Тод манлай уяач Ц.Хэнмэдэх “Эрдэнийн очир”-оор энгэрээ мялаалаа

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 16 -нд

Есдүгээр сарын 5-ны баасан гарагт Цагаан хөтөлд болсон уяачдын өдөрлөгийн үеэр Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Тод манлай уяач Цэрэнгийн Хэнмэдэх “Эрдэнийн очир” одонгоор энгэрээ мялаасан билээ. ММСУХ өнгөрсөн жилээс эхлэн хурдан морь уяж сойх үйлсэд болон морин спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан зүтгэлтнүүдээ “Эрдэнийн очир” одонгоор шагнадаг болоод буй юм. Тус одонгийн хамгийн анхныхыг МУ-ын СГЗ А.Баярмагнай, Тод манлай уяач Ц.Батсайхан, Д.Ганбаатар, МУ-ын Алдарт уяач Н.Даш-Өлзий, сэтгүүлч Л.Цагаандалай, Говь-Алтай аймгийн МСУХ-ын тэргүүн Д.Гомбожав, Сэлэнгэ аймгийн МСУХ-ны тэргүүн Г.Бямбаа, Увс аймгийн МСУХ-ны тэргүүн Ю.Төгсжаргал, Говьсүмбэр аймгийн МСУХ-ны тэргүүн Г.Шүрэнчулуун, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул О.Батбилэг нар тус тус хүртсэн юм. Өдөрлөгийн үеэр Тод манлайтай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-“Эрдэнийн Очир” одонгоор энгэрээ мялаасан танд баяр хүргэе.
-Баярлалаа. Хоёр жил хэртэй бие хаа тааруу байсан ч олон түмэн уяачид, хурдан буянгуудынхаа хиймориор бие маань сайжраад байна. Өнөөдөр уяач олон түмэн, алтан тууртаар нөхөрлөсөн анд найзууд, ахан дүүс маань надад хүндэтгэлтэй, хандаж одонгоор  шагналаа. Хамгийн гол нь морьтон Монгол дэлхийн дээд амжилтанд бүртгүүлсэн түүхэн баярт өдөр энэ том шагналыг авсан нь бэлгэшээлтэй юм. Энэ өдөр зөвхөн уяачдын бус Монгол Улсын нийт ард түмний баяр байх учиртай. Өнөөдрийн бас нэг сайхан үйл явдал бол ирээдүйд Монгол Улс мөнх байхыг бэлгэдсэн дурсгалт цогцолборын шав тавих ёслол байлаа.
-Эрдэнийн очир одонт долоо дахь эрхэм болж байгаа юм байна?
-Тийм байхаа. Монголын үндэсний том соёл, эв нэгдлийн баталгаа болсон эрийн гурван наадмаа дээдлэн сайныг нь дуурайж, цээрийг нь сахисаар өнөөдрийг хүрлээ. Ер нь уяач хүн гэдэг хар муу санадаггүй, хараал хэлдэггүй, яаран ямаан омог гаргадаггүй байх хэрэгтэй. Тэгж байж л амжилт гаргана шүү дээ. Залуу уяачдадаа тэгж л захимаар байна даа. 
-Уяачийн тангаргийн тухайд юу хэлэхсэн бол?
-Зайлшгүй байх ёстой зүйл.Уяач бүр санаж бодон чандлан биелүүлж, баяр наадмаа хүндэтгэн, цагийн юмыг цагт нь хийж, алтан туурт хүлгүүдээ хайр гамтай, зөв зохистой уяж, унаж байгаа үр хүүхдүүдээ аваар осолгүй уралдахын төлөө хичээх ёстой гэдгийг баталгаажуулж байгаа хэлбэр юм.
Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна