МУ-ын Алдарт уяач Ж.Шуну:Улсын цолтой уяач болчихлоо гээд төгс болчихож байгаа юм биш залуусаас ч сурах юм байна

Тэлмэн
2014 оны 6-р сарын 05 -нд

-Удам дамжсан уяачдын уухайд түрлэг нэмж  байгаа Алдартын хүүхэд ахуй цагийн дурсамжаас яриагаа эхэлье?
-Хар багын л адуугаар өвчилсөн хүүхэд байлаа. Миний аав Жамбал гэдэг хүн  чононд хазуулаад сорвитой болчихсон Оёдол цавьдар гээд хурдан морьтой байсан. Хөөрхий чоно нохойд хазуулсан болоод тэгдэг юмуу уг нь хурдан адуу ч түрүүлж байгаагүй. Аймгийн наадамд нэг удаа аман хүзүүдэж, нэг удаа гурвалж байсан. Сум орон нутагтаа бол олон орсоон. Аав маань нэгдлийн хонь олон жил хариулсан хүн. Улс,аймаг, сумын аварга малчнаар удаа дараа шалгарч байсан.Сүүлдээ ч зайлуул нас нь ч яваад хонио дагаад морь уяж чадахаа байсан. Тэгээд би нутгийн  тулхтай буурлуудыг бараадан морио уяулдаг байлаа.
-Хөгшчүүлээс зөвлөгөө аваад түүгээр нь морио уях уу ?
-Морийг нь унаж өгөөд, оронд нь морио уяулна.
-Тэгвэл их жаахан байсан юм байна шүү дээ?
-Харин тэгээд л мориор өвчилсөн хүүхэд байсан гээд байхгүй юу. Сургуульд байхдаа айлын амбаараас бургас хулгай хийгээд нэгдлийн адуунаас даага уургална. Дөрөвдүгээр ангийн жаахан хүүхэд бургасаар морь уургалчихдаг л байсан юм даа. /инээв/Ааваасаа нуугдаад хүний морь унаж, оронд нь өөрийнхөө морийг уяулна. Аав болохоор "ажилд туслахгүй" гээд зэмлэнэ шүү дээ. Манай нутгийн Га.Дугар гэдэг сайхан өвгөн байлаа. “Бархираа” Дандигаа гэж сайхан өвгөн байлаа. Тэр хоёр хүнийг их дагасан даа. Тэр сайхан буурлуудын буянаар өнөөдөр улсын цолтой уяач болчихоод та бүхэнтэй ярилцаж сууна шүү дээ.
-Нэгдлийн эмнэг сургаж байв уу? Шагналд нь даага өгдөг байсан гэдэг юм билээ?
-Арав гаруйг сургавал нэгийг нь өгдөг байсан. Би сургаад даага авч л байлаа.
-Тэгээд тэднийгээ уяулах уу?
-Үгүй ээ. Өөрийнхөө унаган адуунаас  уяулдаг байсан. 
-Унаач сурагчийн адуу тэгээд хэр давхихав?
-Давхинаа, давхинаа. Унаач байхдаа л анхны айргаа авч байлаа шүү дээ. Намайг цэрэгт явсан гурван жил Дандигаа өвгөн дээр манай хүрэн азарга уягдаж байсан юм. Тэр хугацаандаа хоёр жил  түрүүлсэн байсан. Уг нь цэрэгт улираад юухан хийхэн хийвэл хийхээр л байсан ч хэдэн адуугаа санаад хүрээд ирсэн. Ер нь би адуунаас болж олон зүйлээс татгалзсан хүн шүү дээ.
-Жишээлбэл?
-Урлаг соёлоор явсан бол уяачаасаа илүү ч амжилт гаргах байсан байж мэднэ. Хөөрхөн дуулчихдаг хүү байлаа. Тэгээд Ардын жүжигчин дуучин Чимидцэеэ бид хоёр аймгаасаа шалгараад Дорноговийн бүсийн наадамд оролцох гээд явж байснаа "морио уяна" гээд Мөнххаан суман дээр буугаад үлдчихэж байсан юм.
-Уртын дуу дуулах уу?
-Ардын богино дуу ч дуулна. Тийм сайхан юмнаас татгалзаж байдаг гээд зэмлүүлж л байлаа.
-Морь уях дурнаасаа болж багагүй зэм хүртэж байж. Тэгвэл хэзээ аавдаа тоогдож магтаалын үгээр мялаалгаж байв?
-Аймгийн Алдарт уяач цолоо авахад аав минь амьд байсан. Тэгэхэд их баярлаж байгаа бололтой "Миний хүү зорьсондоо хүрч л байгаа юм байна" гэж байсан. Би цэргээс халагдаж ирээд л тасралтгүй морь уясан. Сумынхаа баяр наадмаас айраг түрүү аваагүй ганцхан жил л байсан. Тэр нь 1974 онд билүү дээ. Түүнээс бусдад нь айраг түрүү алдаагүй ээ. Ид уяж байх үедээ шүү дээ.
-Тэгвэл айраг түрүү олныг хүртсэн бахдалт наадам нь хэдэн оных байв?
-Гурван түрүү авч байсан удаа зөндөө бий. Өвгөн ноёны наадамд хээр хязаалангаа түрүүлгээд, найзынхаа азаргыг түрүүлгээд, хүргэнийхээ үрээг уяж  айрагдуулачихаад ирж л байлаа. Хурдны өлгий Галшар нутагт очоод тэгж сайхан наадсанаа дурсах дуртай байдаг юм.
-Монгол улсын Алдарт уяач цолонд хүргэсэн хурдан хүлгэдийнхээ талаар яриач?
-Хулан хээр гээд мундаг морь байлаа. Шүдлэнд нь уяад хүчийг нь дийлээгүй. Хязааланд нь 40 хоног уяж байж дөрөв түрүүлгэсэн. Эхлээд сумынхаа наадамд түрүүлээд дараа нь Мөнххааны 70 жилд мөн түрүүлж, давхар  уяагаар Өвгөн ноёны наадамд алтан жолоо өргүүлж байлаа. Тэгээд намар нь Мал эмнэлгийн баяр болж наадам хийхэд тэнд түрүүлсэн юм. Дараа нь Алтан-Овооны тахилга наадамд бас түрүүлсэн. Их хурдад долоолсон.Намайг олон баярлуулсан хурдан буян байгаа юм.
-Хулан хээрийнхээ угшил гарвалыг танилцуулаач?
-Эцэг нь Банди угшилтай манай хөгшин зээрд азарга байгаа юм. Түүнд долоон гүү хураалгахад долуулаа давхисан. Бүр бүгд түрүүлсэн. Гүү болгоных нь унага шүү. Өнгөрсөн жил улсын наадамд түрүүлсэн хүрэн морь гэхэд манай хөгшин зээрдийн төл. Эрдэнэбат гүү тавиад гарсан төл нь байгаа юм.
-Зээрд азаргаа хэн гэдэг хүнээс авч байсан юм бэ?
-Монгол хээрийн эзэн Пүрэвдоржийн аав дээр үед авсан байсан юм. Түвшинд бүр нутагшчихсан адуу л даа. Тэмээчин Дорждэрэм гэж монгол хээр азарганы эзэн Пүрэвдоржийн өргөж авсан аав нь байгаа юм. Тэгээд тэндээс манайханд дамжиж ирсэн.
-Хулан хээрээс өөр Алдартыг алдаршуулсан ямар хүлгүүд байна?
-Тайж угшилтай хар азарга Мөнххаан сумын 60 жилийн ойд шүдлэндээ түрүүлсэн. Бидний үед чинь  маллах адуу тооны хязгаартай байлаа. Тийм болохоор Банди угшилтай зээрд азарга, тайж угшилтай хар азарга хоёрынхоо дунд нь хэдэн гүү өгдөг байлаа шүү дээ.
-Та хэдэн оны улсын Алдарт билээ?
-2000 онд есөн түрүү, 11 айргаар авч байсан юмдаг. Тухайн үед аймгийн баяр наадмын амжилтаар улсын цол олгодог байсан. Алаг морины эзэн Манлай уяач Түвдэн миний цолыг гардуулж өгч байлаа. Бурхан шиг сайхан хүн байсан дөө хөөрхий. Амьдралынхаа сүүлийн үеийг Сүхбаатарт ирж өнгөрөөнө гэдэг байсан. Тэгсэн нээрэн л манай энд ирж амьсгал хураасан байна лээ. Их сайхан хүн байж билээ. Би Алдарт уяач цолоо Ухна агсантай хамт аймгийн соёлын ордонд гардаж авсан юм. Соёлын ордны хаалга эвдчих гээд багтахгүй олон хүн цугларсан байсан. Би ер нь соёлын ордон тэгж дүүрч байхыг хараагүй дээ.
-Улсын наадамд явж байсан уу?
- Хоёр ч удаа явахдаа арав гаргаад л давхиулсан.
-Сайхан дурсамжийг сөхөх бүрт сэтгэлд өег байдаг. Баяр бахдал, ухаарал хайрласан сайхан наадмын дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцаач?
-1994 онд юмуу даа Алтан-Овооны тахилгат хээр соёолонгоо түрүүлгэхдээ л хамгийн ихээр баярласан. Их сайхан санагдаж билээ. Харин ухаарал хайрласан гэвэл олон доо. Уяач хүн наадмаас наадмын хооронд суралцдаг гэдэг. Би ч гэсэн тэгж л явна. Өнөөдөр улсын цолтой уяач болчихлоо гээд уяаны эрдмийг төгс эзэмшиж байгаа юм биш. Сурах мэдэх захаас аваад л гараад ирэх юм. Залуучуудаас ч сурах юм байна.
-Адуу малын наймаа хэр хийдэг л биз дээ. Хаашаа хурд гаргав?
-Уржинан хүргэндээ өгсөн даага Хэнтийн наадамд гуравлаад, Баянхутаг сумын 80 жилд дөрвөөр давхилаа. Энд зүүн бүсэд Аюушийн шарга гээд шүдлэн үрээ аман хүзүүдсэн. Манай дүү гэрийг нь мялааж өгсөн юм билээ. Сүүлийн үед морь нь их хурдлаад байгаа Дундговийн ихрүүдэд очсон хээр азарга манай аймгийн 70 жилийн ой, зүүн бүсийн наадамд дөрөвт орлоо. Ихрүүдэд очихоосоо өмнө эндээ хоёр ч орчихсон адуу. Мөн энэ хавар болсон Сэлэнгийн Бэлчирийн бүсийн уралдаанд хар морь түрүүлсэн. За тэгээд Өвөрхангай, Хөвсгөл  гээд манай адуу олон аймгаар тарсан даа. Ганц манай гэлгүй Түвшингийн адуу ер л хурдан даа. Та бүхэн мэдэж байгаа биз. Наранхүүгийн Монгол хээр, Бат-Эрдэнийн хүрэн гээд төрийн наадмын түрүү хүлгүүд манай сумаас л төрлөө шүү дээ.
-Санал нэг байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсан Алдартдаа баярлалаа. Удахгүй болох улсынхаа наадамд амжилттай наадаарай.
-Манай нутагт ирж, биднийг улс даяар алдаршуулж байгаа танай хамт олонд ч гэсэн баярлалаа. Энэ сайхан буянтай ажлаа улам бүр дэлгэрүүлж яваарай.
-Баярлалаа.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна