Т.Гунгаа: Гимнастикаас хасчихаар нь сургуулиа хаяад, хөдөөг зорьсон маань зөв сонголт байсан

А.Тэлмэн
2013 оны 6-р сарын 11 -нд

Багшийн сургуулиа  нэг л өдөр хаячихаад хөдөөг зорьсон хүн бол Дундговь аймгийн Алдарт уяач Т.Гунгаа байгаа юм. Хүүхэд байхын л Гүр нагацынхаа уяаны ажилд тусалж, хурдан моринд хорхойсох болсон хүү  өдгөө дал гарсан буурай төрсөн нутагтаа одтой наадаж сууна. Анх зургаадугаар ангид байхдаа бие даан хязаалан үрээгээ сумын наадамд айрагдуулан уяачийн гараагаа эхэлж байсан гэж байгаа. Түүнээс хойш айраг түрүү алдаж үзээгүй түүний амжилтаас дурдахад: 1962 онд бор хязаалан сумандаа аман хүзүү, 1963 онд бор соёолон Дундговь аймгийн Гурвансайханы наадамд гуравт, 1967 онд шарга соёолон сумандаа нэгдлийн 10 жилийн ойн түрүү, 1985 онд бүлтэн зээрд азарга сумандаа аман хүзүү, шүдлэндээ аман хүзүү,  хязааландаа айргийн дөрөв, соёолондоо аман хүзүү тус тус хурдалжээ. 1988 онд буурал хязаалан сумандаа түрүүлж, 1989 онд бор шүдлэнгээ гуравлуулж, буурал соёолон азарга, зээрд шүдлэнгээ түрүүлгэж, хязаалан хүрэн үрээгээ гуравлуулан тун ч одтой наадсан байдаг юм. Үүнээс жилийн дараа зээрд хязаалан, буурал азаргаа айргийн таваар хурдлуулж, бор морио Баянжаргалан сумын наадамд аман хүзүүдүүлсэн. Харин 1992 онд буурал азарга, цоохор морио аман хүзүүдүүлж, хүрэн хязаалангаа түрүүлгэн, хонгор азаргаа тавлуулсан билээ.  Үүнээс хоёр жилийн дараа буурал азарга, бор хязаалангаа айрагдуулан, 1997 онд хонгор азаргаа сумандаа түрүүлгэж, 1999 онд айрагдуулжээ. Тэрээр эдгээр амжилтаараа 2009 онд аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн юм. Ингээд алдарт Гүрийн гарын шавь нарын нэг Гунгаа Алдартын яриаг хүргэж байна.
-Алдарт могой жил гарсаар хэр олон уралдаануудад оролцоод байна вэ?
-Хөдөөгийн уяач бидний хэзээний танил “Тод магнай” сэтгүүлийнхээ хуудсаар дамжуулан  нийт уншигчидтай нь мэндчилж байгаадаа таатай байна. Могой жил гарсаар  гуравдугаар сарын 9-нд болсон Луусын наадамд битүү азарга мордуулсан нь гуч гараад ирлээ. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын адуу байгаа юм. Тонгоон Жамъяаны удмын адуу.  Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач бураа Пүрэвжаваас манай хүү худалдаж авсан юм. Манайд ирээд хоёр сар л болж байгаа болохоор  арай дасахгүй байх шиг. Гэхдээ сая Луусын наадамд уралдуулж үзлээ, давхил байна. Манай Өндөршил чинь Дундговийнхоо төвөөс 186 км хол, хамгийн захын сум шүү дээ. Сая Луус руу гэхэд 210 км туулж очлоо.
-Адуу шинэ нутагт дасахдаа хэр хугацаа ордог вэ?
-Амралттай байлгаж уралдуулмаар байгаа юм. Би хойноос адуу  авчирч байлаа. Тэгэхэд дор хаяж хоёр, гурав хоног хөдөлгөж чадахгүй байсан. Тэгэхээр амралт зайлшгүй хэрэгтэй л дээ. Одоо ч амралт бага, хурдыг нь оруулж чадаагүй байж л уралдуулчих юм.  Ядаж байхад морины биш машины уралдаан болчихно. Тэр их тоосон дунд зогсож байгаа бидэнд амаргүй байхад уралдаж байгаа тэр амьтанд бүр ч амаргүй л байна шүү дээ. Бидний ид морь уяж байх жар, далаад онд машингүй л уралчихдаг байсан маань өдийд түүх болжээ, хөөрхий.
-Дунд сургуулиа төгсөөд багшийн сургуулийн оюутан болсон та яагаад моринд орчихсон юм бэ?
-Би 1959 онд аймагтаа дунд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод багшийн сургуульд хуваарилагдан явлаа даа. Түүнээс хоёр жилийн дараа Ардын хувьсгалын 40 жилийн ойн баяраар манай сургуулиас наадмын нээлтийн гимнастикт гарцгаасан юм. Тэгсэн намайг хөл майга гээд хасчихдаг байгаа. Тэгэхээр нь тэр чигтээ сургуулиа хаяад төмөр замын ажилчин болж, Чойрт зургаан сар ажиллаад амралтаа авсан юм. Ингээд 1962 оны 10-р сарын 10-нд Архустайд очиж ажил хөдөлмөрийн гараагаа тракторын жолоочоор эхэлж байлаа. Тус сумын “Энхтайван” нэгдэл, “Талын нар” бригадад 25 жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.
-Гимнастикаас хасагдчихаад их л гомдсон юм байна даа?    
-Үгүй дээ. Хүний хувь тавилан гэдэг өөрөө л хөтөлдөг шиг байгаа юм. Ер нь миний амьдрал энэ л байсан юм билээ. Үүндээ сэтгэл хангалуун байдаг. Сүүлд их сайн мэддэг нэг хүн намайг зөв замаа сонгосон байна гэж хэлэхэд нь өөрийнхөө сонголтонд баярласан шүү. Гэхдээ тухайн үед ажлын амжилтыг дүгнэхдээ маруухан байж дээ гэж боддог. 1987 он хүртэл ажиллахдаа дөрвөн шинэ тракторыг элээсэн. Залуу насны эрч хүчээр өдөр шөнийг ялгалгүй ажилладаг байж билээ.
-Тэр их ажлынхаа хажуугаар морины ажлаа хийдэг байсан хэрэг үү?
-Тэгэлгүй яахав. Багадаа хурдан морины унаач хүү явлаа. Гэхдээ амжилт гаргаж шалиагүй л дээ. Би чинь айлын өргөмөл хүүхэд.  Аав ээж маань морь унаад гэмтэж бэртчихнэ гээд барагтай бол халгаахгүй. Гэхдээ хар бор ажлыг бол сайн хийлгэнэ шүү. Нэрт уяач Шилийн Гүр чинь миний нагац ах байгаа юм. Багадаа Гүр ахынхаа одоогоор зарц, хуучнаар бошиго явлаа. Ямартаа л нутгийнхан Гүр өвгөний Гунгаа бошиго гэж байхав. Өдөржин шахуу л морины ажил хийж борви бохисхийлгүй ажилладагсан. Хөөрхий ах маань бүл цөөтэй хүн байсан. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд манай байж байгаад бурхан болсон доо.
- Лут уяачийн нүдэнд та ямархан уяач санагддаг байсан болоо?
-Манай өвгөн Хажуу-Улааны 30 жил, Баяндэлгэр уяачийн 60 насны ойд яваад эзгүй хойгуур сумын наадамд даага уяад, түрүүлгэсэн юм. Тэгсэн “сайн байна, чадаж байна”  гэж урмын үг хайрлаж билээ. Тухайн үед чинь сумандаа л наадна шүү дээ. Хол явбал засгийн ажил хэцүүднэ. Тэгээд ч улсынхаа наадмаар л нэг удаа наадчихдаг байлаа. Наяад оны дундаас хаа нэг намартаа нааддаг болсон юм.  
-Зургаадугаар ангидаа анх бие дааж морь уясан гэж ярьсан даа. Ямар амжилт гаргасан бэ?
-Дуртай ажлаа хийж байгаа болохоор нас багаддаггүй юм билээ. Одоо эргээд бодохоор бас л жоохон байж дээ гэж боддог юм. Тэр бол 1985 он.  Өөрийн удмын хязаалан хүрэн үрээгээ сумын наадамдаа мордуулаад дөрвөөр давхиулж байлаа. Жаахан хүүгийн сэтгэлд тэр үед юу эс бодогдохов. Өнөө Гүр нагацын үеийн томчуудын нэг болсон мэт  л бодогдож байсан даа. /инээв/ Түүнээс хойш олон жил сайхан наадаж байна. Би чинь эхээсээ 10-уулаа. Одоо 54-74 насны 10 хөгшин байна. Тэгээд миний эгч ярьдаг юм. Манай Гунгаа чинь багадаа хоёр зэгс залгаж байгаад уурга хийгээд, шилбүүр унаад л давхидагсан. Өнөө уургаа гэрийн үүдэнд тавьчихаад зарим нэг орсон гарсан хүмүүс  гишгээд хугалчихаар  дахиад л  уурга хийчихнэ. Багын л моринд дуртай хүүхэд байсан” гэж дурсан одоо 84 буурай ярина шүү дээ. Дээр хэлсэн дээ. Хүний хувь тавилан  өөрөө л хөтөлдөг гэж. Ер нь ч тэгээд монгол хүн бүрийн сэтгэлд адуу хамгийн ойр оршдог юм.
-Уяаны эрдмийн багш нагац ах л байна биз? 
-Тийм шүү.  Манай өвгөн чинь 1906 оны морин жилтэй хүн. Намайг зургаадугаар ангид байхад  морь айрагдуулахад тавин хэдтэй л байлаа. Нагацынхаа удмыг залган би, миний дүү аймгийн Алдарт уяач Ш.Ёндон, Су.Төмөрбаатар, Су.Баярсайхан бид хэд  хурдан тууртынхаа хийморьт сүслэн яваа улс даа. Одоо миний зээ хүү Дашдэмбэрэл  нутаг орондоо сайн наадаж байна.  Сэргэлэн ч нөхөр байгаа юм. Ямартаа нутаг орныхоо нэрийг гарган Гунгаагийн хүү гээд ярихаар сайхан л санагддаг юм.  Би чинь 4 хүүхэдтэй. Бусад нь машинаас өгөөд дуусч байна. Сайн угшлын  болохоор манай адуунас авах сонирхолтой хүмүүс ч их байх юмаа.
-Тэгэх байх даа. Хүнд очоод хурдалж байгаа ямар ямар адуу байна вэ?
-Би адуугаа нэг үнэ хүргэдэггүй хүн. Дээхэн үед адуу ийм үнэтэй ч байсангүй. Одоогоос дөрөв, таван жилийн өмнөөс л Цэнгэлийн саарал 10 саяд хүрлээ гэж дуулдаад эхэлсэн.  Манай Гүр угшлын адуунаас авсан олон хүн бий. Сүүлийнхээс нь сонирхуулахад Эрдэнэдалайн Хорвоогийн бор даага, Хулдын Бүдхүүгийн цэгээн үрээ, Баяндэлгэрийн Жаргалангийн хамар цагаан, Дэлгэрхээрийн хүрэн, Чойрын нефтийн Энхтайваны хоёр, гурван гүүний  төлүүд байна.  Бас Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны тэжээлийн аж ахуйн Зоригтбаатар гэж миний хуурай дүү. Дүүдээ өгсөн хязаалан байдасын үр төлүүд хурдан байна л гэж байна лээ. Үүнийг  сонсоод буурал уяач би баярлаж л суух юм байна.
  Анх 1969 онд Дэлгэрхангай сумын  Нацагдорж багшдаа нэг хонгор үрээ  бэлэглэж байлаа.  Ер нь тэр үеэс л манай адуу гарсан байх шүү.  Найзыгаа шинэ гэр барихад, уясан морьдоо түрүүлж айрагдуулахад гээд хүний баярт мөчид   адуугаараа л бэлэг барьчихдаг хүн дээ, би. Сайхан сэтгэлийн үзүүрт тос гэдэг дээ. Адуугаар  танилцсан  олон сайхан хүмүүстэй нөхөрлөж явна. 
-Гүр уяачийн тухай бидэнд ярьж өгөөч? Уяаны ямар арга барилтай хүн байсан юм бэ?
-Манай нагац чинь морио ч уячихдаг, бөхөө ч  барилдчихдаг хүн байлаа. Боржигон хошууны Борнойн Жамьяны адууг маллаж байхаасаа л адуу цуглуулж эхэлсэн юм  гэнэ лээ. Тухайн үедээ санаа нийлсэн нөхөдтэйгээ хамтран удамтай хурдан адуу нэлээн цуглуулжээ. Ингээд 1942 оны Дундговь аймаг байгуулагдсаны анхны наадамд их насны хээр морио түрүүлгэсэн нь анхны  түрүү гэдэг. Адууны төлөө сэтгэл зүрхээ зориулсан хүн дээ. Зургаан сар гарангуут л морьдоо хөтлөөд гарч намар оройхон ирнэ.  Морьдоо ижил сүргээс нь салгаад уяа руу гаргадаг. Уяан дээрээ очоод л барьдаг. Морийг уяж хоноод нарнаас өмнө хөлсөлдөг, майханддаг, наадам тулгаж ажил хийдэг. Морины уяа тойруулахдаа морины өсгий гишгүүлнэ гээд их зайтай явуулдаг. Морьдоо хөтлөөд айлын дэргэдүүр гарахдаа марзийлж гаргадагсан. Энэ тухай унаач нар нь одоо ч дурсан ярьдаг юм.
-Таны амжилтыг харж байхад 2001 онд хонгор даагаа Дундговийн Баянжаргалангийн наадамд аман хүзүүнд хурдлуулаад тасарсан байдаг. Яагаад тэр вэ?
-Тийм ээ хэсэг тасарсан. Нэг үе бас хэцүү байлаа. Цас, зуд гээд л манайхан чинь нүүдлийн маягтай л амьдарлаа. Найман жил нүүсэн айл байна. Манайхан ч ялгаагүй ээ. Би тус болохгүй ч гэсэн хэдэн хүүхдээ удирдаад үглээд л дагаад явна шүү дээ.  Гэхдээ хүний муухай арилдаггүй, тэнгэрийн муухай арилдаг гэдэг үнэн шүү. 2009 оноос хойш цаг сайхан болж, уяаны ажилдаа эргээд орчихоод л сууна.
-Амжилтын буухиа дахин үргэлжлэх  нь дээ. Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна