Аймгийн Алдарт уяач Р.Буд: Хурдны цөм сүрэг бий болгох гэж 20-иод жилийн турш хөдөлмөрлөж байна

Тэлмэн
2015 оны 1-р сарын 15 -нд

Тод магнайн зочноор морь сонирхогч, эрхэм уншигч та бүхний эчнээ танил УИХ-ын гишүүн асан Рэнцэнгийн Буд уригдан оролцож, амтат хууч дэлгэлээ. Удамт уяачдын уухайд түрлэг нэмж буй хурдны өлгий нутгийн хийморилог хүүгийн яриаг ямар нэг нэмэлт тайлбар оршилгүйгээр хүргэж байна. Таалан болгооно уу. 
ТЭР ЖИЛ УХНА АГСАН БИД ХОЁР ИХ САЙХАН НААДСАН
-Сүүлийн үед нутгаараа ойр ойрхон яваад байгаа дуулдсан. Адуу малаа эргэв үү?
-Энэ жил нийт нутгаар зуншлага сайтай байлаа. Одоо ч ялгаагүй урт сайхан намар болж байна. Манай адуу Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг Дорнод, Сүхбаатар аймгийн хилийн зааг дээр нутагладаг. Анх Мянганы замын чигийг тогтоож тэр хавиар явж байхдаа “сайхан нутаг байна даа” гэж харж байсан юм. Ер нь  манай  өвөг дээдэс тэр хавиар нутаглаж байсны сацуу миний өвөг дээдсийн дээр үеэс шүтэж дээдэлж ирсэн Хундарын уул гэж сайхан хайрхан тэнд бий. Тэгээд л дээдсийнхээ нутгийг бараадаад адуугаа тийш нь аваачсан хэрэг. Тийшээ очоод арваад жил болчихлоо. Адуу мал ч сайхан нутагшиж, тарга тэвээрэг авч байна.
-Энэ жил морь хурдан, уяа эвлэг байв уу?
-Сайхан байлаа. Би малчин удмын хүн шүү дээ. Хүн болж төрж, мэдээ орсноосоо хойш морь малнаас хөндийрөлгүй  өдий хүрлээ. 1967 онд сумынхаа наадамд анх даага унаж айрагдуулж байсан бол 1999 онд Алтан Овооныхоо их тахилга наадмаас анхны түрүүгээ хүртэж байлаа. Тэр жил МУ-ын Манлай уяач, Халзан сумын харьяат  Аюушийн Ухна агсан бид хоёр их сайхан наадсан юм. Ухна гуай азаргаа түрүүлгэж, даага айрагдуулаад, би хязаалангаа түрүүлгэж, азаргаа айрагдуулж, тэр үеийн болзлоор аймгийн Алдарт уяач цолыг хүртэж байлаа. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй морины сүүл боож, улсынхаа баяр наадамд тоосыг нь өргөж явна даа. Энэ жилийн хувьд уясан морьд маань улсын баяр наадамд 20,30-д л давхилаа. Өнгөрсөн жил арай оройтож тэжээлд оруулсантай холбоотой ч байж мэднэ.
-1999 оны Алтан-Овооны их тахилга наадмын талаар жаахан дэлгэрэнгүй хуучилъя л даа. Тэр том наадамд морь түрүүлгэж, айрагдуулах гэдэг хэр баргийн хүүд тохиох хувь зохиол биш шүү дээ?
 -Тэгэлгүй яахав. Алтан-Овооны их тахилгын наадам чинь бүсийн зэрэглэлтэй тэгээд ч энэ цагийн хурдыг тодорхойлж байгаа Сүхбаатар аймгийн бүх сумдын хурд оролцдог том наадам. 1999 он гэдэг миний моринд ид шатаж явсан үе. Тэгээд амралтаа авч Түвдэн ахыг, гэр бүлтэйгээ аваад Алтан-Овооны наадамд явлаа. Алтан-Овооны их тахилга наадамд том уяачдаас ганцхан Түвдэн Манлай миний урилгаар очсон юм. Манай эхнэр Ховд аймгийн Мянгад сумын хүн. Тэр утгаараа бид их сайхан харьцаатай. Би яахав сурсан зангаараа ажил гэж хэнхэглэж байгаад наадам тулгаж очсон юм. Тэгсэн азарга, хязаалан хоёр маань сүүлчийн хоёр сунгаанд хоёуланд нь түрүүлээд очсон байсан. Намайг ирлээ гээд нутаг орноос гэр бараа барьчихсан. Манай хажууд Онгуу Манлайгийнх айл. Манай аймгийн зам ангийн даргаар олон жил ажилласан Онгуу Манлайгийн төрсөн дүү талийгч Хүрэлбор бид эртний дотно найзууд. Наадамд ирсэн улс ганц нэг шил юм задлаад яриа дэлгэдэг шүү дээ. Тэгээд ярьж суусан Түвдэн ах хар үрээг харчихаад “дүүгийн үрээ ч аргагүй хурдан юм байнаа” л гэж байна.Тэгсэн Онгуу Манлай “Түвдэн Манлай маргааш хоёр хар үрээ хоорондоо уралдана.Танай хар
үрээнд шаврын хаалт болох адуу манай уяан дээр бий. Очиж үз” гэж байна. Ах ч очиж харчихаад “Нээрэн сайхан адуу байна. Энэ хоёр маргааш уралдах юм байна шүү” гэж билээ. Томчууд цэц хаялцаж байхад би юу гэхэв. Гэхдээ дотроо “миний хар ч айрагданаа” гэж бодоод байгаа. Түрүүлнэ гэдэг хэцүү шүү дээ. Ер нь тэр жил хар үрээний уяа сойлго нь ч үнэхээр сайхан таарсан хурдан байсан юм. Уяан дээрээ унтаад л...
-Азарга, хязаалан хоёрын аль нь түрүүлж мордсон юм бэ?
-Азарга. Миний Номт халтар газрын дундаас эхлээд барианд 3-4 км хүртэл хөтөллөө. Тэгэхэд түрүүлсэн Ухна гуайн буган азарга тав зургаа дээр нэг хэсэг явж байдаг юм. Бичлэг үзээрэй. Тэгж байтал миний халтар дээр аман хүзүүддэг Айлтгүйн хээр, Юмсүрэнмөнхийн хүрэн, Болдын бор, түрүүлдэг буган зэрэг иртэй азарганууд ирж ээлж дараалан урсаар байгаад халтарыг маань дөрөвлүүлчихэж билээ. Тэгсэн УИХ-ын гишүүн асан Гомбожав, Хурц мөн нутгийн зөвлөлийн дарга Бадам гуай  нарын манай аймгийн томчууд манайхаар ирж “дүүгийн морь айрагдсан их хийморьтой байна. Хотын биднийгээ баярлууллаа” гээд  бөөн хөл хөөрцөг боллоо. Шөнийн 11 цаг болтол босон суун идэж уун нэлээд наргилаа. Маргааш хязаалан мордох болохоор би үрээнийхээ хоолыг өгөх ёстой байдаг. Би тэр үед ямар ч ажилтай байсан мориныхоо сүүлчийн шөнийн хоолыг  хамт тааруулдаг байсан  юм. Энэ нь юм сурахад надад хэрэгтэй мөн дүү нартаа урам хайрлана. Гэтэл гарч болдоггүй. Азарга ирснээс хойш суусан болохоор бас хөөрхөн халчихсан. Миний төрсөн эгч, хүргэн ах хоёр улсын аварга малчид. Тэд маань ирчихсэн. Шинэ үндсэн хууль батлалцсан төрсөн ах минь мөн ирчихсэн. Тэднийгээ хараад ч тэгсэн үү цээж рүү нэг юм огшоод ер болдоггүй. Тэгэхээр нь тэсэхээ байгаад “өнөөдөр миний азарга айрагдсан бол маргааш хар хязаалан хол түрүүлнэ” гээд хэлээд тавьчихлаа./инээв/ Хүний төрсөн юм болсон хойно эгч маань тэндээс “манайхан амтай нь амтай. Гэхдээ чам шиг ийм амтай хүн байгаагүй. Чи ер нь яасан айхтар амтай хүн бэ? Ингэж хэлж болдог юм уу. Ийм том том уяачид байхад” гээд зэмлэж байнаа. Тэгэхээр нь улам цаашлуулаад “гарцаагүй түрүүлнэ” гээд хэлчихлээ. Тэгээд л маргааш нь миний хар үрээ хол түрүүлсэн дээ.
-Онгуу Манлайн хар үрээ аман хүзүүддэг билүү?
-Тэгсэн. Миний хар их хол түрүүлж ирээд хоёр ч удаа үзэгчид рүү налсан юм. Гурав дахь налдаг дээр нь Онгуугийн хар дагаж налаад Тахилт маань түрүүлсэн. Юмны тохироо гэж сонин шүү. Тэр үед нээрэн бас нэг ийм явдал болсон юм. Наадмын өмнө “Монхангай”-н Сэргэлэн надтай таараад “Буд ахаа та их хурдтай гэсэн. Би түрүү морийг 69 /УАЗ-469/ машинаар  байлах гэж байгаа. Ямар өнгийн тэрэг авч очих вэ?” гэж асуусан юм. Тэгэхэд нь “Ах нь тийм юм ярихгүй. Манай аймгийнхан бүгдээрээ хурдтай. Наадах чинь ахад нь томдсон асуудал байна” гэж хэлээд зугтаачихсан юм. Тэгсэн азарга ирсний дараа  Сэргэлэн манайд ирээд. “Би азаргыг гараанаас нь бариа ортол дагалаа .“Буд ах таны зориг дутлаа. Хэрвээ та халтар азаргандаа итгээд хэлсэн бол би хар ногоон 69 авчраад таны азарга түрүүлэх байлаа. Юм хэлээгүй болохоор чинь би цагаан цэнхэр УАЗ-469 авчирсан. Тэгээд Ухна гуайн буган азарга түрүүллээ. Танд зориг дутаж” гэж хэлсэн юм. Түүн дээр нь үндэслээд би тэр олон хүний өмнө тийм зоригтой “миний хар үрээ  түрүүлнэ”  гэж хэлэхгүй юу. Юм гэж учиртай шүү. Тэгээд л хэлсэн ёсоор болсон доо./инээв/
-Амны бэлгээс ашдын бэлгэ гээч болж дээ?
-Зарим нэг нь Буд чинь айхтар мэддэг юм байна гэцгээж байсан гэнэ лээ. Миний мэдэх гэж юу байхав. Тэр өдрийн тэнгэр, хүний хийморь байхгүй юу. Тэр жилийн Алтан Овооны тахилгын түрүүлж айрагдсан морьдын медалийг манай улсын нэртэй эдийн засагчдын нэг Гавьяат эдийн засагч Шүхэрт гуай алтыг нь цэвэр алтаар, мөнгийг нь мөнгөөр, хүрлийг нь хүрлээр хийж өгсөн байсан. Түрүү морины медальд гэхэд хоёр цэн алт орсон  гэсэн байх. Бид тэр орой морь түрүүллээ гээд оройжин бужигнаад медалиа авч амжаагүй. Маргааш нь медалиа авахаар Сэргэлэнгийнд очсон УИХ-ын гишүүн агсан Дашбалбар, Мэнд-Ооёо гавьяат, аймгийн уяачдын холбооны дарга Гомбосүрэн нарын олон хүмүүс цугларчихсан “Ямар бөх зүрхтэй хүн бэ? Цэвэр алтан медалиа айлд хонуулж байдаг” гээд инээлдэж байсан сан.
УЛСАД МОРЬ АЙРАГДУУЛСНЫ ДАРАА ӨӨРТӨӨ АЛДАРТ УЯАЧИЙНХАА МАЛГАЙГ ӨМСӨХ ЭРХИЙГ ӨГСӨН
-Ингэхэд анхны түрүү айргийг авчирсан хурдан хүлгүүд тань хаанахын ямар угшилтай адуунууд болох вэ?
-Морины хүнд сонирхуулаад хэлэхэд манай сумаас улсын наадамд цөөн хэдэн хүн морь айрагдуулсан байдаг юм. Тэрний нэг нь жанжин Сүхбаатарын хүү Галсан гуай хүрэн морь улсын наадамд аман хүзүүнд хурдлуулж байсан юм билээ. Мөн Доогийн шарга гэдэг  морь айргийн гурваар давхисан байдаг. Хамгийн олон удаа  морь айрагдуулсан нь Авьяа Шарав гуай юм. Улсын наадамд гурван морь айрагдуулсан байдаг. Тахилт харын дээд тал Авьяа Шарав гуайн адуу болдог. Шарав гуайн доод үе манай багийн дарга байсан Дэнхэр Жигжид гэж хүний  Чавх хонгор гэж хурдан азарга байлаа. Миний Тахилт бол тэрний төл. Чавх хонгорын буюу Авьяа Шарав гуайн адууны дээд удмыг хөөхөөр манай авга ах Тарвий гэж хүний Их хүрэний цустай болдог юм.  
-Та хар үрээгээ хэдтэй авч байсан юм бэ?
-Хязаалан болдог хавар нь авч байсан.
-Даага, шүдлэндээ уралдаж байсан гэнэ үү?
-Даагандаа сумын наадамд түрүүлээд, шүдлэндээ сайн малчны наадамд айрагдсан байсан.
-Нэлээд үнэтэй авч байсан дуулддаг юм. Нууц биш бол хэдээр авч байсан юм бэ?
-Хоёр сая төгрөгөөр. 1999 онд өндөр ханш байлгүй яахав. Алтан-Овоонд даагандаа түрүүлсэн Оонон харыгаа би шүдлэнд нь бас хоёр сая орчим төгрөгийн ханшаар бэлэн мөнгө, 100-аад  хонио оролцуулан  авч байлаа. Тэр маань Тонгоон Жамъян гуайн адууны угшилтай адуу байгаа юм.
-Халтар азарга ямар угшилтай адуу болох вэ?
-Уулбаяны Хүүхэн Шүүлэнгийн угшилтай адуу. Сумандаа олон адуу хурдлуулсан “яриа” Мөнх гэж хүний хамаатан Пагмаас би 1998 онд сумандаа түрүүлсэн наймтай азарга авч байсан юм.
-Оонон хар, Тахилт хар, Сүлдэт хар... Мундаг нэртэй адуунууд юмаа?
-Би адуундаа нэлээд эртнээс нэр өгсөн хүн. Магадгүй өөрийнхөө үеийнхэн дундаас адуундаа нэр өгч эхэлсэн анхны хүмүүсийн нэг байх. Та нар судлаарай. Миний халтар азарга гуян дээрээ монгол ма тамгатай байж би бэлэг дэмбэрэлийг бодож өөрийн төрсөн газрын нэр “Номт”- оороо нэрлэсэн юм. Хар хязаалангаа Алтан-Овоонд түрүүлэхэд нь тахилгын том наадамд анх түрүүлсэн гэдэг утгаар нь “Тахилт хар” гэдэг нэр өгсөн. Яруу найрагч Н.Лутбаяр “Тахилт хар”д маань зориулж сайхан шүлэг бичиж, хөгжмийн зохиолч Ж.Хатанбаатар ая хийж, Бүрнээбаяр гавъяат дуулж олонд хүргэсэн дээ.  Номтын гялаан цохио хад шигээ
Хилэн хар зүстэй төрсөн
Номин цэнхэрийн удам гэсэн дээ
Хол тасархай давхилтай төрсөн
Алтан-Овооны тахилгын сүлдийг өргөсөн
Ажнай хурдан хүлэг минь ээ
Түмэн олонд эзнээ мөнхөлсөн
Түрүү магнай Тахилт хар минь ээ... гэсэн сайхан үгтэй.
-Оонон хар гэж ямар учиртай  нэр вэ?
-Ер нь толгой их биеийнх нь галбирыг сайн ажвал оонотой их төстэй адуу л даа. Тэр утгаар нь “Оонон хар” гэж нэрлэсэн юм.
-Алтан Овооны тахилгад хязаалан түрүүлгэж, азарга айрагдуулж орон нутгийн ханасан цолонд хүрч байж. Түүндээ урамшаад улсын наадамд ирж уралдсан уу?
-Үгүй ээ. 1999 онд аймгийн Алдарт уяач цолоо авчихаад малгайгаа өмсөж чаддаггүй байлаа.
-Яагаад?
-Миний аав, ах нартай маань хамт морь уяж байсан хүмүүс тавиагүй малгайг би яаж тавихав дээ.
-Тэр үед аймгийн Алдарт уяач цолтон тийм цөөн байсан хэрэг үү?
-Энэ цолны эзэн болсон уяачид бол байлгүй яахав. Харамсалтай нь уг цолыг төдийлөн өгч эхлээгүй байсан үе. Би бараг сумаасаа төрсөн анхны аймгийн Алдарт уяач байх. Манай Сүхбаатар сум  хурдтай  л даа. Гэхдээ уяачид нь гадагшаа гарч уралддаггүй сонин улс байгаа юм. Тэгээд  “Улсын наадамд морь айрагдуулж цолоо хамгаалъя” гэсэн ганц бодол л төрсөн. Ингээд дараа жил нь чиргүүлтэй гуч машин хөлслөөд хэдэн морьдоо ачаад улсын наадмыг зорьсондоо. Шөнө явсаар Налайхад буух гэсэн өвс нь их тачирхан байсан тул наашаа явж байснаа ерөөсөө тэр Долоонд нь очиж бууя гэж шийдээд хотоор дайран төв аймгийн Долоонд очоод явж байтал нохой хуцаж байна. Тэгэхээр нь тэрүүхэн хавьд нь буудалчихлаа. Өглөө босоод харсан МУ-ын Манлай уяач Дорнойн Сундуй гуайн доохон талд буучихаж. Явж очоод өвгөнтэй хууч хөөрлөө. Сундуй гуай сайхан хүлээж авч манайхаас сүү сааль аваарай гэж байна. Тэгж байтал дунд сунгаа боллоо. Долооны сунгаа гэдэг чинь угаасаа зартай сунгаа. Даваахүү ах, хоёр Сундуй гуай, Түвдэн ах, Онон, Дуламсүрэн гээд манай ихэнх том уяачид цуглажээ. Эхлээд азарга сунгалаа. 90-ээд азарга мордож Д.Сундуй гуайн хүрэн түрүүлээд, миний халтар азарга аман хүзүүдлээ. Алтан-Овоонд дөрвөөр давхидаг халтар азарга минь шүү дээ. Их нас мордлоо. Би их нас уяагүй.
Соёолон явлаа. Харамсалтай нь хоёр тасарч уралдаад, нэг хэсэгт нь миний Тахилт хар хол түрүүллээ. Яг л Алтан-Овоонд түрүүлдэг шигээ. Тэгсэн улсууд шуугиад эхэллээ дээ.
-Юу гэхэв?
-Хөдөөний нэг хар нөхөр ирээд уралдсан болгон нь түрүүлж айрагдаад байхаар эвэртэй туулай үзсэн юм шиг болохгүй юу. Тэгж байтал Дорнойн Сундуй гуай морьтой шогшиж ирээд “За миний хүү би ер нь 30, 40 жил хусуур бүсэлж хурдан морь уялаа. Нас ахиад ч тэр юмуу хурдан адуунд өө хэлэх гээд байдаг юм. Чиний энэ хар үрээнд хэлэх өө даанч алга. Миний хүү зарчих” гэж байна. Тэгэхээр нь би “үгүй ах минь юу гэж зарахав. Улсынхаа наадамд л тоосыг нь өргөх гэж энд зорьж ирээд байна» гэлээ. Түвдэн ах тэргүүтэй томчууд шавчихсан гайхацгаагаад л... Тэгэхээр нь би морь унаад хар үрээгээ хөтлөөд улсын хөлөөс жаахан зайлаад явчихлаа. Тэгж байтал хязаалан мордлоо. Миний өөрийн нэг, төрсөн эгчийн хүүгийн нэг, хүргэний нэг, нутгийн уяачийн нэг. Дөрвөн үрээ мордууллаа даа. Морь дагаж харах гэсэн хүмүүс миний 69-г унаад явсан юм. Тэгсэн удалгүй “Хөөе 69-н чинь дөрвөн хаалга онгорхой ирж байна” гэж байна. Гайхаад харсан чинь миний хар өнгөлчихсэн нөгөө гурван хязаалан нь дараагаараа ирлээ. Улсууд шуугиад сүйд.
-Шуугихаас аргагүй юм болжээ?
-Ихэнх уяачид намайг таньдаг байсан ч тэр дунд таньдаггүй хүмүүс бас байлгүй яахав. Тэгээд Даваахүү ах ”Замын газрын хурдан хар адуутай, хар Буд гэдэг чинь энэ байхгүй юу” гэж хэлсэн юм билээ. Тэр их дуулианаас болоод би шүдлэн үрээгээ сунгаж чадалгүй буцаж билээ. Мордсон бол гарцаагүй түрүүлэхээр хурдан байсан л даа. Даагандаа  Алтан-Овооны тахилгад түрүүлсэн үрээ шүү дээ. Дүү нар болохоор хөөрөөд “ахаа үрээгээ мордуулчихъя л даа” гээд байдаг. Зарим нэг сайн санасан хүмүүс  “Долооны сунгаа төрийн наадмын өнгийг тодорхойлдог юм шүү. Энд өнгөлсөн адуу төрийн наадамд очоод цагаан юм амсуулдаг. Миний дүү энэ жил цагаан юм гарцаагүй амсах нь” гэж урам хайрлаад. Тэгээд шүдлэндээ гаднаа ирсэн хойноо өөр үрээтэй хамт ажил хийж билээ.Улсад ирээд азаргаа мордуултал өлдүүлээд олигтой давхиулж чадсангүй. Тэр үед манай хүргэн дүү миний морины ажлыг голчилж хийдэг. Би өөрөө чадахгүй хэрнээ бас их оролцдог байсан үе л дээ. Азарга өлдчихөөр нь бусдынх нь хоолыг ерөнхийдөө  өөрөө тааруулдаг юм болоод үзчихсэн чинь ихэнхийг нь хоолоор нь ээрүүлээд баллахгүй юу. Тэгж л уяачийн эрдэм ухаан  ямар нарийн, тэр дундаа морины сүүлчийн шөнийн хоол хэрхэн нөлөөлдгийг илүү их мэдэрсэн дээ.Намайг бага байхад манай сумын хашир уяачид морины хоолыг маш нарийн тааруулдаг байсан. Морьд нь зурхай дээр ирээд хар хөлс нь цуваад мултардаг. Тэгж л уядаг байсан.Тэгтэл би Тахилт харыгаа хоолоор  нь ээрүүлээд 13-р, шүдлэнгээ 11-ээр давхиулсан. Шүдлэн маань Алдар толгой өнгөртөл Эрдэнэчулууны бага шаргатай хоёулаа явж байгаад хоол нь сагасандаа.
-Тэгээд нөгөө Долооны сунгаанд баллаад байсан адуунуудаас аль нь ч байдаггүй юу?
-“Сүлдэт хар” маань таваар давхисан. Нөгөө дараагаараа ордог дөрвөн хязааланг өнгөлдөг хар нь. Бусад нь цөм уяачийн эрдэм,сүүлийн шөнийн хоолноос болоод ороо нь хойшилсондоо. Сүлдэтээ би шүдлэнд нь аваад улсын наадамд 17-оор анх  давхиулсан юм. Тэгээд тэр жил улсын наадамд айрагдахаар нь “Сүлдэт хар” гэдэг нэр өгч байлаа. Зайлуул нэр нь арай хүндэтсэн болов уу даа. /Нэлээд бодлогошров/  
-Ямар ч байсан зорьсон хэргээ бүтээн улсын наадамд морь айрагдуулж, аймгийн Алдартын малгайгаа өмсөх эрхтэй болж?
-Тэгсэн. Бас нэг сонин түүх сонирхуулахад Нийгмийн хонгорыг улс хувьсгалын 50 жилийн ойгоор улсад ирж уралдахад Сүхбаатар сумаас Амын Жамцын улаан гэдэг хязаалан үрээ ирж хүрэл медаль авч байсан юм. Түүнээс хойш 30 жилийн дараа Сүхбаатар сумаас улсын наадамд би “Сүлдэт” хэмээх хар хязаалангаа айрагдуулж билээ. Тэгээд өөртөө аймгийнхаа Алдарт уяачийн малгайг өмсөх эрхийг өгч байлаа. Тахилт харыг 1999 онд Алтан-Овооны наадамд түрүүлэхэд Онгуу Манлайн ах Ганхуягийн хар үрээ аман хүзүүнд хурдалсан юм. Тэр хар үрээ 2000 оны улсын наадамд ирж уралдаад гурваар давхилаа.
-Тахилт хар арав гаргаад давхичихсан?
-Тэгсэн, сунгаанд байсан хурдыг нь хадгалж чадаагүй дээр нь хоолны алдаа хийснийх. Тухайн үед би морины комиссын гишүүн байсан тул морь гаргахаар явсан хойгуур Д.Сундуй гуай манайд ирээд “Хар үрээ чинь гурваар давхив уу” гэж. Тэр нь Онгуугийн хартай андуурсан хэрэг. Эхнэр маань хоолноос болоод арав гаргаж давхисан гэдгийг хэлж л дээ.Тэгсэн “Буд бид хоёр нэг алдаа хийж. Надтай уулз гэж хэлээрэй” гээд явсан байсан. Эрдэм төгөлдөр их уяач Д.Сундуй гуай миний харын хурдныг  таниад авъя гэсэн бас алба айрагдах адуу гэж итгэж байсан нь эндээс харагддаг юм. Онгуу уяачийн эрдэм ч эндээс бас харагдаж байгаа юм. Надаас өөр  гайгүй уяач байсан бол тэр жил “Тахилт хар” минь соёолондоо айрагдах нь бол тодорхой байсан юм шүү... Тэр жил Сундуй гуайн хүрэн азарга зургаалсан юм.
-Тэр алдаа нь юу байхав?
-Тэр жил бид адуугаа ёмкостоор ус зөөж усалдаг байсан.Тэгээд ёмкостод удаж халсан усаар усалснаас боллоо гэж байсан. Тэр бол том уяачийн мундаг нарийн бодол л доо. Миний хувьд уяаны алдаа хийж дээр нь хоолоор ээрүүлснээс л болсон гэж боддог.

ХОНГОР ХАЛЗАН ИХ ТҮҮХТЭЙ АДУУ...
-2001 онд яаж наадлаа?
-Хонгор халзан түрүүлж, Элбэг хээр минь будилаад зургаалахгүй юу.
-Түвдэн Манлайн сүүлчийн сонгосон адуу юу?
-Тиймээ. Бас л сонин түүхтэй адуу л даа. 1999 оны Алтан-Овооны тахилгын наадмаас хойш Түвдэн ах бид хоёрын сайхан нөхөрлөл улам зузаарсан хэрэг. Ах маань “дүүтэйгээ ганзага нийлдэг юм” гээд надтай хөдөө гадаа явах их дуртай. Түвдэн ах чинь насаараа төмөр замд ажилласан “Хүндэт төмөр замчин“ хүн шүү дээ. Тэр жил байгууллагаас нь байр өгөөд, Хүндэт төмөр замчин тэмдгээр шагнасан байсан. Даргаар нь УИХ-ын гишүүн асан Рааш ажиллаж байсан үе.Тэгсэн нэг өдөр Түвдэн ах ирээд “дарга намайг чамтай найз.Наад Буд чинь Сүхбаатарын бүх адууг мэднэ. Өөрт нь ч  хурдан адуунууд олон бий. Байгууллагын нэр гаргах нэг сайн хурдан адуу олж ир  гээд болдоггүй” гэж байна. Тэр үед” Мянганы зам”ын ажил ид ундарч байсан үе. Тиймээс ажил ихтэй, завдаж амжихгүй байсаар ярьснаас нь хойш бараг сар боллоо.Түвдэн ах  байсхийгээд л залгана.Тэгээд сүүлдээ хүнийг алийн бүр ингэж гуйлгах вэ нэг амралтын өдөр ашиглаад явъя гээд тав дахь өдөр хувийнхаа 69-г унаад яваад очлоо.Би чинь ер нь их хэнхэг хүн шүү дээ. Албанд жийп байсан л даа. Гэхдээ амины ажилдаа хувийн машинаа унадаг байсан юм. Тэгтэл удалгүй ах пүүгээгээ аваад гараад ирлээ. Тэр үед би адуунд ид хорхойсчихсон. Ийш тийшээ явахдаа тав гурван төгрөг авч явдаг байсан юм. Суманд байдаг манай ах дүү нар бас адуу сайн мэднэ. Тэд нараасаа асуусан “Шүдлэндээ сумандаа түрүүлээд давхар уяагаар Егүзэр хутагтын 130 жилийн ойд түрүүлсэн хонгор халзан үрээ тун дажгүй адуу. Тэрийг л ав. Та мэднэ дээ “сахал” Рэнцэндорж гуайн хүүхдийнх” гэж байна. Рэнцэндорж гуайг  би мэдэлгүй яахав. Олон жил айл саахалт явсан бараг ах дүү шиг байсан улс байхгүй юу. Тэгээд Налайх өнгөрч яваад хэллээ дээ “Нэлээд үнэтэй дуугарч магадгүй юм байна.  Та мөнгөтэй яваа биз дээ” гэсэн. “Байхгүй. Рааш “Будтай явж байхад мөнгөөр яадаг юм.Төрийн наадамд түрүүлэх адуу л авчирна шүү” гэсэн гэж байна.Түвдэн ах хүн их явуулдаг бас наргианч зантай.Наадам дөхчихсөн энэ үед төрийн наадамд орох адуу авчрах гээд явж байгаа хүн арай ч үгүй байлгүй гээд тоосонгүй. Сум дөхөөд ирэхээр нь “хоёулаа эхлээд ярилцаж тохирохгүй бол болохгүй. Хэдээр ав гэсэн юм бэ” гэсэн. “Яг үнэн шүү, дүү минь. Будтай яваад аваад ир л гэсэн” гэж байна. Хараад байсан үнэн бололтой. За тэгээд явсаар байгаад манай хүргэн ахынд очоод Хатанбаатар гээд хүүгээр нь яриуллаа даа. Тэр дүү маань морь сайн мэддэг. Моринд их дуртай хүүхэд.Сумын Алдарт уяач цолтой хүн л дээ. Ёстой нүдэнд харагдтал ярилаа даа. Тэгээд нөгөө айлаа сураглаад очтол манай ангийн хүүхдийн хүргэн Өлзийбаатар гэдэг залуу байна. Яваад очсон тэмээний эрэлд явчихаж. Маргааш нь  хүнээс асуусан тэмээгээ олчихсон нэлээд олуулаа энэ хойно явна лээ гэнэ.Явж очоод хэрэг зоригоо хэллээ дээ. Тэгсэн “ахаа зарахгүй дээ” гэж байна. Тэгэхээр нь л хэллээ. “Чи ахдаа зар.Ах нь төрийн наадамд аваачиж уралдах гэж байгаа юм” гэлээ.
-Улсад морь айрагдуулчихаад очиж байгаа шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Алтан-Овоонд хязаалан түрүүлгээд, улсад хязаалан айрагдуулаад нутаг орныхоо нэрийг мандуулж байгаад очиж байгаа. За тэгээд яахав тийм үед идээний дээд сархад л хэрэг болдог юм чинь.Жаахан уулаа. Тэгсэн нэлээн байж байгаад зарахаар боллоо. Гэхдээ “ханасан үнэ өгвөл” гэж байна. Тэгэхээр нь би  “миний дүү хурдан адуу нэг л удаа үнэ хүрдэг юм гэсэн шүү. Чи ийм хурдан адууг гадны хүнд өгөөд яахав. Нэг нутаг усныхаа зорьж ирсэн ахдаа өгчихвөл яасан юм” гэсэн. “Мөнгө чинь бэлэн юмуу” гэж байна. Тэгэхээр нь үрээгээ эхлээд харъя гээд адуун дээр нь очлоо. Тэгсэн хонгор халзан үүрсээд их таатай байнаа. Түвдэн ахаас “ямар адуу байна” гэсэн. “Ёстой сайхан адуу байна. Энийг л авъя” гэж байна. Тэгэхээр ахиад асуулаа. “Үнэхээр мөнгө байхгүй юмуу. Та тоглоод байгаа юмуу” гэсэн “Байхгүй” гэж байна. Тэгээд хэд гэх юм гэсэн. “Хямдхан авчраарай” гэсэн гэж байна. За тэгээд буцаад орлоо. Үнэ мөнгөө ярих юм боллоо. Тэгсэн Түвдэн ах “төрийн өндөр алба хашиж байгаа нутгийнхаа ийм буянтай хүнд өгөх хэрэгтэй. Адуу тэгтлээ өндөр үнэ хүрнэ гэж юу байдаг юм” гэж хэлсэн. Ахын хэлсэн ганц үг л тэр.
-Улсын том цолтой уяач гэж  мэдэж байсан уу?
-Үгүй үгүй. Мэдчихвэл үнэ нь өсөөд, би зуучлагч болоод баларна шүү дээ.Би өөрөө л авах гэж байгаа болоод яриад байгаа.
-Ханасан өртөг нь хэд байхав?
-Эхлээд хэлсэн үнэ нь гурван сая. Тэгэхээр нь хоёр талдаа ярья гэж нөгөө хэдийгээ гаргачихаад Түвдэн ахтай ярьсан. Хоёр саяас дээш гаргаж болохгүй гэж байна. Жаахан байж байгаад нөгөө хэд маань ороод ирлээ. Тэгэхээр нь тэртээ тэргүй өсгөх нь тодорхой гэж тооцоод 1,5 сая гээд хэлээд тавьчихлаа. Тархин дундуур татуулсан шахуу л юм болж байна. Аргагүй шүү дээ. Тэр хурдан амьтныг чинь. Тэгсэн “ахаа би таны хар үрээг авсан ханшийг чинь мэднэ ш дээ. Яагаад миний адууг ингэж байгаа юм” гэж байна. Тэгэхээр нь хэллээ дээ. “Чи гурав гэлээ, ах нь 1,5 гэлээ. Дундаа багтаагаад хоёр саяар авъя”гэж.Гэтэл мөнгө нь бэлэн юмуу гэж байна. За тэгэхээр нь ухаан сийллээ дээ.”Хоёр сая төгрөгийг чамд бэлэн өгч болохгүй.Чи жаахан татчихсан байгаа. Аягүй бол үрчихнэ. Хурдан адуугаа зарсан хүн ядаж гэрээ шинэчил. Ах нь сая төгрөгийг нь бэлэн өгье. Саяыг дансанд чинь хийе, эсвэл ах дүү нараараа дамжуулаад өгье” гээд хэлээд тавьчихлаа.
-Танд сая төгрөг  байсан юмуу?
-Юмыг яаж мэдэхэв гээд 1,5 сая төгрөгтэй гарсан байсан юм.Нөгөөх маань хадам ааваасаа яахав гэсэн нөгөөх нь “Буд ахдаа өг” л гэж байна. За тэгээд бурхан дээр нь сая төгрөгийг нь аваачаад тавьчихлаа. Тэгэхдээ “за ахад нь нэг хэлэх юм бий.Гэхдээ өнөөдөр хэлэхгүй. Хожим тайлбарлана” гэж хэлээд явсан. Тэгээд манай ахынд очоод ярилцаж суутал Түвдэн ах “Ах нь бүгдийг харлаа.Чи хамаг нэр нүүрээ барж, мөнгөө өгч байж авлаа. Чамтай ирээгүй бол энэ адууг авч чадахааргүй  байлаа. Тийм болохоор энэ жилдээ хонгор халзангаа чиний нэр дээр уралдуулна. Ирэх жилээс төмөр замынхаа нэр дээр мордуулна”гэж хэлсэн юм. Тэгээд «миний дүү адуундаа их сайхан нэр өгдөг хүн. Хонгор үрээгээ” Суман халзан» гэж нэрлэбэл ямар вэ” гэж хэлж билээ.Тэгэхээр нь би үнэхээр сайхан адуу юм. Та их онож хэллээ гээд “Суман” халзан гэж нэрлэсэн. Хонгор халзан чинь балиу биш нарийхан үнэхээр суман халзан нэрэндээ таарсан их сайхан адуу л даа.
-Харамсалтай нь Манлай тэр жилийн наадмыг үзэж чадаагүй?
-Үнэхээр харамсалтай юм болсон. Хонгор халзанг авчрах гэж яваад бурхан болсон шүү дээ. Тэр болтол төмөр зам үнэ өртгийг нь өгөөгүй л байсан. Ахыг бурхан болсны дараахан бид гэрт нь ярилцаж байгаад “Морин эрдэнэ” галаа анх байгуулж байлаа. “Монхурд”-ын Батмөнх, ”Кредит” банкны Доржпүрэв, Түвдэн ахын ганц хүү Батцоож  бид дөрөв ярилцаж анх гал байгуулах санаачилгыг гаргаж, миний саналаар “Морин-Эрдэнэ” хэмээн нэрлэхээр болсон юм. Тэгэхэд хэд хэдэн нэр яригдаад миний өгсөн “Морин-Эрдэнэ” дээр тогтсон юм. Үүсгэн байгуулснаас хойш энэхүү галаа арваад жил ахалж байгаад УИХ-ын гишүүн болсон хойноо ажил ихтэй болсон учир галынхаа эрхэм нөхдүүдэд сумынхаа 80 жилийн ойгоор даагандаа түрүүлсэн хар азаргаа бэлэглэж, галаа хүлээлгэж өгсөн. Одоо Түвдэн ахын маань хүү МУ-ын Алдарт уяач Батцоож, дүү Батмөнх, Эрдэнээ, галын анхны гишүүн Доржпүрэв  нарын нөхөд маань галаа сайхан авч явж байгаа. Энэ жил Ховд аймагт болсон баруун бүсийн наадам болон Дарви сумын ойд сайхан наадацгаасан.Би нэг адуу өгч явуулсан Дарвийн наадамд наймаар давхисан байна лээ.
-Тэгээд хэзээд нь төмөр зам өртгөө өгч, хонгор халзан тэдний адуу болсон юм бэ?
-Ийм явдал болсон юм. Хонгор халзан дунд, их  хоёр сунгаанд өнгөллөө. Тэр үед талийгч ахын гэргий Норовсүрэн эгч Батцоожтойгоо бас дүү нар нь бид хэд нэг гал болон бууцгаасан байлаа. Тэгэхээр нь би нэг өдөр тэр хоёрт “та нар энэ адууг төмөр замд битгий өгөөрэй. Үнэ өртгийг нь одоо хүртэл өгөөгүй байгаа. Тэгээд ч аавын чинь амиа тавин байж авчирсан адуу шүү” гэж хэлсэн юм. Тэгсэн нэг өдөр ажилдаа яваад ирсэн Норовсүрэн эгч тэрүүхэн хавьдаа түнтэгнээд надаас дөлөөд байна. Би ч учрыг нь ойлголоо. Гэрт орсон эхнэр “өнөөдөр нэг юм болсон. Чамд Ноёо эгч өөрөө хэлэх байх” гэж байна. Төмөр замынхан ирээ юу гэсэн. Рааш гуай, Хөдөлмөрийн баатар Батмөнх гуайтайгаа ирээд нэлээд удаж байгаад явна лээ гэж байна. Тэрнээс хойш 1-2 ч хоног Норовсүрэн эгч манайхаар орж ирдэггүй ээ. Тэгсэн харин их сунгаанд түрүүлсэн өдөр нь бурхан дээр нь хоёр сая төгрөг авчирч тавиад “хонгор халзан үүнээс хойш төмөр замын адуу шүү” гэж хэлчихээд явсан байсан. Тэгээд тэр жилээ Хонгор халзанг улсад түрүүлэхэд нь би Төмөр замынханд  үрээнийхээ эзэнд нэг сая төгрөг нэмээд өгчихээрэй. Гурван саяар өгнө гэж байхад нь би гуйсаар байгаад хоёр саяар авчихсан юм. Төрийн наадамд түрүүлчихлээ” гэсэн. Тэгсэн өгөөгүй. Би түүнд нь сэтгэл жаахан дундуур явдаг даа.
ОДООГИЙН ЦОЛНЫ ТОГТОЛЦООНД ЖААХАН ШҮҮМЖЛЭЛТЭЙ ХАНДДАГ
-2002 онд төрийн наадамд соёолон үрээ айрагдуулсан байдаг. Тэр талаараа дурсаач?
-Оонон хар чинь 1999 оны Алтан Овооны наадмын дааганы түрүү шүү дээ. 2000 онд шүдлэндээ их хурдан байхад нь хоолоор нь баллаж хаяад, 2001 онд хязаалан өнжүүлээд, 2002 онд соёолонд нь Дархан хаан уулынхаа их тахилгын наадамд түрүүлгээд, зун нь улсын наадамд таваар давхиулсан.Эрдэнэчулууны алдарт шарга түрүүлсэн жил шүү дээ. Тэрний дараа жил буюу 2003 онд Дааган хулангаа түрүүлгэж, төрийн наадмын анхны түрүүгээ хүртэж байлаа. Дааган хулангийн эцэг  тал нь манай сумын Тонгооны угшилтай. Харин эх тал нь Онгон сумын харьяат хурдан хүрэн, хар азаргатай Шар гуайн адууных. Би унага байхад нь авч байсан юм.
-Бэлгэнд үү?
-Үгүй ээ худалдаж авч байсан.
-Та ер нь бэлгэнд адуу авч байсан уу?
-Авалгүй яахав. 2004 онд УИХ-д нэр дэвшиж явахдаа 34 адуу бэлгэнд авч байлаа. Над шиг тийм олон адуу бэлгэнд авсан хүн байхгүй байх. Жишээлбэл Онгон сумаас гэхэд найман медальтай морио надад бэлэглэж байлаа шүү дээ. Гэхдээ би ихэнхийг нь аваагүй. Адуунд нь байлгадаг юм.
-Дааган хулангаа өвөл аваад дараа зун нь түрүүлгэжээ дээ?
-Тийм. Наадмын өглөө их хөгтэй юм болсоон. Дааган хулангийн эх их ааштай машин дээр чөдөртэй байхдаа л дүүлээд байдаг гүү л дээ.Тэгээд даагатай нь авч явах гэснээ болиод доогуур хөтлүүлээд, би  30 машин дээр  даагаа хөтлөөд суулаа. Шөнө адуу манаж, даагандаа хоол өгч хоносон тэр чигээрээ хувцсаа ч солиогүй нэг муу хөвөнтэй ногоон дээлтэй үс  гэзэг нь өрвийчихсөн ер нь өөдтэй харагдахааргүй л юм явсан байх л даа. Тэгсэн замд нэг цагдаа зогсоогоод явуулдаггүй. Тэр жил чинь анх удаа Хүйн долоон худагт улсын наадмын хурдан морь уралдахаар болж даагаар эхлэхээр шийдвэрлэсэн юм. Морь гарах гээд яараад байдаг. Нөгөө цагдаа чинь заавал тойрч яв гээд болдоггүй. Эхэндээ ч баахан гуйлаа. Халгаадаггүй. Гэнэтхэн уур хүрээд “Би авто замын газрын дарга Буд гэдэг хүн байна” чи хойшоо гэсэн нь оруулж билээ.Тэр жил би Даваахүү ахтай хамт морьдоо уясан. Манай уяаны морьдоос миний Дааган хулан түрүүлсэн. Наадмын дараа галаараа суугаад ярилцаж байхад  Даваахүү ах “хөдөлмөрлөсөн хүн үр шимээ  хүртдэг. Манай Буд үнэхээр хөдөлмөрч. Тэрнийх нь хүчээр өнөөдөр даага нь түрүүллээ” гэж намайг магтаж урам өгч билээ. 30 машин дээр ганцаараа даагаа хөтлөөд өрвийсөн юм суухад их үнэлсэн шиг байгаа юм.
-Даага түрүүлсэн газраас даллагаандаа шороо авч хий гэдэг үг гаргаад баллах шахсан гэдэг бил үү? Та ер нь морины комисст хэр олон жил ажилласан бэ?
-Тэгсэн хэн нь ч хэлчихсэн юм бүү мэд. Даага түрүүлсэн газраас даллагаандаа шороо авч хийгээрэй гээд тэр хавиар чинь бөөн юм болж байлаа. Ер нь манай монголчууд хурдан адууны хийморьт их сүсэглэдэг улс шүү дээ. Би соёолонгийн даамлаар дөрвөн жил ажилласан. Тэгэхэд соёолонгийн тоосонд хүрч байгаа нь энэ гээд зарим нь машины тоосыг хүртэл арчаад авчихдаг байсан шүү.Сүүлдээ би туршлага суугаад хамгийн түрүүнд хөлсний хашаанд орж нусны алчуураар хөлсийг нь арчиж аваад тэгээд найз нөхдөдөө түгээдэг байлаа./инээв/ Би улсын баяр наадмын хурдан морины салбар комиссын гишүүнээр олон  жил ажилласан. Магадгүй Сүхбаатар аймгаас Хурц гуайн дараа хурдан морины комисст хамгийн олон жил ажилласан хүн нь би байх. Тэр үед ажилласан жилээрээ Самданжамц гуайн дараа л ордог байлаа. Дааганаас эхлээд азарганаас бусад бүх насны даамал хийсэн. Азарганы даамлыг л Саамаагаас авч чадаагүй юм. Морины комисст байхдаа олон сайхан хурдан хүлгүүдийн тоосонд орж олон сайхан уяачидтай танилцаад ирэхээр нөгөө цусанд байсан “хууч” өвчин сэдрээд моринд нэлээд гүнзгий орсон доо.
-Дааган хулан чинь бас гоё дуутай байхаа?
-Тийм их сайхан дуутай.
Даншгийн наадмын салхийг хагалсан
Дааган хулан Морин эрдэнэ галынх
Даяар монголыг цэнгүүлж наадуулсан
Даамал Будын хүлэг минь уу зээ...  гээд л..
2004 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үед дуу хуур тавьж болдог байхад бүх арга хэмжээн дээр Дааган хулангаа тавина. Уулзалт хийгээд мөрийн хөтөлбөрөө жаахан ярьж танилцуулж байтал, хүмүүс “морь ярья”, “Дааган хулангаа” нэг дуулуулаач гэнэ. Тэгэхээр дуучин залуу маань гараад л дуулна.Сүүлдээ бүр нэрээр нь дуудахаа байгаад Дааган хулан болсон шүү дээ./инээв/
-Давхар уяагаар Данзанрав­жаагийн 200 жилийн ойн наадамд аман хүзүүдсэн үү?
-Тэгсэн. Тэнд ч түрүүлэх байсан байх. Улсын баярын дараа эх нь худгийн торонд гэдсээ хүүлчихээд 10 гаруй хоног ямар ч ажилгүй байж байгаад тэр ойд очиж аман хүзүүдэж байгаа нь тэр. Соёолондоо их хурдан байхад нь хэт таргалуулаад хүчийг нь дийлээгүй. Би ер нь нэг адууг олон уралдуулдаггүй. Адуугаа хайрлахгүй бол болохгүй. Малгайны төлөө явсан бол аль эрт болзлыг нь биелүүлчих боломж  надад байсан л даа. 
-Ер нь айраг түрүү хэд болсон бэ?
-Улс, бүсийн наадмын гурван түрүү, зургаан айрагтай. Би чинь 2009 оны Дорнодын зүүн бүсэд хязаалангаа түрүүлгэсэн. Дарьгангын Гүрдагвын адууны гаралтай сайхан хүрэн үрээ бий. Тэр хавар нь аваад зун нь Дарьганга суманд айрагдуулаад, Дорнодын бүсэд түрүүлгэсэн. Тэгэхдээ дан эрлийз адуунуудыг дийлж түрүүлсэн болохоор нь “Ажнай хүрэн” гэдэг нэрийг өгсөн юм. Тэгээд орой нь морь түрүүлсэн гээд жаахан наргицгааж байсан үндсэн хуулийн цэцийн Жанцан гуай “Будыгаа “Хязаалан” Буд” гэж нэрлэе гээд баахан инээлгэж  билээ. Яагаад гэхээр би Сүхбаатар, Дорнодын хоёр бүсэд хязаалан түрүүлгэж, төрийн наадамд хязаалан анх айрагдуулсан хүн. Одоо Өвгөн ноёныхоо наадамд л нэг түрүүлгэчих юмсан гээд ханцуй дотроо залбирдаг даа
-Алдартын болзол чинь биелчихсэн юм биш үү?
-Би ер нь одоогийн цолны тогтолцоонд жаахан шүүмжлэлтэй ханддаг хүн.  Улсын Алдарт, Манлай, Тод манлай уяач цолыг яг морио гардаж уядаг жинхэнэ уяачид нь  олговол зүгээр санагддаг. Гэхдээ хурдан морины төлөө байдаг бүхнээ зарцуулж байгаа энэ улсыг бас орхигдуулж болохгүй. Хурдан Хүлгийн Эзэн, Их хүлэгч ч гэдэг юмуу арай өөр цол бий болгож олгомоор санагддаг. 

ИХ УЯАЧИД "ЧИНИЙ АДУУ МОНГОЛ ТАЛДАА ИХ САЙЖИРСАН" ГЭЖ УРАМ ХАЙРЛАДАГ
-2003 онд улсад айрагдсан Зоост борынхоо талаар ярих нь зүйтэй байх?
-2003 оны сүүлчээс намаас дуудаад өөрийг чинь дараагийн сонгуульд Сүхбаатар аймагт өрсөлдүүлнэ. Намд суудал авчирна шүү гэдэг үүрэг өгдөг болсон.Тэрнээс биш би энэ улс төрд өөрөө оръё гэж нэг их хүсээгүй юм шүү. Тэр үед Мянганы замын их бүтээн байгуулалтын ажил өрнөсөн хүмүүс ч ам сайтай байсан. Тэгээд олон жил замаараа овоглож төр түмний хайр хишгийг хүртэж, бас чиг төрийн наадамд морьд айрагдуулсан хүний хувьд явахаасаа өмнө  авто замынхаа газраар овоглосон нэг сайн хурдан адуутай болъё гэж ярилцаад 2003 оны хавар Хүрэлбор найзаасаа Зоост  борыгоо очиж авч байлаа.Тэгээд улсад авчраад уяж байхдаа нэг талаас замын сангаа арвижихыг бэлгэдэж, нөгөө талаараа өөрт нь байдаг жижиг толбыг бодолцон “Зоост бор” гэдэг нэрийг хайрласан юм. Зоост бор төрийн наадамд айрагдаж Монголын авто замчдын магнайг тэнийлгэж, авто замчдын ажил үйлс ч улам эрчимжиж, олон сайхан замчин залуус моринд орох үүд хаалгыг нээсэн дээ.Манай авто замчид чинь “Их замын хүлэг” гэж галтай. Одоо олон ч хүн морь мал уядаг болсон.
-Гишүүн болтлоо ч та айраг түрүү алдаагүй юм байна шүү?
-Тэгэлгүй яахав. 1999-2003 он хүртэл би улс, бүсийн наадмаас айраг түрүү алдаагүй. 2004 онд УИХ-ын гишүүн болоод нэг сонголт хийх хэрэгтэй болсон юм. Тэр нь нэг бол морио уяад адуу руугаа давхингаа ажлаа хийх, нөгөө нь адуугаа түр орхиод ажлаа хийсэн шиг хийх. Тэгээд би хоёр дахь замыг нь сонгож,  нэг хэсэг адуу малнаасаа жаахан хөндийрсөн тал бий.
 -Сүхбаатарын  аль хурдан хурц гэсэн болгоноос авсан Будын адуу хурдлах ёстой доо хэмээн ярих уяачтай нэг бус таарч байлаа. Танай адуунд халхын ямар хурдан буянгуудын үр сад байна вэ? 
-Манай адуунд Сүхбаатар аймгийн  бараг бүх сумдын угшил орсон сайн адуунууд, дээр нь Зууны манлай уяач, Хөдөлмөрийн баатар Даваахүү, МУ-ын Гавъяат малчин Тод манлай уяач Онон, Манлай уяач Д.Түвдэн, Д.Сундуй, Ц.Онгуу, Г.Дамба, Хэнтийн Энхсүх, Дорнодын Батзориг, Халзан сумын “жаахан” Лхамсүрэн, Эрдэнэцагааны Эрдэнэ­далай манай сумын хоёр Жамъян нарын адуугаар би адууныхаа цусыг сайжруулсан. Тухайлбал жаахан Лхамсүрэн гуай хурдан цэхэр адуутай хүн байсан. Лхамсүрэн гуай өөрийнхөө адуугаар  аймаг сумын наадмаас 60-аад айраг, түрүү хүртэж байсан.Тэр хүний цэхэр хээр даага  Эрдэнэцагаан суманд болсон Егүзэр хутагтын 130 жилийн ойд түрүүлж, Дорнод аймгийн баяр наадамд аман хүзүүдэж, Сүхбаатартаа их олон түрүүлсэн адуу. Түүнийг нь би худалдан авч азарга тавьсан. Мөн 1999 онд Алтан-Овооны их тахилга наадамд даагандаа түрүүлсэн Готовын хар үрээг авч азарга болгосон.Сүүлийн үед их сайн наадаад байгаа Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, аймгийн Алдарт уяач Т.Батзориг 2002 онд Сүхбаатар аймгийн 60 жилийн ойгоор нэг унагатай, хоёр сувай гүү бас нэг хязаалан үрээтэй ирсэн юм. Миний хувьд яг ид моринд дурлаж явсан болохоор гурван гүүг нь авсан. Хэнтийгээс бол бүр Зууны манлай уяач, Хөдөлмөрийн баатар Даваахүү ахтай хамт очиж аймгийнхаа наадамд гурван азарга түрүүлгэсэн Мөрөн сумын харьяат МУ-ын Алдарт уяач Энхсүхээс “Их хурд-2”-д аман хүзүүдсэн хонгор халзан азарганы дүү халтар азаргыг нэлээд үнэтэй авч байлаа. Даваахүү ах тэр азаргыг авахад урам хайрласан уу, үнэхээр тэгж санагдсан уу “өөрийнхөө их хүрэнтэй их төстэй адуу гэж байсан. Тэр халтар азаргандаа би Цолмон гэдэг нэр өгсөн. Монхор хамартай сайхан халтар азарга бий. Би Цолмон халтарыгаа  Сүхбаатар, Асгат сумдын уяачид оролцсон өвлийн бэсрэг наадамд түрүүлгэж, дараа жил нь болсон өвлийн наадамд Хүрэн халзан, Элбэг хээр хоёр азаргаа түрүү, аман хүзүүнд хурдлуулж байлаа. Мөн  Халзан, Эрдэнэцагаан, Уулбаян, Сүхбаатар, Дарьганга, Наран, Дорнодын Хөлөнбуйр зэрэг сумдын сумын болон овоо тахилгын наадмаас айраг түрүү нэлээдийг авсан шүү. Ингээд харахаар үнэхээр гайгүй адуу цуглуулж дээ гэж хааяа бодогддог л юм. 
-Зууны Манлайтай нэлээд дотно уу?
-Бид хоёр олон жил их сайхан нөхөрлөж байна. Даваахүү ахыг морь айрагдаж түрүүлгэхэд нь би баяр хүргэж адуу бэлэглэж, ах ч надад адуу бэлэглэж байсан. 2003 онд намайг төрийн наадамд Дааган хулангаа түрүүлгэхэд нэг охин унага бэлэглэсэн юм. Тэр үед Цолмон халтар 17, 18 хүрчихсэн байсан байх. Зэлэн дээр нь Цолмон халтарын төл хоёр охин унага байсан. Бараг сүүлийнх нь төл л дөө. Ах маань намайг энэ хоёроос дуртайгаа сонгоод ав гэхэд нь би бараг 30 минут эргэлдэж байгаад жижиг харыг нь авсан юм. Нөгөөх нь том сайхан улаан хээр унага байсан л даа. Тэгээд дааганд нь очиж аваад Тахилт хардаа хураалгаад гарсан төл нь улсын наадамд аман хүзүүддэг Улам-Өрнөхийн хар шүү дээ. Тэр хар азарга чинь соёолон гүүний унага байгаа юм. Тэгэхээр адуунд удам гэдэг аргагүй үнэн байгаа биз.
-Тэгэлгүй яахав?
-Аан нээрэн Энхсүх Алдартаас халтар азарга авахад Маар гуайн адууны юм шүү гээд жижигхэн хүрэн гүү өгсөн юм. Мөн 2000-гаад оны үед Ононгоос гүү бэлгэнд авч байлаа. Элбэг хээрийнхээ эх, Асгатын Мөнхсүхийн хурдан хүрэн азарганы эх хүрэн гүү гээд бас угшил сайтай гүүнүүд нэлээд цуглуулсан даа.2000 онд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харьяат, МУ-ын Манлай уяач Г.Дамба гуайгаас  гурав дөрвөн унагатай гүү, нэг азарган үрээ авч байсан. Дараа нь 2002 онд Сүхбаатар аймгийн 60 жилийн ойгоор Манлай надад сайхан хүрэн халзан азарган үрээ бэлгэнд өгч би азарга тавьсан.Өвгөн бид хоёрын танилцсан түүх бас сонин. 1998 оны анхны “Их хурд” уралдааны үеэр чиргүүлтэй 30 нь эвдэрчихсэн байхад нь би таараад хэдэн төгрөгөөр тусалсан юм. Тэгээд намайг манайд очоорой гэж урьж байсан юм. Энэ мэтчилэн сайхан сэтгэлт хүмүүс, өөрийн ах дүү, найз нөхдөөс нэлээд олон адуу авч үржилд оруулж адууныхаа цусыг сайжруулсан. Тэрийг маань мэддэг Монголын их уяачид болох Даваахүү ах Онон бусад уяачид “Чиний адуу монгол талдаа бол их сайжирсан” гэж урам хайрладаг юм.
 -Өөрийн гэсэн бэсрэг угшил бий болгосон гэсэн үг үү?
-Угшил гэхээр арай томдох байх. Миний бодлоор угшил бий болгоход дор хаяж 30, 40 жилийн хөдөлмөр шаардагдах юм шиг санагддаг. Магадгүй зарим нэг хүний нас хүрэхгүй үе уламжилж  байж ч гарч ирж мэдэхээр юм билээ. Тэгэхээр би өөрийнхөө бий болгосон адууг одоохондоо цөм сүргийн хэмжээнд байна уу даа гэж боддог. Энэ цөм сүргийг бий болгох гэж 20-иод жил ноцолдож байна. Ер нь Сүхбаатар аймгийнхаа сумдын угшил орсон гайгүй гэсэн адуу болгоноос авч цус хольсны сацуу Улсын Алдарт, Манлай, Тод манлайнуудын адуунаас ч бас нэлээд оруулсан талаараа би дээр тодорхой ярьсан.
-Нэгэн үе адуу их авсан. Харин одоо...
-Нэг үе адуу их авч байсан бол дунд үедээ нэлээд бэлэглэсэн.Бэлэг, сугалаагаар 200 -гаад адуу хүнд өгсөн  байна лээ. Гол нь бэлэгний адуунууд маань очсон газар бүртээ түрүүлж айрагдаж байгаа дуулддаг юм. Манай адуунаас Ховд, Булган, Эрдэнэт, Дархан, Архангай, Төв, Сүхбаатар аймгуудад нэлээд хурдалж байгаа. Сүүлийн үед ганц нэг адуу бас зарж борлуулж байна.
-Дээд тал нь хэд хүрч байна?
-30 сая. 20 саяар бол нэлээд хэдэн адуу зарсан. Хааяа бас ганц нэг адуу зарж алтан тууртынхаа буян хишгийг өөртөө болон өргөн олон түмэндээ хүртээж байх нь зөв гэж  боддог доо. Би чинь 2011, 2012 оны Алтан унаганы  эзэн шүү дээ. Монгол улсад жил дараалан Алтан унаганы эзэн болсон анхны хүн нь би. Энэ жилийн хувьд 130 гаруй унага тамгаллаа.
-Унаган адуу түрүүлж, айрагдах уяачийн том бахархал гэдэг. Улам-Өрнөхийн хар азаргыг аман хүзүүдэхэд нэлээд догдолсон харагдсан шүү?
-Адуунд дуртай эр хүний хувьд морь түрүүлж айрагдах шиг том баяр хаана байхав. Өөрийн унаган адуу тэр тусмаа азарга төрийн наадамд айрагдах үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан юм билээ. Ах нь нэлээд асгаруулсан шүү. Улс халзангийн ташааг нь дэрлээд л орсон шүү дээ. Хар азаргаа би шууд Улам-Өрнөхөд өгөөгүй юм. Сонгуулийн үеэр миний ажилд тусалсан хоёр хуурай дүүтэйгээ нэг орой жаахан ярьж суугаад нэгэнд нь Эрдэнэ овооны тахилгын наадамд аман хүзүүдсэн хонгор даагаа, нөгөөд нь мөн наадамд айрагдсан шүдлэнгээ бэлэглэчихсэн юм. Тэр шүдлэн нь энэ Улам-Өрнөхийн хар азарга. Хязаалан үрээ над дээр байхад нь “өөрийнхийгөө уяж чадахгүй байгаа хүн чиний үрээг уяна гэж худлаа. Хурдан адуу шүү, сайн хүнээр уяулаарай гэж бараг албаар шахуу өгч явуулж билээ. Тэгсэн Онгуу Манлай дээр аваачиж уяулаад аймгийн наадам, Халзан, Уулбаяны наадамд аман хүзүүдүүлээд тэгээд наашаа нь нэлээд өндөр үнээр зарсан юм байна лээ. Би Улам-Өрнөхөд баярлаж явдаг юм. Адууны удам угшлыг хүн үнэнээр нь хэлж байх хэрэгтэй л дээ. Наадмын өмнө их сунгаан дээр хар азарга Монгол хээрийг дийлж. Тэгсэн нэг хүн ннлээд өндөр үнээр авъя гэсэн юм гэнэ лээ. Тэгээд надад ирээд “Буд ахаа танд би их баярлаж явдаг шүү. Өнөөдөр нэг хүн авъя гэхээр нь би өгсөнгүй” гэсэн. Тэгтэл бас Даваахүү ах яриад “хар азаргыг чинь харлаа. Миний дүү бэлэглэсэн нь үнэн үү” гэж асуугаад «ийм адууг бэлэглэж байдаг мөн ч сайхан сэтгэлтэй хүн шүү чи» гээд намайг сайшаан зэмлэж билээ. Унаган адуу айрагдахын сайхныг мэдэрсэн бас нэг үйл явдал бол Сүхбаатар сумынхаа 80 жилийн ойгоор 2004 онд Тахилт харынхаа төл даага, шүдлэн хоёрыг түрүүлгэсэн дээ. Ер нь манай бага насны эр, охин адуу үнэхээр чангарсан. Одоо надад сайн уяач, унаач л хэрэгтэй байгаа юм.
-Морь айрагдаж түрүүлэх гэж эзэн, уяач, хүүхэд гурвын хийморь гурвуул цогцолж байж сая гүйцэлддэг гэдэг. Үүнтэй санал нийлэх үү?
-Нийлэлгүй яахав. Морь айрагдаж, түрүүлэхэд унаач хүүхдийн авхаалж самбаа маш чухал. Энд нэг сайхан түүх ярья л даа. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат Гүрцэдэнгийн зэгэл азарга гэж сумынхаа баяр наадамд 2-3 жил дараалаад хол түрүүлчихсэн хурдан хүлэг байлаа. Би түүнийг авчих санаатай Даваахүү ахтай хамт очоод тухайн үедээ хамгийн өндөр ханшийг өгсөн ч өвгөн өгөөгүй. Харин тэр холоос зорьж ирсэнд баярлалаа. Ах нь азаргаа зарахгүй. Аргагүй моринд дуртай дүү хүүтэй сайхан танилцлаа гээд зэгэл азарганыхаа дүү хязаалан гүүг надад өгч, би оронд нь Тэс угшилтай саарал үрээгээ бэлэглэж байлаа. Тэр хүртэл зорьж очсоны хэрэг гарч, нэг олзуурхууштай  үйл явдал болсон нь би унаач хүүхдээ олж авсан явдал юм. Тэр өвгөний талийгч охиных нь хөөрхөн торомгор алаг нүдтэй сэргэлэн хүү байсан. Би тэр хүүгээр морь унуулъя гэсэн  “өвөө мэднэ” гэнэ.Өвөөгөөс нь асуусан би мэдэхгүй өөрөө мэднэ гэж байна. Тэр хүүгийн аав нь бас бурхан болчихсон бүтэн өнчин хүүхэд байсан л даа. Тэгээд надаас “та тэгээд тийм хурдтай юм уу” гэсэн Даваахүү ах “наадах ах чинь Алтан-Овооны тахилгад хязаалан түрүүлгэж, улсад хэд хэдэн адуу оруулчихсан хүн. Чи очиж морийг нь унаж өг л дөө” гэсэн чинь зөвшөөрсөн юм. Тэгээд л Анхбаяр гэж энэ хөөрхөн хүү миний Дааган хуланг унаж улсын наадамд түрүүлгээд тэр жил арвын дотор давхисан бүх морьдыг маань унаж өгсөн. Уг нь санаагаар болдог бол байлгаад баймаар байсан ч нас өндөр өвөө аавынхаа нүд чих нь болдог байсан учраас амласан ёсоороо хүргэж өгсөн дөө. Тэр үед би өвгөнд нэг зүйл амласан юм. Тэр нь юу байсан гэхээр өвгөнийг улсын наадам үзүүлнэ гэж. Тэгээд хэлсэндээ хүрч 2005 онд Жигээ угшилтай Зэгэл азаргатай нь авчирч улсад уралдуулж байлаа.Өвгөн өөрөө хараа нь муудчихсан.Хүүхдүүд нь мориныхоо ажлыг төдийлөн сайн хийхгүй байсаар азарга нь 50 гарч давхисан юм. Ер нь эргээд бодсон миний морьдыг өнчин өрөөсөн хүүхдүүд нэлээд унаж байсан юм байна шүү. Тахилт харыг Алтан-Овоонд түрүүлэхэд танихгүй шахуу хүүхэд унасан юм шүү дээ. Уг нь манай хүргэн дүүгийн хүүхэд унах ёстой байсан чинь соёолон нь хойгуур давхиад ирдэггүй. Морь гарах болчихоод байдаг. Хүүхэд байдаггүй. Хүлээвэл хоцрох гээд байдаг. Тэгтэл тэрэгний сүүдэрт хэвтэж байсан нэг хүү “Ахаа унаач хүүхэд чинь ирэхгүй байгаа юм уу, би уная” гэхээр нь “тэг” л гэсэн. Тэгээд л мордуулсан чинь түрүүлсэн дээ.
ТАРВИЙ АХЫН ХОЁР ХҮРЭН АЗАРГА СҮХБААТАР СУМЫН ХУРДАН УГШЛЫН ДЭЭД ҮЕИЙГ БАРАГ ТАРЬСАН
-Сайхан түүх байна. Ингэхэд таны аав морь мал уядаг байв уу?
-Би аав ээжийнхээ нас тогтсон хойно нь гарсан хэнз, айлын отгон хүүхэд байгаа юм. Намайг төрөх үед аав маань 60 дөхчихсөн, ээж маань 50 дөхчихсөн байсан. Уг нь цагтаа морь мал уядаг байсан юм билээ. Гэхдээ намайг морь унах үед өндөр настай, өөрөө уяхаа больчихсон ах нар маань халааг нь авсан байсан л даа. Хүний эцэг эх үр хүүхдийнхээ хувь тавиланг зөнгөөрөө мэддэг байх. Намайг бага байхад аав маань гаансны мод толгой бэлдээд өгчихсөн. Түүгээр нь би томчуулыг дуурайж тамхи сорж өвчигнөдөг байлаа шүү дээ. Тэгсэн  хэр нь ээжийнхээ өвөрт унтана. 9-10 хүртлээ мээмээ хөхсөн хүн шүү дээ. Айлын отгон хүү гал голомтоо сахидаг ёсоор аав ээж маань намайг малчин болно гэж боддог байсан байх. Ер нь сургууль соёлын мөр хөөгөөгүй бол мэдээж адуучин  болох л байсан даа.
-Таны адуунд дурлах явдал нэлээд эртнээс эхтэй бололтой шүү?
-Тэгэлгүй яахав. Миний том хүүг Шандас гэдэг. Би ер нь морины өвчтэй нь мэдэгдэж байгаа биз.Хүүдээ Шандас, охиндоо Хулан гэдэг нэрийг одоогоос 40-өөд жилийн өмнө өгөөд л./инээв/ Шандас маань морь нэлээд сонирхоно. Бага хүү маань бас моринд дуртай. Энэ онд төрөлх сумын маань 90 жилийн ой  болж, бага хүү минь адуун дээрээ очиход нь нэг азарга адуу бэлэглэсэн.
-Та эцэг эхээс хэдүүлээ вэ. Та ер нь хэд дэх үеийн уяач вэ?
-Би эцэг эхээсээ долуулаа,нэг өргөмөл охин дүүтэй. Миний хоёр дахь ах нэгдлийн адуучин “хөх” Довдон гэж адуунд их эртэй, морь  сайхан уургалдаг,морьдыг зүсээр нь ижилсүүлж унадаг, морь сайн уядаг тийм хүн байсан. Цэрэгт ирээд офицер болж, халагдсанаасаа хойш бусад байгууллагуудад ажиллаж байгаад бурхан болсон доо. Манайхны хүргэн, хүүхдүүд гээд яривал одоо бараг арваад хүн морь уяж байна. Ахын маань том хүү Боргөлөг Сүхбаатар сумын Алдарт уяач болсон. Мөн том ахын маань хүргэн Баттөр гэж морь сайн уядаг хүн байлаа. Хүргэн ахын маань хүү Хатанбаатар бас морь уяна. Одоо Олноо хүргэн морь сайн уяж байна, бас хурдтай. Энэ оны Дүнжингарав, Ховдын бүсийн наадамд соёолонд айрагддаг Батмөнхийн шаргал үрээ чинь манай энэ дүүгийн унаган адуу байгаа юм. Манайхны уяачид голдуу сум орон нутагтаа морио уядаг. Ганц нэг удаа намайг дагаж улсын наадамд ирж наадаж байсан. Удам гээд хөөвөл миний дээдэс гурав дөрвөн үеэрээ морь уяж байсан юм билээ. Төрийн том наадмын том уяачидтай юу харьцуулахав.Гэхдээ сум орон нутагтаа сайхан наадчихдаг улс байсан гэдэг юм. Миний авга ах  “шулга” хэмээх Тарвий гэж сайн уяач байлаа. Тэр ах маань 1940 оны Дорнод аймгийн баяр наадамд очоод таван түрүүг нь авсан байдаг юм. Тарвий ахын их хүрэн, бага хүрэн гэж хоёр хүрэн азарга Сүхбаатар сумын хурдан угшлын дээд үеийг бараг тарьсан.Ялангуяа хуучин Дарханхан сумын хурдан адуунуудын угшлыг хөөхөөр Тарвий ахын хоёр хүрэнтэй очоод нийлчихдэг. Сүхбаатар сумын хоёр Жамъян гэж мундаг уяачид байлаа.
-Ёст бэйсийн хошууны хоёр Жамъян  уу?
-Хөнхөр Жамъян, Тонгоон Жамъян гэж. Хөнхөр Жамъян нь манай тэр ахаас хөл нь муудсан халтар азарга худалдаж авч адуугаа сайжруулж байсан юм гэнэ лээ.Тэгэхээр тэдний адууны дээд тал нь манайхны адуу болж таардаг.Ер нь Сүхбаатар, Эрдэнэцагаан, Асгатын адуунуудын ихэнхэд нь манай адууны цус орсон байдаг юм. УИХ-д нэр дэвшээд Эрдэнэцагаанд уулзалт хийж байхад Уулбаян, Мөнххаанд олон жил сум нэгдлийн орлогч даргаар ажиллаж байсан Эрдэнэцагааны уугуул Лхагваа гуай “Миний хүү ахыгаа амьд сэрүүн байгаа дээр угшлын судалгаа хийж аваарай. Тарвий гуайн адуу Сүхбаатар битгий хэл Эрдэнэцагааны Хулстай, Хайлаастайд их бий шүү” гэж хэлж байсан юм. Мөн Түмэнцогт дээр нэг уулзалт хийчихээд дуусч байтал нэг хүн ирээд “Тарвий гуайн талаар би их сайн мэднэ шүү. Дүү минь уулзаж яриарай” гэж  байсан. ТИС-ийн архитекторын сургуулийн багш байсан сайнаар яривал хамаатан болох Батбаяр гэж багш байсан. Тэр хүн ахын морийг унаж түрүүлж, айрагдаж байсан тухайгаа 
сайхан дурсаж билээ. Тэгээд надад “Манай Тарвий ахын адуунууд үгүй мөн ч хурдан байсан шүү. Нүдэнд чинь харагдтал ярьж өгөхсөн” гэдэг байсан. Харамсалтай нь хоёр жилийн өмнө бурхан болчихсон л доо. Энэ мэтчилэн ахыг, манай адууны удам судрыг мэддэг хүмүүс цөөрөөд байгаа болохоор би нутаг руугаа байн байн явж настай улстай уулзаж, адууныхаа удам судрыг нэлээд судалъя гэж боддог болоод байгаа.
-Саяхны нэгэн ярилцлаган дээр аавынхаа тухай их сонин түүхийг ярьсан байсан? Тамганы тухай....
-Миний аав малд их хайртай «сумын Сайн малчин”, ”Мэнд сүрэгтэн” болж байсан хүн. 1930-аад оны үед Дорнод аймгийн Халхгол суманд таван жил цэргийн алба хаасан юм билээ. Нэг удаа явж байгаад хятад цэргүүд загас барьж байхтай таарч л дээ. Манай аав  багадаа хийдэд шавилж байсан ном сонин уншчихдаг. Нэлээд сүсэгтэй, өр зөөлөнтэй хүн байсан юм. Тэгээд тор дүүрэн загасны амийг аваръя гэж шийдээд,  тавьчихаач гэж гуйсан байгаа юм. Тэгсэн нөгөө хэд нь “тэгвэл чи нүцгэн биен дээрээ тамга даруул” гэсэн юм гэнэ лээ.Аав маань түүнийг нь зөвшөөрч тамгалуулаад загаснуудыг аварч байсан гэдэг юм. Бас нас нэлээд дээр болсон хойноо бараг бүх шүд нь унаад ганцхан том шүд үлдчихсэн байсан юм. Тэгээд хөдөө явж байтал адуу өеөдчихсөн байхтай таараад цулбуураараа хөлнөөс нь оосорлож татаж босгосон юм билээ. Тэгсэн нөгөөх нь босохдоо хөлөөрөө өшиглөөд үлдсэн ганц шүдийг нь унагаачихсан байсан. Эндээс харахад аав маань мал амьтанд их хайртай хүн байсан байгаа юм. Бараг 90 хүрээд бурхан болсон. Магадгүй тийнхүү урт насалсан нь залуу цагийн тэр мэтийн буянт үйлийнх нь үр ч байж мэднэ.Аавын маань тэр малд хайртай зан бидэнд  ямар нэг хэмжээгээр өвлөгдсөн гэж боддог.
-Адууг тартагт нь тултал уралдуулдаггүй зэргээс чинь харахад магадгүй л юм?
-Адуугаа хайрлах хэрэгтэй л дээ. Тэгж байж амжилт гаргана шүү дээ. Миний моринд ийм их дуртай байдаг нь ханьтай маань бас холбоотой. Миний хань Ховд аймгийн Мянгад сумын буюу алдарт Чонон саарлын нутгийн хүн. Мянгадын Чимидийн гэдэг зарим нь Мишигийн цагаан тавагт хар гэж аймгийнхаа наадамд дөрөв түрүүлсэн хурдан хүлэг байсан. Тэр манай хадмын дээд угшлын адуу. Тэр утгаараа манай хүн адуу маланд их дуртай. Би авто замын газрын дарга байхдаа ид морины ажлын дундуур Мянганы замын ажлаар хөдөө 5-6 хоногоор явчихна. Тэр хооронд манай хүн  дүү нартайгаа үлдээд адуугаа манаад л байж байсан. Ер нь миний морьд тэгж сайн давхин амжилт гаргаж байсан нь гэр бүлийн минь хүнтэй салшгүй холбоотой. Гэр бүлийн хүн дэмжихгүй бол амжилт гаргахад бэрх шүү дээ. 
-Тэгэлгүй яахав. Нутаг орондоо хэд хэдэн хөшөө босгож томоохон уралдаануудыг зохион байгуулж байсан юм билээ. Тэр талаараа хуучлаач?
-2002 онд би аймгийнхаа 60 жилийн ойгоор морь барианы газарт алдарт Нийгмийн хонгорынхоо хөшөөг барьсан. Тухайн үедээ нэлээд өндөр өртгөөр бүтсэн тэр хөшөөг Сүхбаатар сумынхаа хэдэн сайхан найзуудтайгаа хамтран бариулж байлаа. Тэр бол манай аймгийн төвд байгуулсан Нийгмийн хонгорын анхны хөшөө. Санаа дагаад ч тэрүү тэр сайхан хурдан хүлгийг мөнхжүүлснээс хойш миний морьд их сайхан давхисан. Мөн УИХ-ын гишүүн байхдаа 30 сая төгрөгийн төсөв батлуулан өгч Нийгмийн хонгор, Орлой хонгорын хөшөөтэй хурдан морины хөшөө цогцолборыг аймгийнхаа төвд байгуулсан. Дан ганц морь ч гэсэнгүй бөхөд бас анхаарал хандуулж,2005 онд даншигийн их Аварга Өсөхбаярын хөшөөг төрөлх Сүхбаатар сумандаа байгуулсан. Даншигийн наадамд арав түрүүлсэн Их аварга Өсөхбаяр маань манай сумын хүн шүү дээ. Манай ааваас надад өвлөгдөж ирсэн адууны тамга бол сартай чандмань. Түүнийгээ бэлгэдээд 2011 оны үед Дарьганга, Наран, Онгон сумдын хилийн зааг Гурван хонгорын ширээ дээр морин хуурын хөшөө барьж, нутагтаа чандмань гурван хөшөө байгуулсан. Үүгээрээ бас бахархаж явдаг. Мөн 2002 оны Морин жилээс эхлээд сумандаа жил бүрийн 6-р сарын 1-нд 100 дааганы уралдааныг зохион байгуулдаг болсон. Энэхүү уралдаан одоо ч гэсэн зохион байгуулагдаж байгаа. Хамгийн гол нь энд түрүүлж айрагдсан даагануудын 30 орчим хувь нь улс, бүсийн наадмуудад түрүүлж, айрагдсан байдаг юм. Жишээлбэл улсын наадамд Энхбатын Холхоон зээрд, миний Дааган хулан түрүүлсэн. Тэгэхээр бас чансаа өндөр байгаа биз.
-Тийм байна. Хүмүүс цолны мялаалга наадам хийдэг байхад та морины хишиг түгээсэн байдаг юм билээ?
-Тэгэлгүй яахав. Алтан туурайтнуудынхаа буянаар л өдий зэрэгтэй сайн сайхан амьдарч бас чиг өвгөд дээдсийнхээ нэр алдрыг мөнхжүүлэн амьдарч байна. Би үүнийгээ ховор хувь зохиол  боддог.Тиймээс нутгийнхаа адууны хурдыг сайжруулах, сурталчлах, хурдан хүлэг шинээр тодруулах, уяачдыг алдаршуулах зорилгоор хийсэн өөр нэг ажил маань “Морины хийморь” уралдаан байгаа юм. 2003 онд Дааган хулангаа түрүүлсний дараа “Морины хийморь-1” гэсэн сайхан уралдаан зохион байгуулж, түрүү айрагдсан морьдын эздийг дөрвөн ханатай иж бүрэн тавилгатай гэрээр мялааж байлаа. Дараа нь 2009 онд Ажнай хүрэнгээ зүүн бүсэд түрүүлсний дараа “Морины хийморь-2” уралдаанаа Сүхбаатар, Дарьганга сумдад зохион байгуулсан. 2015 онд сумын маань бага сургуулийн 90 жилийн ой болно. Тэр үеэр “Морины хийморь-3” уралдааныг зохион байгуулж магадгүй. Арван жилийн өмнө 80 жилийнх нь ойгоор би унаган зээрд даагаа түрүүлгэж байсан юм.
-Төр түшилцэж, хууль батлалцаж, ММСУХ-ны тэргүүлэгчээр олон жил ажилласных  сүүлд батлагдсан шинэ стандартын талаар ямар бодолтой байгаа вэ?
-Би дан монгол адуугаар үржил селекци явуулж байгаа цөөн хүний нэг. ММСУХ-ны тэргүүлэгчээр 20-иод жил ажилласан. Тэргүүлэгчээр ажиллаж байх хугацаандаа би монгол адууны ген фондыг устгаж болзошгүй асуудлууд дээр зуун хувь эсрэг байр суурьтай  байж, түүнийгээ илэрхийлдэг байсан. Одоо ч гэсэн монгол адуугаа тусад нь уралдуулаасай. Хөдөөгийн хөх уяач нь төрийнхөө наадамд ирж уралдаад уясан хүлгээ түрүүлгэж, айрагдуулдаг байгаасай гэж хүсдэг.Явж явж монгол наадам, морин уралдаан гэдэг үндэсний тусгаар тогтнолтой холбогддог. Тэр утгаар нь маш хүндэтгэлтэй, болгоомжтой хандах хэрэгтэй. Ер нь тэгээд нарийн яривал баяр наадмын тухай хуулинд “зургаан насны морь уралдуулж” гэсэн үг өгүүлбэр байдаг болохоос биш есөн насны гэсэн үг үсэг байхгүй шүү дээ. Тэгж үзвэл энэ эрлийз ангиллын уралдаан хууль бус л болж таарч байгаа юм. Тэгээд түүн дээр нь үндэслээд Ерөнхийлөгч цол олгоод байгаа нь өөрөө бас учир дутагдалтай зүйл л дээ. Нөгөө талаараа ардчилсан нийгэмд цөөнх нь олонхидоо захирагдаж амьдардаг зүй тогтолтой. Өнөөдөр эрлийз адуутай хүн нийт уяачдын хэдэн хувийг эзэлж байна. Цөөхөн шүү дээ. Тиймээс нийгмийнхээ шаардлагыг дагаад олонхынхоо эрх ашгийг хүндэтгэж амьдрах хэрэгтэй. Энэ чигээрээ яваад байвал монголын өв соёлыг тээж яваа хусуур бүсэлсэн хөдөөгийн хөх уяачид улсынхаа наадамд ирж уралдахаа байна шүү. Уралдааны морины стандарт тойрсон асуудал дээр ер нь ард түмний саналыг сонсох хэрэгтэй дээ. Аймгуудын МСУХ-ны салбараар дамжуулаад санал авахад болохгүй зүйлгүй дээ.
-Нэг үе төрийн торгон сүргийг бүрдүүлэх талаар ярьдаг байсан. Тэр уг нь хэрэгжүүлэх л ёстой санаа байсан даа?
-Монголын төр адууныхаа талаар тодорхой бодлого боловсруулах хэрэгтэй л дээ. Ядаж л монгол адууны цөм сүргийг бий болгох хэрэгтэй. Энэ асуудлаар би нэг үе яриад овоо хүчээ авч байснаа орхигдчихсон. Төрийн гурван өндөрлөгийг орон нутагт ажиллахад их олон адуу бэлгэнд ирдэг юм. Тэднийг цуглуулаад түүн дээр нь түшиглүүлээд төрийн торгон сүрэг бий болгож, төрийн адууны тамгатай болъё. Тэрхүү сүргээсээ Монгол улсын сайн малчдаа шагнадаг байя гэдэг санаачлагыг Энхбаяр даргыг Ерөнхийлөгч байх үед гаргаж байлаа. Үүнийг хэрэгжүүлэхэд болохгүй зүйл байхгүй юм.
-Ярилцлагаа энэ хүрээд жаргаая. Бидний урилгыг хүлээн авч, өргөн сэдвээр илэн далангүй ярилцсан танд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээх болтугай.

А.Тэлмэн


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна