Монгол Улсын Манлай уяач Б.Мөнхтөр: Миний алдрын мялаалгаар 6 нас уралдаж, 128 бөх барилдана

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 16 -нд

-Ховд аймгийн Дарви суманд Монгол улсын Манлай уяач болсон таны алдрыг удахгүй тэмдэглэнэ. Алдрын мялаалгын сонин сайхнаас дуулгаач?
- Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын тамгын газар, ИТХ, Дарви сум, Улаанбаатар хот  дахь нутгийн зөвлөл хамтран 8-р сарын 21-нд миний алдрыг тэмдэглэх гэж байна. Би их баяртай байгаа. Энэ жилийн сүүлийн наадмуудын нэг болж таарч байгаа байхаа. Баруун аймгуудын болж байгаа томоохон даншигуудын нэг болно. Үүнд хүчит 128 бөхийн барилдаан, мөн зургаан насны морь, дээр нь жороо морьдын уралдаан болно.
-Бай шагналын хувьд ямар байх  вэ?
- Долоон насны морь, бөхийн бай шагналыг Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс ивээн тэтгэж байгаа. Би өөрөө их насыг, “Морин-Эрдэнэ” галынхан маань шүдлэн насны байг гаргана.  Нууц задлахад түрүү морь 2 сая төгрөгний байтай. Эхний 30 морийг барьж 15-30 дээр ирсэн морь тус бүр 100.000 төгрөгөөр, 6-15-аар хурдалсан бол 200.000 төгрөгөөр тус тус байлна. Харин бөхийн хувьд түрүүлсэн бөх 2 сая, үзүүрлэсэн бөх 1,5 сая шөвгийн дөрөвт үлдсэн бөх нь сая сая төгрөгний шагналтай.
-Ховд аймгийн Дарви сумаар овоглодог улс бүсийн наадмуудад данстай хурдан хүлгэд олон байдаг. Мэдээж уралдах л байх даа?
-Тийм ээ, улс бүсийн наадамд айраг түрүү авч байсан 14 адуу байдаг юм. Миний нагац ах Монгол улсын Манлай уяач Түвдэнгийн алаг морь улсын наадамд хоёр түрүүлж байлаа. Мөн том хээр үрээ нь хоёр түрүүлж бага хээр үрээ нь нэг айрагдаж нэг түрүүлж байсан түүхтэй. Хилэн хар азарга нь бага дөрвөн насандаа улсын наадамд айрагдаж байсан гээд амжилтын түүх арвин хүн дээ. Бас Түвдэн ахын хамаатан Ядам гэж хөгшин байлаа. Түүний саарал үрээ даага, шүдлэндээ улсад хоёр түрүүлсэн. Үүнийг залгаад Түвдэн Манлайн хүү Батцоожийн хонгор халзан хязаалан  АХ-ын 80 жилээр түрүүлж байсан юм. Миний “Таван цагаан” ч  улс бүсийн наадмуудаас зургаан айраг хүртсэн сайхан хурдан ажнай даа. За тэгээд Түвдэн ахын дүү Эрдэнээгийн Сэнс хүрэн даага нь улсад нэг түрүүлсэн. “Морин-Эрдэнэ” галын тэргүүн Батмөнхийн зээрд даага бүсийн наадамд айрагдаж байсан. Миний өвгөн хээр морь “Их хурд”  бүсийн наадамд нэг түрүүлж тав айрагдаж, бор морь маань улс бүсийн наадамд зургаа айрагдсан гэх мэтчилэн амжилтуудыг дурдаж болж байна. Мөн манай галын Атарсайханы хул үрээ энэ жил улсын наадамд аман хүзүүдлээ. Зөвхөн нэг сумаас л 14 адуу 10  түрүү 27 айраг авсан байдаг юм.
-Эдгээр адууны угшлыг сонирхвол?
-Түвдэн Манлайн алаг морь нь Төв аймгийн Жаргалант, Баянжаргалан, Галшар угшилтай. Миний хээр морь Төв аймгийн Заамар сумын угшилтай. Таван цагаан маань морин тойруулгаас гаралтай. Эрдэнээ, Батмөнх ах хоёрын даага зүүн талын угшилтай. Миний бор морь Төв аймгийн Цээл сумын унаган адуу боловч Сүхбаатар аймгийн Асгат сумын Наранбаатарын халтар гүүнээс төрсөн. Миний буурал үрээ мөн ялгаагүй өөрийн унаган адуу боловч бор үрээний эхээс гарсан.
-Ярилцсанд баярлалаа. 
                                                                                                                                                              Г.Оюун-Эрдэнэ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна