Монгол адууны зарим онцлог

А.Тэлмэн
2013 оны 10-р сарын 07 -нд

Монгол адуу нь нүүдлийн мал аж ахуйн нөхцөлд уналга эдэлгээнд ашиглахад тохирсон, эх газрын эрс тэс уур амьсгалд сайн зохицсон, ихээхэн тэсвэр хатуужилтай, харьцангуй жижгэвтэр биетэй болохыг судлаачид тогтоожээ. Сүргийн дунджаар нас гүйцсэн азарганы мундааны өндөр 131,0, цээжний бүслүүр 165,0, биеийн ташуу урт 1360, шилбэний бүслүүр 18.8 см, амьдын жин нь 360 кг байдаг. Гүүний мундааны өндөр 126.5, цээжний бүслүүр 158.0, биеийн ташуу урт 132,0 шилбэний бүслүүр 17.5 см, амьдын жин 300 кг байна. Бие нь ерөнхийдөө уртавтар, ташуу урт нь мундааны өндрөөс ихэвчлэн 3-5 см-ээр илүү бөгөөд улсын хамгийн том адуу баруун хойт болон зүүн аймгуудад байдаг. Зүс нь гол төлөв бараан /хээр, хар, хүрэн, зээрд, хул/ байдаг. Эдгээр зүсний адуу нийт адуун сүргийн 60 гаруй хувийг эзэлдэг.

Монгол адууны араг яс нь бат бөх, нурууны болон чацны яс илүү хөгжилтэй, булчин шөрмөс, амьсгалын замын эрхтэн сайн хөгжсөн, уушиг нь тайван үедээ 40-50 литр агаарын багтаамжтай, минутанд 8-16 удаа амьсгалдаг, судасны цохилт 24-44, биеийн халуун 37.5-38.5 хэм байдаг. Монгол адууны унага эхийнхээ амьдын жингийн 10-11%-тай тэнцүү жинтэй, дунджаар 80 см өндөр, цээжний бүслүүр 70 см, шилбэний бүслүүр 10 см орчим хэмжээтэй төрж, бэлгийн боловсролт 18-20 сартайд, биеийн бойжилт нь 36-40 сартайд гүйцэж, 25-30 насалж, аж ахуйд 18-20 жил ашиглагддаг. Монгол адуу өвөл хаврын улиралд амьдын жингийнхээ 15-18 хувийг алдаж онд ордог боловч алдсан жингээ зун-намрын улиралд бэлчээрээс бүрэн нөхөж чаддаг онцлогтой.

Монгол адууны хүзүү богино, цээж өргөн, нуруу шулуун, урт, хондлой бөөрөнхий, чац намхан, сахлаг өтгөн дэл, сүүлтэй. Нуруу ачаа 120-130 кг-ийг даадаг. Алсын аян замыг туулах тэсвэр хатуужил сайтай, уналгын морь хоногт 70-80 км зам туулдаг.

Нас гүйцсэн гүү, морь дунджаар 360-380 кг жинтэй боловч сайн таргалсан үедээ 400 гаруй кг татдаг. Адууны нядалгааны гарц 52-56%, махны илчит чанар 2886-3000 ккал, өөх нь ханаагүй тосны хүчил ихтэйгээс гадна махны найрлаганд хүний бие махбодид онц чухал хэрэгтэй глютамины болон бусад амин хүчлүүд их /16,2%/ учир шим тэжээл, шингэц сайтай байдаг. Адууны өөх нь ханаагүй тосны хүчлээр баялаг тул цусны даралт ихсэх, судасны хана хатуурах зэрэг өвчний эсрэг үйлчилгээтэй. Монгол адууны гулуузны 15,2-18,1 хувийг яс эзэлдэг. Монгол адууны махны амт чанар, илчлэг нь махны чиглэлийн адууныхаас илүү байдаг нь байгалийн бэлчээрийн олон зүйлийн амтлаг ургамлаас шилэн иддэгтэй холбоотой.

Монгол гүүнээс нэг удаагийн саалтаар дунджаар 500 мл /334-740/, зуны улиралд өдөрт нэг хагасаас 2 цагийн завсарлагатайгаар 6-8 удаа саахад 3200-3700 мл сүү саах боломжтой. Бэлчээрийн маллагааны нөхцөлд зуны улиралд саалийн гүүний хоногт үүсэх сүүний хэмжээ дунджаар 7,5 л байна. Гүүний сүүний тослог 2,01, уураг 1,67, чихэрлэг 6,68, хуурай бодис 11,06, тослоггүй хуурай бодис 9,05 хувь байдаг.

Монгол унаганы эхээс төрөх үеийн амьдын жин нэг сартайд 1,8, хоёр сартайд 2,4, дөрвөн сартайд 3,6, зургаан сартайд 4,5 дахин нэмэгдэж, нас гүйцсэн адууны жингийн 42,0-46,2%-д хүрдэг. Төрснөөс хойшхи эхний зургаан сард унаганы өсөлт эрчимтэй явагдаж, 7-9 сартайд бага зэрэг саарч, 10-12 сартайд харьцангуй зогсонги байдалд орж цаашид улирлын өөрчлөлттэй уялдан хэлбэлзэлтэй байна. Дааганы /30 сартай/ биеийн хэмжээний дундаж үзүүлэлтүүд нас гүйцсэн адууны биеийн хэмжээний 70-80 хувьд хүрдэг.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна