Гүүний хээл шалгах

А.Тэлмэн
2014 оны 12-р сарын 09 -нд

Гүүний хээлийг аль болох эрт тодруулах явдал чухал бөгөөд энэ нь хээлтүүлэгчийн үр ашигтай ажиллах бололцоо олгохоос гадна нэгэнт хээл авсан гүүнд тэжээллэг арчилгааны тохирсон нөхцлийг бүрдүүлж, хээл хамгаалах ажлыг оновчтой зохион байгуулснаар гүү бүрээс унага бойжуулахад ихээхэн боломжийг бүрдүүлж өгнө.
Хээл тодорхойлох олон аргаас хамгийн энгийн, хялбар мэт боловч ихээхэн дадлага туршлага шаарддаг практик ажиллагааны арга нь шулуун гэдсээр суйлах юм.  Гүүний хээлийг шалгах ажлыг энэ талаар мэргэжсэн мал зүйч, мал эмнэлгийн ажилтан нарын аль нэг нь гүйцэтгэх бөгөөд зориулалтын хөдөлмөр хамгааллын хувцас өмсөж, аюулгүй ажиллах боломж хангахын тулд гүүний хөдөлгөөнийг хязгаарлаж чөдөрлөх, хүлэх арга хэмжээг авна.
Азаргаар гишгүүлснээс хойш 30-35 хоногийн дараагаас эхлэн гүүний хээлийг тодорхойлох боломжтой болох ба шинжилгээ хийхдээ бэлгийн дотор эрхтнийг барьж үзэхэд хялбар дөхөм байлгахын тулд 8-10 цагийн турш өл уявал зохино.
Суйлагч хүн гарынхаа хумсыг шалгаж, ариутгагч шингэнээр гараа угааж, зориулалтын бээлийг өмссөн хуруунуудаа шүмбийлгэн шулуун гэдэс рүү аажим шургуулж баасыг нь гаргана. Шинжлэх үедээ шулуун гэдсийг урж цоолохгүй ба салслаг бүрхүүлийг нь шархлуулахгүйн тулд гараа маш болгоомжтой хөдөлгөж ажиллах нь чухал.
Гараа аажим урагш ахиулсаар хэвлийн хөндийд оруулахын хамт зөв талын ташаан толгойноос урагш, дөрөвдүгээр харцаганы зүүн доор шандсанд бэхлэгдсэн өндгөвчийг тэмтрэн түүнээс дооошхи шандсыг дагуулан гараа буулгаж савны зүүн эвэрт хүрэх бөгөөд  тэр нь хөвч маягтай тахирлан доошилж гэдрэг эргэн баруун эвэрт хүрэх бөгөөд ёавны хоёр салаалан гарч байгаа газарт өчүүхэн ховил үүсгэнэ. Тэндээс гараа буцааж нааш явуулбал сав баригдана. Харин савны баруун эврийг дагуулан гараа явуулбал шандсыг дамжин баруун өндгөвчинд хүрч болно.
Хээл тогтоосноос 30-35 хоногт өндгөвч нь хэвийн байрлалтай хэвээр байх боловч савны эвэр нь хэвийн байдлаас 3-4 дахин томорч тод мэдэгдэх бөгөөд савны ховил орчимд мэдэгдэхүйц цэлцэгнэж байдаг. Хээл бүхий эвэр жин ихтэй болох учир яльгүй урагшлахын хамт доошоо болж байрлалаа өөрчилнө. Савны хэлбэр өөрчлөгдөн, бөөрөнхийдүү болэ, барьж үзэхэд огтхон ч агшихгүй  болно.
Суйлж үзэхэд саванд дээрх шинж тэмдэгүүд илэрч байгаа болон азарга гишгэснээс хойш 45-50 хоногт ороо дахин илрэхгүй байгаа тохиолдолд тухайн гүүг хээл авсан гэж үзэж болно.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна