Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны нарийн бичгийн дарга Т.Болдбаатар: Халиун үрээгээ улс бүсийн томоохон наадмуудад л уралдуулна

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 06 -нд

Энэ удаагийн ярилцлагын хойморноо Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, “Хөвсгөлийн зам” компанийн захирал, аймгийн Алдарт уяач Т.Болдбаатар уригдлаа. Могой жил гарсаар Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаанд халиун соёолонгоо аман хүзүүнд, “Дүнжингаравын хурд 2013” хаврын бүсийн уралдаанд айргийн дөрвөөр давхиулж, Эрдэнэтийн бүсийн уралдаанд  мөн аман хүзүүдүүлээд байгаа билээ. Ингээд түүний сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

-Хойморт нутгийн хийморилог уяачдаар сонин ихтэй л биз дээ? Могой жил өнгөтэй эхэлж байна даа?
-Тийм ээ, тийн ялгуусан хэмээх усан могой жил гарсаар сайхан наадаж байна. Манай иргэдийн төлөөлөгчдийн хурлаар уралдаан болохоос зургаан сарын өмнө аймгийн уралдааныхаа товыг зарладаг уламжлалтай. Энэ дагуу шинийн 8-нд дээд гурван насны морьдынхоо уралдааныг амжилттай сайхан зохион байгууллаа. Уралдааны үйл ажиллагаанд Хөвсгөл аймгийн МСУХ-ны тэргүүн Даваасүрэн болон тэргүүлэгчид маань идэвхитэй оролцлоо. Уралдааны үеэр хүүхэд морь эсэн мэнд наадаж, зорьж ирсэн уяачид маань сэтгэл хангалуун буцлаа. Энэ бүх боломжийг бүрдүүлж ажиллахын тулд аймгийн МСУХ эртнээс бэлтгэл ажлаа эхэлсэн. Уралдааны өмнө бүртгэлээ хийж, мандат олгож, мандатан дээрээ уралдааны хуваарь, уяач, унаач хүүхдийн анхаарах зүйлийг бичиж тэмдэглэсэн нь уяачдын сэтгэлд хүрсэн ажил болсон. Ер нь эртнээс уралдааны товоо гаргачихаар уяачид маань ажил төрлөө зохицуулахаас эхлээд мориныхоо хоол ундыг тохируулчихна гээд сайн тал их бий. Ер нь аливаа нэг уралдааныг явуулахад зохион байгуулалт, бэлтгэл маш чухал байдаг. Энд хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө, цаг хугацаа ч их ордог. Ганцхан жишээ дурдахад  цагаан сарын өмнө уралдааны 15 км замыг хоёроос гурван эгнээ хусаад бэлэн болгоод байтал дахиад цас ороод цэвэрлэсэн. Уралдаанаас хоёр хоногийн өмнөөс эхлээд уралдаан болохын урд шөнө хүртэл цэвэрлэлээ. Зарим нэг нь хусаж цэвэрлэснийг анзаардаггүй л дээ. Тэгвэл энд маш олон хүний хүч хөдөлмөр энд шингэсэн байгаа юм. Сүүлийн жилүүдэд уралдаанд оролцох морьдын тоо эрс нэмэгдсэн. Өмнө нь гарааны төхөөрөмж хэрэглэдэггүй, тодорхой хэмжээнд хүргээд л эргүүлдэг, ямар ч зай хэмжээ байхгүй байсан бол нэгдсэн зохион байгуулалтанд орууллаа. Ингэснээр бүх насаа 15 км-ээс гарааны төхөөрөмж ашиглан уралдуулж байгаа. Замаа цэвэрлээд, унаач хүүхдэдээ хамгаалалтын хувцсыг нь иж бүрнээр нь өмсүүлээд, гарааны төхөөрөмж ашигласнаар хүүхэд нь унах, бэртэх асуудал багасч байгаа нь илт мэдэгдэж байгаа. Тийм болохоор бид цаашлаад аймгийнхаа нийт сумдад гарааныхаа төхөөрөмжийг хийж өгөхөөр болсон. Өнгөрсөн жил Түнэлийн 90 жилийн ойд зориулж би хувиасаа  3 сая төгрөгийн үнэ бүхий гарааны төхөөрөмжийг бэлэглэсэн.
-Ер нь  аймгийн бүсийн чанартай уралдааныг зохион байгуулах нь ямар ач холбогдолтой байдаг вэ?
-Жил ирэх тусам уралдааныг зорин ирж сонирхох иргэдийн тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай юм. Өнөөдөр нүүдэлчин өвгөдийн удам болсон бидний хувьд хурдан морины уралдаан гэдэг үндэсний томоохон өв соёлын нэг. Үүгээр дамжуулан бид соёлын биет болон биет бус өвийг  олон түмэндээ түгээж байгаа гэж би ойлгодог. Хамгийн наад зах нь уралдааныг үзэхээр ирэх  олон үндэснийхээ дээл хувцсыг иж бүрнээр нь өмсөөд ирдэг болсон байна. За тэгээд хаврын тэргүүн сарын уралдаан гэдэг утгаараа онд мэнд тарган тавтай орсон, удаан уулзаагүй хүмүүсийнхээ мэнд усыг мэдэж, золгочихно. Энэ мэт зөвхөн бидэнд байдаг дэлхийд гайхуулах өв соёлын маань нэгээхэн хэсэг яваад л байгаа юм. За тэгээд өвлийн цагт морь уяж уралдуулах нь ажлын байрыг нэмэгдүүлэхээс гадна тухайн жилийнхээ уралдаануудын бэлтгэл ажил болдог сайн талтай. Өвөл мориндоо ажил хийх нь зуны уяа засалд их дөхөмтэй. Энэ мэт олон зүйлийг энд ярьж болно. Гэхдээ сүүлийн үед замбараагүй, зохион байгуулалтгүй уралдаанууд олширсон нь эдгээр ач холбогдлыг гуйвуулж, нийгэмд сөрөг уур амьсгал бий болгоод байгаа нь тоогүй. Цөөхөн хэдэн баячуудын зугаа цэнгэл мэтээр хараад байх шиг.  Үнэндээ морин дэл дээр давхиж өссөн монгол эр тэвчээртэй хатуужилтай, чиг шугамтай, эх оронч нэгэн болдог юм шүү дээ. Даанч  суурин амьдралд өссөн УИХ-ын эмэгтэй гишүүдээс эхлээд хэтэрхий улс төржүүлж нийгэмд популист алхам хийх зорилгоор нэг талыг нь хараад байна уу даа гэж би харж байгаа.
-Та түрүүн ярилаа. Бэлтгэл ажлаа сайн хангачихвал хүүхэд унаж бэртэх аюул багасч байна гэлээ? Нөгөө талаасаа ахуйдаа байгаа гэдэг утгаараа нөлөөлдөг шиг байгаа юм.
-Өнөөдөр Өлзийт хорооллыг тойрсон хэдхэн улсуудаар уяачдын амьдралыг харна гэдэг өрөөсгөл зүйл. Таны хэлсэнчлэн хөдөө орон нутагт яриад байгаа шиг унаач хүүхдүүдийн хувьд харьцангуй өөр. Хөдөөгийн хүүхдүүд багаасаа л морь малтайгаа ойр өсдөг. Тиймдээ мориноос унаж бэртэх нь ховор болов уу. Хүмүүс яриад байна. 10-12 наснаасаа хүүхэд морь унаж сурах ёстой гэж. Гэвч 10 наснаас хойш морь унаж сурахад бэрхшээлтэй. Морьтойгоо харьцах мэдрэмж муудчихдаг юм. Бидний өвөг дээдэс ахуйдаа л хүүхдээ морь унуулж сургаад ирсэн байна шүү дээ. Эхлээд номхон их насны морийг унуулж нэг хоёр алхуулна. Бага адуу бол ам хамраа авахад хэцүү. Тэгэхээр хүүхэд хамаагүй давхиж мэдэх учраас их насны мориор  хүүхдийг сургаж нэлээн дадлагажуулж, урам зоригийг нь оруулж байгаад  бага насны адуу руу явуулна. Манайхан бага наснаас нь том нас руу явуулах гээд байдаг. Энэ нь зарим талдаа буруу юм шиг байгаа юм. Ер нь тодорхой дэс дараалалтайгаар морь унуулж сургадаг юм. Гэтэл одоогийн ярьж байгаагаар бол хүүхдүүдийг нэг дор бөөгнүүлж байгаад хичээл орж, сургаад сертификат олгох юм шиг байна. Энэ нь суурин газрын хүүхдүүдийн хувьд байж болох юм. Харин хөдөөгийн хүүхдүүд бол ахуй амьдралынхаа явцад л морио унаад сурчихдаг юм. Яахав цаашдаа тухайн хүүхэд хурдан морь унах эсэх нь сонирхолтой нь холбоотой байх бизээ.
Сүүлийн үед төв суурингийнхан маань хөдөө орон нутгаас хүүхдүүдийг хажуудаа авч хүмүүжүүлж, сургуульд соёлд явуулж, цалинжуулдаг болсон. Гэхдээ аливаа юм хоёр талтай болохоор харж хандаад аваад явах уяач байхад хэсэг хугацаанд морио унуулж байгаад орхичихдог нь ч байна. Өөрөөр хэлбэл нийгмийн хариуцлага сул байгаа нь ажиглагддаг.
-Өнөөдөр унаач хүүхдийн хөдөлмөрийн үнэлэмжийн талаар ярьж байгаа. Хөдөө орон нутагт унаачдын хөдөлмөрийг шударгаар үнэлж байна уу?
-Манай Хөвсгөл аймагт хүүхдүүд дундажаар 150-250 мянган төгрөгийн сарын цалин авдаг. Аймгийн төвдөө уяачийндаа амьдраад тогтмол цалин авдаг хүүхдүүд бий. Энэ тохиолдолд уяач, эх эцгийн хороонд гэрээ хийгддэг. Нөгөө хэсэг нь зундаа хүүхдүүдийг авч  уралдуулж байна. Хулинд заасны дагуу шагналын 20 хувиа уяачид маань өгдөг байх л гэж бодож байна. Миний хувьд нэгд хүүхдийн заяа гомдоно, хоёрдугаарт хууль журмандаа захирагдах ёстой учраас заавал өгдөг.
-“Дэлтэй цэнхэр” МСУХ –ны нарийн бичгийн даргын албыг хашаад гурван жил болж байна.  Инженер хүн яаж яваад уяачидтай холбогдчихсон юм бэ?
-Манай холбоо чинь  Монгол улсын ууган холбоодын нэг. Анх 1991 онд Галсанпунцаг, Намхайдорж, Төмөрбат багш нарын моринд сонирхолтой, тухайн үедээ морины зүтгэлтэн гэж хэлж болох санаа сэтгэл нийлсэн хүмүүс холбоог байгуулсан байдаг юм. Тухайн үедээ хөдөө хөхөрч гадаа гандаж явдаг уяачдын  бүтэн жилийн хөдөлмөр улсын наадмаар л хэмжигддэг байсан нь холбоо байгуулах нэг шалтгаан болж л дээ. Түүнээс хойш хэдийнэ хорь гаруй жил өнгөрсөн байна. Түүхийн шаргал хуудсанд үлдсэн эдгээр он жилүүдийг нэгтгэн ном хэвлүүлэхээр төлөвлөж байгаа.  Өнгөрсөн хугацаанд “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны тэргүүнээр олон хүмүүс солигдон ажиллаж, яваандаа уяачдын эрх ашиг гэхээсээ илүүтэй бизнес тал руугаа орж эхэлсэн нь шинэчлэлл хийхээс өөр аргагүй хүргэсэн. Тиймдээ аймгийн уяачид ярьж байгаад 2007 онд одоогийн УИХ-ын гишүүн Даваасүрэнг урьж авчран, чуулганаа хийж тэргүүнээрээ сонгосон юм. Тухайн үедээ аймгийн Алдарт уяач Ванчинбазар гуай  нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2010 онд халаагаа өгсөн. Ингээд холбооны тэргүүлэгчдийн хурлаар намайг аймгийн МСУХ-ны нарийн бичгийн даргын албанд томилсон юм. Ажлаа “Хотгойдын хурд 2010” уралдааны бэлтгэлээс эхэлж байлаа. Засгийн газрын тогтоолтой тэр том уралдааныг зохион байгуулалтын хувьд өндөр хэмжээнд хийх их хариуцлагатай ажил байв. Ингээд санаа нийлсэн нөхөд, нутгийн зон олны дэмжлэгтэйгээр 150 сая төгрөгийн төсөвтэй “Хотгойдын хурд”- аа амжилттай зохион байгуулсан.  Монгол орны хоймор нутагт очиж хурдан хүлгэдийнхээ шандасыг сорихыг илүүд үзэж,  уяачид маань ихэд бэлгэшээдэг.  Үнэхээр ч “Хотгойдын хурд”-д түрүүлж айрагдсан морьд улс, бүсэд дээгүүр давхидаг нь үнэн.
Манай холбоо нэгдүгээрт уяачдынхаа эрх ашгийг хамгаалъя, хоёрдугаарт нутгийн морьдынхоо үүлдэр угсааг сайжруулъя, гуравдугаарт аймаг, улс, бүсийн томоохон уралдаануудад уяачдаа идэвхитэй оролцуулах, бусад нутгийн уяачдаас харилцан туршлага солилцох зорилтыг эхний ээлжинд дэвшүүлэн ажилласан. Уяачдынхаа ур чадварыг дээшлүүлэхийн тулд улсын Тод манлай Сандуйжав гуай, Онон, Батчулуун, Дуламсүрэн нарын  лут уяачдыг жил бүр урьж авчран зөвлөгөөнөө хийж арга туршлагаас нь хуваалцдаг уламжлалтай болсон. Хамгийн сүүлд гэхэд уяачдын зөвлөгөөнөө Улаанбатар хотод Ихтэнгэрийн аманд вакуумжуулсан орчинд хийлээ. Энэ маань тун өгөөжтэй ажил болсонд холбооны удирдлагууд болоод оролцсон уяачид сэтгэл хангалуун байгаа. Энд манай бүх сумдын уяачдын холбооны тэргүүнүүд, нарийн бичгийн дарга нар, ахмад болон залуу уяачид хамрагдсан. Тэднээрээ дамжуулаад алс хязгаарт суугаа уяач нартаа ч хүрч чадсан. Ер нь манай Тариалан,  Рашаантын уяачдын холбоо их сайн ажиллаж байгааг энэ дашрамд дуулгахыг хүсч байна. Өнөөдөр шилдгээр шалгарч шагнал урамшуулал авах нэг хэрэг. Гол нь бидний ажлын үр дүн улсын наадам, их хурд, бүсийн уралдаануудад манай морьд хэрхэн давхиж байгаагаас харагдана шүү дээ. Нөгөө талаасаа дотоод ажлын зохион байгуулалт, менежмэнтээ сайжруулснаар залуу халаагаа уяаны эрдэмд сургах, мориор дамжуулаад үндэсний их өв соёлоо түгээн дэлгэрүүлэх боломжтой болж байгаа юм. За тэгээд өнгөрсөн гурван жилийн хугацаанд аймгийн бүсийн уралдаануудыг тогтмолжууллаа.  Нэг улсын Алдарт уяач нэг төрлөө. Хэд хэдэн аймгийн Алдарттай боллоо. Өнгөрсөн 2012 онд баруун бүсэд гурав, төвийн бүсэд хоёр, зүүн бүсэд морьдоо тус тус айрагдууллаа.  Үнэндээ одоогоос хэдэн жилийн өмнө манай Хөвсгөлийн морьд ингээд цолоо дуудуулаад зогсдог байсан билүү. Энэ мэт амжилтыг хараад холбооны бодлого зөв явж байгаа юм байна хэмээн ойлгож их урамтай байгаа. Аливаа ажлыг бодлоготой зорилготой хийсэн цагт үр дүн заавал гардаг юм. Бодлого гэдэг маань тодорхой зорилгод чиглэсэн үйл ажиллагаа гэж бид бодож байгаа. Зорилгод чиглэсэн үйл ажиллагаагаа зөв явуулаад байвал бидний бодлого зөв байна гэсэн үг.
-Хөвсгөлийн уяачидтай уулзаж байхад нутгийн адуу болох Дархад, Тэс омгийн адууны тухай ярих юм билээ. Холбооны зүгээс нутгийн цөм сүргийг бүрдүүлэхийн тулд ямар ажил хийж байна вэ?
-Байгалийн сайхан цогцолсон манай аймаг Тэсийн голын унага, Тэрхийн голын хүүхнээрээ алдартай. Манай Тэс адуу бие хаа том товир, байгаль цаг уурын нөхцөлд тэсвэртэй,  өвлийн хүйтэн, зуны халуунд тэсвэртэй гээд давуу тал олон бий. Дээхэндээ Тэсийн адуу улс бүсийн наадмыг гаргаадаггүй үе байлаа. Ингээд ярихаар бид хэтэрхий туйлшраад байна уу даа гэж боддог юм. Өнөөдөр бүгд л Сүхбаатарын адуу хурдан хэмээн хошуураад нутгийн адууны яс чанар, хурдыг сайжруулах ажлыг орхигдуулаад байна уу гэж харахаар. Тэс адуугаа тэр болгон үнэлэхгүй байна, худалдаж авахгүй байна, үржилд оруулахгүй байна. Цөөхөн тооны хүмүүс л энд санаа тавьж ажиллаж байна. Манай Дархад адуу ч ялгаагүй. Их цасанд амьдардаг болохоор тэсвэртэй, өвлийн цагт тарга хүч нь буудаггүй, өөрөө цасан дороос өвсөө олоод идчихдэг, уналга эдэлгээнд сайн, ан авд ч явчихна. Гэвч энэ давуу талыг төдийлөн ашиглаж чадахгүй байна. Үнэндээ холбооны зүгээс ч бодлого гаргаад байгаа юм алга. Гэхдээ нутгийн адууны цусыг сайжруулах ажлыг сайн хийж байгааг дуулгах байна. Даваасүрэн гишүүн зүүн талын сумдыг үржлийн азаргаар хангах ажлыг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Одоо очсон азарга болон үр төлүүд нь хурдан байгаа.
-Таны хувьд уяаны эрдэмд шимтээд хичнээн жил болж байгаа вэ?
-Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүүхэд. Багадаа тухайн үеийн хүүхдүүдийн адилаар хөдөө аавынхаа ээж дээр зуны амралтаа өнгөрөөдөг байдааг. Тугал хурга эргүүлж, хурдан морь унаж, томдоод ирэхийн үедээ морины ажилд тусалдаг байлаа. Тэгэхэд манай аавын дүү нар морь мал уяна. Сумандаа айраг түрүү алддаггүй хоёр, гурван хээр морьтой.  Аав ч бас хурдан шар хээр морьтой. Энэ л эгэл атлаа цаанаа л таатай санагдах ахуй хүүхэд насны маань жаргалтай мөчүүдэд хөг нэмдэгсэн. Гэхдээ хожмоо сургууль соёлын мөр хөөн хэсэг завсардаад 2000 оноос моринд орох болж, тав зургаан жилийн дараагаас илүү эрчимтэй орсон гэж болно шүү.
-Голцуу Эрдэнэцагааны адуугаар л наадаад байна уу?
-Манай замын салбарын хүрэл Бор гэж сайхан хөгшин байлаа. Сүхбаатар аймгийн хүн л дээ. Түүний хүргэн Мөнх-Эрдэнэ бид найзууд. Тухайн үедээ Эрдэнэцагаан руу адууны наймаа хийх гэж тэр бүр хүмүүс очдоггүй байхад бид явж байлаа. Эрдэнэцагаанаас хэд хэдэн сайхан гүү, азарган үрээ, найз нөхдийн бэлэг нийлээд зүүн талын угшилтай нэлээнд адуутай болсон. Дээхэн үедээ манай аймгийн Алдарт уяач Эрдэнэбат гэж хүн Дорноговь аймгаас  вагоноор Эрдэнэт хүрч, тэндээс Хөвсгөлд  адуу авчирдаг байсан гэдэг. Тэр хүн 70-аад оны үед цэрэгт байхдаа хилийн цэргийн агтанд Галшараас үржлийн адуу аваачиж байсан тухайгаа ярьж байсан. Мөн Эрдэнэцагааны адуу Манжийн цөм сүргийг бүрдүүлж байсан. Хожмоо хилийн цэрэг тийш нь маш их агт авдаг байсан тухай яриад Эрдэнэцагаанд хурдан адуу байх үндэстэй гэж зөвлөөд бидэнтэй хамт явж байлаа. За тэгээд Хэнтийн Мөрөн, Баянхутаг, Мөнххаан, Түвшинширээ, Халзан, Асгат, Дорнодын Матадаас гээд олон газраас адуу цуглуулсан. Гэхдээ ажиглаж байхад зүүн талаас авчирсан гүү манай нутагт ирээд хээл хаях магадлал ихтэй байх юм. Байгаль цаг ууртаа дасан зохицохдоо муу байна. Хоёрос гурван жил болж дасах янзтай. Шүдлэн аваачсан адуунууд дасан зохицох чадвар арай л өөр. Тэрнээс дээшлээд ирэхээрээ тамир гүйцэд авахгүй юм ажиглагдаад  байгаа. Ялангуяа говь зүгийн адуунууд хэцүү юм  билээ. Идэш ууш хужир нь таарахгүйгээс эхлээд бэрхшээл их байна. Ганцхан хурдан адуу, эсвэл сайн гүү авчраад үүлдэр угсаагаа  сайжруулна гэдэг хүнд ажил болохыг биеэрээ мэдэрсэн.
-Хурдан адууны үнэ ханш жил ирэх тусам л нэмэгдээд байна. Та хурдан халиун үрээгээ 80 саяар авсан байхаа?
-Моринд орж байгаа хүмүүсийн тоо жил ирэх тусам л нэмэгдэж байна. Адуунд мөнгө зарсан хүн хоосордоггүй. Аваад  ч айхтар баяждаггүй гэдэг дээ. Анх намайг зүүн талаас  адуу авч байхад хоёр, гурван саятай л байсан. Дараа нь тав зургаа, тэгснээ 10, 15 сая болсон. Таван сая орчмоор л өсөөд байх шиг байна. Гэхдээ өнөө хурд нь тодорсон морьд бол 100 гарсан  байх шүү. Гэхдээ морины наймаа эздийн дунд л үлдсэн нь дээр учраас олонд дэлгээд яах вэ. 2011 оны аймгийн 80 жилд  халиун үрээ ирэхэд нь нүд тусаж өвөл нь наймаа тохироод худалдаж авсан. Яахав тухайн үедээ дээгүүр л ханшаар авсан.
-Танд ирээд ямар ямар амжилт гаргаад байгаа билээ?
-Надад ирэхээсээ өмнө хоёр аймгийн наадамд уралдсан байсан юм. Ингээд тэр өвлөө өнгөрөөгөөд 2012 онд Асгатад болсон бүсийн уралдаанд аман хүзүүдээд, “Жавхлант шарга”-ын нэрэмжит доод гурван насны уралдаанд түрүүлсэн. Залгуулаад зургаадугаар сарын 1-нд болсон аймгийн доод гурван насны уралдаанд түрүүлж, сар гаруйн дараа Сүхбаатар аймгийн 70 жилд айргийн гурваар давхисан.  Түрүү жил аймгийн зуншлага тааруухан байсан болохоор улсад уралдуулаагүй юм. Тэгээд ч хурдын өлгий  нутагт хүлгийнхээ шандасыг сорихыг хүссэн юм. 480 гаруй  хурдан хязаалангаас айргийн гурваар ирж эр хүний  баяр бахдалыг мэдрүүлсэн дээ. Би халиун үрээгээ айргийн тавд багтчих болов уу гэж горьдож байсан маань талаар болоогүй шүү.  Бүсийн томоохон наадмаас анхны айргаа хүртсэн маань тэр. Тэгээд болоогүй хурдын өлгий нутагт очиж уралдаад авсан болохоор их бэлгэшээдэг. Тухайн үед Баян-Өлгий, Увс аймагт манай замын зөвлөгөөн болж таарсан. Би зөвлөгөөнөө дуусаад Говь-Алтайгаас гуравхан хоногийн дотор Сүхбаатар аймагт ирсэн юм шүү дээ. Хүн хүссэн юмандаа тэгж их тэмүүлдэг юм билээ. Дараа нь бодож байхад тэр хол замыг түүртэлгүй туулсан байна лээ. Сүхбаатарынхан ч наадмаа их сайхан зохион байгуулсан.
-Халиун үрээ хаанахын адуу юм бэ?
-Сүхбаатар аймгийн Халзан сумын Буурь гуайн унаган адуу байгаа юм. Сүхбаатар аймгийн хурдан адууны удам угшил дөрөв дэх үедээ нийлсэн нь энэ юм билээ. Буурь  гуайгаас Мөнх-Эрдэнэ худалдаж аваад, дараа нь надад ирсэн. Одоо уяаны ажлыг Мөнх-Эрдэнэ хийдэг юм.
-Он гарсаар бас их амжилттай уралдаад байгаа даа, тийм ээ?
-Тийм ээ. Сүхбаатар аймгийн Жавхлант шаргын нэрэмжит дээд гурван насны уралдаан шинийн долоонд болж,  соёолон насанд аман хүзүүдсэн. Дараа нь “Дүнжингарав 2013”-т айргийн дөрвөөр давхиад, Эрдэнэтийн бүсэд аман хүзүүдлээ. Товчхондоо гурван том наадамд айрагдчихаад байна. Үнэхээр л хурдан буян байгаа юм. Цаашдаа улс бүсийн томоохон наадмуудад л уралдуулна гэж бодож байгаа.
-Өөр таны нэрийг гаргасан ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Нарийн хээр, гүзээ хээр гэж хоёр морь байнаа. Эрдэнэцагааны адуунууд. Өнгөрсөн намар Түвшинбаяр аваргын наадамд түрүү, аман хүзүүгээр давхицгаасан. Өнгөрсөн жил аймгийн наадамд соёолон аман хүзүү, айраг, азарга, их нас тус тус дөрвөөр давхилаа. Галтад болсон аймгийн бүсийн уралдаанд азарга, хээр морь хоёроо айрагдууллаа. Энэ жилийн хаврын бүсэд аймагт хоёр хээр морь маань нэг нь хүүхэдгүй түрүүлж, нөгөөх нь гурваар давхисан. Бас өөрсдийн бий болгосон бага насны адуугаараа их сайхан наадаж байна. Одоо унаган адуу дээд тал нь хязаалан болж байна. Ямар ч байсан унаган адууныхаа ид шидийг харна л гэж найдаад байгаа шүү. Ер нь өнгөрсөн онд  манай хөвсгөлийнхөн болон би одтой наадсан. Энэ жил энэ амжилтаа бататгана  даа.
-Таны аав морь уяж, бөх барилдаж байсан гэсэн. Одоо таван хүүхэд нь бүгдээрээ моринд хорхойтой улс байна уу?
-Тийм ээ аав маань хоёр сумын тэгш ойн жилээр хоёуланд нь барилдаж начин цолоо авч, баталж байсан спортын хүн. Бага залуу байхын хөдөө мал маллаж байсан болохоор одоо бидний гол зөвлөгч. Би 4 эрэгтэй дүүтэй айлын ууган хүү.  Гэр бүлийн нэг л гишүүн моринд орсон бол бусдыгаа уруу татаж орхидог гэлцдэг дээ. Дүү нар маань бүгд моринд хорхойтой, адууны төлөө сэтгэл зүрхээ өгсөн хүмүүс бий.  Ямартаа ч биднийг адууны буян заяа түшиж, ажил үйлс өөдрөг сайхан яваадаа талархдаг юм.
-Бидний яриа өндөрлөж байна. Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Баярлалаа. Энэ жил Монгол улсад адууны яам байгуулагдсаны 750 жилийн ой тохиож байгаа. Энэ ажлын хүрээнд хийгдэхээр төлөвлөсөн олон ажил байна. 3000 адуу уралдуулж гиннесийн номонд бүртгүүлнэ. 10000 морины парадыг хийнэ. Үүнтэй холбоотойгоор гадна дотны зочид гийчид ирнэ гээд  ажил ихтэй зун байх нь ээ. Монголчууд бид үндэсний бөхөө гиннесэд бүртгүүлж чадсан. Одоо хурдан морьдоо бүртгүүлэхэд морины дэл сүүл боодог 30 мянган уяачид маань идэвхитэй, зохион байгуулалттай, дэг журамтай оролцохыг уриалах байна даа.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна