Дүүлэн дүүлэн хурдлах Дөлгөөн хар

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 29 -нд

Тоглохын цэнхэр хөндий туурайн тамгатайгаа цайвартаж
Тэрхийн цагаан нуур тэнгэрийн хүлгийг бүүвэйлнэ
Хотонтын буурал түүхээс хоёр манлай тодроход
Хүй мандалын дэвжээг Арын хангайнхан эзэгнэнэ
Тиймээ... Арын хангайнхан хэзээнээс нааш хурдтай, эрдэм төгс уяачидтай байсаар ирсэн буурал өлгий. Тийм дээ ч энэ нутаг Монголын хурдан морины түүхэнд нэгэн цаг үеийг бичилцэж, гурван Тод манлай, нэг МУ-ын манлай, 15 улсын Алдарт уяачийг өлгийдөн авсан байдаг нь ховорхон амжилт. Ёстой хурд, хүч чуулсан энэ нутгийн алдарт уяачдын амжилтын түүчээ залуу хойч үедээ булган сүүлтэй байж, олон олон эрсийг “тэнгэрийн хүлэг”-тэй нөхөрлүүлсэн байдаг. Тэр олон залуусын нэг бол Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэн билээ. Ихтамирын Заан хөндийгөөс Хүй мандалын домогт хөндийд ирж алдраа дуурсгана гэдэг тэр болгон аавын хүүд тохиогоод байхгүй их хувь заяа бас бахархал. Нутгийн нэрийг улс түмэндээ дуурсгаж яваа энэ залууг Булган уул нь түшихгүй байхын нигуургүй. Морь сонирхогч монгол түмэн Г.Тэмүүлэнгийн хурдан Дөлгөөн хар үрээг андахгүй мэднэ. Төр түмнийхээ их цэнгэл наадамд хоёр түрүүлж, хоёр айрагдаад байгаа хурдан буяныг танихгүй, мэдэхгүй байхын ч аргагүй. Дөлгөөн хар үрээ Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул Тод манлай уяач, олноо Бандгаа хэмээн алдаршсан С.Ганхуягийн унаган адуу бөгөөд эцэг нь “Станбул” хэмээх Англи, Кабердин азарга байдаг. Энэ азарганы олон сайхан төл халхын наадамд хурд хувааж уралдаж байгаа ба уншигчид маань Бандаагийн хурдан ногоон үрээг тэднээс илүү сайн мэдэх бизээ. Хар үрээ даагандаа төрийнхөө их баяр наадамд айргийн тавд давхин давхар уяагаар “Дорнод-2009” зүүн бүсийн уралдаанд түрүүлэн ирж ирээдүйн түмэн эх болохоо тунхаглаж байсан түүхтэй. Дөлгөөн хар үрээний амжилт үүгээр зогссонгүй шүдлэндээ төрийн их баяр наадамд аман хүзүүнд хурдалж, “Эрдэнэт- Их хурд” төвийн бүсийн даншиг наадамд түрүүлэн аргагүй л төрмөл хурдан хүлэг гэдгээ хурсан олонд харуулж байсан. 2011 онд ММСУХолбооны эрлийз, Монгол адууг тусад нь уралдуулах шийдвэр гарч улсын баяр наадамд зургаа биш есөн насны уралдаан болсон. Монголын хурдан морины түүхэнд анх удаа тусдаа уралдсан эрлийз морины түрүүг Г.Тэмүүлэнгийн алдарт Дөлгөөн хар хүртэж, халхын дэвжээнд эх талын Монголтой ч уралдана, эцэг талын эрлийзтэй ч уралдах хурд гэдгээ тунхагласан билээ.
Ийнхүү Дөлгөөн хар үрээг Монголын хурдан морины түүхийн хуудсанд мөрөө үлдээн хурдалж байхад МУГЖ, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан
Өндөр төрийн баяр наадамдаа
Гараад өнгөлсөн хурдан ажнай
Өнгөний морьдын ирийг цуцааж
Ганцаараа тасарсан хар ажнай
Үүр шөнөдөө үнэн амгалан
Үргэлж дөлгөөн уяа тогтуун
Түмний итгэлд мөнхрөх хувьтай
Төрийн наадмын түрүү ажнай...хэмээн шүлэглэн дуулж цуу алдрыг нь урлагаар дамжуулан түмэндээ хүргэсэн байдаг.
Дууны үг ч тааллаар болж өнөө жилийн төрийн их баяр наадамд Дөлгөөн хар үрээ дууны түрлэг шиг түрүүлэн ирж үнэнхүү хурц, хурдан, домогт ажнай гэдгээ батлан харуулсан тоос нь бүрэн замхраагүй байгаа. Ах ногоон үрээ нь тэнгэрийн оронд салхи татуулан хурдалж байгаа бол дүү хар үрээ нь газрын мэлмийд уухайн айзмаар давхиж яваа нь энээ...

Г.Дүүрэнбилэг
 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна