Ц.Баянжаргал: Халх даяар гайхагдсан тэр олон хурдан буянтай уралдаж түрүүлнэ гэдэг Магнай халтар бид хоёрын хувьд том бахархал
Шигшмэл морьдын "Их хурд-4" уралдаанд Магнай халтар азаргаа түрүүлгэж, "Их хурд-5" уралдаанд халтар морио айргийн гуравт хурдлуулсан хийморилог эрхэмтэй уншигч таныг уулзуулж байна. Зочны хойморт Завхан аймгийн Яруу сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цагаанбандийн Баянжаргал тухаллаа. Таалан болгооно уу?
-“Очирваанийн хүлэг” МСУХ-ны тэргүүнээр ажилласан таван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаасаа танилцуулаач?
-Таван жил тав, зургаан сар Завхан аймгийн “Очирваанийн хүлэг” МСУХ-ны тэргүүнээр ажилласан. Энэ албыг 2008 оны дөрөвдүгээр сарын эхээр хүлээж авсан шүү дээ. Энэ бол огт төлөвлөгөөнд тусгагдаагүй зүйл байсан юм. Нэг орой галаараа уулзаад сууж байсан чинь аймгаас Энхболд руу яриад “тэргүүн болооч” гэсэн санал тавиад манай хүн болохоор “би чадахгүй байхаа. Та аваад яваач” гэсэн юм. Уг нь манай аймгийн МСУХ чинь 1995 онд байгуулагдсан МУ-ын ууган холбоодын нэг нь шүү дээ. Тэгэхээр нь “та нар дэмжих юм бол би аваад тодорхой хэдэн ажил хийе” гэсэн.
-Тодорхой ажлууд нь юу байхав?
-Угаасаа аймгийн уяачид хэд хэдэн хүсэлт тавьсан байсан юм. Нэгдүгээрт, ММСУХ-нд бидний төлөөлөл болоод үзэл бодлыг нь дамжуулан илэрхийлж байдаг хүн хэрэгтэй байна гэсэн. Хоёрдугаарт нь, бүсийн уралдааныг үлгэр жишээ сайн хийж өгөөч ээ гэсэн. Тэгээд чадвал аймгаа тэргүүний шилдэг холбоогоор шалгаруулж өгөөч гэсэн хүсэлтийг хурлын дараа тавьж байсан юм. Дээрх хэд дээр нэмэгдээд сумдад анхан шатны салбаруудыг байгуулж, уралдааныг боловсронгуй болгож, тогтмолжуулна гэх мэт арваад зорилго дэвшүүлсэн л дээ. Гол томууд нь миний ярьсан гурван зүйл байгаа юм.
-Тэгээд зорилтуудаа хэрэгжүүлж чадсан уу?
-Би чинь нутгаасаа гараад 43 жил болчихсон хүн шүү дээ. 1971 онд л гарсан. Тэгэхээр тэнд миний таньдаг тусалж дэмжих хүн их цөөхөн байсан л даа. Энэ нь миний зорьж төлөвлөж байсан ажил 100 хувь бүрэн дүүрэн хэрэгжихэд сөргөөр нөлөөлдөг байсныг нуугаад яахав. Товчхондоо бол өнгөрсөн хугацаанд надтай гар нийлээд бодлого зорилт хэрэгжүүлэх хүн бараг байгаагүй. Гэсэн хэдий ч төлөвлөж байсан зүйлүүдээ хэрэгжүүлсээн. 2009 онд баруун таван аймгаа хамарсан баруун бүсийн уралдаан хийх тухай Засгийн газрын тогтоолыг нь гаргуулж аваад тухайн үеийн Засаг дарга байсан Санжмятавт “та зохион байгуулалтын ажлыг нь хариуц. Бид мориных нь бай шагналын асуудлыг хариуцъя” гэсэн санал тавьсан. Санжмятав дарга сайхан хүлээж аваад орон нутгаа маш сайн зохион байгуулсан. Би олон газрын уралдаанд очсон ч манай Санжмятав дарга шиг тэгж сайн зохион байгуулсан хүн тухайн үед байгаагүй юм шүү. Хурдан морины бай шагналтай холбогдсон бүх зардлыг хотод ирээд суурьшчихсан нутгтийн бизнесменүүд гаргасан. Дээр нь бид бөхөө байлсан. Тэр битгий хэл, зам засахад ч гэсэн санхүүжилт хийж, хөрөнгө мөнгө гаргасан. “Очирваанийн хурд-2009” баруун бүсийн уралдааныг зохион байгуулах гээд 140 хэдэн сая төгрөгтэй Тэлмэний хөндийд бууж байлаа. Энэ дашрамд бидний үйл ажиллагааг дэмжиж хөрөнгө санхүүгийн хандив өргөсөн зарим нэг хүмүүсийг дурдахыг хүсч байна. Болох уу?
-Мэдээж.
-Энэ наадмын гол ивээн тэтгэгчдээр Цэрэнпунцаг захиралтай “ЖЕМ интернэйшнл”, Дагвадорж захиралтай “Таван толгой транс” компани ажиллаж тус бүр 35 сая төгрөгийн хандив өргөж байлаа. Мөн УИХ-ын гишүүн Оюунхорол түрүү морины байнд зориулж 10 сая төгрөг өгсөн. Дээр нь “Сонор трейд”-ийн захирал Энхболд, “Өлзий” төвийн захирал Даш-Өлзий, УИХ-ын гишүүн байсан Туяа, Тод манлай уяач Цандэлэг гээд олон хүн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Тэгээд бид дүнгээ гаргахад хамгийн сайн зохион байгуулалттай оролцсон сумаар Эрдэнэхайрхан шалгарч байлаа. Тус сумын уяачид хамгийн олон айраг түрүү хүртэж, зохион байгуулалт сайтай оролцсон.Харин хамгийн их хандив босгосон сумаар Яруучууд тодорсон. Манай сумынхан дангаараа нийт 65 сая төгрөгийн хандив өргөсөн байдаг юм. Түүнчлэн Тосонцэнгэл сумын харьяат “Гэр индустрал” ХК-ийн захирал Бат-Очир арван ханатай гэр өгч байлаа. 2009 оны 15 сая төгрөгийн гэр гэдэг чинь мундаг ивээн тэтгэлэг байхгүй юу. Тэрхүү гэрийг нь би холбооныхоо нэрийн өмнөөс аймгийн ЗДТГ-т бэлэглэсэн. Одоо хэр нь тэндээ зочид гийчдээ хүлээж авдаг гэнэ лээ. Мөн манай Яруу сумын харьяат “Их Монгол” компанийн захирал Эрдэнэбат зургаан ханатай иж бүрэн сийлбэртэй гэр аймгийнхаа уяачдын холбоонд бэлэглэсэн. Тэр нь одоо бий байхаа. Энэ мэтчилэн нутаг орноо гэсэн олон сайхан хүмүүсийн чин сэтгэлийн дэмжлэгээр уралдаан маань ямар нэг будлиангүй, хүүхэд унасан, осолдсон, гэмтсэн зүйлгүй маш сайхан болсон. Бай шагналын хувьд тухайн үедээ хамгийн өндөрт тооцогдож байлаа. Энэхүү амжилтыг маань ММСУХ үнэлж, “Очирваанийн хүлэг” МСУХ маань тухайн жилийнхээ Монгол Улсын шилдэг салбар холбоогоор шалгарч байсан.
-Ямартаа ч бүсийн уралдаан зохион байгуулах хийгээд шилдгээр шалгарах гэсэн зорилтууд хэрэгжиж. Ингэхэд та хэзээнээс ММСУХ-ны тэргүүлэгчээр ажиллах болсон юм бэ?
-2008 онд уяачдын холбооны V их хурлаар тэргүүлэгчээр сонгогдсон.
-Тэгвэл үндсэн томоохон зорилтууд биелсэн юм байна?
-Миний хэмжээнд том зорилтуудаа биелүүлсэн. Аймгийн хэмжээний өдөр тутмын ажлаа Ганзориг сайн зохион байгуулж, уралдаануудаа тогтмолжуулан салбар холбоодоо зохих түвшинд бэхжүүлж чадсан гэж ойлгож байгаа.
-За тэгвэл албаны яриагаа өндөрлөөд, амины яриагаа эхлэх үү дээ. Нутгийн түмэнд тань хүрэх учраас нутаг ус, бага насны дурсамжаасаа эхлээд хувцаалцах нь зүйтэй байх. Таны дээдсийг жороо голдуу мянган цагаан адуутай байсан гэдэг шүү дээ.
-Би чинь 1956 онд төрсөн хүн. Тэр үеийн юмыг дам төдий л мэднэ. 1958 оны намар анхны нийгэмчилгээ явагдаж сум нэгдлийн анхны 18 гишүүний нэг Лхамжав гэдэг хүн комиссоор томилогдоод манай өвөөтэй уулзан “за ер нь нийгэмчлэх асуудал бол тодорхой болсон. Танайхаас мал авна” гэдгээ хэлж байсан юм гэнэ лээ. Олон хүнд хэлдэггүй байсан нь тэдний малыг авлаа л гэх сургаар адуу малыг солих, холих асуудал гарч магадгүй гэж үздэг байж л дээ. Тэгээд анхны нийгэмчилгээгээр 400 гаруй адуу, дөрвөн тэмээ, долоон үхэр, 40 гаруй ямааг нь Цэрэнноров гэж хүн хүлээж аваад хонинд нь гар хүрээгүй юм гэсэн. Дараагийн жилээс нь эхлээд тухайн үеийн жишгээр нэг өрхөд оногдох ёстой малыг нь үлдээгээд бусдыг нь бүгдийг нь авчихсан юм билээ. Манай өвөөгийнх чинь таван хүүтэй. Хамгийн том нь манай аав Цагаанбанди. Дүү нарыг нь Багабанди, Зэдэр, Таржид, Данзан гэдэг байсан юм.
-Ер нь нийтдээ хичнээн мал нийгэмчилсэн байдаг юм бэ?
-Мэдэхгүй. Бидэнд баримт сэлт алга. Манай сумын архив түймэрт өртөөд шатчихсан юм билээ. Манайхыг мянган цагаан адуутай. Дээдчүүл нь хурдан морь мал уядаг байсан гэдгийг нутгийнхан мэднээ. Өвөө, аавын үед хурдан морь уяж байгаагүй юм билээ. Тийм шалтгаан байсан гэдэг юм.
-Дээдсийн тань адууны үлдэгдэл нутаг орноор тань байх юм уу?
-Байлгүй яахав. Манай Зэдэр маамаагийн отгон хүү яг авч үлдсэн. Одоо 100-гаад адуутай айл байна. Зүс адууны хэлбэр хийц гээд яг л байна гэдэг юм. Надад ч гэсэн бий. 1973 онд юм уу даа. Манай аав Дарханаар дамжаад наашаа нүүж ирсэн юм. Тэгэхдээ адуугаа авчраад Партизанд дүү нар дээр нь байлгаж байгаад 2000-гаад оны эхэн үед би өөрөө авсан.
-Жороо адуу байх юм уу?
-Жороо байхгүй ээ. Манайхны дээдчүүл 200 жилийн турш үе улиран саран дэвсгэртэй чандмань тамгаар адуугаа тамгалсаар ирсэн. Тийм тамгатай адуу надад, бас Зэдэр маамаагийн отгон хүүд байна.
-Морь уяж болохгүй гэх дээдсийн цээр таны үед үргэж дээ?
-Ямар учир шалтгаантайг нь хэлж байгаагүй. Гэхдээ адуугаа мянга хүрсэн ч хурдан морь битгий уяарай гэж байсан юм гэнэ лээ. Тэгээд аав насныхаа сүүл үед морь уядаг болж, залгаад би уясан.
-Цэнгэл Манлай эдийг эрхэмлэж мэдэхгүйгээсээ болоод дээдсээсээ өвлөгдөж ирсэн олон зүйлээ үгүй хийсэн тухайгаа ярьж байсан. Танай дээдчүүлээс өвлөгдөж ирсэн ховор нандин зүйл бий юу?
-Нэг үе бид өмчтэй байхаасаа ичдэг байлаа шүү дээ. Нийгэм нь биднийг тийм болгочихсон байсан. Бидэнд өвгөдөөс маань юу дамжигдаж үлдсэн бэ гэхээр хөөрөг, гаанс тэргүүтэн л байна. Өвөө бид хоёр чинь ойрхон зөрсөн улс шүү дээ. Би төрөөд 3-4 сар болж байхад өвөө бурхны орон руу явсан юм билээ. Тэгээд явахаасаа өмнө надад гаансаа үлдээсэн байсан. 12-13 см орчим урттай их чамин хаш гаанс бий.
-Миний хувьд Баянжаргал гэдэг хүнийг 2004, 2005 оны үеэс мэдэх юм байна. Ер нь хэзээнээс морь уях болсон юм бэ?
-Хол хөндий байж байгаад гэнэт орсон юм биш л дээ. Сургуульд байхдаа зуны амралтаар адуу мал дээр очно. Нүүдэл суудалд хийнэ. Тэгээд ч адуу гэдэг угаасаа Монгол хүний цусанд байж зүйл. Манай аав бол 1982 онд намайг сургууль төгсөөд ирэхэд Партизаны сангийн аж ахуйд нүүгээд ирчихсэн морь уядаг болчихсон байсан юм. 1990 онд 192 мянган төгрөгөөр аавдаа Багахангайгаас арваад тооны адуу авч өгч байлаа. Тэгээд ажлаа завчилж аавдаа туслаад Яармагийн дэнж дээр майхан бариад гардаг байсан. 1998 онд аав маань бурхны орноо явж бидэнд адуу мал нь ирсэн. Би дороо долоон дүүтэй. 4-5 нь эрэгтэй юм. Хоёр бага хоёулаа адуутай холбогдоод байсан улс. Гадагшаа сургуульд явах болоод би бүгдийг нь авч үлдээд тэгээд л ер нь морь уяж эхэлсэн дээ.
-Анх хэдэн насны ямар морь уяж байв?
-Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Чулуунбаатар гэдэг хүнээс сумандаа айрагдчихсан хонгор морийг нь 1.5 сая төгрөгөөр аваад. Тэрийг нь дагуулаад 20-иод адуу авчирсан юм. Адуугаа сэлбэж байгаагийн анхны тохиол нь тэр юм уу даа. Тэгээд “Найрамдал” зуслангийн доод талд Бор толгой гэдэг аавынхаа зусдаг байсан буурин дээр ирж буугаад өөрийн унаган цагаан даагыг, хээр азарганыхаа хамтаар уясан даа. Хээр азарга нь Сүхбаатар аймгийн наадамд айрагдаж байсан айлын адуу. Цагаан даага нь нэг их дэл сүүл болсон амьтан. Тэгээд улсын наадамд уралдуулчихаж байсан юм. Одоо бодоход яаж мал алчихаагүй юм. Нэг нь 72-оор, нөгөө нь 100 гарч давхисан санагдана.
-Анхны оролдлого тэр бүр амжилт олдоггүй шүү дээ. Гол нь шантарч л болохгүй?
-Угаасаа дуртай хүн чинь улам сэргээд ирдэг юм билээ. Энд тэндээс авсаар байгаад нэлээд олон адуутай болчихоод Баянцогтод байдаг Аюурсэд гэдэг найз дээрээ аваачиж байлаа. Тэгээд одоогоос яг арван жилийн өмнө Яруу сумынхаа 80 жилийн ойд Магнай халтар азаргаа хязаалан мордуулж 20-иодоор давхиулж байлаа.
-Баянжаргал уяачийн нэрийн хуудас болсон Магнай халтар азаргатайгаа учирсан түүхээ хуучлаач?
-Баянцогтод байдаг манай Аюурсэдийнхээр орж гардаг Отгоо гэдэг залуугийн адуу шүү дээ. Нэг өдөр Аюурсэд “нэг сайн үрээ байна, Баянаа чи ирээд үзээч” гэж байна. Би ч яваад л очлоо. Эхлээд бид хоёр авах зарах тухай ярьсангүй. Яруу сумын маань 80 жилийн ой болох гэж байдаг. Адуу аваачиж уралдуулмаар санагдаад болдоггүй ээ. Тэгэнгүүт нь цэргийн ангиас байлдааны том Урал 1.5 сая төгрөгөөр худалдаж аваад баахан адуу ачаад гараад туучихсан. Тэгж явахдаа би Отгоогоос “ах нь халтар үрээг чинь нутагтаа аваачиж уралдуулчихаад ирье” гэсэн Отгоо “тэг, тэг. Та аваад яв” гэж байна. Сайхан сэтгэлтэй, сайн залуу л даа.
-Авах шийдвэрийг тэгээд хэзээ гаргасан юм бэ?
-Ногооны шинэ соёолон болохоор нь авах гээд бэлтгэж байсан чинь нэг өдөр Отгоо утасдаад “Баянаа ах аа, та халтар үрээг яах гэж байна. Улс үзээд байна, авмаар байна” гээд байна гэхээр нь “тийм юм байхгүй. Би авна” гээд очлоо гээд хэлчихлээ. Тав дахийн банк хаачихсан бэлэн мөнгөгүй байхад тэгж залгаад сандарсандаа нэг найз руугаа залгаадахсан чинь харин бэлэн мөнгө байна гэнэ. Тэрийг нь аваад найзуудтайгаа давхиж очоод авчихсан даа. Бид хоёр урьд нь үнэ ханшаа тохирчихсон байсан юм. Авахынхаа өмнө гуравдугаар сарын 18-нд болдог Баянцогтын уламжлалт уралдаан дээр давхилыг нь харлаа. Гарч байгаа энэ тэр нь маягтай юмаа. Дэлээ дээш нь шидлээд тачигнаад л алга болчихдог. Үнэн хайр хүрмээрээ.
