Адууны харшаа гэж юу вэ?

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 18 -нд

Адуу эцэж, алсаараа туйлдаж ядрахыг харшаа гэнэ. Адууг ширүүн унаж ядраах, ус идэш хоолоор дутагдуулах зэрэг нь харшаа үүсэх үндсэн шалтгаан болдог. Зовхи нь хөлөрч, хөлс нь хатахгүй байгаа адуунд ямааны бүлээн сүүг аягаар өгөх бөгөөд 5-7 өдөрт нэг аягыг уулгана. Харшаатай адуунд бургасны долийг буцалгаж өгөхөд сайн. Дол гэдэг нь бургасны гадна хальсны доторх цагаан хальс юм. Ханиадтай адуунд хар модны агилыг багаар өгдөг. /ихэдвэл муу/ Ханиалгаж байгаа морийг зулзаган модон дотор уяж хоноод толгойг нь идүүлдэг. Ханиасан адуунд үхрийн цөс их сайн. Адууны ханиаданд чихэр өвсний үндсээр ханд хийж өгдөг. Ханиаж халуурсан морийг лидэр өвсний үндсээр эмчилж болно. Түгшсэн морины чих хамрыг сэтэлж цус гаргана. Гаансны соруулыг хошногоор нь хийж тамхиа татуулна. Халуурсан адуунд түүхий гурил усанд хийж зутагнан дахин дахин самарч, зээрийн хатаасан цөс нэмж жижиг тагшаар нэгийг хамраар нь уулгана. Адууны арьсанд үүсэн яр шарханд тогооны хөө шар тостой хольж түрхэнэ. Мөн малын хувхай өгөр ясыг шатааж шар тосоор зуурч түрхэх гэх мэт ардын арга байдаг юм.

“Тод магнай” сэтгүүлээс

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна