Тод манлай
Түвдэнжаажид Батзориг
Дорнодын их тал нутгаас тодорсон энэ цагийн шилдэг уяачийн нэг бол Цагаан-Овоо сумын уугуул Түвдэнжаажидын Батзориг юм. Гийнгоон дуу хатаан хурдан хүлгийн нуруун дээр дарцаглах үеийнхнээ харж битүүхэн санаа алддаг байсан өсгөлүүн биетэй шар хүүг хожмоо Монгол төрийн наадмыг чимэх чансаа өндөр уяачийн нэг болно чинээ зүүдлээгүй байсан бизээ.
Адуунд хорхойтой багын зандаа хөтлөгдөн 1990-ээд оны эхэн үеэс хурдан морины уяа эвлүүлэх болсон бөгөөд өөрийн бодол өөртөө зөв гэх зарчмаар уяж өдөр шөнөгүй нухасны хүчинд гурван жилийн дараа сумын наадмаас анхны айргаа авах нь тэр. 1995 оны Цагаан-Овоо сумын наадам Т.Батзоригийн дурсамжит наадмуудын нэг. Учир нь ирээдүйн Алдарт тэр наадамд өөрийн унаган адууг айрагдуулсан билээ.
Унаган адууны амжилтанд урамшсан Т.Батзориг морь уях төрийн их хэрэгт уйгагүй шамдсаар 11 жилийн дараа буюу 2006 онд төрийн зарлигт наадмаас анхны хишгээ хүртэх нь тэр. Магнай тэнийн баярласан тэр наадам бол Эрдэнэт хот үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой буюу төвийн бүсийн даншиг наадам байлаа. Тэр наадамд айргийн дөрвөөр хурдалсан хүрэн хязаалан, хэдхэн хоногийн дараа Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд болсон бүсийн наадамд амжилтаа ахиулан аман хүзүүнд хурдалж байсан билээ. Хүрэн үрээ Өмнөговь аймгийн Манд?л-Овоо сумын уугуул Л.Нэргүйн адуу бөгөөд Т.Батзориг уяач уяаг нь тааруулсан нь энэ юм.
Мөн Архангай аймгийн Батцэнгэл сумнаа зохиогдсон “Тамирын хурд” бүсийн наадамд Т.Батзоригийн унаган бор шүдлэн нь зургаад хурдалж байсныг морь сонирхогч та бүхэн санаж буй бизээ. Айраг амсах хувь дутсан бор үрээ дараа жил нь “Боржигон -2007” бүсийн наадамд түрүүлж уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулж байлаа.
Нохой жил нээгдсэн Т.Батзориг уяачийн өм удаах онуудад улам бүр арвижин Нэргүйбаатарын саарал даага 2008 оны төрийн наадамд эрлийз үрээнүүдтэй эн тэнцүү уралдаж, хэдхэн хоногийн дараа болсон төрийн тахилгат Алтан-Овооны наадамд аман хүзүүдэн уяачийнхаа чансааг илтгэсэн билээ. Тэр наадамд айргийн тавд хурдалсан Н.Хүрлээгийн хүрэн халзан азарганы уяаг Т.Батзориг мөн тааруулаад байв. Энэ цагийн хурдан буянгуудын нэг Н.Хүрлээгийн хүрэн халзан азарга тэр жилээ Булган аймгийн 70 жилийн ойд айргийн таваар хурдалж, 2009 оны “Дүнжингаравын хурд”-д гуравлан, Сэлэнгийн бүсийн наадамд дөрвөлсөнийг уншигчид санаж буй биз. 2009 он Т.Батзоригийн хувьд амжилтаар дүүрэн байсан бөгөөд улсын наадамд Мөнхбатын бор даага аман хүзүүдэн, Энхболдын хүрэн халзан шүдлэн тавлаж, Дорнодод болсон зүүн бүсийн уралдаанд Нэргүйбаатарын саарал шүдлэн тавлан Төмөрбарсын саарал шүдлэн дөрвөлж, Г.Мөнхсайханы хээр даага аман хүзүүдэн, Мөнхбатын бор даага /улсад аман хүзүүдсэн/ дөрвөлсөн билээ. Ийнхүү 2009 оныг одтой хийморьтой үдсэн Т.Батзориг уяач 2010 оны Эрдэнэтийн бүсийн наадамд бор шүдлэн /Мөнхбатын/ гуравлуулсан бол 2011 он гарсаар 1000 долларын бооцоот “Ирээдүйн түмэн эх” уралдаанд халтар даагаа түрүүлгэж, улсын наадамд хүрэн даагаа / Энхболдын/ дөрөвлүүлэн, Архангай аймгийн Тоглохын талд болсон “Тамирын хурд-3” бүсийн наадамд хул шүдлэнгээ /Мөнхсайханы/ аман хүзүүнд хурдлуулсан билээ.
Харин 2012 он гарсаар Т.Батзориг уяач бүсийн наадмын нэг түрүү, хоёр айраг хүртээд буй бөгөөд Өмнөговийн бүсийн наадамд Г.Мөнхсайханы халтар азарга түрүүлж, өөрийнх нь “Шагай” хул азарга тавлан, Эрдэнэбулганы хээр соёолон дөрвөлсөн билээ.
Нутгийн адуугаар нааддаг Т.Батзориг 2007 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн бөгөөд сүүлийн зургаан жил улс, бүсийн наадмаас айраг түрүү алдаагүй юм.
Өөрийн амжилт
Он | Наадам | Байр | Морь | Нас | Эзэн | |
Амжилт бүртгэгдээгүй байна. |
Бусад амжилт
Холбоотой мэдээ
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна