Монгол улсын Алдарт уяач Б.Банзрагч: Зээрд азаргаараа 10 жил тасралтгүй айраг, түрүү хүртэж явлаа

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 12 -нд

-Өвөрхангайгаас төрсөн анхны Алдарт бол та?  Тэр үеийг эргэн дурсахад хэзээд таатай байдаг байх даа?
-Тэгэлгүй яахав, сайхан шүү. Тэр бол 1993 он. Өвөрхангай аймгаасаа хамгийн анхны МУ-ын Алдарт уяач болж байж билээ. Тухайн үед аймгийн амжилтаараа энэ цолыг хүртсэн. Бидний залууд нэгдэл нийгмийн олон мал  маллаж, ажлынхаа зав зайг харж байгаад хэдэн адуунаасаа сорчлон уядаг байсан болохоор тэр бүр хүссэн үедээ очиж наадаж байсангүй дээ. Нэгдлийн сувай хонь маллаж, нэг хэсэг бригад, хэсгийн ахлагч хийж явсан. Манай сум аймгийн төвөөс 70-80 км зайтай болохоор тэр бүр хол явж нааддаггүй байсан. Гэхдээ явсан болгондоо цулбуур өргүүлдэг байж билээ. Миний олон сайхан хурдан буянгуудаас хурдан зээр азарга, түүний үр төлүүд нутаг орондоо нэртэй хурдан хүлгүүд байгаа юм. Зээрд азарга маань аймгийн наадамд 5 түрүүлж, 5 айрагдаад, сумын наадамд  2 түрүүлсэн, аргагүй л хурдан амьтан даа.  Жижиг наадмуудаас бол их олон айраг түрүү хүртсэн, тоогоо алдаж. Зээрд азарганы төлүүд ч гурван айрагтай. Би чинь аймгийн наадмын 5 түрүү 8 айрагийн амжилтаараа Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн журмаар МУ-н Алдарт уяач болж байлаа. Алдарт авч байгаагаа анх Монголын радиогоор сонсож байлаа. Үүнээс нэг их удалгүй Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн манай аймгийн салбарын дарга Бямбаа ирж гардуулсан юм. Түүнээс хойш зээрд азарганыхаа төрсөн нутагт даага, их нас, азарга гурван насны морь уралдуулан нааддаг уламжлалтай болсон. Хорь шахам жил болж байгаа болохоор ойр сум хавийн сумдынхан ч андахаа байсан. Их идэвхитэй оролцдог. Энэ жил наадам зохион байгуулдаг газраа азаргандаа зориулж хөшөө босголоо.
-Зээрд азарга хаанахын угшилтай адуу вэ?
-Миний унаган адуу. Би хүүхэд байхдаа Сахалт ахынхаа морины хүүхэд нь байсан юм. Хожмоо эрийн цээнд хүрч, өрх тусгаарлан, анхны хүүд маань төрөхөд зээрд унага бэлэглэж байлаа. Уяач ахын маань сэтгэлийн бэлэг олон сайхан хурдан буянг дагуулсан даа. Миний ууган хүү Юндэнбат одоо аймгийн Алдарт уяач цолтой, удам залгасан уяач болсон. Бас нэг хүү маань ч аймгийн Алдарт уяач. Том хүүгийн морьд аймагт 3 түрүүлж, 2 айрагдсан, дүүгийнх нь аймагт 2 түрүүлж, 3 айрагдсан амжилттай, миний хөвгүүд. Би эдэндээ өмч таслан зээрд азарганыхаа үр төлөөс өвлүүлэн өгсөн. Зээрд азарганы эх, эцэг тал нь манай эндэхийн адуу, Хөөрхий нас өндөр болоод өвлийн хатуу цагт явчихсан, толгойг нь нуруундаа тахисан байгаа.
-Зээрд азарганы тань төлүүдээс  ямар ямар амжилт гаргаад байгаа вэ?
-Зээрд азарганы төл аймагт  гурван азарга дараалан айрагдаж байлаа. Тэгэхэд аймгийн Засаг дарга “Банзрагчаа чи айрагны азарга үйлдвэрлэдэг болжээ” гэхэд нь “үйлдвэрлэдэг азарга нь энэ зээрд” гэж байсан түүхтэй. Гадагшаа гарсан төлүүд нь ч сайхан давхиж байгаа. Шагдарсүрэнгийн зээрд азарга аймагт 6 түрүүлж, 2 айрагдсан. Шагдарсүрэн бид хоёр найзууд. Найз маань манай азарганд гүү тавьдаг байсан ч нөгөө гүүнийх нь төл тогтохгүй байхаар нь би нэг даага бэлэглэсэн юм. Тэгсэн дааганд нь уялгүй, шүдлэн, хязааланд нь уятал нэг л амжилттай болсонгүй. Ямартаа л найз маань жаахан чамлаад “Банзрагч надад ийм ч юм өгөх гэж дээ” хэмээн гомдоллож байхав. Гэтэл өнөө голсон зээрд нь хязааландаа арваар давхиж, соёолонгоосоо эхлээд л аймгийн наадамд алдахаа байсан. Нийт 6 түрүүлж, 2 айрагдан, Шагдарсүрэн ч аймгийн Алдарт уяач болсон. Хөөрхий дөө одоо тэр найз маань бурхан болсон. Ер нь би хурдан зээрдийнхээ төлөөс зарж байсангүй, бэлгэнд л өгчихдөг юм. Нэг л удаа нутгийнхаа гуталчин өвгөнд нэг гутлаар нэг үрээ солилцсон. Өвгөнд очоод аймагт хоёр айрагдсан. Өөрийн адууны цусыг холдуулъя гээд Хайрхандулаанаас 30 төгрөг, бодоор нэг гүү авч азаргандаа тавьж л байсан. Огт цус холихгүй байвал адууны чанар бас муудна шүү дээ.
-Зээрд азаргыг ид  хурдалж байх үед өөр ямар ямар хурдан хүлгүүд байсан вэ?
-Хужиртын хар Цэрэндоржийн хээр, хар хамар Сандандоржийн морьд их хурдан байлаа. Их ч омголон, аархуу улс байсан даа. Хожгорын хэдэн зээрд азаргатай уралдана гээд л давхиад ирдэгсэн. Миний зээрд адуунуудыг хэлж байгаа нь тэр. Манай нутаг хошууг Хожгорын хошуу гэдэг байсан түүхтэй. Учир нь дээр үед хожгор ноёнтой байсан юм гэнэ лээ. Аймгийн 50 жилийн ойгоор миний морь аймагт уралдаж Цэрэндорж, Сандандорж нарын удаалах нь тэр. Тэр жил тэд Хожгорын хошууны зээрд адууны бэрхийг мэдрээд буцсан юм. Одоо ч дээхэн үетэй харьцуулахад манай сумын наадамд цөөхөн морьд уралддаг болж. Энэ нь залуусаа дэмжихгүй байгаатай холбоотой санагддаг.
-Таны хувьд сэтгэл догдлуулсан наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-Наадам болгон л сайхан шүү дээ. Асрын үүдэнд морио цоллуулаад зогсож байхад хүндэтгэлийн хөгжим эгшиглэх тэр мөч ай даа сайхан шүү. Надад нэг жороо морь байсан. Тэр жороо морьтойгоо асрын үүдэнд зогсоод түрүү айргийн морио цоллуулдаг байлаа. Мэдээж завсаргүй 10 жил түрүүлнэ гэдэг бахархалтай шүү дээ. Гэхдээ би чимээ багатай хүн байгаа юм. Баярлаж байгаагаа тэр бүр ил гаргаад байдаггүй.
-Дээхэн морины бай шагналд юу өгдөг байсан бэ?
-Одоотой харьцуулахад бага л даа. Хавтастай толь, дипломтой л өгдөг байсан. Сүүлд нь толиныхоо оронд хивс өгдөг болсон. Гэхдээ зөвхөн айраг түрүүний морь гэхгүй, их олноор нь барьж байлдаг байсан. Аймгийн их насанд 300 шахуу, азарга 200 гаруй давхина. Олон гэлтгүй байлж, үнэмлэх өгдөг байлаа. Энэ чинь моринд орж байгаа залууст их урам өгдөг байсан санагддаг юм. Сүүлийн үед тэжээлийн хэдэн сайн морьд л энд тэндэхийн наадмыг хэсч давхидаг болж дээ. Жинхэнэ нутгийн хурд ховор болсон нь харамсалтай.
-Ярилцсанд баярлалаа. Та урт насалж, удаан жаргаарай.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна