Хурдан морийг өвчин эмгэгээс сэргийлж, эрүүл байлгах нь

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 25 -нд

Эрхэм уяач та хурдан хурц хүлгээ уяж сойхдоо эрүүл мэндэд нь онцгой анхаарал тавьж байх хэрэгтэй. Таны хүлэг генийн талаасаа гарцаагүй хурдан  ч ямар нэг өвчин эмгэг согогтой бол хүсэн хүлээсэн үр дүнд тань хүрэхгүй. Иймээс жилийн дөрвөн улиралд ялангуяа хавар, намрын цагт ханиад шуухинаанаас эхлээд бусад төрлийн өвчин эмгэг бэртэл гэмтлээс сэргийлж ажиглаж байх хэрэгтэй.
Намрын хүйтэн бороо, хаврын хөх элгэн цагаар эвгүй унасан морьд ханиах нь элбэг. “Нэг ханиасан морийг тэр жилдээ л уяад нэмэргүй” гэж ахмад уяачид ярьдаг нь оргүй зүйл биш юм. Мөн хаврын усан жилбэн, намрын тосон жилбэн зэргээс сэргийлж чаддаг байх нь уяач таны үүрэг.
Хүйтэн хатуу өвөлд их турж орсон адуунд элдэв шимэгч хорхой үүсч мал зүдэрдэг.Тиймээс нийт адуундаа эс чадвал уядаг мориндоо намар эртхэн, эсвэл хавар шимэгч устгадаг тариаг тогтмол хийлгэж байх нь зүйтэй. Тэгвэл адуу чинь өвөлд тарга хүчээ бага алдаж, хавар эрт үсээ хаяж, сайхан цайрна. Зарим малчид, уяачид адууны улаан хорхойг байх ёстой зүйл хэмээн ташаа ойлгох нь бий. Мөн гэдэсний цагаан хорхой бол мал адууг тарга тэвээрэг авахуулдаггүй муу талтай тул аль болох малын эмчид хандан устгуулах нь зүйтэй юм. Уядаг моринд элбэг тохиолддог нэгэн хэцүү зүйл бол хөл нь муудах явдал юм. Олон жил уралдсан морины дөрвөн мөч нь байнгын өндөр ачааллыг даалгүй, шөрмөс нь сунах, ул таваг нь хөндүүрлэх,
туурай нь гэмтэх, хөлд нь цус буух үзэгдэл их гардаг. Эрхэм уяач та энэ бүх эмгэг согог таны моринд тохиолдож байна уу, үгүй юу гэдгийг үргэлж сайн анхаарч, анхны шинж тэмдэг илэрмэгц эмчлэх арга
хэмжээг яаралтай авах хэрэгтэй. Үүнд, ардын уламжлалт эмчилгээний арга ханах, хатгахаас эхлээд орчин цагт гадаад орнуудаас оруулж ирсэн янз бүрийн тос, тариаг хүртэл хэрэглэж болно.
Урьд үзэгдээгүй, дуулаагүй юм гэж цэрвэх болгоомжлох хэрэггүй, орчин үеийн мал эмнэлгийн шинжлэх ухааны шинэхэн бүтээгдэхүүн илүү үр дүнтэй нь амьдрал дээр харагдаж байгаа юм.
Эм тариа бүү хэл лазерийн туяагаар ч эмчилсэн болохгүй юмгүй. Гагцхүү шинжлэх ухааны үүднээс, горим, технологийг нь нарийн баримталж чадвал гарцаагүй үр дүнгээ өгнө.
Жил бүр наадмын дараа, уясан морьдоо сар хиртэй амраагаад дөрөөлөх, уушиг зэргийн судсыг хатган бага зэрэг цус авах нь муугүй байдаг. Хатгасан морьд долоо хоногтоо л үсний нь өнгө жигдэрч гялтаганаад тарга хүч хурдан авдаг.
Ер нь хурдан морины эрүүл мэндийг хамгаалах тал дээр бол уламжлалт арга гэхээсээ, шинжлэх ухааны эмнэлгийн талыг баримталбал илүү үр дүнтэй нь одоо нэгэнт тодорхой болчихоод байгааг бас анхаараарай.  Д.Даваахүү, Д.Онон, Ц.Аюуш, Г.Сундуйжав зэрэг өнөөгийн том уяачид, морь сайн хатгадаг хүн рүү бус
малын эмч, эрдэмтэд рүү хандах болсон нь зүгээр нэг хэрэг бус биз. 

"Тод магнай" сэтгүүл дугаар №4

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна