Аав хүү, ах дүү, Алдарт Манлай нар

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 01 -нд

50-иад оны сүүлээр Буянт-Ухаагийн наадам эрс жижгэрч ирсэн юм. Тэнд бөх барилдах сур харвахаа больж, “цэргийн наадмын цэнхэр хашаа” эзгүйрч, сүүлдээ бүр байхгүй болсон. Улаанбаатарт шинэ стадион ашиглалтанд ороод бөх, сураа дагаад хүмүүс тийшээ хошуурцгааж, Буянт-Ухаа руу зөвхөн хурдан морины уралдаан л болдог, түүнд нь хот тойрсон хэдхээн сумын уяачид морьдоо уралдуулдаг, үнэндээ бол нэлээн томоохон сунгаа ч юм уу гэмээр л болсон юм.  Галшарын Сүхбаатарын хурдан морьд энд ирэхээ больчихсон, Жаргалантын хурдан удмын адуу хараахан тодрон гарч ирж чадаагүй, тийм л үе байсан хэрэг. Гэхдээ Төв аймгийн Туулын голоос урагшхи сумдын хурд харин сайн цуглардаг байлаа. Баянжаргалангаас Боржигон, Баянцагаан, Авдарбаянаас хуучны Их Шавийн, Баян, Баяндэлгэрээс хуучны Дархан вангийн Эрдэнэ, Мөнгөнморьтоос хуучны Сэцэнхаан, Сэргэлэн, Алтанбулагаас Туулын голын хурдан морьд ирдэг байв. Гэхдээ нарийн яривал нэг аймгийн тэн хагас арай хүрэхгүй нь л цуглаж байгаа болохоор уяачид бараг бүгд бие биенээ таньдаг мэддэг байв. Бидний үеийнхэн хурдан морь унахаа болиод, дээл сугалдаргалж, том ташуур барьж, хусуур түрийлсэн “аавын цээж”-үүд ханхалзаж явсан цаг.

Манлай уяач Д.Гарамжав

Баянзүрх сумын Д.Гарамжав гуай гэж чангахан дуутай, нарийхан шар хүн Лувсанчойдон гуайтай хамт морь уяж ирдэгийг би мэддэг байлаа. 1960 онд шиг санаж байна, тэр хүн хоёр даага угсраагаар нь түрүү, аман хүзүүнд оруулдаг юм байна. Түрүүлсэн нь сайхан саарал даага, Баянзүрхийн “Алтан өлгий” нэгдлийнх гэж байж билээ. Тэр үед нэгдэл байгуулагдаад тун удаагүй байсан. Ийнхүү Гарамжав гуай Монголд анх удаа нийгэм  олны хурдан морийг уяж, өндөр амжилт үзүүлсэн уяач болсон билээ. Өөрийнх нь унаган хээр үрээг анчин Мягмар гуай авч өөрөөр нь уяулаад улсын наадамд түрүүлгэж байлаа. Тэр үед Гарамжав гуай залуухан, дөнгөж 30-аад настай л байсан. Түүнээс арваадхан жилийн дараа Жаргалант адууны гол цөм сүрэг нь УБХТН-ийн Морин спортын төв клубт ирж, морин тойруулгыг ЗХУ-д төгссөн малын их эмч, мал эмнэлгийн албаны хурандаа Дондовын Даш удирдаж байв. Тухайн цагтаа өндөр мэдлэг боловсрол эзэмшсэн энэ хүн дөнгөж бүрэлдэн буй болж байсан Жаргалант удмын хурдан адууг гардан авч, спортын өндөр амжилт үзүүлэх, удмын санг нь бэхжүүлэх тархан дэлгэрэхэд чиглэсэн оновчтой, холыг харсан далайцтай бодлого боловсруулан хэрэгжүүлсэн юм. Юуны өмнө Морин тойруулгын морьдыг улсын наадамд уралдуулсан. Үүний тул уяач хэрэгтэй болов. Төмөржаа, Самдан нарын хэд хэдэн хүн уяачаар ажилласан. Нэрт уяач Донойдоон Гал гуай ч нэг жил ажилласан билээ. Эхний үед амжилт тогтмол өндөр түвшинд байж чадахгүй л байлаа. Гэтэл 1970-аад оноос Дамдинсүрэнгийн Гарамжав гуай Морин тойруулгын морьдыг уях болов. Яг тэр үеэс Морин тойруулгын бага насны морьд нь улсын наадамд түрүүлэн айрагдаж эхэлсэн билээ. Гарамжав гуай бага насыг сайн уядаг туршлагатай, мэдрэмжтэй болчихсон үе нь таарсан байгаа юм.  
70-аад он бол морин тойруулгын бага нас, Гарамжав хоёрын ид цэцэглэлтийн үе байсан даа. Харин дээд насыг нь 70-аад оны сүүлчээс Даваахүү уяад сайн хурдлуулсан. Сүүлдээ Гарамжав гуай азарга их насыг нь ч сайн уясан. Тогорууг ид байхад нь Төв аймгийн ойгоор түрүүлгэж байсан билээ.
Олон жил морин тойруулгын хаяанд явсаных адуу нь ч Будённый үүлдрийн цусаар сэлбэгдсэн. Үүний дээр Галшарын Донойн Цэгмид уяач эднийд хар хээр азарга бэлэглэсэн. Ийм үүлдрүүд нийлэхээр чинь эдний адуу сайн хурдан байлгүй яахав, үүний дээр Гарамжав гуайн уяачийн эрдмийг нэмэхээр ёстой ярих юм юу байхав дээ.
Монгол Улсын анхны арван Алдарт уяачийн тоонд амжилтаараа бол энэ хүн орох ёстой юм. Гэхдээ энэ цолыг арай хожуу авсан. Харин анхны арван Манлай уяачийн эгнээнд зүй ёсоор орсон юм аа.

Тод манлай уяач Г.Сандуйжав

Манлай уяач Дамдинсүрэнгийн Гарамжав гуай олон хүүтэй. Хамгийн том хүү нь аавынхаа уяачийн эрдмийг тун сайн өвлөж авсан хүн. Энэ бол Монгол Улсын Тод манлай уяач Г.Сандуйжав болой. Түүнийг Монгол улс даяар мэднэ. Амжилтын оргил нь нэг жил улс, бүсийн наадам уралдаануудаас 9 түрүү, 16 айраг авсан явдал юм. Мөн л амжилтаараа бол анхны Тод манлай нарын нэг байх учиртай ч нэг жилийн дараа энэ өндөр цолыг хүртсэн билээ.

МУ-ын Алдарт уяач Г.Ганхүү

Түүний дүү Улсын начин, уран дархан Г. Ганхүү мөн морь уядаг, улсын Алдарт уяач хүн. Тэрээр Монгол Улсын бүх Алдарт, Манлай уяачдын малгайн цул мөнгөн тэмдэг, морин толгойн дүрст цул мөнгөн жинсийг өөрийн гараар урлан бүтээдэг. Тэдгээр бүтээлийн зохиогчийн эрхийг зүй ёсоор эзэмшдэг юм.

Жокейн Г.Ганболд

Түүний дүү Г. Ганболд агсан мөн л уяач хүн байсан. Түүнээс гадна “Монгол адуу” нийгэмлэгийн шугамаар 90-ээд оны эхээр Япон улсад очиж, орчин цагийн сонгомол морин спорттой биечлэн танилцаж ирсэн Монгол залуучуудын нэг билээ. Тэр хүн яг энэ чиглэлээрээ Монголд нэлээн ажил өрнүүлж байсан юм даа. Одоо гэргий, үр хүүхэд нь ажлыг нь чадах чинээгээрээ үргэлжлүүлж явна.

МУ-ын Алдарт уяач Г.Ганбат

Түүний дүү Г. Ганбат нь мөн л уяач. Тэгэхдээ бүр Монгол Улсын Алдарт уяач цолыг насныхаа залууд зүй ёсоор хүртэж чадсан авхаалжтай, авьяастай хүү дээ. Хамгийн шинэхэн жишээ дурдахад 2010 оны улсын наадамд өндөр хээр соёолон нь түрүүллээ. Дамдинсүрэнгийн Гарамжав гуайн уяачийн удам ийнхүү үргэлжилж байна. Энэ удмынхан мөдхөн төрийн их наадамд гурван үеэрээ хурдан морь айрагдуулахын өлзийтэй ерөөл дэвшүүлье.
А.Баярмагнай

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна