Аймгийн Алдарт уяач Г.Ганбаатар:Өвгөдийнхөө буяныг арвижуулж, нутгийн адууны угшлыг сайжруулахаар зорьж байна

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 20 -нд

-Дөрвөн үеийн уяачдын төлөөлөлтэй уулзаж байгаадаа баяртай байна. Өвөг эцэг Палам, аав Гончиг нарыг тань адуунд дуртай бас ч үгүй чамгүй уяачид байсан гэх юм билээ. Эцэг өвгөдийн тэрхүү эрдмийг та бас хүүдээ өвлүүлж байгаа юмаа даа?
-Тийм шүү, дөрвөн үеэрээ дамжин хурдан хүлэг морьдоо сойж уяна гэдэг үнэхээрийн том бахдал. Миний өвөг эцэг Хайрхандулаан сумын уугуул Палам гэж адуунд дуртай, энэ хавьдаа хурдаараа гайхагддаг хүн байсан. Өвөөгийн маань хүрэн морь, зээрд азарга үнэхээр хурдан буянгууд байсан юм билээ. Хоёр адуугаар л одоогийн аймгийн Алдарт уяачийн болзлыг өлхөн хангасан хүн. Дээхэн үеийнхэн нэг адуугаар тогтмол амжилттай сайхан нааддаг байлаа шүү дээ. Өвөө маань тэгж л унаган сайхан хүлгэдээрээ наадаж, эр хүний баяр бахдалыг мэдэрч байсан хүн.
-“Гончигийн шарга ч хурдан амьтан байсан шүү” гэх үгсийг энд ирээд цөөнгүй дууллаа?
-Өвөөгийн маань хурдан зээрд азарганы төл нь шарга морь байгаа юм. Сумандаа хоёр түрүүлж, аймагт хоёр аман хүзүүдсэн хурдан буян. Аймаг сумын баяр наадмаас гадна тээвэрчдийн баяр, цагдаагийн баяр гээд ойнуудад тогтмол айрагдаж түрүүлдэг ёстой л уралдсан болгондоо дархан ордог адуу байсан. Манай нутгийнхан “Гончигийн шарга” гэхээр андахгүй дээ.
-Удам дамжин хурдалсан хүлгэдийн угшил таны үед ч уламжлагдсан биз?
-Тэгэлгүй яахав. Эцэг өвгөдийнхөө тэрхүү буянг арвижуулж, нутгийн адууны удам угшлыг сайжруулахаар сүүлийн хэдэн жил зорьж зүтгэж байна. Түүний маань ч үр шим түрүүчээсээ гарч, морьд маань айрагдаж түрүүлж байгаа.
-Уяач аавын хүү унаач байсан биз?
-Өө тэр тэгэлгүй яахав. Нэгдүгээр ангиасаа эхлээд 16 нас хүртлээ хурдан морь унасан. Жижигхэн биетэй хүүхэд байсан болохоор хасагдалгүй яваад байдаг байсан юм. Моринд томдоод ирмэгцээ ганц нэг адуу оролдон уяач болох гараагаа тавьж байлаа. /инээв/ 1982 онд техником төгсөж ирээд Уянга сумаасаа нэг зээрд морь авдаг юмаа. Тэр маань соёолондоо бас бүдүүрсэн хойноо ч сумынхаа наадамд нэлээд хэд түрүүлсэн. Зээрд үрээний маань амжилт надад урам хайрлаж, улам бүр адуунд шимтэх болсон юм. Морь сонирхдог хүмүүс “Ганбаатарын зээрд” гэхээр андахгүй ээ. Тэгж байтал Зүүнбаян-Улаан сум руу шилжиж эрчим хүчний газарт ажиллах боллоо. Очоод сумын уяачдын холбооны тэргүүнээр сонгогдон 1990 оноос хойш зургаан жил ажилласан. Намайг байх үед Зүүнбаян-Улаан сумын морьд аймгийн наадамд тогтмол ордог байсан болохоор анхны хаврын уралдааныг сумандаа санаачлан зохион байгуулж байлаа.
-Таныг Эрчимийн Ганбаа гээд байсан нь тийм учиртай байх нь ээ?
-Нэг үе хүмүүс намайг Гончигийн гэхээсээ илүүтэй Эрчимийн Ганбаа гэдэг болчихсон байсан. Хүн хийсэн ажлаараа овоглох сайхан л байдаг юм билээ. Хэдийгээр хувь хувьсгалын алба хашиж явсан ч адуунаас холдолгүй өдий хүрлээ. Түүнийхээ ачаар 2000 онд сумын Алдарт уяачийн болзол хангаж түүнээс долоон жилийн дараа аймгийн Алдарт уяач болсон доо. Хүү маань бас аймгийн Алдарт уяачийн болзол хангасан. Сэтгэл өндөр сайхан л байна.
-Баяртай сайхан мэдээ байна. Хүү тань хэзээнээс эхэлж морь уяж байгаа вэ?
-Миний хүү моринд дуртай. Ноднин жил аймгийнхаа наадмаас хоёр айраг хүртсэн. Энэ жил сумынхаа наадмаас мөн хоёр айраг хүртлээ. Хүүгийн маань нэртэй хурдан хүлгэд бүсийн наадамд мөн айрагдаж байсан. Эдгээр амжилтаараа аймгийн Алдарт уяачийн болзол хангаад байгаа юм.
-Ганбаатар  гэдэг хүн Өвөрхангайн адууг сайжруулахад үлэмж хувь нэмрээ оруулж байгаа. Хэдэн зуун сая төгрөгөөр адуу авсан байх гэж ярихыг нэг бус удаа сонсож байлаа. Энэ яриа хэр үнэний ортой вэ?
-Хоосонгүй үг ээ. Зарцуулсан мөнгөндөө бус гол нь нутгийн адуу сайжирч, эцэг өвгөдийн маань үлдээсэн буян арвижвал болох нь тэр. Ах нь тийм л бодолтой явдаг хүн. Тиймдээ ч сүүлийн таван жил зүүн талаас  тэр тусмаа хурдны өлгий Сүхбаатар аймгаас адуу зөөж байна. Нэгэнт нутгийн адууны цус сайжруулж байгаа болохоор зүгээр ч нэг адуу авчихгүй, аймаг орон нутагтаа айрагдаж түрүүлсэн медальтайг нь түүж авдаг.
 -Хурд нь танигдсан адуу арай өндөр үнэтэй байгаа л даа?
- Харин тийм. Гэхдээ бас ч гэж гайгүй ээ. Дээд талын адууг 30 сая төгрөгөөр л авч байан. Хэнтийн Галшар, Дорноговийн Дэлгэрэх сумдаас бас адуу авч байсан. Ер нь хурдны цөм гэсэн газруудаас бүгдээс нь авсан даа.
-Нууц биш бол одоо хичнээн тооны адуутай болсон бэ?
-Одоогоор долоон азарга адуу байна. Сүүлийн үед зүүн талын хурдан угшлын гүүнүүд нэлээд авч байна. Энэ жилээс Засгийн газрын тогтоол гарч шинэ цагийн адууг тусад нь уралдуулдаг журамтай боллоо. Тэр журмын дагуу уралдах  шинэ цагийн адууныхаа цусыг сэлбэхээр Араб азарга, Орос гүүнүүд авсан.
-Нутгийнхнаас адуу авъя гэсэн хүсэлт ирнэ биз?
-Ирнээ, ирэлгүй яахав. Би нутгийнхаа ард түмэнд адуугаа харамладаггүй юм. Олон ч хүмүүс надаас адуу авсан даа. Хамгийн сүүлд гэхэд л манай галын гишүүн Эрдэнэбаяр хоёр гурван үрээ, нэлээн хэдэн гүү авлаа. Хүнд өгсөн адуу, түүний үр төлүүд нь давхиж байгааг дуулах сайхан л байдаг юм.
-Ганбаатарынх гэх хурдан хүлгэдийнхээ талаар манай уншигчдад дэлгэрэнгүй танилцуулаач. Олон сайхан дурсамж сэдрэх биз?
-Янзага хонгорынхоо тухай эхэлж ярих нь зүйтэй байх. Өвөрхангайнхан андахгүй дээ. Уг гарвал угшлыг нь хөөвөл Хэнтий аймгийн Галшарын унага байгаа юм. Унагатай гүү Өвөрхангай аймгийн Алдарт уяач Эрдэнэчимэг гэдэг хүн авчирч, даага, шүдлэнд нь уяж хурдлуулсан. Даагандаа аймаг, сумдын наадамд 15 удаа түрүүлсэн. Харин хязааланд нь манай хүү авч, Уянга сум болон аймгийн наадамд түрүүлгэсэн. Соёолондоо Уянга суманд болсон өвлийн уралдаанд болон аймагт болсон шинийн 8-ны уралдаанд тус тус түрүүлсэн. Үнэхээрийн сайхан хурдан буян. Одоо хавчиг азарга гэхэд 40 гаруй медальтай болчихсон. Бас гоё халиун гэж нэг үрээ бий. Хэнтий аймгийн Галшарын унаган. Даагандаа надад ирсэн юм. Тэгээд шүдлэндээ аймгийн наадамд аман хүзүүдэж, Уянга, Сант сумдын наадамд түрүүлэн, Баянгол сумын наадамд аман хүзүүдсэн. Хязааланд нь хавар хотод аваачин Өлзийт хороололд дөмөг гэсэн үрээнүүдтэй уралдуулж үзэхэд айргийн тав дотор давхиад байгаа юм. Ямартаа ч Ардын хувьсгалынхаа  91 жилийн ойн баяр наадамд улсад аваад очно гэж бодож байгаа. Одоо өөрийгөө  улсад уралдах цаг нь болсон гэж бодож байгаа шүү. /инээв/
-Ер нь улсын наадамд уралдаж байв уу?
-Уралдаж байсаан. Шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд миний морьд тоосоо өргөж, халхын наадмыг чимж  байлаа. “Их хурд”-д миний Бүүдэн морь 10 дотор давхисан. Мөн Бүүдэн маань Баян-Өндөр суманд болсон зүүн бүсийн уралдаанд 300 гаруй хүлэг тоосоо өргөхөд хүүхэдгүй түрүүлсэн ч дүрмийн дагуу зургаад баригдсан. Миний толбот буурал морь үрээнээсээ эхлээд л түрүүлж, айрагдсан. Соёолондоо Өвөрхангай аймгийн наадамд түрүүлж, их морь болсон хойноо хоёр ч удаа айрагдсан. Уянга сумандаа хоёр удаа түрүүлж, “Их хурд-5” уралдаанд 22-оор давхисан. Сартай зээрд үрээнийхаа талаар ярихгүй өнгөрч болохгүй байх. Өнгөрсөн зун Өвөрхангайн наадамд соёолондоо долоод давхиад, Говь-Алтай аймагт  болсон ???? гурваар давхисан. Гэхдээ өөр хүний нэр дээр уралдсан л даа.
-Уяач аавын удамт хүү олон сайхан наадмын дурсамж сөхөх биз. Тэдгээрээс хамгийн их сэтгэлд үлдсэн наадмынхаа дурсамжаас манай уншигчдад сонирхуулбал. Зочид маань энэ асуудалтанд хариулдаг уламжлалтай юм л даа?
-Нээрэн л өөрийн чинь хэлсэнчлэн олон наадмын талаар ярьж болох байх. Тэр тусмаа морь айрагдаж түрүүлсэн гээд яривал. Гэхдээ морь тасархай түрүүлээд ирэх ч арай л өөр юм билээ. Дууяа Тод манлайгийн хэлснээр “ Морь уях гэдэг төрийн хэрэг” гэдэг үгийг тэр үед л жинхэнэ утгаар нь мэдэрдэг юм билээ. Нутаг усныхаа нэрийг гаргаж, ард түмнээ баясгаж баярлуулна гэдэг сайхан. “Аймгийн алдарт уяач Ганбаатарын морь айрагдлаа” гэхийг зурагтаар харж суугаа Уянгынхан маань, найз нөхдүүд, ах дүүс маань утсаар яриад л, магнай хагартлаа баярлаж байгааг харахад өөрийн эрхгүй л өнөө төрийн хэрэг нь бололтой гэж боддог юм. /инээв/
Уржинан Өвөрхангай аймгийн өвлийн наадамд их морь, азарга хоёр маань түрүүлж, гурван соёолон айрагдаж нийтдээ 6 айраг, түрүү хүртсэн нь аатай сайхан наадмуудын нэг байсан даа. Мөн 1987 онд 18 настайдаа аавтайгаа хамт Нарийнтээл сумын ой, нэгдлийн 30 жилийн ойн наадамд явж билээ. Баянхонгор, манай аймгийн болон хавь ойрын сумдын их олон морь цугларсан тэр наадамд аавын шарга, миний зээрд морь тасархай түрүүлж моринд хорхойтой хүүхэд насны маань мөрөөдлийг гүйцэлдүүлсэн юм.
-Ингэхэд та том жижиг наадмын хичнээн медальтай болоод байгаа вэ?
-Нарийн тоолж байгаагүй юм байна. Нэг адуу хамгийн доод тал нь хоёр медальтай гэж бодоход 200, 300 медаль бий шүү. Энэ өвөл гэхэд л 40 гаруй адуу уяж байна.

-Таныг зорин энэ хүртэл ирсний бас нэгэн шалтгаан нь орон нутагт анхных байж болох жүчээг чинь сонирхох гэсэн юм?
-Хүмүүс орон нутаг дахь анхны жүчээ гээд  нэлээд сонирхож л байна. Нэг нэгээр нь хийвэл 30-аад адуу багтааны багтаамжтай. Азаргаар нь хийвэл 100-аад адууны багтаамжтай.
-Харж байхад нэлээд олон хүн ажилладаг юмаа даа?
-Зөвхөн миний уяан дээр гэхэд 10-аад хүн ажилладаг юм. Энэ арваад хүний цаана мөн тооны гэр бүл байна гээд бодохоор нийгэмд жоохон ч гэсэн өөрийн хувь нэмрээ оруулж явна даа гэж боддог. Адууны жүчээнээс гадна үхрийн хашаа саравч бас байгаа. Манай Уянга сум 40000 сарлагатай. Сарлагийнхаа тоогоороо улсдаа тэргүүлдэг. Тиймээс ч би сүүлийн жилүүдэд сарлагаа эрчимтэй өсгөж үржүүлэх тал дээр илүүтэй анхаарал хандуулж байгаа. Манайх одоогоор 100 гаруй сарлагтай болоод байна. 60-аад үнээ саана. Өөрсдийнхөө ажилчдын сүү, цагаан идээнийхээ хэрэгцээг хангачихна гэдэг чамлахааргүй амжилт биз дээ. Тэгээд ч хүнсний эрүүл ахуй хурцаар яригдаж байгаа өнөө үед өөрсдөө идэх хоолоо бэлтгэчихдэг байна гэдэг давуу тал гэж ойлгож байгаа.
-40-өөд адуу гэдэг бас ч бага тоо биш, дээр нь үхрээ тэжээнэ гэхээр шаггүй санагдаж байна шүү. Эсвэл өөрсдөө тэжээлээ бэлтгэдэг үү?
-Гайгүй дээ. Манай Уянга сум уул ус нь тэгширсэн сайхан хангай. Зундаа мод руугаа дөхөөд Асгатад бууж хадлангаа өөрсдөө бэлчихдэг юм. Гэхдээ л өвөл бас боодлоор нь өвс авна. Харин овъёосоо хавар эрт Оросоос захиалаад авчихдаг юм. Энэ жил манай овъёосыг манлай уяач Мөнхтөр бэлтгэж өгсөн. Хивгээ “Алтан тариа” компанитай гэрээ байгуулаад авчихна. Ер нь адуугаа тамир сайтай, онд тарган оруулъя гэвэл зардал гарахгүйгээр амжилтанд хүрэхгүй шүү дээ.  Тамир тэнхээтэй байж л өвөл, зунгүй сайхан уралдана. Харин үхэрнүүдийн тухайд адууныхаа хомоолоор тэжээчихдг. Тэжээгдэж байгаа адууны баас тэр чигээрээ тэжээл гардаг. Тэр бүү хэл адуу өөрөө заримдаа идчихээд байдаг юм шүү дээ. Сарлаг бол дуртай л цохичихно. /инээв/

-Монголчууд “Олзыг олуулаа” гэдэг. Таныг ажиглахнээ туслах уяачдаа байр тохижуулан тусад нь гаргасан байна. Бас энэ барьсан хашаа хороо, жүчээний тохижилт зэргийг харж байхад адууны буянг олонтойгоо харамгүй хуваалцдаг бололтой?
-Тэгэлгүй яахав, энэ олон хүний хөлс хүчээр л амжилт гаргаж байгаа юм чинь. Мориныхоо бай шагналыг  ах дүү, үр хүүхэд, уяач, саальчид, ажилчид гээд бүгдэд нь хувааж өгдөг. Өнгөрсөн жил гэхэд Уянга сумынхаа наадмаас 9 айраг, түрүү авсан. Түүнийхээ бай шагналаар унаач хүүхдүүдийнхээ сурдаг сумынхаа сургуулийн хичээлийн нэгдүгээр байрыг тохижууллаа. Энэ нь миний юм биш, хурдан морьдын маань л буян хишиг шүү дээ.
-Өвөрхангайн арав гаруй галын отгон нь “Хийморийн хүлэг” бололтой. Галынхнаа манай уншигчдад танилцуулаач?
-Адуу гэдэг ямар хийморилог, золбоотой амьтан билээ дээ. Сайхан хийморилог хүлгүүдийг  уяж, сойн, уралдуулна гэдэг эр хүний жаргалыг жинхэнэ утгаар нь мэдрүүлдэг. Тиймдээ ч галынхаа нөхөдтэй ярилцаж байгаад “Хийморийн хүлэг” нэрийг сонгосон юм. Манай гал  22 хүний бүрэлдэхүүнтэй их өнөр хамт олон. Галын тэргүүнээр миний бие сонгогдсон. Харин нарийн бичгийн даргаар “Аравгар хээр” холбоог санаачлан байгуулагч, холбооны тэргүүлэгч Пэрэнлэйбазар ажиллаж байна. Тэргүүлэгчдээр С.Чинзориг, О.Батжаргал, ААУ Г.Жаргалсайхан, Б.Даваадорж нарыг сонгосон. Харин ААУ Ганзориг, ААУ У.Баярмөнх, ААУ Г.Ариунболд, О.Эрдэнэбаатар, М.Эрдэнэбаяр, Б.Шийлэгдорж, Б.Ванчиндорж, Б.Амарсайхан, Л.Бямбасүрэн, Я.Эрдэнэчимэг, Б.Эрдэнэцогт, Э.Бямбабаяр, Б.Баярмагнай, Ч.Төмөрбаясгалан, Б.Банзрагч, Б.Осор нарын моринд хорхойтой, морины төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа залуус манай галын гишүүд болцгоосон. Очирхуягийн Эрдэнэбаатар гэдэг хүн миний уяачаар ажилладаг. Сүүлийн гурван жил манай морийг уяж байгаа. Их сайн уядаг залуу байгаа юм.
 -Олон түүхт давхцсан 2011 онд танайхан хэр өнгөтэй наадсан бэ? Таны хувьд жишээлбэл ?
-Манай Өвөрхангай аймгийн 80, Уянга сум байгуулагдсаны 80 жилийн ой 2011 онд тохиолоо. Уянга сумынхаа 80 жилийн ойн баяраар би төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор энгэрээ мялаасан. Мөн сумынхаа баяр наадамд их насны морио түрүүлгэж, бусад нь бүх насанд айрагдан нийт  9 айраг, түрүү хүртсэн гэж дээр хэлсэн. Манай “Хийморийн хүлэг” галаас хоёр айраг түрүү авлаа.  
-Аймгийн наадамд дөрөвт хурдалсан таны хонгор шүдлэн даагандаа Сүхбаатар аймгийн наадамд түрүүлж байсан гэсэн байхаа?
-Тийм ээ, Сүхбаатар аймгийн Асгат сумын адуу байгаа юм. Ноднин Асгат сумын наадамд хоёроор давхиж, Сүхбаатар аймгийнхаа наадамд түрүүлсэн хурдан буян байгаа юм. Энэ хавар би Асгатаас авчирснаас хойш Шүтээний наадамд хол тасархай түрүүлсэн. Бас Бат-сүмбэрийн бүсийн наадамд ч ялгаагүй. Харин Өвөрхангай аймгийн  наадамд жаахан ханиадтай уралдсан ч анхлан тавьж байгаа морь шиг л орсон доо. Наадамчин олон уухайлан, алга ташаад л. Ингээд л ярихад нүдээ бууж байна.
-Улсын наадамд хонгор үрээгээ уралдуулахгүй  байсан юм уу?
-Дараа нь харж байхнээ хонгор үрээ маань хоосонгүй байх байж дээ гэж бодогдсон шүү. Хамт уралдаж байсан Отгоннасангийн хонгор, Даваагийн хар улсын наадамд айрагдчихлаа. Миний хонгор ч Даваагийн хартай үсэргээнд их ойрхон ирж байсан. Гэхдээ жаахан газар сунгачихвал манай хонгор үрээ барих гээд. Минийхээр улсад явахад уяа сойлго нь жаахан дутуу санагдсан юм. Тэгээд ч аймгийнхаа наадамд уралдахаар хэдийнэ төлөвлөчихсөн байсан  л даа.
-Адуутай холбогдсоноор Ганбаатар гэдэг хүний амьдралд ямар өөрчлөлт гарсан бол. Энэ тухай ер нь бодож байв уу?
-Ер нь хурдан моринд орсноор амьдралын бас нэг сайхан амтыг илүү мэдэрдэг юм болов уу. Их олон найз нөхөдтэй болно, ёс жудагаа мэднэ, ахас ихсээ хүндэлнэ, түүх соёлоо мэддэг болно гээд л. Морины хийморь гэдэг их сайхан шүү дээ. Би өглөө эртлэн босоод морин дээрээ очоод, тэжээлийг нь хамт өгөлцөж,  хөлсийг хүмүүстэйгээ хамт авах дуртай. Морьтой нөхөрлөсөн хүн уруудна гэж байдаггүй юм.
 -Түрүүнээс хойш таны хөөрөг нүдэнд тусаад байлаа. Хөөрөгнийхөө талаар сонирхуулаач?
-Монголчууд эртнээсээ хиргүй тунгалаг сэтгэлийн бэлгэдэл болгон хөөрөг зөрүүлэн мэндэлдэг уламжлалтай түмэн. Жаахан ам зөрсөн нөхдүүд ч хөөрөгнийхөө таглааг суллан мэнд мэдэхдээ бие биенээсээ уучлал эрдэг шүү дээ. Тийм л агуу соёл энд хадгалагдан үлдсэн гэж би боддог. Сайхан хөөрөг сайхан. Миний хөөрөг бол Есөнзүйл сумын харьяат Мэнд гэж дээр үед агент байсан хүн 1960-аад оны үед Улаанбаатар хотоос авчирсан юм гэнэ лээ. Мэнд өвгөнөөс хоёр  жил хоргоож байж авсан хөөрөг дөө. Бээлийн хошууны “Мэндийн цагаан” гэж алдартай, шүрэн толгойтой, хаш хөөрөг байгаа юм. Зарим мэдэх хүмүүс “Мэндийн цагаан” танд очсон гэнэ, хэдээр авсан гээд л сонирхож асуудаг л юм. Харин эмээл хазаарын хувьд миний өвөг эцгээс өвлөн ирсэн эртний эд.
-Уяач Ганбаатарын тухайд сайхан хөөрөлдлөө. Харин чамгүй бизнесмен, яггүй улс төрч талаар нь ярилцсангүй.
Миний аав МАХН-ын гишүүн хүн. Насаараа шахуу л удирдах ажлыг хашсан буурай явлаа. Манай Уянгынхан чинь Монгол улс даяараа гэрийн эрээн модоороо алдартай сум шүү дээ. Монгол гэрийн эрээн модыг ингэж алдаршуулахад миний аавын оруулсан хувь нэмэр их юм. Аавынхаа үзэл суртлаар хүмүүжсэн надад намаас итгэл найдвар өгч 2007 оноос эхлэн Уянга сумын МАН-ын даргын албыг хашиж байна.
-Эрхэлдэг бизнес?
-Манай Уянга үнэхээр сайхан нутаг шүү дээ. Тиймээс ч компаниа  “Баян Уянга” гэж нэрлэсэн юм. Уул уурхай, туслах аж ахуй эрхэлдэг манай компани 2006 онд байгуулагдсан. Одоо ам бүл 70 гараад явж байна.
-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа. 
-Байнга амтархан уншдаг “Тод магнай” сэтгүүлийнхээ хойморт зочноор уригдан, халуун яриа дэлгэсэндээ баяртай байна. Сэтгүүлийн хамт олон та бүхний уран бүтээлийн ажилд өндөр амжилтыг хүсэн ерөөе. Үг тань мэргэн, үзэг тань хурц байх болтугай.
“Тод магнай” сэтгүүлээр дамжуулаад Өвөрхангай аймгийн болон Уянга сумын ард түмэндээ удахгүй гарах гэж буй Луу жилдээ эрүүл энх аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Баярлалаа

А.Тэлмэн "Тод магнай" сэтгүүл дугаар № 24

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна