“Нууцаас нууц, далдаас далдын шулуун журамт” судраас...

А.Тэлмэн
2014 оны 10-р сарын 16 -нд

Уншигч та бүхэндээ Өвгөн ноён М.Пүрэвжав 1885 онд таван хүний хамт зохиосон "Нууцаас нууц, далдаас далд шулуун журамт" хэмээх судраас хүргэж байна.

Сайн адуу давхих нь цөөн, муухай адуу давхих нь олон. Адуу тус тус янзтай тул нэг адил уяж болохгүй байна. Арьс нимгэн, сэтгэл хөнгөн морийг их гишгүүлж олон хүчтэй тарлаж болохгүй болов уу. Заслага нийлсэн морь бие сэтгэл нь хөнгөн, амгалан жаргалантай байдаг болов уу. Уяа засал зохилдсонгүй морь зүс өнгө муу, хамар атирч, нүд нуухдаад олон хэвтэх бөгөөд бие хүнд байдаг. Адуунд дадлага гэж байлтай мэт. Юу гэвэл хэн хүн өөрийн унаган адууг даага, үрээ цагаас нэмэх ба үл нэмэх олон цөөнд хол ойр давхих, хэдэн хоногтой засах, тарган эцэнхий уралдах зэргээ эзэн хүний мэдэлд болох хэрэг тул тэр дадлага сургуулиар даддаг болов уу.
Хол нутагтай хүнээс хурдан адуу авбал уяа засал солигдох мэт дөрвөн дээд доодгүй тэгшхэн бүдүүхэн бөгөөд бие бэсрэг, хөнгөн, мах арьс сул, элбэг нимгэн бөгөөс цуцал багатай байх магадгүй. Дээд бие хүнд сайн, тураг бөгөөд үе, хөл нарийн бол газрын холд цуцах магадгүй. Харин таван цулыг толгойн эрхтэнд үзэх хэрэгтэй. Энэ цагт морийг төлөв цөөн хоногт хөнгөн аяс засвал ямар бол. Гэвч бяцхан уяад үзтэл тэр морь бэлхэн өөрөө заагаад өгөх биз.
Хужир муу гэдэг. Юу ч болов анх уяхаас цагдаж цээрлэж байгаад осолдон хар шороо, хужир балмаг идвэл муу биз. Их хужиртай ус, нуур ууж байхад давхилд мах нь хөөсөн байдаг. Үүнийг хөлс дутуу гэж эндүүрч хэтрүүлэх магадгүй болов уу.
Алив морины бүх бие төгс бөгөөд чихний ургац эрс дээгүүр, холбоо үзүүр эсрэг харалцсан мэт бөгөөд төвгөр, нүд нь хар хүрэн бөгөөд уужим бүлтгэр, харц нь тогтуун сайхан, хамрын нүх бүрээний амсар мэт хуулзар нь хуцын хуулзар мэт монгхор, шанаа талхи нь хонхор, эрүүний яс матаастай, эрүүний толгойн хэв уртхан боловч мах нь хатингар,соёо урт, шүд урт тэгшхэн, цөгц нь гүнзгий, шөрмөс нь нимгэн, чанга, хий нь цээл уужим, хүзүү нь урт дөрвөн хөлийн гишүүнүүд эрс, бэрэвхий нь эрс бөгөөд дөрвөн хуруу хэр, туурай эрс ирмэг бүдүүн, дал урт, сэрвээ өндөр, бөгтрөг нь хүрнийн бөгтрөг мэт, цавь бага, хавирга сүврэг нь өргөн урт бөгөөд матаас нь бөөрөнхий, борви хонго нь нугалаагүй шулуун, гуя нь гурын гуя мэт, салтаа нь гэрийн хаалга мэт ханхар, дэл, сүүлний үс өтгөн шингэн нь дундаж, ширхэг нь нарийн цэвэрхэн бөгөөд эрчгүй мяндсан ширхэгтэй. Бүх яс нь илэрхий төвгөр, мах хөрс бага бөгөөд хатангир, арьс нимгэн сул, үс нь бугын үс мэт тачир, бөөрний хий бага, ааль зан нь хөнгөн сайхан, аньсага уужим, хөлс элбэг, уяан дээр зогсож байхад толгой дээгүүр бөгөөд элдвийг эргэцүүлэн харж эргэн тойрч байх, морь давхихад бөхийж давхих.
Адуу ижилдээ явахаас баримагц дээрдэх, барьснаас эмээл засмагц дээрдэх, эмээх зассанаас унамагц дээрдэх, унаж энгийн явахаас давхимагц дээрдэх. Энэ мэт болвол нэгэн сайн морь байж магадгүй байна.
Хэдэн ёсны газрын шинжийг хэрэгсүүлэн болгоож бодоод морь уяхуйд өмнөө ойрхон уултай газар үл болох, баруунд ойр уул буй аваас хий чанарт моринд муу. Хойноо хоолой газар уявал дунд. Тал газар сайн боловч морь уйдах, эрхэм нь өмнөө устай зүүнд сайхан талтай, баруунд намхан уултай, хойноо түших энгэр болоод шороон өнгө шар, баруун хойно ил нууртай бол газрын гэм үл болох хэмээнэ.
Алив гэрийн ойр ба үхэр, тэмээний хэвтэл бэлчирт болохгүй, хээр цэвэр газар уявал баярлана. Ажнайн хүрэн хүлгийг хээр уявал хээрийн сэргэлэн амьтан мэт байнам. Их хахир газар уявал хөл сарвайх, зүлгэнд уявал чийг авах гэсэн бөгөөд  морин эрдэнийг уях нууцаас газрын хэлбэрийг өгүүлсэн анхны зүйл буй.
Анх барихдаа адуугаа уяаны баруун хойно хурааж адуугаа барьж гүйцээд их насыг зүүнээс дараалан, бага насыг баруунд нь уя. Үл уйдахын тул байдсуудыг хамт уялцвал сайн хэмээжээ. Уяагаа тэмээний унгас, дээснээс бус зүйлээр сайтар үйлд. Ер барихуйд ихэд хөөн барихуйг дунд. Гараар зөөвөн барихыг эрхэм. Гэнэдүүлэн барихыг адаг хэмээсэн буй. Морин эрдэнийг анх барихыг өгүүлсэн нууцын хоёрдугаар зүйл буй.
Анх барьсан өдөр жин үдэд дөчин алхам газар гурав дахин явуул. Түүнээс нар шингэх хүртэл дахиж дөрөв, тав явуул. Түүнээс нар шингэсний хойно мөн дачин алхамд гурав дахин явуул. Ирмэгц тавь. Түүний маргаашнаас эхлэн хавар, өвөл бол өдөр бүр гурав явуул. Зун, намар бол долоо буюу тав явуул. Дөрөв хонотол өдөр бүр таван алхам нэм. Ширүүн гишгүүлбэл мах нь үлдэж, өөх нь үгүй болно. Ихэд сажилбал мах нь үгүй болж, өөх нь үлднэм. Ер сажилж ширүүлэхгүй нэг зангаар хөдөлгөвөл сайн. Хэзээд нэгний өмнө явуулбал өмнөх морины гэдэс хатна. Нэгэн морины сүүлд аваас урьдаар гэдэсгүй болно. Цаг үест солиод урд баасныг үзвэл баах тул хуурайг зайлуулаад нойтныг бүү ав. Олом султгавал морь үл баах гэсэн. Морио гишгүүлэхдээ алжаал хэрүүл хийвэл уяа гутна хэмээв. Нас бүрийг үеэр явуул, хольцолдуулбал болохгүй гэдэг. Шүдлэн, даагыг алхам дутуу явуул. Явсан газраас өмнөхийг хойно, хойнохыг өмнө солиул. Их хур ба их халуунд бүү гишгүүл. Нэмнэвэл сайн. Хур тарган морины тохом нимгэн, хүнд хүн холоос гишгүүлбэл хөнгөрдөг. Гишгүүлэхийн үеэс нууцын гуравдугаар зүйл буй.
Үргэлжлэл бий...

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна