Азарга уяж засахуй

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 13 -нд

Азаргыг уяж сойхдоо тарга хүчний байдлаас хамаарч харилцан адилгүй хугацаанд уях боловч ойролцоогоор 25-30 хоногт багтаах засна. Харин уягдаж буй азарга хэт олон шүү хураасан байх учиргүй. Ер нь хурдан хурц азарганад 4-5 гүү л хураалгана. Адууг нь өөр азарга бусад адуунаас хол хөндий бүр нийлэхгүй ус бэлчээрт маллана. Өдрийн уяа засал дууссан үед азаргаа адуунд тавьж тайван амгалан идүүлнэ. Өглөө адуугаар хурааж морьдоо барих цаг нь орчин үеийн цагаар өглөөний таван цаг 30 минутаас зургаан цаг байх юм. Азаргын хурдыг барьсан анхны өдрийн бага үд, их үд, нар жаргахын өмнө, хойно гэсэн  цагийн дөрвөн үед гишгүүлнэ. Гишгүүлэхдээ морины  хүүхэд бэлгэдэлт хувцсаа  өмсөх бө энэ үед уяач хөхөл, сүүлийг боож эмээлээ тохож мордуулна. Хүүхэд уяагаа тойрч гишгүүлж эхлэхийн цагт гийнгоолж марзайлахад хуучин уяа морьды сэтгэл сэргэж хөл нь хөнгөрөхийн зэрэгцээ бааж эхэлнэ. Гишгүүлэхийг зарим нутагт баалгах гэх нь ч бий. Энэ нь утгын хувьд агаар нэгэн үгс юм. Гишгүүлэх явцад баасан нойтон баасыг хатаж шарлатал нь авахгүй нойтноор нь байлгахыг хичээнэ. Учир нь бусад морьд энэхүү нойтон баасыг үнэртээд өөрөө бааж хур баасаа хаядаг байгалийн зөн билигт адгуус гэдгийг санагтун. Хүүхэд багачуудын хүрэлцээ буй бол морьдыг хоёр гурваар нь зэрэг гишгүүлж болно. Тэгэхдээ түрүүчийн гишгүүлэлтийг эхэлсэн морьдыг дараагийн гишгүүлэлтээр сүүлд  нь гишгүүлэх зэргээр нас насаар нь сольж гишгүүлэх нь зохистой. Иймээс гишгүүлэлтийг заавал их нас, азарга гэхчилэн нэг мориор эхэлж гишгүүлэхээс бус гагцхүү баасан өөр морины  нойтон баасыг нөгөө морь үнэртээд өөрөө баах үзэгдэл юм. Морьдын гишгүүлэлтийг дараагийн өдрүүдээс  өдөрт гурваас доошгүй удаа хийвэл зохихыг их уяачдын сургаальд олонтаа чухалчлан бичсэн нь буй. Харин гишгүүлэлтийг уяа морь бүр дундажаар 30-40 минут ноогдохоор гишгүүлбэл зохино. Ийнхүү гишгүүлэлтийн явцад ойрхон зуур тухайлбал уяан дээрээсээ 1,5-2 км хол зайтай зэлүүд газарт салхи өөдөө цогиулж /явах ирэхдээ/ биеийн чилээг гаргаж мах булчингийн агших сунах биологи процессийг идэвхижүүлж сэтгэлийг сэргээх бөгөөд ийнхүү цогиулалтыг өдөрт нэг удаа тэгэхдээ нар жаргахын өмнө оройн  гишгүүлэлтийн үед хийх ёстой. Энэ ялдамд гишгүүлэлтийн технологид чадан ядан тодорхойлолт өгөх гээд үзье.
Минийхээр гишгүүлэх гэдэг нь уяа морьдын биеийн чилээ хөшөөг гаргах хөдөлгөөнт дасгал, сэтгэлийг сэргээх нэгэн зүйл сургууль юм.
Хурдан морьдыг хөлслөх уламжлалт технологи бол уяа заслын үйл ажиллагаа ба монгол морьдыг уяж  засах үндэсний технологийн чухлын чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. Иймээс гадна дотор талуудыг даалимбаар доторлосон хөвөнтэй нэмнээ байвал зохино. Хурдан морьдын нэмнээг үүнээс өөр эсэн бусын хийх нь адууны биологи, физиологийн процесс, үйл ажиллагаанд үл нийцэлдэхийг залуу уяачдад сануулахад илүүдэхгүй бизээ.
Хөлс авалтыг ихэвчлэн дулаан тунгалаг нартай өдрийн үд дунд, их үдийн цагаар авах нь зохилтой бөгөөс харин их хүйтэн бороо, олон хоногоор зүсэрсэн хурын үед авахгүй ёстой.
Морьдыг хөлслөх технологийг дорх байдлаар үечлэв.
• Эхлээд уян дээрээ хөлслөх морьдоо нэмнээд эмээллэх
• Нэгэнт хөлслөхөөр эмээллэж бэлэн болгосон морьдоо дунд насны хөвгүүд охид буюу уяач өөрөө аль эсвэл танил талын дотно нөхөд унаж тэр өдрийн салхийг сөрж цогиулах
• Ийнхүү цогиулах газрын хэмжээ, хар цагааны газар буюу бэлгэт гурван газраас хөлсний дусал гарч эхлэх тэр цагаас салхиа уруудан цогин, цогисоор уяандаа ирэх
• Уяандаа ирмэгц мориноос бууж эмээлээ авмагц морио зогсоолгүй хөтөлж явуут дунд нь нэмнээгээ авч хөлсийг маш сайн хусах
• Ингэж нойтон, усан хөлсийг толгойн тал буюу урд талаас нь бага багаар явуут дунд нь хусаж дуусмагц хэн нэгэн морьтон уг морийг хөтөлж уяагаа эргэх байдлаар хөлсийг хаттал нь гишгүүлнэ
• Хөлс хатаах гишгүүлэлтийг нэг моринд дундажаар нэг цаг ноогдохоор журамлаж гишгүүлэх эдгээрийг товчлон хураангуйлав. Харин услалтыг хөлс авахаас бүр өмнө, үгүй бол бүр хойно хийх учиртай.
Тодруулга:
• Хар, цагааны газар гэж малчин монгол өтгөсөөс алс харагдах малын зүсийг саравчлан харж тодруулахад хар, цагаан алин болох пь ялгарч үзэгдэх тийм газрын зайг хэлнэ.
 Бэлгэт гурван газар гэж битүү нэмнээтэй морийг хөлслөхөөр салхины оөд цогих явцад эхлээд хамар, дух магнай, чихний ар зэрэг гурван хэсэг газраас хөлс зэрэг бөнжийж дуслах тэр газрыг дээдсийп сургаалд "бэлгэт гурван газар" гэж нэрлэдэг ажээ.
Хардэл жанжин бэйс өвгөн ноён Пүрэвжав гуай (1844 онд төрж 1932 оны цаг төрийн үймээн, эсэргүү хөдөлгөөний үед 88 настайдаа Өндөрханы төвд цаг бусаар сүүдэр хальсан гэдээг) "Морин эрдэнийн шинж ба уях засахын ёсон болой" технологийн судартаа: Уяа морьдыг тарлах буюу үсэргэх дасгал сургуулийн үйл ажиллагааг морьдоо анх барьсан тэр өдрийн маргаашнаас эхлэн хийгдэх ёстой бөгөөд харин хөлс авсан өдрөө огт тарлаж үсэргэхгүй өнжинө. Өөрөөр хэлбэл хөлслөлт, тарлалт хоёрыг өдөр, едрөөр сольж хийгдэх засал юм. Тарлалтыг дараах зайд хийж байхыг өвгөн ноён эл судартаа айлдсаныг тодруулбал: Эхний тарлалтыг "Гурван сум онтусах хэмжээний газар" хийх ба түүний дараагийнхыг нэг сум онтусах хэмжээгээр нэмэгдүүлсээр тарлах эцсийн зайг 12-15 сум онтусах хэмжээтэй байхаар сургаж бичсэн буй. Энд Сэцэн хан буюу одоогийн Хан Хэнтийн уяачид тарыг харьцангуй богино зайд олон удаа, тэгэхдээ морьдоо гуядаж хурд, хүчийг баралгүй хийдэг өндөр уламжлалтайг тэмдэглэх нь зүй буй за. Ийнхүү тарлах явдал уг морь хурдлах хурдны хэлбэр маягаа олж эвлэгдэж буйг судалж тогтоохоос гадна хүлэгт хурдны ир орж байгаа эсэх, юу нь дутаж, юу нь илүүдэж байгаад хувь уяач дүгнэлт гаргахад оршиж байна. Тарлалтыг ганц нэгээр нь эсвэл хоёр, гурваас үл хэтрүүлдэг юм. Ер нь тарлалт нь уралдах морьдын тарга, хүч, гэдэс зэрэг уяа заслын шийдвэрлэх хүчин зүйлүүдээс хамаарч тоо нь 3-8 байх нь зохистой гэдэг.
Харин сунгааг бол бага сунгаа буюу богинын, холын буюу их сунгаа гэж хоёр ангилах бөгөөд зай нь ойролцоогоор 6-8, 10-15 байваас тохиромжтой болов  уу. Гэвч сунгалтын зай уг морины уяа сойлгын нийлэмж, зохицлоос болж өөр өөр байх нь мэдээж. Энд онцолвоос зохих нэгэн зүйл байгаа юм. Учир нь юу гэвэл сүүлийн үеийн залуу уяачид тарлалтаа цөөдүүлж, сунгаагаа олшруулж сэтгэлийн хөөрлөөр бэсрэгхэн наадам болгон морьдын уяаг мултлах сөрөг үзэгдэл олонтаа гарах болжээ. Гэвч уяа сойлгын хатуу засалтай морьдыг гурав сунгадаг /бага, дунд, их/ уламжлал бий.
Торгон тар гэж нэг зүйл засал бий. Энэ нь маргааш их уралдаанд оролцох аль ч насны морьдыг урьд орой нь 1,5-2,0 км орчим богино зайд давхилыг гүйцэд гаргаж хурдлуулахыг хэлэх ажээ. Үүнтэй холбогдуулж торгон тар хийсэн морио хэн, хаана маллаж хонох, идүүлэх өвс ногооны төрөл зүйл мөн идүүлэх хугацаа, тэр газрын хөрсний байдал, услах дэг жаяг гээд технологийн олон чухал зүйл байдгийг энд нуршихаас зайлсхийв. Үүнийг уяачид сайн мэдэж байвал зохих технологи, сахилга журмын гогцоо асуудал мөнийг цухас тэмдэглэе.
Тодруулга :
•   Нэг   сум   онтусах   газар   гэж   өвгөдийн сургаалд  тайлснаар    45    алд    газар    нум, сумаар харвах харвалтын газрын хэмжээг хэлдэг байна. Энэ хэмжээг одоогийн олон улсын хэмжүүрээр тооцвол эрэгтэйчүүдийн үндэсний сур харваачид 75 метр зайд харвадаг тогтоолтой харьцуулж ойлгох ойлголт юм.
•   Тар тарлах, үсэргэх гэдэг технологийп томъёолол нь утга нэг ойлголт бөгөөд уяж засаж  уралдуулах  морьдод давхил оруулах ойрын зайн бие халаалтын дасгал сургуулийг хэлэх ажээ.
•   Торгон тар гэж их уралдаанд оролцох морьдыг одоогийнхоор 1,5-2,0 км орчим зайд давхилыг  гүйцэд     гаргаж хурдлуулахыг хэлэх болов уу. Энэ нь тамирчин хүнээр бол их тэмцээнд оролцохын өмнөх бие халаалтын эрчимт, хөдөлгөөнт дасгал болой.
Ер нь энгийн тарын үед морьдын хүчийг шавхаж хурдлуулахгүйн дээр аль болохоор ташуурдахгүйг хичээнэ. Энэ бол нэгэн зүйл технологи юм. Харин бага, их сунгаагаар морьдын хурдлах чадавхийг шалгах гол учиртай тул цөөн хэд ташуурдах нь зүй бизээ. Харин их уралдааны явцад ташуурдах нь мэдээж. Ингэх ч ёстой. Тэгэхдээ морьддоо шарх сорви үүсгэж, бэртэж гэмтээхээс зайлсхийх ёстой.

Г.Цэвэгмид


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна