Гоё халиун

 Гоё халиун

Амжилтыг цуваа
2003 он буюу АХ-ын 82 жилийн ой, үндэсний их баяр наадмын түрүү
2003 оны Архангай аймгийн 80 жилийн ойн баяр наадмын түрүү
2004 он буюу АХ-ын 83 жилийн ой, үндэсний их баяр наадмын аман хүзүү
2004 оны Алтан-Овооны төрийн тахилгат наадмын түрүү
2005 он буюу АХ-ын 84 жилийн ой, үндэсний их баяр наадмын аман хүзү?
Хан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын унага Гоё халиун морь нь хурдан хурц давхилаараа төдийгүй гоёмсог сайхан галбир, төрхөөрөө хурдан морь сонирхогчдын сэтгэлд мөнхөрсөн энэ цагийн нэрт хурдан хүлэг билээ.
 
Түүнийг хязаалах жилийнх нь хавар Алдарт уяач Т.Энхтайван Тод манлай уяач Г.Сандуйжавын хамт очиж, шинжин худалдан авсан гэдэг. Мөн тэр жил Т.Энхтайван уяач Сүхбаатар аймгийн 60 жилийн наадамд айрагдсан бор үрээг өндөр үнээр аваад байсан юм. Г.Сандуйжав манлай Т.Энхтайван уяачид хандан халиун үрээг бор үрээнээс нь илүү гэж үнэлж байгаагаа хэлсэн байна. Үнэхээр ч Тод манлайн хэлснийг баталж тэр жилийн улсын наадамд Гоё халиун түрүүлж, Үүлэн бор үрээ аман хүзүүнд хурдалжээ. Улсын наадмын дараа болсон Архангай аймгийн 80 жилийн ойн наадамд Гоё халиун түрүүлж, Үүлэн бор айргийн гуравт хурдалсан байна. Улсын наадамд дараагаараа орсон тэр хоёрын дунд Буган хүрэн орж, аман хүзүүдсэн юм. Буган хүрэн азарга нь тэр наадмаас хойш олон жил тогтвортой хурдалж байгаа бөгөөд энэ жил “Очирвааний хурд 2009” баруун бүсийн наадамд айргийн дөрөвт хурдалснаар бүсийн наадмын 7 дахь айргаа авсан билээ.
 
Гоё халиун соёолон жилээ үнэнхүү хурдан байж, ир нь орсон морин соёолонгийн хурдыг гурвантаа харуулсан билээ. Тэрээр өвлийн өндөр бооцоонд түрүүлж, Улсын наадамд аман хүзүүдэж, Алтан овооны их тахилгын наадамд түрүүлсэн юм. Эдгээр наадмаас түрүүлж чадаагүй нь боловч улсын наадмын давхилд нь онцгой үнэлэлт өгч болно. 2004 оны улсын наадмын соёолонгийн уралдаанд Од хээр гараанаас эхлэн хол тасарч, Гоё халиун, Зоост бор 2 араас нь тун шаргуу нэхэж уралдсан юм. Хол тасарч зугтаасан Од хээрийг нэхсэн Гоё халиун бариан дээр бараг л гүйцэж, аман хүзүүдсэн юм. Харин Зоост бор тэлэгдэн сууж 5-д орсон. Тэр жил үнэн хурдан байсан дээрх гурван соёолонгийн уралдааныг манай хурдан морины хорхойтнууд тод санаж байгаа биз ээ.
 
Дараа жил нь Гоё халиун хавчиг насандаа Ц.Цэрэнжээгийн хээр, Д.Сугарын алаг, Согоо хээр зэрэг аварга морьдтой уралдан Төрийн наадмын аман хүзүүнд хурдлан содон амжилт үзүүлж, наадамчин олны хайр талархлыг улам бүр хүлээсэн юм.
 
Долоон настай жилээ Улсын наадамд мөн л аман хүзүүнд хурдалсан боловч тэр уралдаан будилж, Гоё халиуны амжилтыг тооцоогүй юм. Гоё халиун тэр жилээ Хөдөө арлын цэнгэл наадамд зургаад хурдлан ясны хурдан хүлэг гэдгээ баталсан билээ.
 
Гоё халиун нь богинохон хугацаанд улс, бүсийн наадамд 3 түрүүлж, 3 аман хүзүүдэн Монголын хурдан морины түүхэнд хурц од болон гялалзаж байсан билээ. Хөл нь муудсаны улмаас уралдахаа больсон Гоё халиун эдүгээ наадмын чимэг болж, Алдарт уяач эзнийхээ хийморийг сэргээн уяаны магнайд дүүхэлзэн зогсдог болжээ.

Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.