-2005 онд тэгээд яаж уралдсан юм?
-Олон түрүүлж, айрагдсан. Баянцогт, Атар, Нөхөрлөл, Баянчандмань хавийн хаврын уралдсан болгондоо л орж байсан. Тэгээд зургадугаар сарын эхээр би Баянхонгор луу уул уурхайн ажлаараа явж байгаад Өвөрхангайд Дууяа, Энхболд нартай таарлаа. Түүнээс өмнө Дууяаг зүс мэднэ. Дагаад уралдааныг нь үзсэн чинь Дүүгүүр саарал арваадаар давхидаг юм. Тэгсэн гэнэт би чинь халтар үрээгээ уралдуулмаар санагдаад болдоггүй. Хавар нь улсын баяраас өмнө шүү дээ. Тэгээд Дууяа дээр очлоо. Манай хүн чинь тэнд хүглийсэн амьтан л явж байгаа юм чинь/инээв/. Аргагүй юм даа. Элбэг хээр соёолон нь энэ хавийн хаврын уралдааны айраг, түрүүг хамчихсан байсан юм чинь. Тэгээд дэргэд нь очоод “хоёулаа хоёр соёолонгоо аваад уралдах уу” гэсэн. “Тэгье, хаана ямар уралдаан байна” гэж байна. Тэгэхээр нь “Хархоринд “БОСА”-гийн 10 жилийн ойтой юм байна. Бай нь “Иж планета” мотоцикль гэнэ. Та туслах уяачдаа л хэлчих. Би зохицуулаад морьдоо ачуулчихъя” гэлээ. Хашир туслахдаа хэлчихэж. Би цаашаа явчихаад буцаад Хархоринд ирж байгаа юм. Отгоннасан, Бат-Эрдэнэ гээд тэр хавийн мундаг уяачид сайн соёолонгуудаа аваад оччихсон. Уралдтал Магнай түрүүлээд, Элбэг аман хүзүүдсэн. Тэгээд бид буцаж явах замдаа Дууяа намайг дуудаад “Баянаа миний хөгшөөн, халтар үрээг чинь би уяж өгье” гэсэн юм. Тэгж л “Талын хүлэгч”-ийн гишүүн болж байсан даа.
-Найздаа юу гэж хэлсэн бэ?
-Тэр дороо ч очоогүй л дээ. Би Дууяад “Найзынхаа сэтгэлийг бодъё. Энэ жилдээ би тэндээ байя”гэдгээ хэлсэн юм. Тэгээд халтар үрээгээ Аюурсэд бид хоёр уяж улсад есөөр давхиулсан. Тэр жил Дууяагийн Элбэг хээр түрүүлж байсан шүү дээ. Одоо бодоход миний юм мэддэггүйгээс л болсон юм даа. Хурдан байхад нь дунд сунгаагаа дутуу хийгээд баллаад хаячихгүй юу. Тэгээгүй бол Элбэгтэй өгөө аваатай байсан адуу шүү дээ. Гэхдээ маш том сургамж авсан. Тэгээд л наадмын дараа намар нь “Талын хүлэгч” галын албан ёсны гишүүн болоод өнөөдрийг хүртэл хамтран зүтгэж явна даа.
-2006 он. Улсын чанартай бүсийн наадмын анхны айргаа амссан жил?
-Тийм ээ. 2006 онд улсын наадамд 30-аадаар давхисан санагдаж байна. Хойгуур орсон. Тэгээд Эрдэнэтийн бүсэд очиж зургаалсан. Уг нь эрлийз адууг ялгана гэж байснаа Чулуунбат хоёр эрлийз азарга тавиад Магнай маань айрагдаж чадаагүй. Тэндээсээ “Тамирын хурд”-д очоод таваар давхиж, төрийн зарлигтай наадмын анхны айргийг авчирч байлаа. Тэнд тухайн үеийн шижгэр адуунуудтай үзэж тарсаар байгаад Соёмбо түрүүлж, миний халтар таваар давхисан.
-2007 он бол таны амьдралын хамгийн баяр жаргалтай мөчүүдийн нэг байсан байх?
-Тийм ээ. 2007 онд Магнай халтар маань долоон настай азарга дэндүү сайхан наадсан. Дүнжингарав Хүй долоон худагт болж нэг их цасан дунд уралдаагүй юу. Тэгэхэд гарааны төхөөрөмжний ард орсон хэр нь дохио өгөөгүй байхад гарсан адуунуудыг бараг Цагаан хөтөл өнгөрөөж эргүүлж авч оруулж байсан юм. Тэр дунд Магнай халтар, Босоо дэлт хоёр явчихсан байсан. Тэгээд эргүүлж авчирч дахиж уралдуулаад 10, 11-ээр давхисан. Дараа нь Номгонд аваачиж уралдуулсан чинь бас 11, 12-оор орсон. Тэр хавар их хурдан байсан нэг л болж өгөхгүй байсаар улсын наадмын сунгаануудад тархинд л уралдаад байсан даа. Тэгэхэд Тод манлайгийн хэлсэн нэг үгийг би ер мартдаггүй юм.
-Юу гэж хэлсэн юм бэ?
-“Болж өгвөл шарга азаргатай ойрхон шиг уралдахыг хичээгээрэй” гэж унаач хүүд нь хэлсэн юм. Тархи барьсхийгээд уралдаарай гэсэн үг л дээ. Тэгээд шарга түрүүлж, Магнай аман хүзүүдээд, Босоо гурвалсан шүү дээ.
-Төрийн наадамд азарга аман хүзүүнд хурдлуулах тэр агшинд ямар мэдрэмж төрдөг юм бэ?
-“Талын хүлэгч”-ийн түүхэнд ч тэр, миний өөрийн удам судрын түүхэнд ч тэр анх удаа азарга төрийн наадамд айрагдаж байгаа нь тэр. Эргээд бодоход бас л гоё шүү. Манай галын Энхжаргал яагаад ч юм машинд суугаад дагасан юм байна л даа. Замын цагдаад ажилладаг. Чи мэдэх билүү.
-Үгүй ээ?
-Би болохоор барианы зурхай дээр үзнэ гээд үзэгчдийн дунд гэр бүлийнхэнтэйгээ, хүүхдүүдтэйгээ, “Яндаг”-ын Болдбаатар бид хэд зогсож байсан юм. Тэгсэн чинь Энхжаргал залгаад “Цагаан хөтөлийн доод талын Гүн жалганы цаад талд Магнай халтар 20-иодоор ороод ирлээ” гэж гэнэтхэн хэлдэг юм. Тэгсэн чинь миний гар чичрээд хүнээс тамхи аваад татсан гэж байгаа юм. Болдоо намайг хараад байж л дээ. Гар нь чичрээд байгаа хэрнээ төв байдлаа хадгалах гээд хичээж байна гэнээ. Жаахан байж байгаад дахиж залгаад “Гүн жалга руу орохдоо есөөр, Цагаан хөтөл дээр долоогоор явж байна. Үүнээс цааш цагдаа явуулахаа байчихлаа” гэдэг юм. Тэгэнгүүт бид хэд “энэ юу ч болж магадгүй” гээд барианы зурхай руу алхлаа. Хичнээн ч хол газар очоод зогсчихсон юм. Бараг А зөвшөөрлийн тэрүүхэн хавьд л зогсож байсан юм билээ. Тэгээд аахилж уухилсан юм алхсаар иртэл азарга ч ирж таараад. Хойшоогоо хөлсний хашаа руу очтол цагдаа нь оруулдаггүй. “Үгүй ээ, наадах чинь миний азарга” гээд сандарч тэвдээд хэлтэл арайхийн нэг юм оруулсан. Тэгээд ороод ойлгомжтой шүү дээ.
-Баярын нулимсаа барьж дийлээгүй?
-Чи харсан даа. Тэрүүхэн хооронд уйлсан. Ер нь зөндөө л юм болсон байна дээ. Тухайн үеийн тэр мэдрэмж. Гайхамшигтай л даа. Олон юм бодогдоно.
-Эр хүний нулимс задгайрдаг цөөн агшны нэг. Тийм торгон агшныг цөөнгүй харж байлаа?
-Чи ч хувьтай л даа. Халхын хурдан хурц адууг харж, тэдний эзэдтэй уулзан, морьдынх нь тухай сайхан хууч хөөрүүлээд. Энэ чинь ч бас хувь заяа шүү. Тэр тусмаа бүсгүй хүн.
-Зарим үед ч ажлаараа бахархах сэтгэл төрдөг шүү. Тийм баяр жаргалтай үедээ хүн ер нь хэнийг илүүтэй өгүүлдэг юм бэ?
-Би бол аавыгаа л бодсон. Аав минь харсан ч болоосой гэж. Ер нь байн байн тэгж боддог юм даа. Морь сайн давхиад ирэх, уяа сойлго нь аятайхан байгаа үед аав, ээж хоёрыгоо их боддог. Миний хоёр буурал чинь хоёр жилийн зайтай цуваад явчихсан юм шүү дээ.
-Монголын морины их олимп “Их хурд-4” уралдаан. Яруугийн унаган хүүгийн хийморь асч, Магнай халтар азарга түрүү магнайд хурдалсан шүү дээ?
-Улсын баярын дараа манайхан цуглараад баяраа тэмдэглэж байсан юм. Тэгсэн Дууяа Тод манлай намайг татаад хүний араар харсан чинь “би чамд нэг санал тавья, зөвшөөрөх үү” гэж байна. Ер нь юуны тухай ярих гэж байгааг гадарлаж байсан болохоор “Зөвшөөрнө өө” л гэлээ. Одоо шарга азаргыг барьж уралдаад, үрэгдвэл үрэгдээд л, дийлвэл дийлэх л юм. Чи юу гэж бодож байна” гэж байна. Би “таны хэлснээр болъё. Зөвшөөрнө өө” л гэсэн. Шарга азарга гэдэг ямар агуу амьтан билээ, тийм ээ.
-Тэр үеийн босоо адуу?
-Тийм адуутай уралдаад түрүүлсэн хүлгээрээ бахархахгүй байхын аргагүй шүү дээ.
-Шаргыг ид хурдан үед нь дийлсэн цорын ганц адуу ч гэж хэлж болох байх?
-Тэгж яривал хүмүүс онгирлоо гэж бодох байлгүй дээ. Гэхдээ түүхэнд тэгээд л бичигдчихсэн. Би үгүй ээ гэж хэлэлтэй биш. Хавар “Их хурд”-ын ивээн тэтгэгчээр оролцоход Үнэнбүрэн, “Баянаа ах аа, таны морь дагах зөвшөөрөл шүү” гээд өгчихсөн байсан юм. Тэгээд гарааны зурхай дээр очиж азаргануудаа сайхан гаргачихаад наадам будилаантуулчихлаа ч гэж магадгүй гээд шууд бариа руу явсан. Түрүүлээд орж ирэх тэр агшин гайхамшиг юм л даа. Олон хүний зүтгэл, хөдөлмөр, эр хүний ёндоо гээд олон юмны төгс бүрдэл шүү дээ. Халх даяар гайхагдсан, шигшигдсэн, дархлагдчихсан тэр олон хурдан буянгуудтай уралдаж түрүүлнэ гэдэг том бахархал. Агуу шарга, Гуулин зээрд, Босоо дэлт, Соёмбо хүрэн, Жигүүр хул гээд цуут хүлгүүдтэй уралдаж байсан нь Магнай халтар, бид хоёрын бахархал. Өөрөөр илэрхийлэх аргагүй юм.
-Магнай гэдэг нэрийг хэн өгсөн юм бэ?
-Түрүүлэхийн бэлгэдэл гэсэн утгаар би өгсөн юм. Сүүлд нь Баярмагнай ахаас “Магнай халтар гэдэг нэр өглөө. Зохилтой байна уу” гэсэн чинь “наадах чинь гоё зохиж байна” гэсэн юм.
-Энэ жил 14-тэй юу. “Их хурд”-аас хойш ер нь яаж давхисан бэ?
-2008 онд улсын наадамд долоолоод, Алтан-Овоонд очиж бас долоогоор давхисан. 2009 онд хөлөндөө жаахан хөндүүр авчихаад улсад 14-өөр давхисан. Тэгэхээр нь тэр жил бүтэн тэжээгээд, хөлөнд нь эмчилгээ хийсэн.
-2010 оны “Их хурд”-д уралдсан уу?
-Уралдсан. 2010 онд нэлээд хойгуур давхисан. 2013 онд ч гэсэн гуч гаргаж ирсэн. Нэгэнт хийдгээ хийчихсэн сайхан буянгаа одоо амрааж, үр төлийг нь авах тал дээр анхаарахаар шийдсэн. Сүүлийн хоёр жил 15 гүү өгсөн. Эр, охин бараг тэнцүү төл гарсан. Хоёр жил өнжихдөө Магнайгаасаа олон төл авсан шүү. Төл сайтай сайхан амьтан даа.
-Төлүүдээс нь яаж давхиж байна?
-Энхболдын хээр азаргыг мэдэх байх. Азарганы хамгийн том нь. Тэрний дээр есөн настай нэг морь бий. Даагандаа их сайн давхиж 7-8 айраг, түрүү авч байсан юм. Бусад нь шүдлэн, хязаалан үрээнүүд бий. Ер нь Магнай нэлээд олон болчихсон шүү./инээв/
-Яруугийнхаа 90 жилд Магнай халтартайгаа ирж уралдаарай хэмээн урьсныг би танд уламжилсан шүү дээ. Тэр талаар ямар бодолтой байгаа вэ?
-Нутаг орныхон энд тэнд уулзалт хийхээр тэр хүсэлтийг байнга тавьдаг юм. Аваачиж харуулахад болохгүй юм байхгүй л дээ. Гэхдээ би чинь төл авах гээд нэлээн олон гүү өгчихсөн. Тэднийг нь яахав. Тэгэхээр төлүүдийг нь л авч явж уралдуулах байх даа.
-“Их хурд-5” уралдаанд айргийн гуравт хурдалсан Чандмань халтарын тань талаар асуухгүй өнгөрч болохгүй байх.
-Баянцагаан угшлын адуу. Төв аймгийн Баян сумын харьяат Батжаргал гэдэг залуугаас авч байсан юм. Одоо 14-тэй. 2011 оны хавар уралдуулж байгаад хөлийг нь гэмтээчихээд дахиж уралдуулаагүй ээ. Хийдгээ хийчихсэн сайхан амьтныг зовоогоод яахав.
-Халтар адуугаар одтой наадагч эрхэм томоохон наадмаас хичнээн айраг, түрүү хүртээд байгаа вэ?
-Нэг түрүү, гурван айрагтай. Гурван айргийнх нь нэг нь “Их хурд”-ынх, нэг нь “Тамирын хурд”-ынх, нөгөө нь улсын наадмынх.
-Баянжаргал уяачийн адуунд Халхын ямар хурдан удмын адуунууд чуулсан бол гэдгийг асуумаар байна?
-Тойруулгын гүү нэлээд хэд бий. Мөн Сүхбаатар аймагтаа, сумдадаа айрагдсан, түрүүлсэн азаргануудаас авсан. Жишээлбэл, Сайрийсүрэнгийн Төмөр-Очирын бор азарганы төл гээд загал азарга маань байна. Хэнтий аймагт зургаан настай хол тасарч түрүүлж байхад хаврын уралдаан дээрээс авч байсан юм. Мөн Батмөнхийн Танк хүрэн гэж азарга байна. Бас л Сүхбаатар аймагтаа нэртэй адуу. Баянцагаан угшлын Чандмань хул гээд азарга авсан. Бураа Пүрэвжав агсны адуунаас бол эр, охин олон бий. Архангайгаас ч гэсэн азарга авсан. Ер нь их олон адуу авсан шүү.
-Тусдаа морио уяж байгаа сурагтай байсан. Хэзээнээс өрх тусгаарлаав?
-Би 2013 онд Дуламсүрэн Тод манлайдаа албан ёсоор хадаг барьж шавь орсон. Бид одоо багш шавийн барилдлагатай улс. Энэ өвлөөс хойш багшдаа хэлээд тусдаа морьдоо уяж байгаа. Мэдэхгүй чадахгүй зүйлээ асууна. Гэхдээ ингэлээ гээд “Талын хүлэгч”-ийн гишүүн биш болчихож байгаа юм биш. Галын гишүүн хэвээрээ. Гол нь өмнөх шигээ ганц хоёр адуу уяхгүй. Бага адуунуудаа оролдож, хурдыг нь танимаар байна шүү дээ. Ингэхийн тулд л уяагаа тусад нь байлгаж байгаа юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Удахгүй болох улсынхаа баяр наадамд одтой хийморьтой сайхан наадаарай.
-За баярлалаа. “Тод магнай” сэтгүүл өнөөдөр Монгол улсын хэмжээний том сэтгүүл болж чадсан байна. Би таныг 2006 оноос мэдэх юм. Ер нь аливаа юманд зүтгэж байж хүрдэг гэдгийг та бүхэн харуулж чадсан. Танай сэтгүүлийн хамт олонд ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Баярлалаа.
"Тод магнай сэтгүүл" №54
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна