ММСУХ-ны Ерөнхийлөгч, Манлай уяач М.Энхболд: Монголын хурдан морины стандартыг баталсан

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 11 -нд

Есдүгээр сарын 5-ны баасан гарагт Цагаан хөтөлд болсон уяачдын өдөрлөгийн үеэр ММСУХ-ны Ерөнхийлөгч, Манлай уяач М.Энхболдоос цөөн асуултанд хариулт авснаа хүргэж байна.
-Хээрээр гэр, хэцээр дэр хийж явдаг хөх уяачид өөрсдийн өдөртэй болж байгаа нь өнөөдрийн онцлох үйл явдал байлаа?
-Тэгэлгүй яахав. ММСУХ-ны VI их хурлаас уяачид, уралдаанч хүүхдүүдийнхээ эрх ашгийг хамгаалах талаар олон чухал арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон. Түүний нэг нь уяачдын өдөртэй болох өнөөдрийн арга хэмжээ байлаа. Цаашид жил бүрийн наймдугаар сарын 9-нд уяачдын өдрийг тэмдэглэж байх юм. Яагаад энэ өдрийг сонгосон бэ гэхээр наймдугаар сарын эх гэхэд баяр наадмууд дуусч, уяачид маань түр амсхийгээд байдаг. Өөрийн чинь хэлсэнчлэн хээрээр гэр, хэцээр дэр хийж, жилийн дөрвөн улиралд хөдөлмөрлөж байдаг уяачид маань нэг өдрийг өөртөө зориулж тухайн жилийнхээ хурдан морины уралдаанд гаргасан амжилт, ирэх жилүүдэд хийх бүтээх зорилтоо ярьж байх юм. Үүний зэрэгцээгээр Монголын уяачид бүгдээрээ сэтгэл санаа нэгтэй, хурдан морь уях эрдэм ухаандаа нэг бодлого, нэг зорилготой оролцож байх үүднээсээ уяачдын тангарагийг бий болгож, морь уралдуулах бүртээ уншиж байхаар тогтлоо. Өөрөөр хэлбэл, уяачид маань хурдан мориныхоо уяа сойлгыг тааруулах, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, хурдан морь унаж байгаа хүүхдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах үүргээ ухамсарлан тангараг өргөж байгаа юм.
-Уяачийн тангараг цагаа олсон шийдвэр байсан хэмээн хувьдаа дүгнэж байна?
-2013 оныг ММСУХ ёс зүйн жил болгон зарласан. Оны эцэст ажлаа дүгнэж тэргүүлэгчдээрээ хэлэлцээд “тангарагтай болох нь зүйтэй” гэдэг шийдэлд хүрцгээсэн юм. Тангарагтай болсноор  орон нутагт ажиллаж, амьдарч байгаа уяачид илүү итгэл үнэмшилтэй болж, өөрсдийн үүргээ илүүтэй ухамсарлах болно шүү дээ. Өнөөдрийн /2014.09.05/ гурав дахь том арга хэмжээ бол дурсгалын цогцолборын шав тавих ёслол юм. 2013 онд морьтон монголчууд  дэлхийн дээд амжилтыг хоёр төрлөөр тогтоосон. Энэ түүхэн үйл явдлын нэг жилийн ойд зориулж дурсгалын цогцолборын шавыг нь тавилаа. Үүний гол зорилго бол Гиннессийн дээд амжилт тогтоосон энэ үйл явдлаа монголчууд хэзээ ч мартахгүй, үргэлж дурсаж явахыг бэлгэдэн олон зуун жилийн хурдан морь уралдуулж байсан Хүйн мандалын долоон худаг хэмээх энэ алдартай сайхан хөндийд байгуулж байгаа юм. 
-Морин жил гарсаар зургаан бүсийн наадам зохион байгуулагдлаа. Эдгээр уралдаан ММСУХ-ноос баримталж буй бодлого стандарттай нийцэж чадсан болов уу?
-Засгийн газрын шийдвэртэй зургаан бүсийн уралдаан болсон. Манай холбоо бүсийн уралдаануудын дүнгээ нэгтгэж Засгийн газарт тайлагнадаг.
-Адууг эрлийз, монголоор нь ялгах шийдвэр хэрэгжсэн анхны улсын наадмын дараа та “энэ жилийн баяр наадмын 30 айраг, түрүүний 26-г нь анх удаа улсын наадамд зорьж ирсэн уяачид хүртлээ” хэмээн бахархалтай ярьж байсан. Гэтэл сүүлийн хоёр жилийн улсын баяр наадмын бага насанд эрлийз адуу давамгай уралдаж ямар нэг хэмжээгээр маргаан дагуулж байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? 
-ММСУХ-ны VI их хурлаас Монголын хурдан морины стандартыг баталсан. Тиймээс цаашдаа Монголын хурдан морины стандартыг баримталж аливаа уралдааныг зохион байгуулж байх ёстой хэмээн бид үзэж байгаа. Энэ жилийн хувьд тэрхүү стандарт улсын баяр наадмын өмнөхөн батлагдсан учраас бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадаагүй байж мэднэ. Цаашдаа бол тэр стандартаа барьж уралдана. Монгол морины чанар чансаа, туулах чадвар, хурд хүчийг нэмэгдүүлэх тал дээр уяачид болон манай холбоо тодорхой бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Мэдээж хэрэг монгол морины чанар чансааг сайжруулах арга хэмжээний үр дүнд зөвхөн монгол мориороо уралдаад байх биш, сайжирсан, тухайлбал, шинэ цагийн монгол адуугаар уралдахад анхаарал тавих ёстой гэж үзэж байгаа.
-Товчхондоо сэрвээний өндрийг гол үзүүлэлт болгоно гэсэн үг үү?
-Тиймээ, сэрвээний өндрөөр Монголын хурдан морины стандартыг баримталж уралдааны морьдыг ялгаж салгах ёстой гэж үзэж байгаа.
-Монголын уяачид гадагшаа гарч уралдахын тулд эхлээд дотоододоо тэр хэмжээний уралдааныг хийж хэвших хэрэгтэй гэдэг. Өөрөөр хэлбэл, олон улсын стандарт, дүрэм журамд нийцсэн морин тойруулгатай болох ёстой. Энэ нь хууль эрх зүйн хувьд хязгаарлагддаг шүү дээ.
-Тиймээ, одоогийн хууль эрх зүйн актууд уламжлалт уралдааныг зохион байгуулахад чиглэсэн. Харин сонгодог хэлбэрээр морин тойруулгын уралдаан зохион байгуулахад шинэ хууль, дүрэм журам шаардлагатай. Энэ талаар бид тодорхой санал санаачилгыг дэвшүүлэн ярьж байгаа. Ер нь хурдан морины уралдааныг улс орныхоо хэмжээнд, дэлхий дээр байгаа монгол үндэстнүүдийнхээ хэмжээнд зохион байгуулах тал дээр яригдаж байгаа зүйлүүд бий.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна