Хурдан морины уяа сойлгыг улирал, улиралд тохируулан засах арга барилаас

Батсайхан
2013 оны 4-р сарын 16 -нд

Хурдан морийг жилийн турш зөв уналга эдэлгээнд байлгаж,  заслуудыг тохируулан хийх ёстой. Хурдан морины уяа сойлгыг сударт “Хаврын цагт дэл дүүрэн, зуны цагт салмаатай, намар цагт чөмөгтэй, өвөл цагт өөхтэй уралдвал сайн” хэмээн сургасан байдаг. Энэ нь дөрвөн цагийн алинд ч морь уралдуулж болохыг тодорхойлж, уралдуулж байсныг батлах боловч, дөрвөн цагийн уралдаан тохирох хугацаатай байх ёстойг илэрхийлж байна. Учир нь хаврын эхэн сараас дунд сарын эхээр уралдаж болно. /2-3 сарын дунд үе/ Дунд сарын дунд үеэс эхлэн адаг сард цаг улирлын зохисгүй үе, өвс тэжээл ховордсон, шинэ ногоо соёолох үед малын хүч тамир муудсан, салхи шуурган хийний үе тохиох учир морь мал өвчин эмэг оёг олох нь  их. Тэр ч байтугай олон сайн хурдан адуу энэ үеийн буруу унаа эдэлгээнээс үүдэн үхэж, үрэгдсэн таагүй явдал олон бий. Намар цагийн эхэн сараас дунд сарын дунд үеийн хугацаанд морио уралдуулах нь тохиромжтой. Өвлийн цагт морийг хөлдөөж бээрлүүлэхээс байнга хамгаалах хэрэгтэй. Ингэж чадваас эрдэнэт сайн хүлэг морьдынхоо уяа сойлгыг тааруулж, адуу малаа хайрлан хамгаалж чадах юм.
Хавар цагийн зарим засал:
1. Хөлсийг задгайлах.
2. Хуучин сэвсийг нь авч гэдсийг суллах.
3. Харшаа арилгах заслуудыг хийнэ.
4. Хаврын хөх салхинд 3-14 хоног сойх /их нас, соёолон/ адууныхаа онцлогт тохируулан хэд хоног уяж сойхоо тааруулна. Хаврын сойлго хэтэрвэл тааруу.
5. Зарим адууг бүр эцээх хүртэл шаардлага гардаг юм.
6. Гэдэс нь тасарч нарийсдаг морийг хаврын цагт хөлслөх засал хийнэ. Мөн аргамжиж унаж эдэлнэ.
7. Үндэс хөөх цагаар нэмэгдэл тэжээлүүд өгнө.
8. Хатгах шаардлагатай адууг хатгаж эмчилнэ.
Намар цагийн засал:
1. 7-14 хоног өдөр нь уяж өнжинө.
2. 8,9 сард сайн унаж, эдэлгээнд байлгах нь дотуур өөх суудаггүй тал бий.
3. Шөнө нь уяж хоноод, өдөр тавьж хүчийг нь тогтоох засал хийдэг.
4. Мөн тосон засал хийдэг. Энэ нь намрын тосон цагаар морины биед тос хэт их хуралдахаас сэргийлж байгаа явдал юм.
Өвлийн засал:
1. Зөөлөн зөөлөн унаж эдлэх.
2. Хөтөлж хөндүүрийг гаргаж, 10-14 хоног уналгүй арьс үсний тоосыг нь арилган хусуураар хусаж засна.
3. Бүх биендээ цусаа татах үед нь уяж хонож болно
4. Өвлийн уралдаанд уяж сойх байдлаар зуныхаа уяанд бэлтгэнэ.  Мөн нэмэгдэл тэжээл өгнө.

“Тод магнай” сэтгүүлээс
 

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.