Т.Ганзориг: Соёолон адуу эр хүний сэтгэлийн жигүүр болсон хийморийн баринтаг юм

А.Тэлмэн
2013 оны 11-р сарын 29 -нд

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул, “Морьт галуут” галын гишүүн, аймгийн Алдарт уяач Түвдэннямын Ганзоригийг “Хийморилог зочин” буландаа урилаа.

-Сайн байна уу? Сайхан өвөлжиж байна уу? Юуны өмнө манай сэтгүүлийн урилгыг хүлээн авч ярилцах боломжийг олгосон танд баярлалаа. Баруун бүсийн хурдан морины зуны уралдаанаас хоёр жил дараалан соёолонгийн түрүү авна гэдэг амаргүй байх. 
-Сайн. Сайн байна уу? Баярлалаа. Танай сэтгүүлээр дамжуулаад Монгол улсынхаа нийт уяачид, хурдан морь сонирхогчид, нутгийн түмнийхээ энэ өдрийн амар мэндийг айлтгая. Уул, ус, өвөг дээдэс, нутгийн ард түмний минь буян заяа тэтгэж, сүүлийн хоёр жил дараалан баруун бүсийн наадамд хурдан соёолон насны морь түрүүлгэсэндээ баяртай байдаг аа. Өнгөрсөн  жил Баян-Өлгий аймагт хээр соёолон, энэ жил Завхан аймагт хүрэн соёолон тус тус түрүүлж, уясан эзэн, унасан хүүхэд, уугуул нутгийн түмнийг минь баярлуулсан. Соёолон адууг эр хүний хийморийг түшиж, эзэн хүний сэтгэлийг сэргээдэг хэмээн дээдчүүд ярьж, бэлгэшээж ирсэн. Тэр ч утгаараа тэнгэр баганадсан Их Алтай нутгийнхны, хурдан морины галынхны минь хийморь өөдөө байхын бэлгэшээл гэж бодож явдаг.
-Бүсийн наадмуудын түрүү магнай хүлгүүдийнхээ удам угшлыг танилцуулах уу?
-Хээр үрээ маань Хэнтий аймгийн Дорж гэдэг хүний унаган адуу. Би шүдлэнд нь Дашдаваа гэж дүүгээсээ авч байлаа. Богд “Очирвааны хурд”-д түрүүлсэн хүрэн соёолон маань Хэнтий аймгийн Галшар сумын Нацагдорж гэдэг уяачийн унаган адуу. Манай галын дүү Чилхаасүрэнгийн авч ирсэн долоон дааганаас харж авсан хурдан буян байгаа юм. Ирсэн цагаасаа л намайг баярлуулж, уяач хүний баяр жаргалыг надад мэдрүүлсэн тийм л хурдан хүлгүүд дээ. 
- Сүхбаатар, Хэнтий зүгийн адуугаар сайхан нааддаг юмаа даа.
- Одоохондоо Монгол түмний хурдан ажнайнууд голчлон зүүн талдаа байна. Гэхдээ уяачдын эрдэм чадал өдрөөс өдөрт сайжирч буй учраас хэдэн жилийн дараа баруун талаас ч юм уу, төв халхаасаа хурдан морь зөөдөг болохыг үгүйсгэхгүй. Ер нь Хэнтийн Галшар, Сүхбаатарын хурдан удмын адуугаар нэлээд цус сэлбэжээ. Моринд дуртай Монгол түмэн маань адуугаа сайжруулахад анхаарлаа хандуулж байна. Би үүнийг морин спортын нэгэн шинэ эргэлтийн үе гэж харж байгаа. Яваандаа Монгол адуу дэлхийд өндөр амжилт үзүүлэх ч юм билүү. Энэ завшааныг тохиолдуулан Хэнтий, Сүхбаатарчууддаа баярлаж явдгаа илэрхийлье.
-Соёолонгийн тоосонд ороход бүтэн жилийн хийморь сэргэдэг хэмээн бэлгэшээдэг. Соёолон адуу төрийн зарлигт наадамд дараалан түрүүлгэхээр яг ямар мэдрэмж төрж байна.
- Ерөнхийдөө таван жил дараалан том бага наадмуудад соёолон түрүүлгэж  байна. 2009 онд Баян-Уул суманд хоёр Тод манлайн мялаалга наадам болж, 7 аймаг, 20-иод сумдын уяачид, хурдан хүлгүүдийнхээ хамтаар ирж оролцсон юм. Тэр наадамд би нутгийн унаган бор соёолонгоо түрүүлгэж байлаа. Түүний дараа Хөхморьт сумын сургуулийн ойд алаг үрээгээ, Ховд аймгийн Булган сумын 80 жилийн ойгоор хүрэн үрээгээ тус тус түрүүлгэсэн. 2012, 2013 онуудад баруун бүсийн хурдан морины уралдааны соёолон насны түрүүг хүртлээ.                                                                                                               
-Соёолон адууны уяаг илүүтэй тааруулдаг, энэ насны адуу ээлтэй байдаг юмаа даа?
-Би хамгийн анх 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор аймагтаа хээр үрээгээ  аман хүзүүдүүлж байлаа. Түүнээс хойш долоон жил өнгөрчээ. Уяач хүнд наадам том жижгийн ялгаа үгүй гэж боддог. Наадам л бол наадам шүү дээ. Энэ хугацаанд нийтдээ 60-аад айраг, түрүү хүртлээ. Үүнээс гуравны нэг нь соёолонгийн айраг, түрүү байгаа юм. Ер нь энэ долоон жилд аймаг, сумдын бүсийн наадмуудад соёолонгийн айраг, түрүү тасарч байгаагүйг бэлгэшээж, бахархаж явдаг.
-Завхан аймгийн 90 жилийн ой, баруун бүсийн наадамд халиун алаг даагаа айрагдуулсан. Алаг үрээний удам угшлыг танилцуулаач?
-Халиун алаг дааганы эцэг нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан угшилтай. Манлайбаатар гэж хуурай дүүгээсээ авсан. Эх нь Хэнтийн Галшарын Нарангэрэл гэж найзаасаа Алтайд очсон байхад гурван жилийн өмнө авч байлаа. Тэгэхээр алаг даага бол надад ирээд гарсан миний унаган адууны нэг. Уяачид унаган адуу түрүүлж айрагдах нь адуу сайжирч байгаагийн илрэл гэж ярьдаг шүү дээ. Тэр утгаараа би их бэлгэшээж байгаа.
-Сүүлийн үед зүүн чигийн адуугаар цус сэлбэж байна уу?
-Тийм ээ. Ер нь манай аймгийн бүх сумд зүүн талын адуугаар цус сэлбэж байна. Одоогоос гурван жилийн өмнө УИХ-ын гишүүн Цэдэвийн Дашдорж “Эрдэнэт сүрэг эзнээ баясгана” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж, аймгийнхаа уяачдыг хурдны цөм болсон Хэнтий, Сүхбаатараар явуулсан юм. Нэг сум доод тал нь арав түүнээс дээш адууг авчирсны үр дүн өнөөдөр гараад эхэлчихжээ. Мөн манай аймгаас төрсөн гурван Тод манлай ч нутаг орныхоо адууг хөгжүүлэхэд сэтгэл харамгүй тусалдаг юм. Энэчлэн олон хүний хүч хөдөлмөрөөр Говь-Алтайн хурд илүү сайжирч байгаа.
-Андуураагүй бол өнгөрсөн жилийн баруун бүсэд их морь айрагдуулсан билүү?
-Тэгсээн. Хурдан морь уяж сойх болсоор Засгийн газрын тогтоолт бүсийн наадмаас хоёр түрүү, хоёр айраг хүртээд байна. Өнгөрсөн жил Баян-Өлгий аймагт болсон баруун бүсийн наадамд миний бор морь айргийн гуравт хурдалсан. Бор морь маань манай нутгийн унаган адуу. Хөхморьт сумын маань хөрсөн дээр унаж тэнцсэн унага бүсийн том наадамд айрагдана гэдэг манай сумынхны хувьд хэмжээлшгүй баяр жаргалтай мөч байлаа. Зүүн зүгийн адуу ноёлж буй өнөө цагт нутгийн адуу түрүүлж айрагдана гэдэг бэрх болсон байна шүү.
-Бор морь танай нутгийн хэний адуу вэ?
-Аймгийн Алдарт уяач Дагваа гэж хүний унаган адуу.  Би хүүгээс нь 2008 онд бор морио авч байсан юм. Надад ирсэн жилээ аймагт аман хүзүүдэж, хоёр Тод манлайн зохион байгуулсан бүсийн наадамд түрүүлж, дөрөвхөн хоногийн дараа Халиун суманд дахин түрүүлсэн жишиггүй хурдан адуу. Бор морины дээд өвөг Зулын цагаан азарга сумандаа олон түрүүлсэн азарга байсан юм билээ. Дагваа Алдартын адуу ер нь их хурдан л даа. Аймаг байгуулагдсаны 50 жилийн ойгоор соёолон түрүүлүүлж байсан. Ер нь сум орон нутагтаа айраг түрүү алддаггүй мундаг уяач байгаа юм. Би тэр хүнээс авсан. Бор морь маань жинхэнэ монгол элсний адуу шүү дээ. Надад ирсэн түүх нь бас их учиртай.
-Сайн хүлэг эзнээ хайж явдаг гэлцдэг. Хурдан хүлгүүдтэйгээ учирсан түүхээс хуваалцаач?
-Би бор морио шүдлэнд нь сумын наадамд уралдаж байхыг нь хараад үнэхээр золбоотой адуу юм гэж бодсон. Түүнээс нэлээд хойно 2008 онд сумаасаа аймгийн Иргэдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдчихоод байж байтал Дагваа гуайн хүү Нямгэрэл “ах, ийм үрээ байна, та ав” гэсээр ороод ирдэг юм байна. Хязаалан, ногооны соёолон болоход нь хараагүй байсан ч шууд л “авъя” гэсэн. Ингээд хавар нь дүүгээрээ авахуулж ирсэн цагаасаа л хурдалж нутгийн нэрийн хуудас болж байгаа буянтай амьтан. Одоо ид байна, цаашид ч олон сайхан амжилтыг гаргана гэж боддог юм. Өнөөдөр манай гал уяаны Тайшир сумын Чилхаасүрэнгийн хүрэн, миний бор морь хоёр аймагт зүүн чигийн болоод нутгийн хурдуудтай уралдаж байна даа.
-Бор морио Монгол элсний жинхэнэ адуу хэмээн онцолж байна. Хөхморьтын адуу ямар онцлогтой байдаг юм бэ?
-Монгол орны элсний цөм нутаг гэдгээрээ Хөхморьт сум онцлогтой. Газар нутгийн онцлогоос шалтгаалаад адуу нь бяр тэнхээтэй. Нөгөө талаар манай нутагт суль гэж хүч чадал оруулдаг “шидтэй” ургамал ургадаг. Намар болц нь гүйцээд ирэхээр манай нутгийн адуу сорлож байгаад иддэг юм. Ер нь Завхан голын ай сав дагасан нутгийн адуу арай өөр л дөө. Ховд, Завхан, Увсын зарим сумтай хиллэдэг учраас цаг хүндэрсэн үед монгол элс рүү эдгээр аймгуудын отрын адуу орж ирнэ. Тийм болохоор эдгээр нутгийн адуугаар цус сэлбэж ирсэн. Хөхморьтын адуунууд ойр орчиндоо 1960- 90-ээд онд дархан түрүүлж, айрагдаж ирсэн. Сүүлийн амжилт гэвэл миний бор морь байна. Өдгөө эртнээсээ хурдтай нутгийнхаа адууг зүүн чигийн адуугаар сэлбээд илүү хурдан болж байна. Тийм болохоор манай суманд хурд тасрахгүй гэж боддог. Ер нь манай сум аймагтаа хурдтай сумдыг магнайлдаг. Тэгэхээр Говь-Алтайн адууны нэгэн цаг үеийн тодорхойлолт нь Хөхморьт сум гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу.
-Ярилцлага эхэлсэн мөчөөс л манай галынхан гэдэг үг амнаас тань салсангүй.  Амжилтын  үндсээ ч гэсэн тэдэнтэйгээ холбож үздэг юмаа даа?
-Тэгэлгүй яахав. Ганзага нийлэх гэж монголчууд ярьдаг шүү дээ. Манай “Морьт Галуут” галынхан бол жинхэнэ ганзага нийлсэн хамт олон. Бид ам бүл 12-уулаа. Гишүүдийн маань 80 хувь нь аймгийн Алдарт уяач цолтой . Эднээс Монгол Улсын сайн малчин, аймгийн Алдарт уяач Нямбуу, аймгийн Алдарт уяач Сампил гэж хоёр сайхан буурал галын “анхны партизан”-ууд байгаа юм.  Анх гал байгуулагдахад л зөвлөхөөр ажиллаж эхэлсэн эднийхээ заасан замаар, уяаны эрдэмд шамдан амжилтаа жил ирэх тусам ахиулж яваадаа бид баярладаг. Халх түмний их шүтээн болсон Богд Очирваань хайрхан биднийг ивээж Завхан аймгийн 90 жил, баруун бүсийн наадмаас манай галынхан нэг түрүү, гурван айраг хүртсэн. Галын гишүүн аймгийн Алдарт уяач Загддоржийн халзан азарга баруун бүсэд дараалан айрагдаж, аргагүй хурдан хүлэг болохоо харууллаа. Аймгийн Алдарт уяач Чилхаасүрэнгийн хүрэн үрээ аймагтаа орж, бүсийн наадамд айрагдлаа. Сэтгэл санаа нийлсэн манай галынхан хоорондоо эв нэгдэлтэй,  ахас дээдэстээ хүндлэлтэй, морь малтайгаа зөв харьцаж, зөв сэтгэлтэй явж ирснийг минь үнэлсэн хишиг гэж гал уяагаараа билэгшээдэг юм. Цаашид ч илүү их амжилт гаргана гэж зорьж явна.  
-Ээжийнхээ ачийг хариулах юмсан гэсэн сэтгэл хурдан моринд хөтлөн оруулсан хэмээн та нэгэнтээ ярьж байсан. Моринд орсон түүхээ хуучлаач?
-Миний ээжийн аав Шарав гэж морь уядаг, монгол архи жаахан балгачихдаг сайхан буурал явсан гэдэг юм. Би харж байгаагүй л дээ. Нутаг хошууны овооны наадамд их морины уяаг сайн тааруулдаг Шаравын том охин нь миний ээж. Бага байхын л адууны захад өссөн ээж маань 18 нас хүртлээ морь унасан гэдэг юм. Миний багад гийнгоо, исгэрээ, морины магтаал, ерөөл их уншдаг байж билээ. Одоо бодоход эндээс сэтгэлийн их таашаал авдаг хүн байсан шиг байгаа юм. Тэгж уралдаж байхад тэгж харайж байлаа, тийм жалган дээгүүр тэгж гарч байлаа, адуу ч сайхан амьтан даа гээд л хуучилдагсан. Харамсалтай нь ээжийгээ бурхны оронд залрахад нь би хажууд нь байж чадаагүй харууслаа тайлахын тулд ач буяныг бодож сайн хүмүүстэй нийлж морины уяа сойлгыг тааруулах болсон юм. Моринд дуртай ээж, аав минь тэнгэрээс хүүгээ байнга л харж явдаг болов уу. Нутаг орныхоо нэрийг төрийн наадмын дэвжээнээ дуудуулж байхыг тэнгэрийн орноос ижий, аав минь сонсож байгаа гэж боддог юм. Мөн миний найз Завхан аймгийн Баянтэс сумын уугуул, бригадын генерал Ш.Лачинжав маань намайг моринд ороход хөхүүлэн дэмжиж, хурдан адуу хүртэл бэлэглэж байлаа. Морь, монголын их өв соёл хэмээн дээдэлж явдаг найз маань сумандаа 12 түрүүлсэн халтар моринд зориулан хөшөө хүртэл барьж байсан адууны төлөө гэсэн чин сэтгэлтэй хүн байдаг юм.  Ер нь хурдан морь гэдэг хүнийг цаг үргэлж сайн сайхнаар цэнэглэж байдгийг өнгөрсөн долоон жилийн хугацаанд илүүтэй мэдэрлээ. Уяач хүн өнгөрсөн, одоо, ирээдүй гуравтайгаа хамт нааддаг гэж би боддог. Энд миний урьд, хойд нас, ижий, аав, нутгийн уул ус, ахан дүүс бүгд нааддаг юм. Ингэж язгуурын шинж чанараар бодож явах юм бол адуу хишиг буянаа харамгүй хайрладаг юм болов уу. Уяач хүн хүний морины хүүхэд, хүний морь ялгалгүй хайрлаж байж хувь хишиг хүртдэг юм. Мэдээж монгол наадмын босго өндөр, хатуу шүү дээ. Тавь ч бай, таван зуу ч бай уралдаад ирэхэд ердөө эхний тавыг нь барьж цоллодог монгол наадмын босгыг давах амаргүй.
-Гэр бүл, найз нөхдийн дотор нэг нь моринд орчихоор уруу татагдчихдаг гэдэг дээ. Та олон хүнийг урвуулав уу?
-Тэгэлгүй яахав. Адуу хэмээх хийморилог амьтныг хүндэлж, дээдэлдэг миний ард сэтгэл зүрхээрээ дэмжиж тусалдаг олон сайхан найз нөхөд бий. Ч. Жаргалсайхан, Ховд аймгийн Булган сумын уугуул Нямдаваа, гал уяаныхан маань гээд л хэлбэл нэлээн урт дараалал болох болов уу. Нямдаваа Ховд нутгийн баруун хязгаарт монгол морийг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Удахгүй сэтгэл гаргаж байгаа ажил үйлс нь өргөжин тэлэх эхлэл тавигдах байхаа. Энэ дүү маань сүүлийн жилүүдэд манай гал уяаныхантай гар нийлэн ажиллаж байна. Бас Цэрэнпунцаг гэж дүү бий. Хурдан морины уяа сойлгод суралцаж яваа нэгэн. Энэ жилийн аймгийн баяр наадмаар хавчиг хүрэн морь нь түрүүлж сайхан наадсан. Дүүгийн гал уяаг миний найз Цогбаяр тэргүүлдэг юм. Говь-Алтай аймгийн морины угшлыг сайжруулахын төлөө олон уяачийн адууг зүүн чигийн болоод төв халхын адуугаар цусыг нь сэлбэж өгч байгаа хүн дээ.
-Энэ жил Адууны яам байгуулагдсаны 750 жилийн ой тохиож, бид түүхэн үйл явдлын гэрч, оролцогчид болсон байгаа. Та ч бас энд оролцсон болов уу?
-Нэгэн цагт монгол мориор дэлхийг эзэлж явсан гайхамшгийг монголчууд дэлхий дахинд дахин харууллаа. ММСУХолбооноос зохион байгуулсан энэ ажил үнэхээр амаргүй байсан байх. Гэхдээ маш сайн зохион байгуулсан, дахин давтагдашгүй түүхэн амжилт гэж боддог. Тийм учраас үүнийг зохион байгуулсан ММСУХолбооны дарга, тэргүүлэгчид, моринд хайртай монгол түмэндээ баярлалаа гэж хэлье. Миний хувьд хурдан хүлгүүдийнхээ тоосыг өргөж, Алтайчуудтайгаа хамт жагссан нь хойч үедээ ярих сайхан түүх болж байгаа юм. Зуун дамжигдан яригдах түүхэн үйл явдлын гэрч болсон бид азтай улс. Манай аймгийн МСУХолбоо зохион байгуулалттайгаар оролцсон. Манай гал уяаныхан гэхэд парадад унах морьд, уралдуулах хурдан хүлгүүдээ авчирч хамт олноороо оролцсон. Манайхаас таван морь 4246 морины уралдаанд мордож, аймгийн Алдарт уяач Чилхаасүрэнгийн маань хүрэн морь 43-аар, миний хүрэн морь Цагаан хөтөл давтал гурав, дөрвөөр явж байгаад барианд 100 гаргаад орсон. Ер нь манай нутгаас ирсэн морьд 100 гаргаад л ирсэн нь Хүй мандлын дэнж бидэнд урилга илгээж байна гэж ойлгож байгаа.
-Хүйн мандлын дэнжийн урилгыг хүлээн авч төрийн наадамд хэзээнээс ирж уралдъя гэж бодож байна вэ?
-Мэдээж бидний хүсэл төрийн наадамдаа ирж нутгийн адуугаар уралдах шүү дээ. Ирэх 2014 онд манай аймгийн 14 сумын ой тохионо. Тэгэхээр нутагтаа наадах болов уу. Харин түүний дараа жилүүдээс гал уяагаараа ирж, улсын наадамдаа оролцоно гэж бодож байна.
-Бидний ярилцлага өндөрлөж байна. Сүүлийн асуултыг танд үлдээж байна? 
-Моринд хайртай Монголчууд, төрж өссөн Алтайчууддаа эрүүл энхийг хүсч, цог хийморь өөдөө, өсөн дэвжихийн ерөөлийг өргөе. Нутгийн уул ус, зон олондоо баярлаж явдаг шүү.

А.Тэлмэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна