МУ-ын Алдарт уяач П.Алтансүх: "Тэр жаргалыг зөвхөн уяач хүн л мэдэрдэг”

А.Тэлмэн
2014 оны 3-р сарын 10 -нд

Говь хангай хосолсон Монголын баруун хязгаарт удамт өвгөдийнхөө хурдан хүлгийн зоон дээр гийнгоон дуу хадааж өссөн бор хүү морин жилийн босгон дээр төрдөө үнэлэгдсэн улсын Алдарт уяачийн эрхэм сэнтийд заларсан. Шинэ цагийн монгол адууны уяаг сайн тааруулж, улс бүсийн наадмаас нэг түрүү, долоон айраг хүртсэн Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Пүрэвдоржийн Алтансүх энэ удаагийн “Хийморилог зочин”-оор уригдлаа.
-Алтай нутгийн уяачид аргагүй хийморьтой байгаа бололтой. Сүүлийн хэдэн жил дараалан тус нутгийн хөвгүүд төрийн хишиг хүртэж байна. Та чинь Баян-Уул сумынх билүү?
-Тиймээ, би Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрж өссөн хүн. Миний өвөг дээдэс өвөө, аав нар маань морь уядаг, уяачид байсан. Би тэднийгээ залгамжилсан гурав дахь үеийн уяач нь. Манай сум эрт дээр үеэсээ хурдтай хэмээгддэг байсан газар. Миний мэдэхээр улсын Алдарт уяач Дамдинбазарын цагаан шүдэт хээр морь, Ойдовын хулгар, Далхсүрэнгийн бор гээд мундаг хурдан морьд байлаа.
-Баян-Уулчууд таны өвөөг сайн уяач байсан гэх юм билээ?
-Сум орон нутгийнхаа наадмаас айраг түрүү алддаггүй л хүн байсан. Ааяагийн ногоон,зээрд гээд алдартай хурдан морьтой байсан юм гэнэ лээ. Тэр үед бид бага байсан болохоор сайн мэддэггүй юм. Харин аавд маань бор, болон халтар зүсмийн хурдан морьд байсан.
-Мэдээж  уяачийн гараагаа аавынхаа уясан морийг унахаас эхэлсэн байлгүй ?
-Тэгэлгүй яахав. Долоон настайгаасаа эхлээд 15 хүртлээ хурдан морь унасан. Дээр ярьсан хурдан  халтар, бор, шарга морьдыг нь унаж  сумынхаа наадамд олон удаа түрүүлгэж, айрагдуулж аавыгаа баярлуулж байлаа. Би бие жижигтэйн дээр морь сайн унадаг хүүхэд байсан учраас тийм том болтлоо унасан байх.
-Хүүхэд насны сайхан дурсамжаасаа хуваалцаач?
-Сургуулийн ой байсан шиг санагдаж байна. Хэдэн жилийн ой байсныг нь харин сайн санахгүй байна. Мориноос хасагдчихаад аавтайгаа нийлж уяад бор соёолонгоо айрагдуулсан нь сэтгэлд их тод байдаг юм. Аавын маань нэртэй тэр бор морь бага наснаасаа эхлээд айраг түрүү алдаагүй сайн адуу байсан. Үүнээс гадна Дарви  сумын  70 жилийн ойд холхон  түрүүлгэж байсан.
-Тэр үеэс л бие даан морь уяж эхэлсэн юмаа даа?
-Цэрэгт явахаасаа өмнө бригад болон сумын наадамд бие даан морь уядаг байсан. Тухайн үед авга эгчийнхээ даага болон өөрийн бор морийг уядаг байлаа. Ер нь манай суманд жижиг наадмууд цөөнгүй болно. Тэр болгонд л морь уяж, мордуулдаг байсан даа.
-Унаган адуугаараа л наадна биз?
-Тиймээ. Тухайн үед одоогийнх шиг морь мал худалдаж авдаггүй, өөрийн унаган адуугаараа л нааддаг байж. Тэгээд ч өвөөгийн маань үлдээсэн буян аав бид хоёрт ирж. Биднийг мөн ч олон баярлуулсан даа. Манайх бор голдуу адуутай айл байсан юм. Би 1996 онд цэрэгт татагдаж, Ховд аймгийн Булган суманд албаа хаасан. Эх орны торгон хилээ манан өнгөрүүлсэн нэг жилийн хугацаа дурсамжтай сайхан байж билээ. Тэгээд 1997 онд халагдаж ирээд л морьдоо уях болсон доо. Намайг цэргээс ирэхэд хурдан бор морь маань 10 настай болчихсон байсан болохоор том наадамд айрагдуулж чадаагүй. Харин дээгүүр нэлээд хэдэн удаа давхисан.
-Хот хөдөөгийн уяаны ялгаа их. Түүнээс болоод орон нутгийн уяачид том наадамд төдийлөн амжилт үзүүлж чадахгүй байна гэх юм. Та үүнтэй санал нэгдэх үү?
-Ялгаа байнаа. Анх хотод ирэхдээ морь тэжээж мэддэггүй л хүн байлаа шүү дээ. Сунгаа нь хүртэл их хол санагддаг байсан. Манай нутагт сунгаагаа үсэргээ гэдэг. Тэгээд үсэргээ нь ойрхон газарт хийгддэг байсан юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд ажиглаад байхад хөдөөгийнхөн маань шинэ цагийн уяаны арга барилд суралцан, бараг адилхан шахуу уядаг болж. Яваандаа хот, хөдөөгийн уяаны ялгаа арилах биз дээ.
-Хэдэн онд хотод орж ирсэн юм бэ?
-2002 онд анх хотод ирчихээд Сандуйжав Тод манлайг дагаж хоёр жил морь уясан. Тэгээд түүнээс хойш ах нарыхаа морийг уяж байна даа. Ганц Сандуйжав Тод манлай ч бус Бандгаа Ганхуяг, Онон зэрэг Тод манлайгуудаас бишгүй суралцсан. Одоо ч Онон Тод манлайхтай ойрхон байж асууж зөвлөж байна.
-Уяаны эрдэмд сургасан багш гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Сундуйжав ахад хадаг барьж шавь орж байлаа.Мөн хоёр Тод манлай ахаасаа маш их юм сурсан.
-Ах дүү Тод манлайгуудтай хамаатан гэдэг байхаа?
-Манай аавын хамгийн том ахынх нь хүүхдүүд байгаа юм. Бид ах дүүсийн хүүхдүүд. Хоёр ахынхаа адууг маллаж, адуучин нь байж байгаад 2005 оноос хойш морь уяж байна. Жигүүр хул, Зандан хүрэн , Асгат саарал, шарга гээд түмэндээ хайрлагдсан олон сайхан хурдан буянгуудтай хүмүүс дээ.
-Макс угшлын адуу гэхээр шинэ цагийн буюу эрлийз адуу төсөөлөгддөг?
-Эрлийз ч бий. Монгол ч бий. Шинэ цагийн адуу гэхэд 3-4 дүгээр үеийн эрлийзүүд гарч эхэлж байна. Шинэ цагийн монгол адуу хөлийн хурдтай, бэлэн давхилтай байдаг. Үзүүрийн суултыг нь зөв гаргачихвал ер нь нэг их торохгүй шүү.
-Үзүүрийн суултыг хэрхэн зөв гаргах вэ?
-Эхлээд сууж байгаа шалтгааныг нь тогтоох хэрэгтэй. Тэгээд түүндээ тохирсон ажлыг хийнэ дээ.
-2000 оны эхэн дунд үеэс морийг нь уясан гэхээр ах дүү Тод манлайгуудын амжилтын ид оргил үе нь болж таарах нь ээ дээ?
-Тиймээ. 2002 оноос туслах уяачаар ажиллаж байгаад 2005 оноос ерөнхийдөө уях болсон. Өнөөдрийг хүртэл энэ уяанаас улс бүсийн наадмын  25 түрүү, 34 айраг хүртсэн байдаг юм. Энэхүү амжилтыг гаргахад миний хувь нэмэр бага ч гэсэн байсан гэж бодохоор хурдан хүлгийн тоосонд дарагдаж яваа өөрийгөө азтайд тооцдог шүү.
-Тэгвэл уяачийн хувьд гаргасан амжилтандаа сэтгэл ханан, хамгийн ихээр догдолсон үеийнхээ дурсамжаас хуваалцаач?
-Ер нь морь айрагдах бүрт баярладаг. Морь түрүүлгэх  гэдэг үгээр хэлэхийн аргагүй сайхан шүү дээ. Тэр  жаргалыг зөвхөн уяач хүн л мэдэрдэг. 2009 онд Баянхонгор аймагт болсон бүсийн наадмаас гурван түрүү авчихаад маш их баярлаж байлаа. Мөн Заамар, Архангайн бүсийн наадмуудаас олон айраг түрүү хүртэж байсан.
-Таныг улсын Алдарт уяач цолыг хүртэхэд Сөнгө зээрдийн тань амжилт ихээхэн нөлөөлсөн байх. Магадгүй шинэ  цагийн адуу уяж улсын цолонд хүрсэн цөөхөн уяачийн нэг нь та байх шүү?
-Сөнгө зээрдийнхээ амжилтаар энэхүү нэр хүндтэй цолонд хүрлээ. Зээрд үрээний эх нь Зандан хүрэнгийн удамтай. Харин эцэг нь Будённы адуу байдаг юм. Шүдлэнгээсээ эхэлж дахин, уралдсан болгондоо түрүүлж айрагдаж байгаа үнэхээрийн хурдан буян даа.
-Хэдэн удаа ороод байгаа вэ?
-Нэг түрүүлж, тав айрагдаад байгаа. Үүнээс гадна Тэнхлүүний нэг аман хүзүү, халиун хязаалангийн нэг айраг нэмэгдээд улсын Алдарт уяач цолыг хүртсэн дээ.
-Халиун үрээнийхээ удмыг танилцуулаач?
-Эх талаасаа хурдан шарга азарганы цустай, харин эцэг нь Будённы азарга.
-2014 онд төрлөх сумын тань ой тохиож буй. Нутагтаа наадна л биз дээ?
-Тэгэлгүй яахав.Уралдах санаатай байгаа.
-Нутагтаа хурд түгээж байна уу?
-2009 онд нутаг руугаа хэдэн үрээ явуулсан. Очсон бүгд нь сайхан давхисан байна лээ. Даваасүрэн гэдэг найздаа өгсөн үрээ гэхэд л улсад соёолондоо түрүүлдэг ухаа халзантай  нэг эцэгтэй адуу. Шүдлэнгээсээ  хойш аймагт болсон наадам бүрт  дээгүүрт давхиж байгаа гэсэн. Говь-Алтай аймгийн хаврын бүсийн бага гурван насны морьдын  уралдаанд шүдлэндээ түрүүлж, тэр жилээ Баян-Уулын сургуулийн  ойд  түрүүлж, мөн баруун бүсийн тулгуур төвийн хийдийн наадамд  дахиал түрүүлсэн гэсэн. Хязааландаа улсын заан Соронзонболдын мялаалга наадамд түрүүлсэн байна лээ. Бас нэг бор даага өгсөн нь Говь-Алтай аймгийн анхны “Шигшмэл хурд”- д түрүүлсэн байсан. Хүрэн шүдлэн өгсөн. Мөн л түрүүлсэн дуулдана лээ.
-Өөрийг тань залгамжлах дөрөв дэх үеийн уяачаа бэлтгэж байгаа юу. Хүүхдүүд моринд хэр дуртай байна?
-Ах нь Энхжин, Мөнхжин гээд хоёр ихэр хүүтэй. Морь түрүүлгэж, айрагдуулах тэр сайхан мэдрэмжийг багаасаа мэдэрсэн хөвгүүдээ сайн уяач болох байх гэж боддог.
-Аавынхаа урмыг хугалахгүй бизээ. Морин жилийн босгон дээр төрдөө үнэлэгдсэн эрхэм танд бидний урилгыг хүлээн авч ярилцсанд дахин талархал илэрхийлье.
-Юуны өмнө өдий зэрэгтэй явахад тусалж дэмжсэн хоёр ахдаа маш их бяарлаж байгаагаа дуулгая. Наадмаар зурагт сонины сурвалжлагачид ярилцлага авъя гээд  ирэхээр нь яриа хөөрөө муу болоод өгдөггүй юмаа. Харин уяачдын гол хэвлэл болсон “Тод магнай” сэтгүүлийн хамт олондоо “үгүй” гэж хэлж чадсангүй. Та бүхний ажил амжилт хүсье.
-Баярлалаа. Таныг хурдан хүлгийн босоо цагаан хийморь үргэлж ивээх болтугай. 
Ц.Амарбаяр

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна