Аймгийн Алдарт уяач Д.Гомбосүрэн: 60 жил хурдан морины уяа тааруулж байна

А.Тэлмэн
2015 оны 1-р сарын 19 -нд

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын хийморилог уяачдын түүчээ аймгийн Алдарт уяач Д.Гомбосүрэнгийн яриагаар үргэлжилж байна.

-Алдартын хурдан морьтой холбогдсон түүхээс яриагаа эхэлье дээ. Хэзээнэс хурдан хүлгийн уяа сойлгыг тааруулах болсон бэ?
-1954 оноос эхлэн хурдан морь уясан гэхээр  60  жил болж байгаа юмуу даа. Цэргийн алба хааж ирчихээд сумынхаа наадамд зургаан насны морь уяж  байсан юмдаг. Түүнээс хойш наадам алгасаагүй ээ. Биднийг залуу байхад наадам одоогийнх шиг элбэг байсангүй. Гэхдээ сум орны наадам болгонд морины сүүл боож, уралдуулж байсан. Хамгийн анхны айргаа соёолон морь айрагдуулж амсч байлаа.
-Уяаны эрдмийн А үсэг заасан багш тань хэн бэ?
-Миний төрсөн ах Зана гэдэг хүн байсан юм. Ах маань мэддэг чаддагаа харамгүй хуваалцаж байлаа. Мөн манай нутгийн Ховоо, Дорж нарын зэрэг хүмүүсийн морийг би багадаа унадаг байсан юм. Тэгэхдээ тэр хүмүүсээс багагүй зүйлийг сурч мэдсэн. Тэгээд л амьдралын явцад наадмаас наадмын хооронд суралцаж явсаар өнөөдрийг хүрлээ дээ. Төвийн мундаг уяачидтай зүйрлэх аргагүй ч өөрийнхөө хэмжээнд арга туршлага хуримтлуулсан гэж боддог. Моринд нэг орсон хүн холдож чаддаггүй. Би нэг үе аж ахуйн алба хашиж, төлөвлөгөө нормд захирагддаг байсан ч завсар зайгаар морио уяад л байдаг байсан. Ер нь наадамд алгасч үзээгүй.
-Алдартын нэрийг дуурсгасан ямар ямар хурдан буянгууд байв?
-Олон л адуу байсан даа. Хээр морь байлаа, бас нэг буурал морь байлаа. Манай нэг хар ногоон буурал гүү байсны үр удмууд будандуу хар ногоон морьд сайн давхидаг байсан. Ах маань хамтрал, коммун гэж байхад хэдэн адуу авсан байдаг. Газар газраас ирсэн адуунууд юм гэнэ лээ. Тэдний үр удмууд сайхан давхиж байсан.  Мөн хар дээлтийн халтар гэж сайхан хурдан азарга байлаа. Манай энд Лувсангийн Шарав гэж хурд ихтэй, сайн уяач байлаа. Тэр хүний зүүн хойно Хэнтийгээс авчирсан хонгор халзан азарга байсан. Түүний угшлаас авсан. Тэр хүнийг би дагаж нэлээн хэдэн жил морь уясан юм.
-Таныг залгамжлан уяж байгаа залуус бий биз дээ?
-Одоогоор морь уяж байгаа нь манай хүү Мөнхтүвшин л байна даа. Аймагт болон Өргөн суманд нааддаг. Өнгөрсөн жил Төв аймгийн Лүн суманд очиж их морь аман хүзүүдүүлсэн. Энд тэндхийн наадамд яваад зөндөө л айраг түрүү авлаа гэдэг юм. Мөнхтүвшингийн хүү бас уяна. Өнгөрсөн хавар аравдугаар анги төгссөн. Ач хүү маань сайн уях байх гэж боддог шүү.
-Урам хугалахгүй гэдэг итгэлтэй байна. Хурдыг олонтойгоо хэмээдэг. Гадагшаа гарсан давхиж байгаа ямар адуу байна?
-За би нэг их олныг ч зарж үрээгүй ээ. Манай хүү ноднин Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумаас харин хоёр адуу авав уу даа.
-Сэтгэлд хоногшсон сайхан наадмын дурсамжаар яриагаа өндөрлөвөл ямар вэ?
-Равжаа хутагтын 90 жилийн ой юм уу даа. Би ажилтай байгаад араас нь очсон юм. Хүүхдүүд түрүүлээд адуугаа аваад явсан юм. Тэгсэн соёолон үрээ айрагдсан байсан. Тэгэхэд л их сайхан санагдаж байлаа.
-Энэ мэтчилэн сэтгэлд хоногшсон сайхан дурсамжит наадмууд олон байх болтугай. Ярилцсанд баярлалаа. Урт насалж удаан жаргаарай.

"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна