Доктор Б.Пүрэвцэрэн: Хурдны адуунд нэмэлт тэжээл хэрэглэхээс өөр аргагүй

А.Тэлмэн
2013 оны 12-р сарын 10 -нд

"Тод магнай” сайт “Адууны үржил селекци, эрлийзжүүлгийн” талаар хэлэлцүүлгийг 11 дүгээр сард явуулсан билээ. Тэгвэл энэ 12 дугаар сарыг “Адууны тэжээл, түүний зохистой хэрэглээ”-ний тухай ярилцах сар болгон зарлаж байна. Ийнхүү “Нэг сар-Нэг хэлэлцүүлэг” булангийн энэ удаагийн зочин Мал эмнэлгийн ухааны доктор Б.Пүрэвцэрэн байлаа. Мал эмнэлгийн хүрээлэнд 39  дэх жилдээ ажиллаж байгаа буурал эмч 1976 онд ХАА-н дээд сургуулийг төгсөөд Мал эмнэлгийн вирус судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтнаас хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан аж. Тэрээр 1986-1989 онд Москва хотын Мал эмнэлгийн сорилын хүрээлэнд ажиллаж, мал эмнэлгийн ухааны эрдэмтний зэрэг хамгаалсан бөгөөд сүүлийн жилүүдэд гүүний вируст хээл хаялтад судалгаа хийж, уг өвчнөөс сэргийлэх вакциныг гаргаад байна. Одоогийн байдлаар энэ вакциныг Булган аймгийн бүх суманд нийт 40 мянган гүүнд тариад байгаа гэнэ.
Эрхэм уншигч танд ч энэ булан нээлттэй бөгөөд сонирхсон асуулт, санал хүсэлтээ
todmagnai@ymail.com хаягаар болон редакцийн 9509-2992, 9405-2992 дугаарт холбогдон илгээж болно.
-Бид тантай “Адууны тэжээл, түүний зохистой хэрэглээний тухай” ярилцах гэсэн юм. Адуунд заавал тэжээл хэрэглэх шаардлагатай юу?
-Тэжээл, нэмэлт тэжээл гэж байна. Манай уяачид, малчдын хувьд тэжээлийн журмаар овъёосыг түлхүү хэрэглэдэг. Овъёос бол уураглаг бодис өндөртэй учраас тамир суулгах, тарга тэвээргийг нэмэгдүүлж, биеийн эсэргүүцлийг сайжруулдаг. Үүн дээр улааг хивэг гэж нэрлэдэг, будааны үс хальс ихтэй сэвсгэрдүү хивгийг хольж баяжуулан өгч болно. Харин нэмэлт тэжээл гэхээр ихэвчлэн эрдэс, витамин голлосон бүтээгдэхүүнүүдийг хэлдэг юм. Сүүлийн жилүүдэд дэлхийн дулааралтай холбоотойгоор байгаль орчин ихэд өөрчлөгдөж, унаган байгалиасаа аваад хэрэглэчих тэжээлийн зохист харьцаа алдагдсан. Өөрөөр хэлбэл, нэг м/квадрат талбай дахь ургамлын шим тэжээлт чанар алдагдаж, шарилж, хамхуул голдуу ургамал илүү ургах болжээ. Үүнээс үүдэн, ялангуяа хурдны адуунд нэмэлт тэжээл хэрэглэхээс өөр аргагүй болж байгаа юм. Сүүлийн жилүүдэд монгол адууныхаа цусыг сэлбэх зорилгоор Араб, Орос, Англиас хурдан удмын адуу оруулж ирж, хүмүүсийн хэлдгээр шинэ цагийн адуу олон боллоо. Ийм адууг өсгөж, бойжуулан, уралдаан тэмцээнд ашиглах, уналга эдэлгээнд хэрэглэхэд зайлшгүй эрдэс, витамины дутагдлыг нөхөх шаардлагатай юм. Миний хувьд нэмэлт тэжээлийг хэрэглэж байгааг сайшаадаг хүн. Учир нь тухайн морины эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх бөгөөд олон удаагийн уралдаан тэмцээнд уралдах чадамжийг бий болгодог болохоор тэр. 
-Тухайн адуунд ямар нэмэлт тэжээл хэрэгтэй байгааг яаж мэдэх вэ?
-Жишээ нь, бага насны адуу уралдааны замд халтирах, эсвэл гуу жалга, замын хөндлөн бартаан  дээгүүр харайснаас болоод хөлөө хугалах нь элбэг тохиолддог. Энэ нь ихэвчлэн кальци, фосфорын тэнцвэржилт алдагдсанаас болж, яс хэврэгшсэнтэй холбоотой. Ер нь уяаны ажил дутуудсан, эсвэл тарлалт, дасгал сургуулилтыг тааруухан хийснээс морины хөлний гэмтэл олонтаа гарах нь бий. Хурдны адуунд өөр нэг тохиолддог зүйл бол шингэний дутагдалд орж, ус, эрдсээ алдсанаас бахардах, тамирдаж суудаг. Мөн төмрийн дутагдлаас  болж уушгинд очих хүчилтөрөгч үндсэндээ байхгүй болдог. Ингэж хүчилтөрөгчийн дутагдалд орсон морь суухаас өөр аргагүй. Тийм учраас уяачид, ялангуяа шинэ залуу уяачид уяж байгаа мориндоо нэмэлт тэжээлийг зохист харьцаагаар нь хэрэглэж байхыг л зөвлөнө. Гэхдээ мэдээж уралдааны өмнө богинохон хугацаанд нэмэлт тэжээл хэрэглээд, өндөр амжилтанд хүрнэ гэдэг хэцүү. Удаан хугацаагаар хэрэглэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, манай уяачид бүтэн жилийн бэлтгэл ажлыг хийдэг. Энэ хугацаандаа эрдэс, витаминжуулалтыг давхар тэнцвэртэй хийж явах ёстой юм. Түүнээс биш өвөл, хаврын цагт хэтэрхий их тураачихаад, наадам дөхөөд ирэхээр янз янзын өндөр үнэтэй нэмэлт бүтээгдэхүүн өгөөд амжилт гаргана гэвэл хэцүү.
-Нэмэлт тэжээлийн тунг тааруулахгүй бол яах уу?
-Тун хэтрүүлэх нь зохистой бус хэрэглээ болно. Мэдээж тодорхой графикаар тунг нь тааруулж өгөхгүй дур мэдэн хэрэглэх нь буруу. Жишээ нь, аль ч витаминыг их хэмжээгээр хэрэглэвэл цусанд өтгөрөлт явагдана. Өтгөрөл явагдаад ирэхээр зүрхний ачаалал ихэснэ. Өөрөөр хэлбэл, өтгөн цус судсаар бүрэн тарж, биед тэжээлийн бодисыг хүргэнэ гэхэд хүндрэлтэй болдог. Нэг үе манай уяачид 20, 40 хувийн глюкозыг тамир суулгана гэж их хэрэглэдэг байлаа. Энэ бол асар буруу зүйл. Яагаад гэхээр цусан дахь сахар ихэдсэнээр судасны хананд өнгөр тогтдог. Ингэснээр судас хатуурч, уян хатан байдал нь алдагдаад, морь амархан цуцаж ядрах юм уу, нэг, хоёр жил л уралдаад “дуусдаг”. Нөгөө нь сахарлаг бодисоос болоод зах хязгаарын нарийн судсаар цус гүйхгүйгээс амьсгалжилт явагдахгүй. Тэрнээс болоод морь амархан цуцаж ядардаг. Үүнийг манай малчид, уяачид зүрх өөхөлнө, амьсгаа суучихлаа гэж ярьдаг. Энэ сахар, глюкозтой холбоотой байдаг. Ийм учраас хэрэглэхдээ маш бага тунгаар, таван хувийн глюкозын уусмалыг л санал болгодог.
-Ер нь ямар тохиолдолд дусал хэрэглэх ёстой юм бэ?
-Эрдэс бодисын алдагдлыг нөхөхийн тулд хэрэглэдэг. Жишээ нь, натрихлорид буюу бидний хэлж заншсанаар 0.9-ийн натри буюу физиологийн уусмал бол хамгийн хоргүй уусмал. Организмын шингэний түвшинг тэнцвэржүүлдэг. Мал амьтны буруу тэжээлгээс үүдэлтэй, тэжээлийн хордлого, цус хэт их хүчиллэг болсноос цусны өтгөрөлт болоход натригаар саармагжууллаг. Энэ нь нэг ёсондоо тэжээлийн хордлогыг тайлж байгаа юм.
-Тэгвэл тэжээл, нэмэлт тэжээл хоёрыг заавал хэрэглэх ёстой юу?
-Малдаа өвс, хивэг, овъёос ч юм уу, тарианы сүрлийг тэжээлийн зориулалтаар хэрэглэж болно. Харин цаашдаа уралдуулахаар бэлтгэж байгаа бол заавал эрдэс, витаминжуулалтыг явуулах хэрэгтэй. Тамирчдыг  хар л даа. Дасгал сургуулилт хийгээд ирэхээр мэдээж их хэмжээний хөлс ялгарч, энерги алдагддаг. Тэрийгээ зайлшгүй нэмэлт бүтээгдэхүүнээр сэргээдэг. Үүнтэй адил хурдан моринд ч нэмэлт тэжээл шаардлагатай.
-Хүмүүс ярьдаг даа. Дусал хийгээд л айраг, түрүүнд хурдлуулаад байдаг гэж. Тийм байж болох уу?
-Дусал хийсэн морь болгон хурдлахгүй. Ямар схемээр, ямар эрдэс, витаминтай хольж,  цусыг нь  шингэлж, тамирыг өөд нь татаж байна гэдэгт асуудлын гол нь байгаа юм. Манай хөдөөгийн малчид цагаан өвсний морь хот газрын тэжээлтэй, нэмэлт эрдэс, витаминжуулт хэрэглэдэг морьдыг яагаад ч барахгүй байна гэж ярьдаг. Энэ бол үнэний хувьтай. Гэхдээ байгалиасаа хурд заяасан буян бол мянган сайхан юм хэрэглэсэн ч хурдална, эс хэрэглэсэн ч хурдална шүү дээ.
Дасгал сургуулилт, тарлалт, их, бага сунгааны үед монгол адуу дунджаар 15 литр орчим хөлс алддаг гэж байгаа юм. Ийнхүү их хэмжээний шингэн алдахаар эд эсэд шингэн дутагдаад хордлогод ордог. Мэдээж шингэний дутагдалд орсон бол хурдлахад хэцүү л болно шүү дээ.
-Нэмэлт тэжээл их олон янз бий. Үүнээс тухайн моринд алийг нь сонгож хэрэглэхээ яаж мэдэх вэ?
-Миний мэдэх Ирландын ТRM компанийн нэмэлт  тэжээлүүдээс сонирхуулахад бүх витамин, эрдэс минерал бодисууд, төмрийн бэлдмэл орсон бүтээгдэхүүнүүд байна. Булчингийн агших, сунах чадамж, булчингийн хөгжилтийг сайжруулж өгснөөр давхилтын явцад булчинд үүсэх сүүний хүчлийн өөрчлөлтийг багасгаж өгдөг бэлдмэл бий. Булчингийн ачаалал ихсээд ирэхээр хүн ч бай, мал ч бай сүүний хүчил үүсдэг. Манайхан булчин бадайрна гэж ярьдаг даа. Энэ бол сүүний хүчил ихдэж байгаа хэлбэр. Мөн морины хөл амраагч Ирландын бүтээгдэхүүн байна. Хурдан морь уяаны явцад, ялангуяа урд хоёр хөлөө ээлжлээд их сойдог. Энэ нь хөл эмзэглэлтэй байгаагийн шинж. Тэгвэл энэхүү бэлдмэлийг хэрэглэснээр хөлөнд цус буудаггүй. Бас морины дархлаа сайжруулах саримсны бэлдмэл гэж байна. Энэ мэтчилэн туурайны гэмтлээс, паразит хорхойноос сэргийлэх гээд олон бүтээгдэхүүнийг нэрлэж болно. Адууны ходоодонд шүр хорхой буюу улаан өт байдаг. Энэ өт зуны цагт морь ээрээд байдаг шар хэдгэний авгалдай байгаа юм. Гадаад орчны температур -10 хэмээс дээш болохоор хоол тэжээлийн хамтаар биед орж, өт болон улмаар өвөлжингөө малын хэрэгцээтэй шим шүүсийг шимэгчлэн амьдардаг. Улмаар хавар дулаарахад өтгөнтэй хамт гадагшлан газрыг 10 орчим см өрөмдөж ороод авгалдай болно. Тэгвэл дээрх бүтээгдэхүүнийг өвлийн цагт хэрэглэснээр  өсч үржихээс сэргийлдэг.  Гол нь эдгээр бүтээгдэхүүнийг мэргэжлийн хүний зөвлөгөөгөөр, зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй юм. Тэрнээс юм болгоныг сайн гээд авч хэрэглээд байвал үр дүнг нь харж чадахгүй шүү дээ.
-Адуутай нөхөрлөж ирсэн гярхай уяачид тухайн үедээ энэхүү бэлдмэлтэй ижил үйлчилгээтэй ардын аргыг хэрэглэдэг байсан байх даа? 
-Тэгэлгүй яахав. Манай өвөг дээдэс морийг шинжлэх ухааны үндэслэлтэй уядаг байж. Энэ тухай То ван, Өвгөн ноёны бичиж үлдээсэн түүхэн судруудаас харж болно. Үнэндээ 1990-ээд оныг хүртэл бидний өмнөх үе, ахмадууд маань янз янзын шингэн, эсвэл эрдэс, витамин огт хэрэглэдэггүй байлаа. Тухайн үед одоо шиг байгалийн тэнцвэрт байдал алдагдаагүй байсанд гол нь байгаа юм. Харин  өнөөдөр байдал өөр болсонтой холбоотойгоор зайлшгүй эрдэс, витамин, нэмэлт тэжээл  шаардлагатай болж байна. Монгол адууны хувьд бэлчээр, устайгаа зохицоод эрлийз адуу шиг их хэмжээгээр хэрэглээд байхгүй ч дэм өгөх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Гол нь үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн хүний зөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх хэрэгтэй юм.
-Ярилцлагаа таны судалгааны ажлаар үргэлжлүүлмээр байна. Хээл хаялтын эсрэг вакцины үр дүн гарсан уу?
-Вирусын гаралтай хээл хаялт өвчнийг анх 1986 онд Москва хотод би шинжилгээ хийж оношилж байлаа. Түүнээс арав гаруй жилийн дараа Японы Жайка байгууллагын тусламжаар Мал эмнэлгийн хүрээлэн дээр төсөл хэрэгжиж, өдгөө вакцин, оношлох бэлдмэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна. Гүүний вируст хээл хаялтаас сэргийлэх вакциныг Булганы аймгийн бүх сумын адуунд тарьсан. Ирэх хавраас үр дүн нь гарна. Энэ нь гүүний хээл хаялтыг 80-85 орчим хувь бууруулах юм. Гүүний хээл хаялт герпес-1 вирусээр үүсгэгддэг юм. Ер нь адууны герпес-1 вирус нь гүүний хээлт хаялтыг үүсгэдэг бол, герпес-4 нь бага насны адууны амьсгалын дээд замын эрхтнийг өвчлүүлдэг. Агаар дуслын замаар халдварладаг энэхүү өвчин нь рино пневмониг /уушгины үрэвсэл/ үүсгэдэг. Эдгээр нь аль аль нь манай оронд их тохиолддог.
-Уушгины өвчний үеийн шинж тэмдэг нь яаж явагдах уу?
-Адууны уушгины үрэвсэл нь бусад малынх шиг тод мэдэгддэггүй. Яагаад гэвэл нэг их ханиагаад байхгүй атлаа уушги нэлэнхүйдээ үрэвсэж, амьсгалын багтаамж багасдаг. Үүнээс болж адуу үхэх аюултай.
-Улирлын чанартай гардаг уу?
-Адууны томуугийн хувьд 1993, 2007 онд 10-13 жилийн давтамжтайгаар гардаг байлаа. Харин сүүлийн жилүүдэд байгалийн унаган тэнцвэрт байдал алдагдсанаас болж давтамжийн хугацаа илүү ойртсон. Харин хээл хаялтын тухайд давтамж гэж байхгүй. Манай орны хувьд гүүний хээл хаялт олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Нэгдүгээрт, арчилгаа маллагаа. Хоёрт, эзэн хүний уналга эдэлгээтэй холбоотой асуудал. Гуравдугаарт, өвчин эмгэг. Зарим тохиолдолд ган зуд болох, хэт туранхай, тарга тэвээрэг муутай, өвлийн цагт тэжээл дутагдах, цантай сүрэл идсэнээс болж хээл хаях нь бий. Мөн намрын хайлган цагаар адууг гэнэт их хэмжээгээр хүйтэн усаар усалснаас хээл хаях тохиолдол байна.
-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.

П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна