Усан засал, түүний ач холбогдол

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 17 -нд

Морь хэт их тарган үед хүчтэй ажил хийхэд няцрах, хөлд цус буух, цээжээ авах, хөндүүр дахин дахин суух, уухиа болох зэрэг гэм согогууд тохиолддог. Үүнээс гарах гол арга бол усан засал юм. Хөлс авах, тар хийх, давхиулах олон дахин уяж хонож гэдэс нарийсах зэргээс сэргийлнэ. Өөрөөр хэлбэл, мориныхоо хөлд гэм халгүйгээр онгойлгоно гэсэн үг. Дотор гадар өөхийг зэрэг буулгана, зүдэргээ авахгүй. Харин тарган адууны гэдсийг бага норгож байх хэрэгтэй. Гадаад оронд тойруулгад уралддаг морьдоо тэжээхийн зэрэгцээ усаар угаах, өндөр даралтат усаар цохиулах зэрэг заслыг хийж байгаа харагддаг.
Дан уяаны зарим морины хоол ихэдсэн байвал усаар угааж, нэмнэж байгаад уралдуулж болдог. Энэ нь хоолыг шахаж, хөлсийг ойртуулж биеийг нь чангаруулдаг сайн талтай. Эдүгээ цагт хурдан сайн морийг өндөр үнээр худалдан авч тэжээж уях болж. Гэвч зарим сайн морьд 2-3 жилд сайн хурдалж байгаад хөлгүй болох харамсалтай тохиолдол олон бий. Магадгүй үүнээс гарах арга зам усан заслын аргууд байж болно.
Нэгэн зүйл:
1. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Нийгмийн хонгор морь – 11 түрүү
2. Төв аймгийн Сэргэлэн сумын О.Маарын хээр азарга – 1 түрүү, 6 айраг /Нэг удаад зургаад давхисан гэдэг байхаа/
3. Төв аймгийн Баянжаргалан сумын уяач З.Даваанэрэнгийн хүрэн халзан азарга – 4 түрүү, 3 айраг
4. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Сүрэнхорын хээр азарга – 7 түрүү
5. Төв аймгийн Сэргэлэн сумын Л.Дамдингийн хүрэн азарга – улсад 2 түрүүлж, 5 айрагдсан
6. Төв аймгийн Баян сумын Ж.Шийтэрийн “Засаг төрийн Зандан ширээ” – 4 түрүү, 3 айраг
7.  Төв аймгийн Авдарбаян сумын О.Санжаабүүрэгийн цавьдар азарга – 3 түрүү, 4 айраг
8. Төв аймгийн Сэргэлэн сумын Банзрагчийн зээрд  - 3 түрү, 5 айраг
9. Богдын их сүргийн хар азарга - 4 түрүү
10. Богдын их сүргийн хээр алаг морь – 6 түрүү
Энэ мэтээс гадна зарим сайн азарга, их насны морьд аймаг сумандаа 10 гаруй айраг түрүүг авсан байдаг. Эдгээрээс харахад хурдан адууг байгалийнх нь унаган зохилдолгоонд тохируулж уяж засахад сайн адуу 10-аад жил жигд сайн хурдалж айраг түрүү авах боломжтой нь харагдаж байна.
Зарим нэг заслаас:
• Уяа нь дутуу морийг борооны дараа үсийг нь хатахаар нэмнэж хөлсөлбөл ядаргаа зүдэргээгүйгээр засал авдаг.
• Хэт тарган морийг нартай үед хөлсөлж ирээд усаар угааж чичиргэж болно. Ийм заслаар хүчийг нь буулгаж байгаа нь  морины биед хөндүүр суулгахгүй гэсэн арга юм.
• Багтарч унасан морины толгой, чих рүү хүйтэн ус цацаж тархины цус ихдэлтийг намжаадаг.
• Өлөн таараг болсон морины нуруу руу хүйтэн ус цацаж сэргээнэ.
• Тэжээл өгөхийн өмнө усаар сайн услах хэрэгтэй.
• Тэжээл гөч хүйтэн усаар услан сэрүүн газар уясан морь ямар ч хоргүйгээр онгойдог.
• Усан махбодит хүлгийг хөнгөн аясаар засах хэрэгтэй. Ялангуяа азаргыг зооны махыг нь хадгалж уралдах хэрэгтэй.
• Хэрэв нэгэнт хөдөлсөн зооны махыг нэг үе суларсны дараах үед дахин чангарах эгзэг дээр нь тохируулж уралдвал зүгээр.
• Уралдахын урд өдөр ба орой, уралдахын өглөө морь ус уухгүй байвал хар цай нунтаглан шар тостой багсран марлиар боож амгайд нь уяж уралдуул. Морь цангахгүй.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна