Тод манлай уяач Б.Жанчив: Эрийн гурван наадмаа бүрдүүлэгч монгол эрчүүд ёс жудгаа эрхэмлэн дээдэлж явах ёстой
Их эзэн Чингис хаан төрт улсаа төвхнүүлсэний 800 жилийн ой тохиосон 2006 онд буурал азаргаараа одтой сайхан наадан моринд хайртай Монгол түмнээ цэнгүүлсэн хийморилог эрхмийг зочин хоймортоо урилаа. Энэ хүн бол мэдээж Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Тод манлай уяач, Гавьяат тээвэрчин Банзрагчийн Жанчив юм. Морин жилийн босгон дээр дээд цолтны эгнээнд эрэмбэлэгдсэн түүнтэй халуун хууч дэлгэн хөөрөлдсөнөө уншигч танаа өргөн барьж байна. Таалан соёрхоно уу.
МАНАЙ ААВ ОЛОН ГАЗРААС ХУРДАН АЗАРГА АВСАН
-Морин жилийн босгон дээр Тод манлай уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон танд баяр хүргэж, зочны урилга авсанд талархал илэрхийлье?
-Баярлалаа. Сэтгүүлийнхээ зочноор урьж оролцуулж буй танай хамт олонд ч гэсэн талархал илэрхийлж ажлын амжилт хүсье. Дээхэн үед морь уяна гэдэг заваараа хийдэг ажил байлаа. Малчид нь малаа маллаж, хөдөлмөрчид нь ажлаа хийх зуураа морио уяж сойгоод уралдуулдаг байсан. Харин одоо бол өвөл, зунгүй уралдаж, морь уях нь дөрвөн цагийн ажил болоод байна. Түүнийгээ дагаад уяачийн хөдөлмөр ч мэргэжил шахуу болж, өрсөлдөөн ч ширүүсч байна шүү дээ. Дээхэн үед тэр аймагт нэг сайн морь байна гэж дуулдаад хэдэн жилийн дараа улсын наадамд ирж уралддаг байсан бол одоо өнөөдөр тэнд хурдалсан морь маргааш энд ирээд уралдаж байх жишээний. Тэгэхээр улсын баяр наадмын хурдан морины уралдааны чансаа сайжирч уяачдаас эрдэм чадал, эв дүй, хөрөнгө мөнгө, цаг зав гээд маш олон зүйлийг шаарддаг болж. Миний хувьд тэр үеийн багачуулын нэгэн адил мэдээ орсон цагаасаа морьтой холбогдож, хонь хариулж, хурдны морь унаж, адуу хурааж хүүхэд насаа өнгөрөөсөн. Моринд томдоод ирэхийнхээ алдад ганц нэг морь уяж уяачийн гараагаа эхэлж байлаа. Түүнээс хойш өдий 60 гартлаа адуунаас салаагүй л явна даа.
-Та бол удамт уяачдын нэг. Олноо “Сааргай” хэмээн алдаршсан Банзрагч гуайн талаар манай уншигчдад хуучлаач?
-Манай аав уг нь Говь-Алтай аймгийн Халиун сумын хүн. Багадаа хурдан морь унадаг хүүхэд байсан юм гэнэ лээ. Тэр үед хамгийн сэргэлэн овсгоотой хүүхдүүдийг шилж хурдан морь унуулдаг. Тэгээд багаас нь бичиг ном зааж өгдөг байж. Тэр жишгээр аав маань багаас бичиг үсэгт тайлагдаж, хожмоо цэргийн албанд татагдахад тэр нь их хэрэг болсон гэдэг юм. Цэргээс халагдаад автобус станц гэдгийг анхлан байгуулахад даргаар нь ажиллаж байсан нь нөгөө л бичиг үсэг мэддэгтэй холбоотой байсан байх. Автобус станц гэдэг нь одоогийн автобус бааз юмуу даа. Тэгээд манай ээжтэй танилцаж, Төв аймгийн Баян суманд шилжиж ирээд долдугаар багийн даргаар ажиллах болсон юм билээ. Намайг ухаан орохын л аав маань морь мал уядаг. Шийтэр гуай, Дулаан Дамдинжав гуай нартай их сайхан нөхөрлөдөг байсан.
-Тэгвэл анх морь уяхад нь сайн нөхдийн нөлөө байжээ дээ?
-Миний ээж Төв аймгийн Баян сумын хүн. Ээжийн талынхан адуу мал сайтай улс байсан юм шиг байгаа юм. Тэгээд л тэрнээс нь аав уяж хурдлуулан, улсын наадамд хээр соёолон түрүүлгэж байсан юм билээ.
-Уучлаарай, гэхдээ би баяр наадмын цуваанаас нэрийг нь олж хардаггүй юм?
-Тэр ийм учиртай. Тухайн үед аав багийн даргаар ажиллаж байсан болохоор өөрөө найр наадамд явж болохгүй байж. Тэгээд хээр үрээгээ нутгийн улсдаа өгч явуултал нь тэд нь ээжийн аав Цэрэндорж гэдэг хүний нэр дээр бүртгүүлээд АХ-ын 26 жилийн ой буюу 1947 оны баяр наадамд түрүүлсэн байдаг юм. Төв аймгийн Баян сумын харьяат Цэрэндоржийн улаан хээр соёолон гээд цуваан дээр байдаг даа. Мөн улсын наадамд хоёр үрээ айрагдуулсан гэдэг ч цуваан дээр байдаггүй юм билээ. Учрыг нь тодруулъя гэхээр манайх 1966 онд үерт автаад бичиг баримтын ихэнх нь алга болчихсон. Харин аймаг, сумын наадмаас олон айраг, түрүү хүртэж байсан гэдэг нь үерээс үлдсэн бичиг баримтаас харагддаг юм. Тэр бичиг баримтан дунд монгол бичгээр бичсэн үнэмлэх, баярын бичиг тэргүүтэн нь байдаг.
-Санжаабүүрэгийн алдарт цавьдар азарганы төлийг авч байсан гэж дуулсан. Та тэр талаар мэдэх үү?
-Шийтэр гуайн зээрд азаргатай чацуу хүрэн азарга манайд байдаг байсан. Тэр нь Санжаабүүрэг гуайн цавьдар азарганы төрсөн үр юм билээ. АХ-ын 29 жилийн ойгоор шүдлэндээ айрагдаж байсан гэдэг юм. Би нас ахисан хойно нь нэг унаж байсан. Ээжийн маань бие тааруу болж, манайх хот руу нүүгээд хэдэн жил морь мал уяагүй гэдэг юм. Манай аав адуугаа сайжруулах талаар ихэд анхаарч олон газраас хурдан азарга авсан хүн. УИХ-ын гишүүн байсан Зэнээ агсны аав Мэнд гуайгаас гэхэд л сайн хүрэн азарга авч байсан юм билээ. Мөн дээр үед хурдан байсан Даваажавын шарга гэдэг азаргыг авч байж. Тэр ч бүү хэл Галшарын нэрт уяачдын нэг “монхор” Халтар гуайгаас Одон улааных нь төлийг авч байсан юм билээ. Хэдийгээр өөрөө морь маланд дуртай, адуугаа сайн сайжруулж байсан хэр нь хүүхдүүдээ сурч боловсруулахад ихэд анхаарч биднийг хотод сургуульд сургадаг байсан.Магадгүй тэгэлгүй хөдөөнөө сургаад морио уяж байсан бол аав маань уяачийнхаа хувьд илүү амжилт үзүүлэх байсан байх. Айлд адуугаа өвөлжүүлээд зургаан сард ногоо ургачихсан хойно очиж авдаг. Тэгээд ирэхдээ “муу золигнууд чинь хүрэн азарганд маань 22 гүү хураалгачихсан байна” гэсээр ирдэг байсан.
-Санжаабүүрэгийн цавьдарын төл хүрэн азарга уу?
-Үгүй ээ, Мэнд гуайгаас авсан дэгээ тамгатай хүрэн азарга. Эргээд бодоход тэр хүрэн азарга их хурдан адуу байсан юм шигээ. Улсын наадамд зургаа, долоо, наймаар хэд хэд орсон. Тэжээхгүй, хавар тийм олон гүү хураалгачихсан байхад шүү дээ. Аав минь хүрэн азаргаа айргийн араар олон оруулсан. Би тэрийг нь дуурайдаг юм уу олон адуу зургаа, долоогоор оруулсан шүү. /инээв/
АЗАРГА ЭЦЭГ МАЛ УЧРААС БЯРЫГ НЬ ХАДГАЛЖ Л УРАЛДАХ ЁСТОЙ
-Аав тань сайхан адуу бэлдэж өгчээ?
-Тэгэлгүй яахав. Дулаан Дамдинжав гуайн хонгорууд, Батбуян гуайн хонгор халзангуудын удмын адуу манайд бий. Тэр сайхан хурдыг нь тасалчихгүй гээд хэрэндээ л зүтгэж явна. Хонь, үхрийг нь бол чадаагүй ээ.
-Банзрагч гуайнх хэдэн хүүхэдтэй вэ?
-Бид эцэг эхээс арвуулаа. Манайх зургаан охин, дөрвөн хүүтэй айл. Би гурван охины дараа гарсан ууган хүү учраас нэлээд эрхдүү өссөн. Бүр онцгой эрхлүүлнэ гээч. Тэр үед ховорт тооцогддог байсан хонин булигааран гутал хүртэл авч өгч байлаа. Миний дараагийн дүү бас эрэгтэй. Бид ойрхон зайтай төрсөн л дөө. Тэгсэн хэр нь намайг л гэнэ. Ямар сайндаа нэг удаа хот явчихаад ирэхдээ ганц еэвэн аваад ирж. Түүнийгээ надад ганцааранд нь өгчихгүй юу. Дүү жаахан юм чинь горьдоно шүү дээ. Би ч бас хүүхэд юм болохоор хуваахгүй гээд уйлаан майлаан болоход ээж минь эвтэйхэн аргалж байж хувааж өгч билээ. Тэгээд “үгүй энэ аав чинь янзын хүн шүү” гэж байсан нь санаанаас гардаггүй юм.
-Аргагүй амины хүүхэд байжээ...
-Сүүл рүүгээ зэмлэдэг болсоон./инээв/ Надад морь уяхыг заана. Тэгээд уяаг нь буруудуулчихвал загнуулна шүү дээ. Тэгэхээр нь аргаа өөрчлөөд “тэр хүний морь тэгсэн байна, тийм морийг яадаг юм” гээд асуухаар өө их сайхан ааштай, орон дээрээ дээшээ харж хэвтчихээд, маг маг инээж “ёстой баллаж өгч дээ. Тийм морийг чинь тэгдэг байхгүй юу” гэж ирээд хэлээд өгнө. Түүнийг нь би мориндоо хийгээд алдаагаа засчихна. Тэр сайхан юмнуудыг нь бичээд авсан бол өдийд судар шиг гарын авлагатай байж байхгүй юу. Хүн ч эцэг эхийгээ мөнхийн хажууд байх юм шиг санаж байгаад алдах юм даа.
-Банзрагч гуайг азарга сайн уядаг байсан гэлцдэг. Аавынхаа эрдэм ухааныг үнэлж мэдэрсэн дурсамжуудаасаа хуваалцаач?
-Аав маань их хөнгөхөн хүн байсан. Мориныхоо хөлсийг голдуу өөрөө унаад л авчихна. Сүүлд нас ахиад чадахаа байснаас биш өөрөө л бүгдийг хийнэ. Ямар сайндаа нүд, чих хоёрын хооронд дөрвөн хуруу зайтай. Залхуу хүн морь уяхгүй. Өөрөө л хажууд нь байхгүй бол өрөөлийг болгоно гэж найдалтгүй гэдэг байсан. Тэр зангаа тавихгүй нас ахичихсан хэр нь цуг морио манана. Ер нь уяж байгаа морио айхтар мэдэрдэг хүн байсан шүү. Аавыг нас дээр гарсан хойно би хурдан хонгор халзан азарганыхаа ажлыг хийж байлаа. Надад ажил нь дутуу арай тарган ч юм шиг санагдаад “Даваахүүгийн азаргануудтай халзан азаргаа нэг давхиулаатахъя” гэсэн. “Үгүй ээ, сунгахгүй. Одоо яг болсон” гэж байна. Тэгэхээр нь би аминдаа том хүн болчихсон өөрийнхөөрөө зүтгээд “олигтой юмтай сунгаж онгойлгоогүй юм чинь яаж мэдэх юм” гээд уралдуулахаар боллоо.Намайг яг гарахад аав араас “за чи хорвоо өнгөрсөн гэж бодоорой” гэсэн.
-Та санасандаа хүрч сунгаж дээ?
-Тэгсэн. Данзанням гуайн хүрэн, цавьдар халзан, Тогоруу халтар гуравтай манай халзан азарга дөрвүүлхнээ хол тасархай ирж байгаа юм. Тэгээд жаахан яваад цавьдар халзан, Данзанням гуайн хүрэн хоёр сууж Тогоруу халтар манай халзан хоёр хошуу өлгөлцөөд гараад ирэхэд Даваахүү Тогоруу халтраа бушуухан татаад авчихсан. Тэгэхээр аргагүй халхын хурдан азаргануудтай эн тэнүү уралддаг мундаг адуу байгаа биз. Харамсалтай нь аавын маань хэлсэн зөв байсан. Тэр жил халзан азарга улсад 11-д орж, би аавыгаа хөгширсөн гэж чамлах хэрэггүйг ойлгосон доо.
-Аавынхаа азарганы уяаг илүүтэй тааруулдаг эрдмийг өвлөж дээ гэж боддог уу?
-Магадгүй л юм. Азарганаас бусдаар тогтоосон юм ер нь цөөхөн санагддаг юм. Азарга гэдэг эцэг амьтан учраас бярыг нь хадгалж л уралдах ёстой. Гэхдээ бярыг нь хадгалж байгаа нь энэ гээд тарган уралдана гэсэн үг биш.
ХЭТ ХАШИРЛАЖ НӨӨГӨӨГҮЙ БОЛ БУУРАЛ АЗАРГА 2006 ОНД ТҮРҮҮЛЭХ БАЙСАН
-Буурал азаргаа нэг жил гурав айрагдан шуугиулж байлаа. 2006 он таны хувьд бахархалт он жилүүдийн нэг биз?
-Тэгэлгүй яахав. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн жил шүү дээ. Буурал азарга улсын наадамд аман хүзүүдээд, Эрдэнэтийн 30 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд ойд очиж дөрвөлж, Архангайн Тоглохын талд болсон хангайн бүсийн уралдаанд бас дөрвөөр давхисан. Уг нь Хэнтийд болсон бүсийн уралдаанд бас айрагдчихаар байсныг хонхор газар буугаад хоцроочихсон юм. Тэгээд араас нь хамаагүй ширүүн явж эцээд 11-ээр ирсэн шүү дээ. Тэгж хоёр талдаа уралдаагүй бол орчихоор л юм билээ.
-Уулбаянгийн адуу гэдэг билүү?
-Эцэг тал нь Сундуй гуайн цоохор азаргануудын угшилтай, эх тал нь хаанах байсныг сайн мэдэхгүй юм. Ононгийн нэг буурал азарга байсан. Онон тэрийгээ дааган Ганаад өгөөд, Ганаа гүү хураалгаж, алаг гүү байдас гарахгүй юу. Тэр алаг байдсыг Уулбаяны Ганхүү гэдэг залуу буурал азаргандаа хураалгаад гарсан төл нь миний буурал. Ганхүүгийн буурал азарга болохоор Уулбаяны “азарга” Тогтох гэдэг хүний адууных юм гэнэ лээ. Буурал азаргыг даага байхад Ганхүү надад бэлгэнд өгсөн юм. Адууны хувьд чац сайхантай сайн үрээ даага, шүдлэндээ ер хөдлөөгүй. Тэр үед нь би уяаныхандаа “миний буурал азарга соёолон юм уу, хавчиг болж ирээд л явж өгнө дөө” гэж хэлдэг байсан. Үнэхээр ч тэгсэн. Бага насанд нь ажил хийгээд сунгахаар хамгийн сүүлд ирдэг. Бүр ирэх ирэхдээ хамт уралдсан үрээнүүдийнх нь хөлсийг хусчихсан хойно ирнэ. Хязааландаа арай дээрдэж хөлсийг нь хусаж дуусаагүй байхад ирдэг болсон. Гэхдээ л хамгийн сүүлд ирдэг нь хэвээрээ.Манай уяаны улсад зургаалдаг Дашцэдэвийн хээр гээд Сүхбаатар гаралтай хурдан үрээ байлаа. Тэр миний буурлын хажуугаар машин шиг л юм өнгөрнө шүү дээ./инээв/ Соёолон болдог хавар нь хэд хоног тэжээхээр оруулахад манай уяаны Дашцэдэв “өнөө муу буурлыг оруулж байгаа юм уу” гэж билээ. Надаас өөр хүн байсан бол “шал дэмий юм” гэж л хэлэх байсан байх.Тэгсэн миний хэлж байсанчлан тэр жилээсээ эхлээд хурдалсан даа. Улсын наадамд түрүүлж явсаар гурван километрийн цаанаа суугаад. Өвөрхангайд болсон Өндөр Гэгээний наадамд уралдуулах гэтэл алдчихаад олоогүй. Соёолон жил нь тэгээд өнгөрсөн.
-2006 онд хавчиг азарга байжээ дээ?
-Тиймээ. Наадмын өмнөх бүх сунгаанд түрүүлсэн шүү дээ. Би хэт хаширлаад нөөчихсөн болохоос биш түрүүлчих боломж байсан л байх.
-Тэгж олон жил хүлээсэн хэр нь яагаад зарчихсан юм бэ?
-Хурдан мориор хүн хоргомжлох муухай шүү дээ. Адилхан моринд дуртай эр улс гуйгаад байхад харамлаад байх хаашаа юм. Тэр өвөл нь тухайн үед Нийслэлийн захирагч байсан Ц.Батбаяр аваад нэг жил Ононгоор уяулсан байх. Дараа нь Алтангадас Алдарт дээр байгаа дуулдаж байсан даа.
-Тан дээр байхдаа хэдэн гүү хурааж байсан юм бэ?
-Би ер нь соёолонг болж өгвөл гүү хураалгадаггүй юм. Хавчиг жил нь гурван гүү өгч, ганц нэг охин төл гарсаан. Тэднээс нь гайгүй юм гарчих боловуу гэхээр бас чиг санаанд хүрэхгүй л байна. Хурдан адуу гэдэг чинь тэр болгон хүссэнээр төрөхгүй юм байна шүү дээ.
ХУРДАН МОРИЙГ ХҮНЭЭС АВСАН ШИГЭЭ ХҮНД ӨГЧ ЧАДДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ
-1956 он буюу алдарт Галын хүрэнийг анх түрүүлдэг жил хурдан морь унаад уралдаж явсан хэмээн хуучилж байсныг чинь санаж байна. Ингэхэд та уяачийнхаа хувьд хэдэн онд анхны айргаа хүртсэн юм бэ?
-Би 1948 онд төрсөн. 1956 онд АХ-ын 35 жилийн ойгоор хурдан морь унаад уралдаж явлаа. Анхны айргийн тухайд 1987 онд Д.Дамбадаржаагийн цавьдар даагыг уяж түрүүлгэж байсан.Түүний дараагийнх нь 1999 оны Боржигоны наадам болох байх. Боржигонд би хээр шүдлэнгээ айрагдуулсан шүү дээ. Тэр болтол улсын ажилтай /Улаанбаатар төмөр замд ажилладаг/ зун ээлжийнхээ амралтыг аваад аавын гүүг бужигнуулна уу гэхээс уяж сүйд болж байгаагүй ээ. Гэхдээ нэг удаа ч улсын амралтанд амарч байгаагүй. Амралтаа авлаа, адуу руугаа явдаг, тийм л дуртай байсан.
-Тод манлайн нэрийн хуудас болсон хурдан хүлгүүдийн нэг нь яахын аргагүй хурдан Хулан хээр. Хурдан хүлгийнхээ талаар дэлгэрэнгүй хуучлаач?
-Хулан хээр Ононгийн унаган адуу. Эх нь Хэнтийн Галшар угшилтай, эцэг нь тойруулгын Солонго цавьдар халзангийн угшилтай гэдэг. Унага байхад нь Онон манай хүүд бэлгэнд өгсөн юм. Ононгийн аав, манай ээж хоёр чинь төрсөн эгч дүүсийн хүүхдүүд шүү дээ.Нарийн яривал Онон бид чинь шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржтой хамаатан болдог юм. Аав ээж хоёрт маань “Учиртай гурван толгой”-гоо үзүүлж байсан гэдэг юм. Тэгээд гэнэтхэн алга болчихсон гэнэ лээ.
-Шинэ мэдээлэл байна?
-Нийгмийн байдлаас болоод нэг үе тэр хүнтэй ах дүү амраг садангийн холбоотой гэдгээ ил зарладаггүй байсан байх.
-Амаргүй байсан байлгүй дээ. Хулан хээрийнхээ тухай яриаг үргэлжлүүлэх үү?
-Даага уясан ч тарны газар яваад л суучихаад байсан. Дараа жил нь шүдлэндээ улсын наадамд өнгөнд явсаар байгаад Алдар толгой орчим ирээд суучихсан.Тэгээд л Боржигоны бүсэд очиж гуравласан даа.
-Чулуу ихтэй, газар хатуутай гэдэг юм билээ?
-Хойноосоо уралдвал гайгүй. Үзэгчдэдээ үзүүлнэ гээд Чойрынхоо төвд уралдуулбал зам нь аюултай.Гэхдээ Хулан хээр хадан дээгүүр уралдсан ч яах ч үгүй. Туурай гэж аяга хөмөрчихсөн юм шиг л...
-Хязаалан улсад уралдсан уу?
-Хүүхэд нь ойччихсон шүү дээ. Хүүхэдгүй үрээ 17-д ирээд. Архангайн “Тамирын хурд”-д очиж түрүүлэн, өвгөн ноёны наадамд очиж гуравласан. Хойтон жил нь соёолондоо улсад таваар давхиад, хавчиг жил нь Бат-Эрдэнэ авсан шүү дээ.
-Хурдан азаргануудаа хавчиг болгоод л зарчихаад байх юмаа?
-Аргагүй байдалд орж байгаа юм чинь. Нэг өдөр Даваахүү над руу залгаад ”Өнөөдөр их сайн өдөр юм гэнэ. Аварга Бат-Эрдэнэ, Ажнайн Бат-Эрдэнэ, Таван толгойн Дагвадорж бид хэд цуглачихаад байна. Жааяа хүрээд ир” гэж байна. Яваад очсон чинь ширээ засчихсан “Ид, уу “л болоод явчихлаа. Тэгээд яахав жаахан сууж идэж уусны дараа Бат-Эрдэнэ “дүү нь ганц азаргатай болмоор байна. Та олон жил сайхан уралдлаа шүү дээ. Хээр азаргаа дүүдээ хайрлачих” гэхээр нь “үгүй” гэж хэлж чадаагүй. Ер нь тэгээд хурдан морийг хүнээс авсан шигээ хүнд өгч чаддаг байх хэрэгтэй юм билээ. Адилхан адуунд дуртай аавын хөвгүүд баярлаг л дээ.
-Бас ч хөөрхөн үнэ хүрсэн гэж ярьдаг юм билээ?
-Тэр үедээ 12 сая төгрөгөөр л өгсөн. Хулангийн эр, охин нийлсэн хэд хэдэн төл нь гарчихсан байсан л даа.
-Эцгийн шийрийг хатаах адуу төрөх нь үү?
-Уяхын хувьд уяж л байна. Гэхдээ хурдаараа Хуланг гүйцэхгүй хэрнээ эвгүйгээ хүрвэл гэнэтхэн хажуу тийшээ гарчихдаг муу занг нь дуурайчихсан байх юм. /инээв/
-Хулан хээр Бат-Эрдэнэ гишүүнд очоод хэд хэд айрагдчихсан байх шүү?
-Ямар ч гэсэн Бат-Эрдэнийг баярлуулсаан. Тэгэхдээ бүр улсын баяр наадмын анхны айргийг авч өгсөн. АХ-ын 80 жилийн ойгоор Эрдэнэчулууны бага шарга дөрвөлж, Хулан тавласан шүү дээ.
ХУЛАН ХЭЭР, ХҮРЭН АЗАРГА ХОЁРОО НЭГ ӨДӨР ЗАРЧИХСАН
-Жанчив Тод манлайн магнайг тэнийлгэсэн өөр нэгэн хурдан буян бол яахын аргагүй шигшмэл морьдын “Их хурд-2” уралдаанд айрагдсан хүрэн азарга тань. Хурдан хүлгийнхээ удам угшлыг танилцуулаач?
-Би Дорнодын “панз” Энхээ гэдэг хүнээс хязааланд нь авч байсан. Эцэг нь Дорнод руу ирчихсэн болохоос биш уг нь Сүхбаатарын адуу юм билээ. Харин эхийнх нь талаар тодорхойгүй байдаг юм. Даага, шүдлэндээ тэр хавийнхаа бага сага уралдаануудад уралдаж байсан гэдэг. Би хүрэн азаргаа анх авчихаад гэрийнхэндээ “далавчтай шахуу адуу нэгийг авлаа” гээд ярьсан юм. Арга байхгүй, сайхан хийцтэй адуу л даа. Би одоо хүртэл тийм хийцтэй адуу үзээгүй. Тэгээд зун нь уялаа. Явдаггүй. Намайг авахаар ярьж тохирсоны дараа нөгөө нөхдүүд гүү хураалгачихсан бололтой юм билээ. Анх очихдоо жижиг тэрэгтэй явсан болохоор яалт ч үгүй эргэж үлдээх болсон юм. Гэрийнхэн хүрэн үрээг харчихаад “нөгөө далавчтай адуу чинь яасан бэ” гээд асуугаад байдаг. Нэг л болдоггүй. Хойтон жил нь соёолон уялаа. Хат ихтэй, нэлээд нимгэрч байж уралддаг адуу л даа. Тэгэхдээ хаврын уралдаанд их нимгэлээд яахав гэж бодоод жаахан тамиртай талд нь уралдуулчихсан долоод орж байна. Би бол дотроо айрагдана гэсэн тооцоотой байдаг. Хүмүүс “яасан бэ, нөгөө далавчтай адуу чинь” гэж ам асууж байна. “Энэ зун ёстой явж өгнө” л гэлээ. Тэгсэн харин зуны уяа эхлэхийн өмнө ханиад хүрээд их муудсаан. Эмч хүү маань үзчихээд “ за ааваа наадахыг чинь малын тариагаар тариад нэмэргүй. Их хүндэрсэн байна. Хүнд хийдэг тариаг цагаар хийе” гэлээ. Тэгээд гэрийн гадаа аргамжчихаад, машин дотроо унтаж дөрвөн цагийн зайтай тариад байсан. Хэд хоногийн дараа "одоо тарианы эмчилгээ дууссан, жаахан тэнхрүүл" гэж байна. Тэгэхээр нь хүргэн ахдаа өгөөд явуулсан замдаа гуйваад явж чадахгүй байсан гэнэ лээ. Тэгтлээ хүндэрсэн юм чинь соёолон ахиад уралдсангүй.
-Хэдэн он гэсэн үг вэ?
-2000 он. Хойтон жил нь хавчиг азарга АХ-ын 80 жилийн ойгоор уралдаад наймд орсон. Жаахан тааруу хүүхдээр унуулсан л даа. Тэгээд “Их хурд”-д очоод гуравт орж, гэрийнхэн намайг эрүүдэхээ байсан даа./инээв/ Харин ч “сайн юм ирэх нь иржээ” гэдэг юм.
-Хэрвээ андуураагүй бол хүрэн азарга мөн л хавчигтаа өөр эзэнтэй болсон байхаа?
-Тэгсээн. Тэгэхдээ бүр нэг өдөр хоёулаа зарагдсан шүү дээ.
-Хоёулаа?
-Хулан хээр, хүрэн азарга хоёр чинь нэг өдөр зарагдчихсан юм шүү дээ. Тэр өдрийн өглөө нь гэртээ байж байтал Өвөрхангайн Хайрхандулааных гэдэг байхаа МАК-ийн Дашзэвэг уулзаад “хүрэн азаргаа өгчих” гээд болдоггүй. Ид залуу хоёр сайхан азаргатай байсан юм чинь. Хүнийг хурдан адуугаар хоргомжлоод яахав адилхан адуунд дуртай эр улс баярлаж яваг гэж бодоод өгчихсөн. Бас болоогүй адуу малны наймаа хийсэн хүн чинь ганц нэг татна биз дээ. Тэгээд гэртээ ирээд сууж байтал Даваахүү залгаад дуудахгүй юу. Тэгээд л тэр.
-Хүрэн халзан азаргаа хэдээр өгсөн юм бэ?
-Арван саяар л өгсөн.
-Хүрэн азарганы төл үлдсэн үү?
-Юм сонин шүү. Гурван төл үлдсэн байсан чинь гурвуулаа үхсэн. Маргааш улсын наадамд явна гэж байхад уулын хажууд очоод үхчихсэн байж билээ. Ханиад л хүрчихсэн байсан юм. Түүнээс болсон юмуу бүү мэд.
ХҮНЭЭС АВСАН БОЛГОНОО АЙРАГДУУЛСАН
-Нээрэн л ярилцлагын эхэнд хэлж байсанчлан азаргаар голдуу нааджээ?
-Би хүний өөрийн нийлээд улс, бүсийн наадамд 10 азарга айрагдуулсан хүн. 2002 оны Боржигонд түрүүлсэн хүрэн соёолон морь чинь миний унаган адуу. Нөгөө яриад байсан Санжаабүүрэгийн хүрэн азарганы угшилтай. Шүдлэндээ АХ-ын 79 жилийн ойгоор улсад зургаалсан адуу. Уг нь бол айрагдсан. Хүүхэд нь морь бариачийн хажуугаар өнгөрөнгүүтээ баярлаад гараа өргөтөл арынх нь морь дайраад орчихсон юм. Хүүхэд нь арынхаа морийг харалгүй эрт сэтгэл амраад айрагдаж чадаагүй.
-Хязааландаа яаж давхисан бэ?
-Хязааландаа их хурдан байсан ч хүүхэд нь томдоод бас айрагдаж чадаагүй. Манай морины хүүхэд томдоод хасагдах болчихсон байсан юм. Энэ жил морь унаад л болино гэж байгаа хүүхдийг чинь уралдуулахгүй гэлтэй биш. Дүүрсэн хэрэг гэж бодоод Хулан хээрийг унуултал айрагдчихгүй юу. Морь айрагдчихсан гэрт бужигнаж байгаад нэг харсан хязаалан мордох болчихож. Хүүхдээ эвтэйхэн аргадаж байгаад арай хөнгөн хүүхэд мордуулъя гээд гараад иртэл нөгөөх маань аль эрт мордоод уяа тойроод явж байна. Морь айрагдуулчихсан хүүхдийг буулгалтай биш. Аз мэдэг гээд явуулчихсан. Бага үрээ хүнд хүүхэдтэй, цээжинд харагдахгүй байсаар 13-т орж байсан юм. Соёолонд нь Налайхын сунгаанд сунгахдаа жалган дээгүүр харайлгаж мөрийг нь тулчихаад, улсад уралдуулаагүй. Харин дараа нь Боржигонд очиж түрүүлээд, Дундговьд хүүхэд нь унаад олигтой давхиагүй. Хавчиг морь өнжөөгөөд, долоотой байхад нь наадмын өмнө эрлийзүүдтэй сунгачихсан чинь зүрх нь үхчихсэн. Бас бодууштай л юм билээ. Сунгаж ажил хийх бол жаахан холдсоны дараа араас нь очуулна уу гэхээс, шууд зэрэг гаргаж болдоггүй юм билээ шүү. Гараан дээрээ хэсэг үзэлцээд нөгөө хэд нь хөлийн хурд ихтэй юм чинь бачимдуулчихдаг юм билээ. Тэгээд далан бүтэн тойроод ирэхэд зүрх нь үхчихээд ахиад олигтой уралдаж чадаагүй. Уг нь олон жил давхих адуу байсан юм. Одоо надад төрсөн дүү нь бий. Бас ах шиг нь болгочих болов уу гээд багад нь уяхгүй байсан чинь бас түүхийрчихдэг юм. Олон жилийн хур тарга, дотор өөх зэргийг нь барах гэж нэлээд үзэх янзтай.
-Уралдуулаад сүйд болохгүй ч хөнгөн ажил хийн дасгаж байх хэрэгтэй юм шиг байна лээ?
-Харин тийм. 2003 оны “Говьшанхын хурд” уралдаанд гурвалсан цоохор Алтанхуягийн цоохор үрээг би Дорнодоос олж ирсэн юм шүү дээ. Алтанхуягийг “надад өгчих” гэхээр нь нэг уяан дээр байгаа юм байна гээд өгчихсөн. Уг нь улсад айрагдчих байх гэж бодож байсан ирсэн жилээ зургаалаад Говьшанхад гуравласан. Бас 2007 оны улсын наадамд тавласан Өвөрхангайн Бүрдийн Дашцэдэвийн улаан хээр азаргыг би Дарьгангаар долоон хоног явж байж шүдлэн үрээ олж ирсэн. Сумъяа гэж сайхан адуутай өвгөн байсан. Ноднин өнгөрнө лээ, зайлуул.
-Өмнө нь давхиж байсан юм уу?
-Намар оройхон овооны тахилга наадамд айрагдсан гэдэг байх. Тэрнээс сумандаа уралдаж байгаагүй адуу. Авчирсан жилээ улсад долоод орсон. Уг нь хоёр ч айрагдчих боломж байсан. Хавчигтаа хурдан байхад нь сайн харалгүй байж байгаад даага гишгүүлээд баллачихсан. Азаргасаад байгааг нь анзаарчихаад “наад охин даагыг нь салга” гэж хэлсэн ч “гайгүй байх” гээд тоохгүй байсан. Тэгээд нөгөөх чинь даага гишээд бие нь суларчихгүй юу. Хойтон жил нь улсад айрагдсан. Тэгэхдээ бас их хөгтэй. Азаргаа гаргах гээд хязаалан үрээтэй хүүхэд явуулж тэгсэн морь эргэхэд азарга хөндлөн дайраад тавьж өгч байсан хүүхэд нь морьтойгоо уначихаж. Унахдаа азаргаа тавихгүй, бараг азарганы хүүхдээ унагаачих дөхсөн байгаа юм. Тэгээд их хойноос явсаар тавласан юм.
-Авсан адуу болгон шахуу айрагдаад байхаар өөрийгөө тооно биз?
-Үгүй яахав дээ, амьтайгаа юм болов уу л гэж боддог. Ямар ч байсан хонины морь бариад авчихгүй л байх. Би Сүхбаатар аймгаас 4-5 адуу хүнд авч өгсөн. Бүгд л айрагдсан. Дорнодоос хоёр, гурвыг авсан, мөн л айрагдсан.Ер нь нэг их олон ч морь аваагүй ч авчирсан болгон айрагдсан юм байна шүү.
-Хүний өөрийн нийлсэн хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Гурван түрүү, 26 айрагтай.
-Улсын Алдарт цолоо хэдэн онд авсан бэ?
-Алдартыг 2000 онд, Манлайгаа 2007 онд, Тод манлайгаа 2012 онд авах шив дээ.
-Нэг үе аавдаа зэмлүүлэн байж уяаны эрдэмд суралцаж байсан. Харин одоо хэр зэмлэж байна?
-Уяаны залуучууд байна. Монгол хүн морио гээд ирж байхад хэлж зөвлөлгүй яахав. Хажуудаа суулгаад морь дагаж явахдаа хичээл зааж байгаа юм шиг л хэлдэг юм. Би хөгшрөөд морь уяж чадахаа байна. Нэг хүн дээр очихдоо ядаж морио хөнгөрүүлчихдэг болоод очвол зүгээр юм даа гээд л эхэлнэ шүү дээ. Ер нь тэгээд ямар ч мундаг уяач байлаа гээд морь алдаагүй уядаг болчихдоггүй юм шигээ. Ахмадуудын хэлдэгчлэн насаар суралцдаг ажил байх. Түүнийг хүлээн зөвшөөрөхгүй “би болчихсон” гэж бодвол буруудаж байгаа нь тэр. Би тэгж боддог.
-Одоо ямар хүмүүсийн морийг уяж байна?
-Манай хүүгийн найзууд гээд хоёр, гурван залуус бий. Бас манай хуучин уяаны хоёр, гурван хүн байна. Сүүлд ирсэн хоёр залуугийн морийг л айрагдуулж чадаагүй. Бусдынхыг нь ямар ч байсан улс, бүсийн наадамд айрагдуулсаан. Хамгийн гол нь миний айрагдуулсан морьд өмнө нь том наадамд айрагдаж байгаагүй битүү адуунууд байдаг. Ер нь сумандаа ч айрагдаж, түрүүлээгүй морьд авчраад л уяж хурдлуулсан байдаг юм. Түүгээрээ хааяа бахарханаа.
ТЭЭВРИЙН ТЭРЭГ БАРЬЖ ЯВАХДАА КАБИНДАА Л НОРОВБАНЗАД БАЙЛАА
-Банзрагч гуайн хүүхдүүдээс танаас өөр морь мал уядаг хүн бий юу?
-Уг нь миний хоёр эрэгтэй дүү хоёулаа л морь уях ёстой улс байсан. Хорвоогийн жамаар бурхан болцгоосон доо. Том ах маань багаасаа ажил төрөл хөөгөөд явчихсан. Нэг их морь мал уядаггүй. Жаахан эрхдүү ч хүүхэд байсан юм шиг байгаа юм. Тэгээд морь маланд нэг их хавьтуулаагүй юм уу даа. Одоо эрэгтэйчүүдээсээ би л ганцаараа үлдчихээд байна.
-Төрийн наадамд морь айрагдуулах гурав дахь үеийн уяачаа бэлтгэж байна уу?
-Манай хүү Германд амьдардаг юм. Моринд дуртай, зун ирж хамт уядаг юм. Одоо бас нас яваад би гэдэг хүн чинь адуу манаж чадахаа байж. Нэг шөнө нойргүй хоновол ядраад байх болж. Тэр ч утгаараа хүүгээрээ мануулж, шөнийн хоол ундыг тохируулуулдаг юм. Нэг үеэ бодвол овоо дөр суучихаад одоо хааяа цэц булаалддаг болоод байгаа./инээв/ Эхэндээ хүү анагаах талаас нь зөв юм яриад яриа овоо сайхан нийлнэ. Сүүлдээ хүнтэй хэт ижилтгээд ярихаар нь “мал, хүн хоёр чинь өөр, битгий дэмий юм яриад бай” гээд үг зөрнөө.
-Танай адуунаас гадагшаа гарч уралдсан нь хэр давхиж байна?
-Их хурдад айрагдсан Алтангадасын хээр азарга манай адууны угшилтай. Эх сартай зээрд гүү нь Жанчив гуайн адууны угшилтай гээд Алтангадас өөрөө ярьж байна лээ. Би баярлаад байгаа юм. Ононд манай адууны нэлээд хэдэн юм байх учиртай. Мөн 1978 онд хүрэн адууныхаа гурван хүрэн азаргыг нэгдэлд өгсөн. Тэр нэлээд тарсан байх.
-Тод манлай төмөр замд ажилласан хөдөлмөрөө үнэлүүлж Гавьяат тээвэрчин цолыг хүртэж байсан. Тэр талаараа яриач?
-Би чинь Гавьяат тээвэрчин болтлоо төмөр замд ажилласан хүн. Бас хэд хэдэн удаагийн улсын аварга тээвэрчин. Төр засаг миний хөдөлмөрийг бишгүй үнэлсээн хөөрхий. Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медальтай.
-Их Нацагдорж, Гавьяат Эрдэнэцэцэг гээд танайхаас урлаг соёлын зүтгэлтнүүд цөөнгүй төрж. Тод манлайн нууц авьяас гэвэл...
-Эрдэнэцэцэг миний төрсөн эгчийн хүүхэд. Би ганц охинтой. Тэр маань уран нугараач. Улсын циркт нугарч байгаад Португалид их сургууль төгсч ноднин эх орондоо ирсэн. Манай аав уртын дуу сайхан дуулдаг. Ерөөл магтаал айлддаг хүн байсан. Ямар сайндаа аавыг ирэхийг хүлээгээд найраа эхлүүлдэггүй хүлээж байхав. Тэгээд хамгийн сүүлд найр тарахаар явуулдаг. Түүнийг нь мэдэхгүй манай өвөө /ээжийн аав/ ”бусад айлын улс бүгд ирчихсэн байхад манай энэ л долгомцоглоод хамгийн сүүлд нь ирэх юм” гээд зэмлэж байсан гэдэг.
-Та дуулах уу?
-Миний дуулах ч гэж дээ. Гэхдээ л тээврийн тэрэг барьж явахдаа кабиндаа Норовбанзад шүү дээ./инээв/
-Бидний урилгыг хүлээж авч ярилцсан танд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь таныг, таны үр хүүхдүүдийг өнө мөнх ивээж явах болтугай гэсэн бэлгэтэй сайхан ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе.
-Баярлалаа. Монгол эр хүнд дээдлэн эрхэмлэх ёстой ёс жудаг гэж чухал зүйл бий. Эрийн гурван наадмаа бүрдүүлэгч хүчит бөхчүүд, эрдэмт уяачид маань үүнийг эрхэмлэн дээдэлж явах ёстой шүү хэмээн хэлмээр байна.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна