Аймгийн Алдарт уяач Д.Бээжин: Аавынхаа нэрийг нутаг усандаа гаргасандаа баярладаг

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 17 -нд

-Ховд аймгийн отгон Алдартаар сонин сайхан юу байна? Хэзээ цолоо авсан бэ?
-Ховд аймагт маань сайхан зун гарлаа. Би Ховд аймгийн уугуул. Аймгийнхаа ЗДТГ-ын цэргийн штабын даргаар ажилладаг. Хурандаа цолтой. Ар гэрийнхэн, нутаг усны ахан дүүс, хамт олныхоо болон МУ-ын Алдарт уяач Батхүү, аймгийн Алдарт уяач Энхсайхан нарынхаа  тус дэмээр би энэ сайхан цолонд хүрсэн. Цолоо энэ жил авлаа.
-Цэргийн ажилтай хүмүүс их завгүй байдаг байх. Хэзээнээс морь уяж хурдлуулах болсон бэ?
-Миний аав Ардын хувьсгалтай чацуу хүн юм. Залуудаа цэргийн албыг зургаан жил хаасан. Аймгийн начин цолтой. Намхай аварга, Эрдэнэ-очир арслан нартай барилдаж явсан гэдэг юм. Аав минь арван жил адуу  маллаж, морь уясан. Би 8-р анги хүртлээ аавынхаа морийг унасан унаач хүү байлаа. Аавын минь адуу маллах тэр жилүүдэд Булган сумынхан моринд орж эхэлцгээсэн гэдэг. Багаасаа л моринд дуртай болсон доо.
-Улсын баяр наадмаар хаана наадсан бэ?
-Энэ жил аймагтаа наадлаа. Аймгийнхаа наадамд 12 морь уясан. Зургаа нь байранд орсон шүү. Жороо морь маань дөрвөөр давхисан. Хонгор азарга, хязаалан хоёр маань зургаад давхисан. Шүдлэн дааганууд маань бас барианд орсон. Жороо морь маань энэ жилийн баруун бүсийн даншиг наадмаар түрүү магнайд давхилаа. Уугуул нутгийн минь буян хишиг гэж бодож байна.
-Жороо мориор сайхан нааддаг юм байна. Жороо морины уяа сойлгыг тааруулах өөр байдаг байх?
- Өөр л дөө. Хурдан морины уяа сойлго таарахгүй бол айраг түрүүнд орохгүй. Харин жороо морины явдал нь тэгширчихсэн бол уяа алдсан ч айрагдах магадлал өндөр байдаг юм. Үүгээрээ бас онцлог. Унаган жороо гэдэг цаанаасаа өөр байдаг л даа.
-Та унаган адуугаараа нааддаг уу? Ер нь адууныхаа цусыг хэр сэлбэж байна?
-Жороо морь маань миний унаган адуу. Найман настай жороо хээр морь маань Булган сумын Хошууд нутгийн хүлэг юм. Аавын минь нутаг л даа. Мөн хонгор азаргаа Сүхбаатараас авсан. Сүхбаатарын Асгатаас авчирсан хүрэн хязаалан байгаа. Тэр хязаалан маань цагдаагийн баяр, Хийморийн овоонд түрүүлсэн л дээ. 2004 онд Булган сумынхаа Цагаачийн Батцэцэг дүүгээсээ жороо хүрэн морь авч дөрвөн жил дараалан түрүүлгэж байсан.
-Таны хамгийн их сэтгэл догдлуулсан наадам хаанахын наадам байсан бол?
-2011 онд Булган сумынхаа 80-н жилийн ойд хонгор азаргаа аман хүзүүдэхэд их баярласан даа. Улсаас ирсэн Пумагийн хонгор гэж азарганы ард ирсэн юм. Дараахан нь Буянт сумын 80-н жилд гурваар ирж айрагдсан. Тэр үед нутаг орондоо аавынхаа нэрийг гаргасан даа л хамгийн их баярласан юм.  Ирэх жилийн даншиг наадам орон нутагт маань болно. Тэр наадамд одтой сайхан наадахыг л зорьж байна.
-Ярилцсанд баярлалаа
                                                                                                                                                                                                                                                                                    Ш.Бадмаа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна