Морин тойруулга

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 13 -нд

Ихэнх хүмүүсийн хувьд морин тойруулга  буюу ипподром нь моринд бооцоо тавьж хожих, эсвэл алдах газар байдаг. Эхэндээ зүгээр л уралдаан үзэж нүд сэтгэлээ баясгадаг байсан хүмүүс яваандаа түрүүлэх морийг тааж хоорондоо бооцоо тавьдаг болжээ.

Анхны морин тойруулгууд Эртний Грект үүссэн бөгөөд тэдгээр тойруулгуудад морин уралдаан ба тэрэгтэй морин уралдаан зохиогддог болжээ. Морин тойруулга  буюу ипподром нь иппос-адуу,  дромос-гүйлт, давхил гэсэн хоёр Грек үгнээс бүтсэн байна. Ипподром гэсэн үгийг орчуулбал “адууны давхих газар” гэгдэх бөгөөд орчин үеийн ойлголтонд адууны уралдаан тэмцээн зохиогддог цогцолбор байгууламж гэж ойлгож болно.
 
Уралдаанд оролцох адуунууд нь морин тойруулгынхаа жүчээнд байнга байрладаг бөгөөд ямар нэг уралдаанд оролцох үедээ л тухайн морин тойруулгыг зорин очдог байна. Ямар ч үед тэдгээрт зориулсан хашаа саравч байр бэлтгэгдсэн байдаг ажээ.

Үзэгчид нь бооцоо, мөрийний самбарын мөнгө хураагч байрлах индрээс морьдын уралдааныг үзнэ. Морин тойруулгын үндсэн бүтэц нь үзэгчдийн суудлын индэр ба адууны хашаануудын хооронд байрлах  уралдааны болон бэлтгэл хийх замуудаас бүрдсэн том тойрог юм.

Уралдааны замын  гадаргуугийн  хучилт нь тухайн уралдаанд зориулалтаас шалтгаалж, янз бүр байж болох боловч тодорхой шалгуурт нийцсэн байх ёстой байна. Мөн олон төрлийн шалгуурт зориулагдсан нь ч байж болдог байна. Жишээлбэл: Москвагийн Төв Морин тойруулга.

Уралдааны замын  гадаргуугийн  хучилт нь зүлгэн эсвэл шороон байж болно. Шороон замын бүтэц нь нэг төрлийн, эсвэл хэдэн төрлийн давхаргаараа ялгаатай зэргээр олон янз байж болдог. Хамгийн түгээмэл нь элсэн хучилттай зам юм. Энэ хучилт нь ус гадагшлуулах системтэй байдаг бөгөөд хамгийн хурдтай омголон морьд уралдахад тохиромжтой зам тул  АНУ–д ойрын болон дундын зайн уралдаан зохиогддог олон морин тойруулгууд ийм замтай байдаг байна. Түүнчлэн нэг өдөр өөр төрлийн зам бүхий тойргоор уралддаг уралдааны хувилбарууд ч байдаг. Жишээлбэл, Бридерс Кап.

Хэрэв уралдах адууны хөл, үе мөчний хувьд ямар нэг асуудалтай тохиолдолд зүлгэн буюу зөөлөн замаар уралдах нь тохиромжтой байна. Гэвч бороо орсны дараа зүлэг нь гулгамтгай болж тодорхой эрсдэл дагуулж байдаг. Хэдий тийм боловч Европын ихэнх морин тойруулгууд зүлгэн замтай байдаг юм. Мэргэжилтнүүд Вени, Варшав, Парисын морин тойруулгуудыг хамгийн сайн замтай гэж үздэг байна.

Львовын морин тойруулгаас бусад Оросын бүх морин тойруулгууд шороон замтай юм. Оросын морь унаачид олон улсын тэмцээн, Европын шагналт уралдаануудыг зорихдоо Львовт ирж хэсэг хугацаанд зүлгэн замтай тойруулгад нь морьдоо дасгаж бэлтгэдэг байжээ. Зүлгэн хучилт нь тусгай арчилгаа, нарийн үйлчилгээ  шаарддаг юм.

Оросын бүх морин тойруулгуудын уралдааны зам нь тэгш хэмт эллипс хэлбэртэй байдаг бол барууны орнуудын морин тойруулгуудад уралдааны замын хувьд тойрог гэдэг ойлголт хэвшмэл биш, төрөл бүрийн бүтэцтэй байдаг. Энэ тал дээр Английн морин тойруулгууд онцгой сонирхолтой байдаг юм.

Үргэлжлэл бий .....
 www.mongoljockeyclub.com

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна