Монгол адууны ходоод архаг тэлэгдэлтийн оношлогоо, эмчилгээнийасуудал

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 13 -нд

Сүүлийн жилүүдэд малын халдваргүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх талаарх асуудал нилээд их ач холбогдолтой болсоор байна. Жилийн дөрвөн улиралд бэлчээрээр малладаг мал аж ахуйн хувьд хөрс, ус, бэлчээрийн ургамлын зүйлийн бүрдэл өөрчлөгдснөөс тэдгээрийн тэсвэрт чанарт үлэмж хэмжээгээр нөлөөлж, төрөл бүрийн халдваргүй өвчний өвчлөл нэмэгдсэн. Тэр дундаа халдваргүй өвчин дотроос бодис солилцоо, амьсгал, тэжээл боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг голлон тохиолдож байна. Эдгээрийн нэг болох монгол адууны тэжээл боловсруулах эрхтний эмгэг түүн дотроос адууны ходоодны архаг тэлэгдэлт сүүлийн жилүүдэд нилээд тохиолдох боллоо. 
Хан-Уул дүүргийн “Өлзийт” хороололд байрлах уяачдын адуунаас 10 толгой ходоодны архаг тэлэгдэлттэй адууг сонгон авч 5 толгой эрүүл адууг хяналт болгон авч туршилт судалгааны ажлыг явуулсан. 
Бид ходоодны архаг тэлэгдэлттэй монгол адууны клиник шинж тэмдэг, эмгэг анатомийн өөрчлөлт, цусны морфологи болон биохимийн үзүүлэлт, шээсний үзүүлэлт, өвчний эмгэг жамын хүчин зүйлс, тэжээл боловсруулах болон тэжээл боловсруулалтын завсрын үе шат дахь ходоодны шүүрэл ялгаруулалтын үйл ажиллагааг тус тус судлан тогтоосон болно. 
Аман мэдүүлгээс үзэхэд уг эмгэг нь тэжээллэг, арчилгаа, эдэлгээ, дасгал, сургалтын горим дүрмийг сахиагүй, тэжээлийн жоронд чанар муутай тэжээл оруулсан, ажлын дараа хэт хүйтэн усаар усласан, тариа, будаан тэжээл өгөөд тэр дор нь услаагүй, нэг дор хэт их хэмжээний тэжээл өгсөн зэргээс шалтгаалан үүсч байв.
Коликийн хам шинж үзүүлдэг ходоод, гэдэсний эмгэгийн үед бие махбодид хүчтэй өвдөлт үүссэний улмаас адууны гадаад төрх байдалд өвөрмөц өөрчлөлт илэрч байв.
Уг эмгэгийн үед тэжээл өгсний дараах 1-5 цагийн хооронд дараах шинж тэмдэг ажиглагдсан. Адуу бөгсөөрөө суухыг эрмэлзэх, хэвлийгээ ажиглах, газар цавчлах, нуруугаа бөхийлгөх, хааяа нохой шиг суух, хөдөлгөөн тогтворгүй болох, 14-16-р хавирга хоорондуур төвийх, тогшиход хөндий дуу сонстож байв.
Эл өвчөөр эндсэн адуунд задлан хийхэд гэдсэнд их хэмжээний хий дүүрсэн, хэвлийн хана хатуурсан, ходоодны хэмжээ томорсон, өрцний орой цээжний хөндийд 5-6-р хавирганы түвшинд байв. Хоёр адууны ходоодны хана махиа хэсгээрээ урагдсан, урагдалт тэгш бус, хавантай, цусны судас, эдийн тасархайтай байлаа. Бүх адууны элэг цайвар бор өнгөтэй байсан нь ходоодны архаг тэлэгдэлт мөн болохыг баталгаажуулж байсан юм. Бидний туршилтын ажлын эмгэг анатомийн өөрчлөлт, эмнэл зүйн шинжилгээний дүн нь (Гольцман, 1930; Евграфов, 1956; Колесов ба бусад 1972; Смирнов ба бусад 1981; Калашник, 1990; Анохин, 1991; Regic et al., 1989) нарын судалгаатай тохирч байв. Эрүүл адууны цусны үзүүлэлтүүдийн үр дүн (А.В.Васильев, 1948; А.Г.Пьяников, 1953; В.ННикитин, 1956; А.А.Кудряцев ба бусад., 1974; И.М.Карпуть, 1986; Г.А.Симонян, 1995; Б.Бадамдорж, 1983;) нарын судалгаатай дүйж байв. Ходоодны архаг тэлэгдэлтийн илэрхий шинж тэмдэгтэй адууны цусны үзүүлэлтүүд эдгээрийг баталгаажуулж байсан. Тухайлбал гемоглобины хэмжээ 1,1 дахин өссөн буюу дундажаар 15,5±0,21г/100 мл, улаан эсийн тоо 1,2 дахин өссөн буюу дундажаар 8,64±0,38 млн/мкл байсан.
Бидний судалгаагаар базофил, эозинофил, лимфоцитийн тоо цөөрч, савхан болон тасархай бөөмт нейтрофилийн тоо өссөнийг ходоод гэдэсний замд дотоод хордлогын процесс явагдснаас ходоодны салст бүрхүүл гэмтсэнтэй холбон тайлбарлаж байна.
Цусны биохимийн шинжилгээг явуулснаар бие махбодын янз бүрийн үйл ажиллагааны хямралын хөдлөл зүйг танин мэдэх, зөв оношлох, эмчлэн сэргийлэх арга аргачлалыг боловсруулахад нилээд ач холбогдолтой байсан.
Ходоодны агуулагдахуунд шинжилгээ хийж оношийг баталгаажуулах нь нилээд ач холбогдолтой байсан учраас 1 удаад 8-15 л ходоодны агуулагдахууныг хаймсуураар авч шинжлэхэд хүрэн бор өнгөтэй, өмхий үнэртэй байлаа. Ходоодны булчирхайнаас ялгарах чөлөөт давсны хүчил багассан байхад нэгдлийн хэлбэрээр агуулагдах давсны хүчлийн хэмжээ эсрэгээрээ өссөн үзүүлэлттэй байв. Ходоодны шүүрэл ялгаруулах үйл ажиллагаа ходоодны архаг тэлэгдэлттэй адуунд 346,3ммоль/цаг буюу эрүүл адууныхаас 40,5%-иар их байсан. (P<0,001).
Шээсний шинжилгээгээр индиканы хэмжээ эрүүл адуунд дундажаар 9,5±0,11мг% байсан ба ходоодны архаг тэлэгдэлттэй адуунд дундажаар 25,0±0,15мг% болон өссөн нь ходоод гэдэсний замд исэлт, ялзралтын процесс явагдснаас дотоод хордлого явагдаж байгаатай холбоотой.
Өвчний оношийг баталгаажуулсны дараагаар өвчний үе шат болгонд тохирсон эмгэг жамын курс эмчилгээг явуулсан. 
Бид эмчилгээндээ но-шпа, новокаин, трамал, рометар, баскопан, финадин зэргийг судсаар тарьж, мөн эмчлэн сэргийлэх зорилгоор цеолитийг амаар олгоход үр дүн сайтай байлаа.

Д.Лхамсайзмаа1, Тарнуев А.С.,2 Ц.Ж.Жаргалов2

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна