Б.Буяннэмэх Алдартын мялаалгаа хийнэ

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 08 -нд

Морь айрагдаж түрүүлэхээс илүүтэй уяж сойж байх тэр үе хамгийн жаргалтай нь хэмээдэг Алдарт Б.Буяннэмэх цолныхоо мялаалгыг энэ сарын 23-ний өдөр төрсөн нутаг Ховд аймгийн Мөст сумнаа тэмдэглэхээр болжээ. Жороо морь цуглуулдаг өвөөгөө дагаж явсаар морины хорхойтон болчихсон тэрээр хоёр  түрүү, наймаг айраг хүртээд байгаа билээ. 2010 оны "Эрдэнэт их хурд" төвийн бүсийн даншигт сувдан бор хязаалангаа түрүүлгэсэн бол Говь-Алтай аймгийн 70 жилд зээрд соёолонгоо айргийн гуравт хурдлуулж, зээрд даагаа аман хүзүүдүүлсэн нь түүний их амжилтын гараа байсан юм. Улмаар 2011 он гарсаар "Булган хангай" хаврын бүсийн уралдаанд сувдан бор азаргаа аман хүзүүдүүлж, АХ-ын 90 жилийн ойд айргийн гуравт хурдлуулсан бол сартай хонгор соёолонгоо улсын наадамд айргийн таваар хурдлуулж, "Тамирын хурд"-д түрүүлгэсэн билээ. Мөн түүнчлэн Тамирын хурд - 3 хангайн бүсийн даншиг наадамд бор морио айргийн гуравт хурдлуулж, хээр халзан морио айргийн дөрөвт хурдлуулсан бол "Молор эрдэнэ" бүсийн уралдаанд хээр халзан морио аман хүзүүдүүлжээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна