Домог мэт хүлэг Сүрэнхорын хээр

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 08 -нд

Сайхан ажнай хүлгийн тухай бичих нь бүү хэл, бодоход ч хийморь сэргэдэг биз ээ. Орчлон хорвоогийн алаг тавилан дээр хүнээс дутуугуй цуутайхан “амьдарч” зүсээ, мөрөө үлдээсэн ажнай хүлгүүдийг бодох ахуйд хар аягтаа л сэтгэл уясч, хайр, харуусал, эмзэглэл, омог бахархал төрнөм. Цог хийморь үүл мэт хуралднам. Монгол хүний зүрх сэтгэлийн угт үргэлж харзлах тийм нэг амин мөн чанарт морь хэмээх ойлголт эрхэмсэг нандинаар оршин, алмааз эрдэнэ мэт гэрэлтэж, тахин шүтэгдэх ажгуу.
Мориныхоо хүч чадал, ухаан, цог залиар л дэлхийн дайдыг эзэлж явсан үнэн түүх бидэнд бий. Хичнээн олон ажнай хүлэг харийн дайсны суманд өртөж, халуун цусаа асгаруулан, амьсгалаа хуур шиг татсан бол гэж бодохоос нүд харанхуйлж гол зурагдах шиг болдог оо. Халхын голын дайны домогт баатар Лодонгийн Дандарыг алаг мориноос нь, баруун хил, Байтаг Богдын эрэлхэг хөвгүүн Баянбалын Тэгшээг хүрэн  халзан мориноос нь салгаж ойлгодоггүйн учир энэ буюу. Манай сонин олны дунд домог мэт хэлцэгддэг, төрийн наадмын түмэн эхүүд, ёстой л нэг тэнгэрээс заяагдсан гэмээр ажнай хүлгүүдийн талаар уншигч олондоо хүргэхийг зорьж байгаа юм.
Хээр талын алтан зурхай дээрээс наадмын морьд эргэх шиг ер бусын хором, агшин гэж үгүй. Хөх ногооны униар хөшиг татан суунаглаж, өчигдрийн орсон борооны чийгтэй хөрсийг хатан туураараа тамгалан, Их Нацагдоржийн “Шувуун саарал”-аа зурагладаг шиг тийм л гоёмсог дүр зураг нүднээ буудаг даа. Хардэл жанжин бэйс өвгөн ноён Пүрэвжавын Элбэг хээр, Их хээр, Идэр хээр, Зандан хүрэн, Номин цэнхэр зэрэг цуут хурдан хүлгүүдийн мөнхийн уяанаас залгагдаж уягдсан, “Засаг төрийн зандан ширээ” өргөмжлөлт Шийтэрийн зээрд, “Мөнх төрийн мөнгөн магнай” Даваацэрэн начингийн хүрэн халзан, Санжаабүрэгийн цавьдар, Падын хүрэн, Данзаннямын Ажнай хүрэн, Морин тойруулгын Тогоруу халтар, Солонго цавьдар, Даваахүүгийн Цолмон халтар, Өндөр зул, Маарын хээр,  Батхүүгийн Толин хул, Сандагдоржийн хар, Эрдэнэчулууны шарга гээд цуварна даа. Дандаа хурдан азарганууд байгааг та анзаарч буй.
Эдгээр хурдан азаргануудын цуваанд зүй ёсоор багтах ажнай бол  Сүрэнхорын алдарт босоо хээр билээ.
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын адуучин эр Хөхийн Сүрэнхорын  унаган азарга эцэг талаасаа өвгөн ноён Пүрэвжавын дагмид адууны угшлынх. Харин эх нь Хэнтийн Мөрөн сумаас Сүрэнхорд ирсэн гэдэг. Дээд угшил нь Галшард хамаардаг юм билээ. 1991 онд Ардын хувьсгалын түүхт 70 жилийн ойгоор Дэлгэрхааны хээр ажнай Хан уулын ар, хатан Туулын хөвөөнөө ирж уралдан Алдар толгойг тойрон, Айдасын давааг  магнайдаа тоосгүй давсан түүхтэй. Ардаа яваа аргамаг хүлгүүдээсээ хол тасран Буян-Ухааг өгсөхдөө наадамчин олныг шуугиулж шагшуулан, Яармагийн дэнжийг донсолгон байж барианд орсныг хэн хэнгүй мэднэ. Хөдөө нутгийнхан “Араажав”-аараа сонсон сэтгэл хөөрч, дагаж давхисан биз. Дэргэдээс нь болон зурагтаар харсан наадамчид баярын нулимс мэлмэрүүлж, хөдөөх эр Хөхийн Сүрэнхорын магнайд наадмын од харвах нь тэр ээ.
Гэвч бахархал, догдлол, хөөр баяраар бялхсан наадамчдын сэтгэлийн хөөрөл дарагдаагүй, магнайгаа хагартал баярласан уяачийн хусуурынх нь хөлс хатаагүй байтал “Сүрэнхорын хээрийг машинаар дайрчээ” гэсэн харуусалт мэдээ хуурай түймэр л дэгдээдэв. Сонссон бүхэн чихэндээ итгэсэнгүй. Тийм сайхан ажнай хүлгийг дайрах адгийн амьтан гэж хаанаас байх вэ, худлаа цуу яриа л биз гээд огтхон ч халгаагаагүй.
Тэгтэл “Хадаа өнгөрлөө гэсэн харуусалт энэ мэдээг сонсоход дүлий байх минь яав даа” гэж Бавуугийн Лхагвасүрэнгийн хэлсэнчлэн Сүрэнхорын алдарт босоо хээр амьдын орчлонгоос од мэт харавсан нь үнэн байлаа.
Бүр маргаангүй үнэн байлаа. Хурдан хурцыг нь гайхан, аль л сайн сайхан үгээрээ булж, хийморь даллан түрүүлж ирэхэд нь сэтгэлийн цэнгэл, хөөр баярыг амталсан монгол түмэн гашуудан харуусч, дахиад л уйлсан юм. Тэрхүү нулимс өр зүрхийг нь зүсэн зүсэн урссан биз ээ.
Сүрэнхорын хээр азарга ингэж л олныг хэтэрхий баярлуулан, хэтэрхий гомдоож, хүмүүний орчлонгийн хар цагаан зааг дундуур солирын бороо мэт туяараад алга болсон юм аа. Босоо хээрийг 1991 оны тийн түрүүлэх ахуйд морь тайлбарлагч “Долоон настай азарга долоон жил уралдахдаа магнайдаа нэг ч удаа тоос хүргээгүй юм” хэмээн хэлж байсныг санаж байна. Үнэхээр хоромхон зуур асаад унтрах од байж дээ.
Нэг их том биш дунд зэргийн биетэй, дэл сүүл, мундаа, зоо бөгтрөг их сайхантай ганган азарга байсныг морины хорхойтнуудаас дуулж байлаа, энд тэнд номын хуудаснаас уншиж явлаа.
1990 оны наймдугаар сард Хэрлэнгийн хөдөө аралд болсон “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойд зориулсан хурдан азарганы уралдаанд газар газраас цугласан 274 азарга уралдсанаас Дэлгэрхааны босоо хээр Дундговийн Говь-Угтаалын Баатарын халтар, Төв аймгийн Мөнгөнморьтын З.Гүнтэвийн бор зэргээс тасран хавчиг насандаа мөн л магнайдаа тоосгүй ирсэн юм. Тэр наадамд нэрт уяач Данзаннямын Даваахүүгийн уясан Морин тойруулгын сартай зээрд соёолон түрүүлсэн билээ. Дараа жилийн наадамд буюу 1991 оны улсын баяраар Даваахүүгийн хавчиг соёолон азаргатай Сүрэнхорын босоо хээр л уралдана гэдгийг хашир уяач юу эс андах билээ.
Энэ тухай өгүүлсэн Морин тойруулгын морьдыг олон жил уяж, төрийн наадмын түрүү хүртэж байсан манлай уяач Г.Батчулууны дурсамж байдаг.
“Би тойруулгын адуутай байлаа. Тэр жил Ардын хувьсгалын 70 жилийн ой тохиож байгаа учир Даваахүү ах сартыгаа түрүүлүүлэх л бодолтой байсан. Нэг өдөр надад “Ажаа (аавыгаа буюу М.Данзанням уяачийг хэлж байна) ирж морь үзнэ” гэсэн гээд бэлтгэлтэй байлаа. Өвгөн ирээд “Чи бид хоёр морь уях болоогүй байна. Наад сарт чинь огт бяр суугаагүй байна. Гүүг нь нэмж өг. Ийм байж азарга түрүүлгэх юм бодоод байдаг” гээд Даваа ахыг зөндөө загнав. Өвгөнийг явсан хойгуур ах, манай ажаа зөнөчихөж. Ийм адуу бяргүй байна гэж байх уу хэмээж байлаа. Тэр жилийн наадамд Сүрэнхорын алдарт хээр түрүүлж, сарт аман хүзүүдлээ. Хожим учрыг сонсвол ороо нь гараагүй азарга бяр суудаггүй юм байжээ” гэсэн байдаг аа.
Тод манлай уяач, гавьяат малчин Дамбадаржаагийн Онон “Сүрэнхорын хээрийг санаатайгаар дайрч алсан гэдэг. Даваахүү гуай болон манайхны хэдэн уяачдыг хорлочихож гэнэ ээ гээд л ам дамжин ярьж байлаа. Яалаа гэж тийм юм байхав. Монгол хүнд, ялангуяа уяач хүнд тийм муу зан байдаггүй ээ” гэж хэлсэн байдгийг ямар нэгэн тайлбаргүйгээр оруулая. Тэрхүү алдарт хүлэг амьсгал хураасан газар нь яармагийн дэнж, нисэхийн тийшээ бус Гачуурт руу явдаг замын баруун гар талд хэмээн учир мэдэх хүн зааж өгсөн юм. Тэнд нь овоо босгосон юм билээ.
Хээр азарга төрийн “Түмэн эх” болсныхоо маргааш орой нь буюу наадмын хоёр дахь үдэш Баянзүрхийн товчооны тэнд “24” машинтай бүсгүй хүнд дайруулсан гэх мэдээ бий. Хоёр хоноод өнгөрсөн гэдэг шүү.
Дааган наснаасаа магнайдаа тоос хүргэж үзээгүй босоо хээрийгээ төрийн наадамд хөтөлж ирэн түрүү магнай авчихаад, харин наадмын дараа нутагтаа толгойг нь ганзагалаад очих Сүрэнхор уяачид ямар байсан болоо. Бодохоос ч аймаар. Энэхүү домогт хурдан хүлгийн тухай Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын хошой шагналт, яруу найрагч Цэндийн Чимэддорж ийн өгүүлж байна. Сүрэнхорын хээрийг би адуу адуунаас арай л эмзэг адуу байсан болов уу гэж боддог оо. Яагаад ингэж хэлж буйг минь манайхан гадарлаж байгаа болов уу. Хол тасархай түрүүлдэг наадмынхаа орой машинд дайруулаад өнгөрчихсөн шүү дээ. Би ямар нүдээр харсан биш. Жижиг тэргээр (машиныг хэлж байна) шүргээд л өнгөрсөх гэх яриа бий. Тэгэхэд л харамсалтай юм болчихсон. Гойд хурдан хүлэг юм гэж хөгшин залуугүй ам булаалдан цуурцгааж, бүх Монгол даяараа шагшиж байлаа. Тэгэхээр дайрлага дайрчихсан болов уу ч гэж бодогддог л юм. Хүнээр бол хар цагаан хэл ам хүрчихгүй юу. Тэрхүү хурдан буяныг их эзэн Чингэсийн нутагт нь, Хэрлэнгийн хөдөө аралд болсон “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойгоор анх харсансан. Сүрэнхор уяачтай Өмнөговь аймгийн Ёлын ам руу хамт явж байлаа. “Ажнай”-н Бат-Эрдэнэ зэрэг моринд хайртай бизнесмэнүүд улсдаа нэр цуутай  уяачдыг авч явсан юм. Миний бие бүрэлдэхүүнд нь багтсан хэрэг ээ. Хүмүүс Ёлын амны мөсийг үзнэ гээд явлаа. Би үзчихсэн болохоор хойш суув. Сүрэнхор гуай хамт үлдэхээр болж, бид хоёр үдийн хагас хууч хөөрсөн юм. Хээр азарганыхаа тухай дурсч л байсан. Гэхдээ нарийн зүйл яриагүй санагдана гэв.
Босоо хээрийн үр төлөөс хар ногоон азарга Хардэл жанжин бэйс өвгөн ноён Пүрэвжавын нэрэмжит зүүн бүсийн наадамд соёолондоо, Ономөр хавангийн нэрэмжит “Боржигон-1999” бүсийн наадамд долоон насандаа, 2000 онд зүүн бүсийн наадамд тус бүр түрүү магнай болж эцгийнхээ шийрийг хатаасан. Одоо 17 настай азарга эцгийнхээ уяачийн эрдмийг өвлөсөн Оосордагвынд адуунд бий. Хар азарга  2001 онд “Их хурд-2” уралдаанд дөрөвт давхиж байсан юм. Өдгөө бид бүхний дунд Сүрэнхорын хээр хэмээх цуут хүлэг домог мэт хэлцэгдэж, өвгөн уяач өөрөө азарганыхаа араас оджээ. Тэр хоёр бурхны орноо дахин учирч тэнгэрийн наадамд түрүү магнай хүртэж яваа байлгүй хэмээн цуут хурдан хүлгийн тухай өгүүлсэн энэхүү бичиглэлээ өндөрлөхийн ялдамд “Дэрэнгийн хар азарга” гэгддэг Ц.Чимэддорж найрагчийн “Сүрэнхорын хээр” шүлгийг уншигч олноо толилуулж буйгаа дуулгая.
Сүрэнхорын хээр
Цэгцэрийн шар тал, татаарын илдэн хүрээнээс
Цэцэлзсэн ногоон архийг хортой нь хөнтрөөд мордсон
Баатар Есүхэйн нүдэнд Бурхан Халдун дайвж
Багтраа саарал Онон тасарч нийлсний далд улбаа
Харваж шатсан од шиг түмэн эхийг бодохоор
Хамаг бие минь эгшин цусгүй болчих шиг санагдах юм
Хат ханасан туурай нь аргалын гал юмсан
Хадагтай алтан магнай нь хээр нар юмсан
Хазаарын солиноос төөрөг хол адуусан
Адгаж хөөрсөн наадамчдын зөрсөн загас шиг хүрээнд
Адуундаа л ирж байгаа юм шиг тааваараа давхиад орсон юмсан
Хийморийн сантай уяан дээр нар залгилан эвшээж
Хэрлэн хөдөө аралд Чингэсийн гал асаасан юмсан
Зогсож байгаа нь хааны татсан нум
Давхиж яваа нь Хасарын тавьсан сум
Дэлгэрхааны хээр ажнай унаган удамдаа амьтай
Дэлхийг гишиглэсэн Монголын их адуу тэнгэрийн хөх сэтэртэй

 

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.