Хурдан морины уяа сойлго таараагүй үед гарах шинж тэмдгээс

А.Тэлмэн
2013 оны 5-р сарын 29 -нд

Ер хоног олон ба уялга хэтэрвэл зүс нь харлаад зан ааль хурц хятуун болно. Зовхи нь атирах, гэдэс нь холхи болоод баас нь шингэн, хамар ам нь үрчийн атирах, нүд нь нуухтах, улайх ба чих нь унаж шүхэрлэх, зоо нурууны үзэмж алдагдаж сулрах, хөлс эс зохирвол үс өнгөө алдаж бүрзийх бөгөөд давхиж ирмэгц аяндаа цочих, гэдэс эс зохирвол давхихдаа амьсгал давхцах, эсвэл гэдэс, умдаг шахах, үгүй бөгөөс цээжнээ тулалцах, уяандаа уйдваас нураагаараа хотойх, суниах, эвшээх, ус нь эс зохирдвол унтах, гэнэт гэнэт цочих, газар дэвсэлж самардах ажээ. Бас халуун, хүйтэн эс зохивоос биеэ олон удаа маажих, газар эс зохилдвол шээсний өнгө хар хүрэн болох, нүд нь нуухтах, тавихад үл хөрвөөх гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг байна.
Уяа засалдаа уйдсан морийг дараах аргаар сэргээж сэтгэлийг нь  засах тухай зарим сударт тэмдэглэснийг тодруулбал :
*    Уяа засалдаа уйдсан морьдыг зориуд өндөр уул, овоонд гаргаж алсыг хэд хэд үзүүлэх;
*    Өөрөөс  нь  хол  дутуу   морьдтой   тарлах, сунгах уралдаан зохиож зориуд түрүүлгэх, ингэж уралдан жөтөөрхөлцүүлэхдээ байнга гууглах, ирсэн хойно нь унасан хүүхэд нь гийнгоолох, марзайлах, цоллох;
*    Уяандаа байхад нь элдэв тансаг үнэртэн танартнаар, тухайлбал янз бүрийн зандан мод,  арц хүж үнэртүүлж ариусгах.  Нөгөө гэвэл морин хууранд адуу, ажнай хурдаа магтсан уртын дуунуудаас дуулж хуурдах;
*    Эс ядваас хоёр гурав хоног ижил сүрэгт нь тавьж цатгавал эрхбиш сэргэх буй.
О.Намнандорж агсан: Хурдан морины уяа засал дутах, хэтрэх явдал нь олонтаа тохиолддогийг дурдаад энэ талаар доорх шинж тэмдгүүд илэрнэ гэжээ. Тухайлбал: Бие хүнд, хөлөө сольбож гишгэх, давхихдаа амьсгаадах, өнгө зүс алдах, сормуус ээдэрч атирах, мөн зовхи нь атирах, давхихдаа мах нь хөөх, гэдсээ; эвхийн гудайн зогсох, зоо нурууны ус нь унах, олон дахин шээх зэрэг шинж тэмдгүүд илрэх тухай товч тэмдэглэсэн байдаг. Мэдээж энд өгүүлсэн заслын зохирсон, эс зохирсон шинж тэмдгүүдээс гадна нууц маш олон зүйлийн. шинж тэмдгүүд байх нь илэрхий. Энэ бүгдийг танин мэдэж ажнай хурдан хүлгүүдээ уяж засах эрдэм ухааныг эзэмших тухайн уяачаас шалтгаална билээ.

Г.Цэвэгмэд


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна