Хурдан морьдын уяа сойлго тохирч буй эсэхийг хэрхэн мэдэх вэ?

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 27 -нд

Уяа морьдод хийгдсэн засал сойлго тохирсон бол дараах шинж тэмдгүүд илэрдэг байна. Тухайлбал:
Морь засалдаа зохирсон үед уяандаа тэмүүлж дурших, зан ааль нь номхон дөлгөөн болох, хэлээ долоож эвшээн баясах, хүн ба нөхөр морио нууж сэмээр харах, унтаж зүүдлэх, сэрээд суниаж хөлөө засах, биеэ хэвлэх, уяанаас тавихад улаан залаат монгол малгай шидэх тухайн газарт очиж хөрвөөх, хөрвөөхдөө урд хөлөөрөө өвчүүгээ цохиж дэлдэх, уяандаа үргэлж унтах, хөмсгөө хэт харсан мэт байх, сайхан тунгалаг шүлс гаргах, шүлс нь унжралдсан бөгөөд амт нь гашуун байх, ямар ч зүстэй байлаа уг зүс нь уснаас гарсан мэт гялтганаж байх, сүүлээ үе үе шарвах, биеэ зууж маажих, мөн алсыг харж жиргэн үүрсэх, гэдэсний хэлбэр нь өвчүүний халбага буюу аймхай мөгөөрснөөс хойш цавь хүртэл шулуурч хөвчлөх, ташаан толгойн өлөн хонхор үлэмж багассан байх, баас нь маш нягтарч хомоол болохын дээр усанд хийхэд живэхгүй хөвөх, цээж амьсгалын үзүүр нь уушгины тархмаалаас хэтэрч өнгөрөхгүй болох бөгөөд тэрхүү морины дотогш татсан амьсгалын үзүүр нь цавины буланд хүрч байгаа мэт хавирга нь яралзах, мөнхүү амьсгалыг гадагш түлхэж буцаахдаа алгуур аажмаар буцааж байвал сая заслага нийлж буй нь энэ гэж үздэг байна. Уяа заслын зарим сударт алив морины хөлс, гэдэс хоёр тэнцэж уяа зохирвоос давхиж ирээд сэрвэлзэн тал тал тийш харах, амаа ангалзан  амаа ангалзан эзэндээ сайхан аалиар загнаж байх ба үзэхэд нүдэнд зохистой бөгөөс уяандаа тэмүүлэн очиж цээжээ өндөрлөн алс харж, хоёр завжаар нь шүлс гарч туурай юугаа нийлүүлэх хийгээд туурайн өнгө нь гялалзсан болох ба судал илрэх мэт, давхихад бие нь чанга, урд хоёр хөл нь эрүүн дор зэрэгцэн ирэх, хойд хоёр хөл нь сүүлнээс хойш хаягдах, давхиж ирсэн үед өвс унхилан идэхийг хүсэмжлэх, гишгүүлж явуулахад бие нь сулхан мэт салгалан явах, услахад амаа үл зайлан шударга залгих зуур алсыг гурвантаа харж уух бөгөөд гэдэс нарийн тэгш, үсний өнгө хурц сайхан, нүд сэргэлэн бол уяа сойлго зохирсны шинж тэмдэг хэмээн сургасан байдаг. Манай нэрт соён гэгээрүүлэгч, судлаач О.Намнандорж агсан «Монголын хурдан морины тухай» номондоо: уяж байгаа хурдан   морины   засал   ханасан   эсэхийг мэдвэл тэр морь гүйх эсэхийг мэдэхэд хялбар болно гээд засал ханасан моринд олон зүйлийн сонирхолтой шинж тэмдэг гарах тул үүнээс зарим хэдийг дурдвал гээд:
Богино сунгаанд зэрэг туссан дөрвөн хөлийн мөр нэгэн шугаманд жирийнэ. Баас нь сэвгүй болж, хатуу нягт хоомол болсон байна. Уяандаа байхдаа хөлөө сойхгүй, дөрвөн хөлөө тэв тэгш гишгэж ширээ шиг тэгш зогсоно. Хөлс зохирч уяа нийлж буй аваас хөлс нь өнгөгүй, тунгалаг, ямар ч хужир шүүний амтгүй болно.
Биеийн ерөнхий хэлбэр нь улам ч гоё, өндөр нарийн болсон мэт үзэгдэнэ. Хөрвөөхдөө урд хоёр хөлөө өвчүүндээ хүргэж цохих, хамар, дал, хөх махны судас олон гарах, зүсний өнгө гялтганаж уснаас гарсан юм уу, тос түрхсэн мэтээр харагдах, тарлалт үсэргэлтийн үед эмээлийн доор ямар ч хөлсний оргүй хув хуурай байх, мах нь үл хөөх, сэтгэл хөнгөн, соргог сэргэлэн болох, сормуус нь ээдрээ эрчгүй болох зэрэг шинж тэмдэг илэрнэ гэжээ.

Г.Цэвэгмэд

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.