Улсын Алдарт уяач Г.Ганбат: Аав морь уяна гэдэг шинжлэх ухаан гэдэгсэн

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 23 -нд

- Уяа эвлэг, морьд хурдан сайхан наадав уу? Хэчнээн насны морьтой ирсэн бэ?

-Баяр наадам хур бороо элбэг сайхан боллоо. Морь сайн давхилаа, хорин хэдээр зарим нь 100 гаргаад л ирлээ. Зургаан насандаа хоёр хоёр, эрлийз хоёр насны адуутай, ерөнхийдөө найман насны 15-16 адуутай ирсэн. Ер нь морь хүүхэд хоёр эсэн мэнд наадах шиг сайхан наадам хаа байх билээ. 

- Он гарсаар хаагуур наадав, наадмын өмнөх сунгаануудад морьд хэрхэн оролцов?

- Өвөл Дүнжингаравын уралдаанд оролцсон. Хавар өндөр бооцоот дааганы уралдаанд нэг даага айрагдуулсан. Ингээд улсын наадамдаа ирсэн. Манай гал  уяа Багануураас баруун урагш Гүн галуутай гэж их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутагт адуугаа нутаглуулдаг. Тэндээ хоёр гурван давхил хийж, Налайхын сунгаанд ирж сунгасан. Налайхын 90 жилийн ойд Отгонбаатарын маань хүрэн морь айргийн гуравт хурдаллаа. Энэ хүрэн морийг Дорнодын прокурор Эрдэнэбилэг даргаас авсан юм.

- Таны хувьд олон жил тогтмол амжилттай сайхан давхиж байгаа ямар хүлэг байна вэ?

 - Жилээс жилд л морьдын нас нь ахиад бие хаа нь шинэчлэгдэж байна. Энэ жил тамир нь муу байсан адуу дараа жил тамир сайхан болоод уяанд орох жишээний. Яг тогтмол амжилттай давхиж байгаа адуу одоогоор  цөөхөн шив дээ. Харин өмнө нь олон ч баярлуулсан гоё хүрэн маань өдгөө 25 хүрчихсэн байна. Аавын минь бий болгосон тогоруу угшил миний адууны гол цөм шүү дээ.

- Танай гэрийнхэн хурдан морины хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хүмүүс?

- Тиймээ. Миний аав МУ-ын Манлай уяач Гарамжав гэж хүн байсан. Аав минь тогоруу угшлыг бий болгон тэрнийх нь төл хаа сайгүй л хурдалж байна. Том ах маань МУ-ын Тод манлай уяач Сандуйжав, мөн МУ-ын начин, МУ-ын Алдарт уяач Ганхүү ах маань байна. “Шонхор жокей” эмээлийн үйлдвэрийг үүсгэн байгуулагч Ганболд ах улсын Алдарт цолонд ойрхон  байсан ч бурхан болчихсон. Би айлын есөн хүүхдийн зургаа дахь нь, доороо гурван охин дүүтэй. Энэ мэтчилэн манайхан бүгдээрээ л шахуу хурдан буянгаа дагаж хийморь юунд нь сүслэж явна.

- Аавынхаа арга барилаар л уяа сойлгоо тааруулдаг байлгүй. Ер нь хэлж захьж байсан зөвөлгөө сургаал нь их хэрэг болдог байх даа?

- Хүүхэд байхад аавыгаа мөнх юм шиг л боддог байж дээ. Аав “Морь уяна гэдэг чинь бүхэл бүтэн шинжлэх ухаан” гэнэ. Тэр үед хүүхэд байсан болохоор шинжлэх ухаан байхдаа яахав гээд буруу зөрүү ярилаа гэж бас ичнэ. Одоо өөрөө уяа сойлго тааруулаад ирэхээр нээрээ л үнэн юм даа гэж өөрийн эрхгүй бодогдох юм. Аав минь “Морьгүй болъё гэвэл өлөн мордуул. Хөлгүй болгоё гэвэл хоолтой мордуул. Болж өгвөл миний хүүхдүүд өглөө эртхэн босч, оройхон шиг унтаж бай” гэж захидаг байсан. Энийг нь алдахгүй дагах юм шүү гэж их хичээх юм даа.  Аавыгаа бурхан болсны дараа 1997 онд Дорноговийн Дэлгэрэх сумын Дамба гуайн цавьдар даагыг улсад айрагдуулан ааваасаа хойш анхны айргаа хүртэж байлаа. Тийм ч болоод тэрүү сэтгэлд тод дурсамжуудын нэг байдаг юм. 

- Уяа сойлго тааруулах өөр өөрсдийн арга барилтай болсон болохоор ах нартайгаа  зөвлөлдөх зүйл их гарна биз?

- Бид тус тусдаа уядаг болохоор уяаны арга барилууд өөр өөр болчихсон байдаг. Шинэ цагийн уяанд орчихсон, авцалдаан нь үзүүр дээрээ зөрөлдөх маягтай болчихсон байна. Тиймээс хааяа ч болов уяа сойлгын талаар санаа оноо солилцох, зөвлөлдөх зүйл их гарна шүү дээ.

- Сүүлийн үед хаа саагүй л цус сэлбэх болж таны хувьд энэ тал дээр хэр их анхаарч байна?

- Бид тогоруу угшлын адууныхаа унаган төлөөр олон жил сайхан наадаж ирсэн. Сүүлийн үед найз нөхөд маань гаднаас ганц нэг гүү авчирсан нь тогоруу цустай холилдоод сайхан хурдалж байна. АХ-ын 89 жилийн ойгоор нэг соёолон түрүүлсэн тэрний эцэг ондоо дүү нар их аятайхан давхилтай байна. Ойрноос шинэ цагийн хурд гаргах санаатай. Үеийнхнээсээ хоцорсон байж мэдэх ч ажил одооноос жигдрээд явж байна. Удахгүй адуу нь “тасарсан” хурдтай улсуудтай дөхөж очих болов уу гэж бодоод араас нь хөөгөөд л явна даа /инээв/ 

- Бид мориор дамжсан үндэсний өв соёлыг нийтэд түгээн дэлгэрүүлэх уриатай. Таны хувьд энэ тал дээр санаа оноогоо хэлбэл?

- Эрийн гурван наадам гэдэг чинь тэр чигээрээ л Монгол түмний бахархал шүү дээ. Эр хүний хийморь сэргээсэн сайхан ажил. Хурдан морьдынхоо тоосонд хийморь сүлдээ даатган нэрээ гаргаж яваа олон сайхан залуус байна. Морь гэдэг хүний сэтгэлийг сэргээн, хийморийг бадраан, эр хүнд омогшил төрүүлдэг, бахдалтай сайхан амьтан юм шүү дээ. Адуутай нөхөрлөсөн хүний ажил үйлс үргэлж л цагаан, дардан байдаг юм. Үүнийгээ дагаад өвөг дээдсээс уламжлан ирсэн түүх, уламжлал ёс заншил, ахас ихэсээ хүндлэх талаар орчин үеийн залууст улбаалан ирж байгаа нь сайшаалтай. Хүнийг ухааруулж, тайвшруулдаг бас их сайхан ажил даа.

- “Цэнгэлийн манлай” гал энэ жил тохижилтондоо ихээхэн анхаарсан бололтой? 

-Тиймээ. Манай гал “Монгол глобал-Цэнгэлийн манлай” гэж явж байна. “Монгол глобал”-ын захирал Ганбаяр маань уяаныхаа тохижилтыг хийсэн юм. Боловсон нийтийн бие засах газар, хоолны газар зочид гийчдийг хүлээж авах боловсон үйлчилгээг нэвтрүүллээ. Мөн 380 В-ын хүчдэлтэй шугам татаж авчраад гэрэл цахилгаантай, төв газар байгаа юм шиг л  ая тухтай наадмыг өнгөрөөж байгаа нь  орсон гарсан зочдын сэтгэлд их нийцэж байгаа шүү. 

- Баярлалаа.Таныг хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд ивээж яваг

                                                                                                                              А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна