Уяач Д.Ариуннаран: Энэ жил том, бага наадмаас 24-25 айраг, түрүү хүртсэн

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 04 -нд

-Хангайн бүсийн уралдаанд хээр азаргаа аман хүзүүнд хурдлуулсан танд баяр хүргэе.Баяр наадмынхаа сэтгэгдлээс манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Баярлалаа. “Хотгойдын хурд” хангайн бүсийн наадам маань өргөн дэлгэр сайхан боллоо. Олон аймгийн хурдан хүлгүүд ирж хурд хуваалцахад хээр азарга аман хүзүүнд хурдалсанд баяртай байна.
-Ноён хээр тань Доржпүрэв Алдартын унаган адуу гэж дуулсан. Хэзээ авсан бэ?
-Эцэг тал нь Доржпүрэв гуайн адуу, эх тал нь Тариалан сумын малчин Ганбаа гэдэг хүний унаган адуу. Би ноднин Доржпүрэв гуайн уяач Баасанцэрэн гэдэг найзаасаа битүү соёолон аваад сумын наадамд аман хүзүүнд давхиулаад амраасан. Харин энэ жил Тариалан суманд болсон хоёр уралдаанд түрүүлж, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 90 жилийн ойд очиж аман хүзүүдээд “Хотгойдын хурд”-д хоёроор давхилаа. Бүсийн уралдааны дараа Хишигжаргал Манлайн мялаалга наадамд очиж түрүүлсэн.
-Ноён хээрийн амжилт томоохон наадмын анхны хишиг болов уу хэмээн таамаглаж байна?
-Тиймээ, зургадугаар сарын нэгэнд манай аймгийн шилдэг хүлэг шалгаруулах уралдаан болж даага түрүүлгэсэн. Би их сургууль төгсч ирээд Тариалан сумынхаа дунд сургуульд багшилж байгаад өнгөрсөн жилээс ажлаа өгч мориныхоо уяанд анхаарч байгаа. Аймгийн чанартай уралдаанаас дөрвөн айраг авсан байна лээ. Энэ жилийн хувьд том, бага наадмаас 24-25 айраг, түрүү хүртсэн.
-Бэлгийн морины шүдийг үздэггүй гэдэг хэдий ч орон нутагт зохиогдож буй наадмуудын бай шагнал ямархуу байдаг вэ?
-Ерөнхийдөө тааруу шүү. Улсын баяр наадам болон орон нутгийн зүгээс зохион байгуулж байгаа уралдаанууд бай шагнал тааруутай. Харин хувь хүмүүс зохион байгуулж байгаа овооны тахилга, ургийн баяр зэрэг нь бай шагнал өндөртэй байдаг учраас олон морь уралддаг. Магадгүй сумын баяр наадамд цөөн морь морддог болсон нь бай шагналтай холбоотой байж мэдэх юм.
-Залуу уяачдын хувьд адуугаа чанаржуулах гэдэг томоохон ажил тулгардаг байх?
-Тиймээ. Би аймгийн Алдарт уяач Сүхбаатар ахыгаа даган зургаан настайгаасаа эхлээд хурдан морийг нь унадаг байсан. Тэгээд нэг үе сургууль соёл гэж яваад зуны амралтаас бусад үед уяа сойлгын ажилд оролцож чаддаггүй байсан. Харин ажлаа өгснөөс хойш мориндоо анхаарал хандуулж Сүхбаатар, Төв зэрэг аймгаас адуу авчирлаа. Мөн Алдарт уяач Доржпүрэв гуайн адуунаас болон Булганы аймгийн Алдарт уяач Батбаатар гэдэг ахаасаа адуу авсан. Тэднийх нэлээд эртнээс зүүн зүгийн адуугаар цус сэлбэсэн айл байгаа юм.
Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна