдвэр гараад байсан ч уяачдын хүсэлтээр намаг шалбааг багатай газрыг хоёр гурван цаг хайсны эцэст өөр газар уралдахаар болсон. Хэдэнтээ хойшлогдоод байсан хурдан дааганы уралдаан 7-сарын 30-ны 19 цаг 30 минутын үед уралдсан юм. Газар газраас цугласан 109 даага бүртгүүлж 95 даага тоосоо өргөснөөс Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат Т.Алтангэрэлийн өсгий цагаан зээрд даага түрүү магнайд хурдаллаа. Харин аман хүзүүнд Булган аймаг Гурванбулаг сумын уугуул МУы-н Алдарт уяач Д.Хишигжаргал хонгор, айргийн гуравт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Х.Түмэнбаярын хүрэн даага, айргийн дөрөвт Дундговь аймгийн Хулд сумын харьяат аймгийн Алдарт уяач Б.Баярсайханы хээр, айргийн тавд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат С.Ганбаярын хээр тус тус хурдалж, цулбуур өргүүллээ. 
Харин зургаад Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул МУ-ын Манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн, долоод Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Ч.Ихбаярын улаан хонгор, наймд Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Д.Бүдхандын сартай зээрд, есөд Улаанбаатар хотын харьяат аймгийн Алдарт уяач Ү.Атарсайханы хүрэн, аравт Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат Б.Молор-Эрдэнийн шарга тус тус хурдаллаа.
Харин  Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын С.Энхээгийн сартай хүрэн даага энэ жилийн баян ходоод болж ирэх жилийн түрүү магнай болох ерөөлтэй уралдлаа.

А.Энхжил
 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна