Монгол эр хүний уужим саруул ухаан, ёс жудагийг хурайлан дуудъя

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 06 -нд

“Дүнжингаравын хурд-2013” хаврын бүсийн уралдаан дуулиан, шуугиантай халуухан болж өнгөрлөө. Өнгөрсөн ням гарагт болсон  уралдаанаас хойш даруй гурван хоног өнгөрч буй ч маргаж, мэтгэсэн, гайхширч тээнэгэлзсэн асуулт хариултууд тасарсангүй. Тэгэхээс ч аргагүй юм. Бидний мэдэх монголын хурдан морины түүхэнд  бүх түрүүг нь “үгүйсгэн” цуцалж байсан наадам нэгээхэн ч үгүй. Чухам тиймээс л уяачид, хурдан морины зүтгэлтнүүд энэхүү шийдвэрт итгэж ядан, басхүү зөв буруугийн алин болохыг тааж ядан буй бизээ. Үүнийг бичигч би бээр ч гэсэн зөв бурууг дэнслэн эцэслэх гэсэнгүй. Гагцхүү өөрийн үзэл бодлыг хуваалцахыг хичээлээ. Тиймээс надтай санал үл нийлэх нэгэн байваас буруутгалыг урьтал болгохгүй байхыг хүсье.
Хурдан морины уралдаан олширч, морин спортын хөгжил эрчимжихийн хэрээр уяачийн ёс зүй, жудаг хэмээх нандин зүйл бүдгэрч буй нь буурлуудын бухимдлыг төрүүлэх болсон. ”Монгол наадмыг үнэтэй машин, хээнцэр гоёл бус монгол уяачийн ухаан, жудаг ёс чимдэг юм. Монгол төрийн наадмыг чимж буй уяач  хүн уламжлал ёс заншлаа илүүтэй дээдэлж, жудаг ёсыг чанад сахиж байх учиртай. Энэ нь наанадаж хувь хүний, цаанадаж улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлын тулгуур юм” хэмээх тэдний сургамжийг яахан үгүйсгэж болох билээ.
Дэлхий нийтээрээ даяаршиж буй энэ л үед Монгол улс тусгаар тогтнол бүрэн эрхэт байдлаа  хамгаалан үлдэхийн тулд үндэсний өв уламжлалаа дээдэлж, өөрийн гэсэн өвөрмөц бүхнээ зүлгэн тордох учиртай. Тэрхүү өвөрмөц үндэсний зан үйл, уламжлалын нэг нь дэлхийд ганцхан монгол наадам. Түүний салшгүй нэг хэсэг болсон хурдан морины уралдаан юм. Тиймээс  хүлэг морио ирлэн төрийн наадамдаа уралдуулж, түмэн олноо цэнгүүлдэг эрхэм уяачид  та бүхэн минь энэхүү  том эрх ашгаа хувийн жижиг эрх ашгаасаа дээгүүрт тооцон аливаад монгол эр хүний уужим ухаанаар хандаж байх учиртай болж байна. Та бүхэн зөвхөн өрх гэрийнхээ нөмөр нөөлөг бус улс орныхоо ноён нуруу гэдгээ санаж аливаад санаж сэрэхийн ухаанаар хандан,  хаяж гээхийн ухаанаар шүүж байх учиртай.
Би хувьдаа саяын асуудлыг ийм л өнцгөөс харж дүгнэж байна. Монгол эр хүний алсын хараа, уяачийн ёс зүй гээч дутагдаа юу даа гэж. Аливаа юм сайн муу хоёр талтай. Бидний өвөг дээдэс сайнд нь сэрэхийн ухаанаар, саарт нь гээхийн ухаанаар хандаж дэнсэлсээр ирсэн. Энэ үйл явдалд чухам тийм л үүднээс хандаасай хэмээн хүснэ. Түрүүлээд ирчихсэн хурдан хүлгээ түмэн олны өмнө алдар цолыг нь дуудуулж чадалгүй буцах юм шиг хүнд зүйл гэж юу байхав. Уяачийн бүтэн жилийн хөдөлмөр үнэгүйдэж, унаач хүүхдийн урам хугаран, магадгүй морины хийморь гундаж мэдэх юм.
Гэхдээ эрхэм уяач та урт амьсгаа аваад уужим ухаанаар эргээд нэг бодоорой. Ийм  байдалд хүрэхэд “таны” оролцоо ямар нэг хэлбэрээр байсан уу гэж.  Монголчууд эрт дээр үеэс хурдан хүлгийн удам угшлыг худлаа хэлэх нь хэдэн үедээ үл нимгэрэх нүгэл хэмээн сургасаар ирсэн. Түүнийг морь уядаг хэн бүхэн хууль юм шиг мөрддөг байсан сайхан ёсон саяхан хүртэл байлаа.Саяхан хүртэл хэмээн  тодотгосны учир нь  адууны үнэ өсч, уралдааны бай шагнал нэмэгдэхийн хэрээр энэ монгол ёсон гишгэгдэн гээгдсээр байна. Сүүлдээ бүр мөнгө улаан нүд цагаан гэгчээр айл хотлоороо нийлээд хурдан адууны удам угшлыг худлаа хэлэх нь энүүхэнд болж. Энэ байдал даамжирсаар төрийн наадмын  түрүү айргийн морьдын удам угшил хоёр хувилбараар хэлэгддэг болоод байна. /Албан бүртгэл дээр нэг янзаар, аман ярианд өөр нэг янзаар/
Наадмын маргааш шинэ цолонд хүрсэн бөхчүүдээ ёс юм шиг найрааных хэмээн гоочилдог. Тэгсэн хэр нь барин тавин нотолж чаддаггүй. Үндэсний бөхийн ийм нэгэн таагүй халдвар хурдан моринд үсэрхийлж, түрүүлж айрагдсан морьдоо “эрлийз” хэмээн далдуур гоочлох байдал газар авсаар байгаа. Нэг үхрийн эвэр хугарахад мянган үхрийн эвэр доргино гэдэг. Тийнхүү доргиохгүйн тулд жөтөөрхлөөс үүдэлтэй энэ явган яриаг ул болгохоор ММСУХ-ны удирдлагууд 2013 оныг “уяачийн ёс зүйн жил” болгон зарлаж, тэр хүрээндээ хийсэн анхны алхам нь саяынх.
Ямартаа ч хараат бус тусгай ажлын хэсэг томилж, уралдааны зар түгэхээс эхлээд эрлийз морьдыг тухайн ангилалд нь уралдуулахыг уриалж басхүү цэвэр болон импортын адуу мордуулахгүй байхыг  сануулсаар байсан. Үүнийг сонсоогүй уяач нэгээхэн ч байхгүй байх. Түүнийгээ баталгаажуулж наадмаа эрлийз морьдын уралдаанаар эхэлж боломжийг олгосон. Мэдээж энэ ангилалд бодож тооцоолж байсан шиг олон морьд мордоогүй. Нийслэл тойрсон тэр олон уяачид, 20 аймгийн төлөөлөл оролцсонтой харьцуулахад 80 гэдэг тоо дэндүү бага сонсогдож буй биз.
Эрлийз ангилалд уралдаж түрүүлсэн Ч.Пэрэнлэйн хээр үрээг импортын адуу гэсэн шалтгаанаар хасч амжилтыг нь тооцоогүй. Үүнийгээ тусгай комиссынхон “даагандаа орж ирсэн адуу гэдэг нь тогтоогдсон” хэмээн тайлбарлана билээ. Ч.Пэрэнлэйг шинэ цагийн монгол адуугаар амжилттай наадаж буй цөөн уяачийн нэг гэдгийг мэдэхгүй хүн цөөн биз. Харин энэ удаагийн түрүү хээр үрээг дааганд нь Ч.Махвал уяач Оросоос оруулж ирсэн гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон хэмээсэн юм.
Сүргийн манлай азарганы уралдаанд түрүүлсэн "Монгол Жоки клуб"-ийн уяач Г.Дашзэвэгийн зээрд халзан азаргыг эрлийз гэсэн үндэслэлээр хассан. Г.Дашзэвэг үүнийг үгүйсгэн сэрвээний өндөр зэрэг нь өнөөдөр мөрдөж буй монгол адууны стандартаас зөрөөгүй гэж буй ч үүлдэрлэг байдалд хяналт тавих ажлын хэсгийнхэн эцэг нь цэвэр цусны азарга байсан. Халзан азарга нэгдүгээр үеийн эрлийз адуу гэх тайлбарыг өгсөөр амжилтыг хүчингүй болгосон.
Их насны морьдын уралдаанд түрүүлсэн МУ-ын Алдарт уяач П.Мэндбаярын хар , соёолонгийн түрүү Энхсайханы хээр , аман хүзүү МУ-ын Алдарт уяач Г.Доржпүрэвийн Толбот хүрэн  зэрэг үрээнүүдийг эрлийз гэх  шалтгаанаар хасаж амжилтыг нь тооцсонгүй.
Одоогоор энэхүү шийдвэрийг зөв буруу хэмээн эцэслэн дүгнэх боломжгүй. /адууны үүлдэрлэг байдлыг эцэслэн тогтоох тоног төхөөрөмж монголд хараахан байхгүй/  Гэсэн хэдий  ч уяачийн ёс зүйг адууныхаа удам угшлыг үнэнээр мэдүүлж, төрөө түмэн олноо хүндэтгэхээс эхлүүлж буй санааг нь зөвтгөхөөс аргагүй юм. Мэдээж анхны юм алдаа оноотой. Санаа зөв ч арга барил нь буруу байсныг үгүйсгэж өмөөрөхгүй. Хамгийн наад зах нь уралдаад ирсэний дараа бус өмнө нь хасах тухайд илүүтэй анхаарах ёстой байсан. Хэрвээ асуудлыг тэр үед нь шийдсэн бол байдал энэ хүртэл даамжирахгүй байсан нь тодорхой. Зохион байгуулагчдын зүгээс морь гарч байхад нэг бүрчлэн нарийн шалгах боломжгүй гэсэн тайлбарыг өгч байгаа ч эхний ээлжинд боломжийг бүрдүүлж хэвшүүлэхээс өөр арга байхгүй гэдэгтэй санал нэгдэх бизээ. Мөн бүртгэлийн хуудсанд давхар сануулгыг байршуулж, дээрх шаардлагуудыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд уралдах эрхийг олгох талаар ч тусгахад болохгүй зүйлгүй. Хэрвээ  энэ бүх зохицуулалтаа зөв хийчихвэл төрийн наадмын түрүү хүлгээ хасч , шилдэг хандивлагчийнхаа урмыг хугалж шинэ цолны мялаалгыг нь үгүй хийх шаардлагагүй болно.
Нөгөө талаас уяачид маань бүтэн жилийн хөдөлмөрөө үгүй хийж, морь хүүхдийнхээ хийморийг сэвтээхгүйн тулд тохирох ангилалд нь уралдуулж хэвших хэрэгтэй. Өмнө нь болоод байсан юм гэх ойворгон зангаар өөрсдийн хөлс хүчээ үгүй хийж, түмэн олноо мэхлэх хэрэггүй.  Хурдан морины удам угшлыг худлаа хэлэх нь хэдэн үед нимгэрдэггүй гэсэн дээдсүүдийн сургаалийг энд дахин нэг сануулъя.
Ингээд эцэст нь буруу тогтолцоог үгүй хийе гэсэн санаа нь өөрөө зөвтгөх шалтгаан ч уяачийн хөдөлмөрийг удаа дараа үнэгүйдүүлж болохгүйг уралдаан зохион байгуулах комиссынхонд, харин уяачдадаа дээдсийнхээ ариун сургаалийг дагаж жудаг ёсоо дээдлэн уяж буй хүлгийнхээ удам угшлыг зөв мэдүүлж байхыг чандлан захья. Та бүхний зохион байгуулсан наадмыг,  та бүхнийг уясан хүлгэдийг үзэхээр өвлийн хүйтэн, зуны халууныг эс тоон ирдэг моринд хайртай монгол түмнээ хүндэлж, үндэсний өв соёлоо дээдэлж явахыг хүсч, нэгэн цагт дэлхийн талыг эзэлж явсан монгол эр хүн таны уужим саруул ухаан, ёс жудагийг хурайлан дуудъя.

А.Мөнх-Эрдэнэ


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна