Аймгийн Алдарт уяач Н.Дарамренчин: “Радиогоо чанга дээр нь тавиад сайн сонсож байгаарай” гээд ам гарчихсан
Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Намнангийн Дарамренчингийн ярилцлагыг хүргэж байна. Монголын хурдан морины түүхэн дэх “гялалзсан од”-дын нэг алдарт алаг азаргаар нь уншигчид түүнийг эчнээ мэдэх билээ. Үгээ залгиж, дүр эсгэдэггүй Алдартын яриаг уншигч та таалан болгооно уу?
-Цуут хүлгийн эзэнтэй нүүр тулан уулзаж буйдаа баяртай байна. Алаг азаргыг зарим нэг нь Бураа хэмээх Пүрэвжав агсны адуу гэдэг бол нөгөө нэг хэсэг нь Баадуу Доржийн адууны угшилтай хэмээдэг юм билээ. Тэдний хэнийнх нь зөв бэ?
-Аль алиных нь зөв болж таарах байх. Алаг азарганы эх тал нь Баадуу Дорж гуайн адууны угшилтай, харин эцэг тал нь Бураа Пүрэвжав агсны адуу гэгддэг юм. Пүрэвжав гуай амьд сэрүүн ахуйдаа “алаг азаргыг манай адууны угшилтай” гэдэг байсан. Пүрэвжав гуай хүргэн “эрүү” хэмээх Лхагваадаа хүрэн үрээ бэлэглэсэн нь их хурдалсан гэдэг. Миний алаг азарга бол тэр хүрэн азарганы төл.
-Эх талыг нь жаахан дэлгэрүүлээч?
-Баадуу Дорж гэж хүнээс “эрүү” Лхагваа их алаг азарганых нь төл алаг азарга авахгүй юу. Тэрнийх нь төл хээр алаг гүүнээс миний алаг азарга гарсан юм билээ. Би өөрөө ч яг хараагүй л дээ. Мөнххааны уяачдын холбоо байгуулагдахад тэр хээр алаг гүүгээ, унагатай нь бэлэглэчихсэн гэж байсан.
-Та анх туувраас авахдаа хоёр талын удамтай хурдан адуу гэж мэдээгүй байсан биз дээ?
-Баян-Адрагын туувраас авсан болохоор тэндхийн адуу л гэж ойлгож байсан. Надад зарахдаа ч гэсэн тэгж л хэлж байсан юм. Тэгсэн улсын наадамд түрүүлснийх нь дараа жил отроор явуулаад, тэгээд л мэдсэн дээ. Миний адуугаа тавьсан айлд Лхагваагийн хүргэн Болдоо нь ирээд “манай адууных” гэж хэлсэн байсан.
-Улсад түрүүлж, айрагдахад нь таниагүй юм байх даа?
-Таниагүй л юм байлгүй. Улсад соёолон аман хүзүүдээд ирэхэд сонины сурвалжлагч удам угшлыг нь асууж байсан юм. Тэгэхэд нь “Баян-Адрагын адуу л” ярьж байлаа. Гол нь Баян-Адрагад дээр үеэс Дарийн Өндөрийн алаг адуунууд их хурдалж байсан. Тэдний л удам байх гэж бодож байсан юм.
-Унаган эзэн дээрээ уягдаж байсан гэнэ үү?
-Урьд нь уяж байгаагүй гэнэ лээ. 1999 оны хоёрдугаар сарын 26 хүртэл Баян-Давааны баруун хойд адаг, Туулын голд адуугаа оторлож байгаад зуд болохоор нь хоёрдугаар сарын 26-нд Дарханы Хонгор луу тууж аваачиж өвөлжүүлсэн юм. Тэгээд тавдугаар сарын 31-нд адуугаа тууж авчраад байтал хойноос тууврын адуу туусан дөрвөн нөхөр явахтай таарсан юм. Тэр дөрвийн хоёр нь Дадал гаралтай хүүхэд, хоёр нь Баян-Адрагын таньдаг залуус байгаад. Адууг нь туулгаж авчруулаад харсан алаг азарга нүдэнд тусаад тэгээд тэр үеийн өртгөөр нь авсан даа.
-Тэр үеийн өртөг нь хэд байхав?
-1999 оны үед тууврынхан адуугаа хиамны үйлдвэрт дээд тал нь тавин мянган төгрөгөөр өгдөг байсан юм. Би тэр өртгийг нь өгөөд алаг азаргаа авсан. Бас Дадалын хурдтай айлын адууных гээд нэг цоохор байдас авсан.
-Ирсэн жилээсээ хурдлаад эхэлсэн гэдэг билүү?
-Тэгсэн.1999 оны хавар таван сарын 31-нд туувраас аваад, долоон сарын 8-нд Эрдэнэ сумын наадамд 80-аад үрээнээс хол түрүүлгэсэн юм. Дараа нь долоон сарын 12-нд Архустын тэжээлийн аж ахуйн 40 жилийн ой болоод 280-аад үрээнд хол түрүүлсэн. Тэгээд соёолон азарга улсын наадамд аман хүзүүдээд, хавчиг азарга түрүүлж, долоотой азарга зургаад давхиж, Дундговь аймгийн 60 жилийн аман хүзүүдсэн. Наймтайдаа Хэнтий аймгийн 80 жилийн ойд бас аман хүзүүдсэн.
-Таны алаг азаргатай эцэг эх нэгтэй өөр давхиж хурдалсан адуу бий гэнэ үү?
-Байхгүй ээ. Миний алаг л цоорч давхисан.
-Алаг азарга ямар уяатай адуу байсан бэ?
-Лхагваад байхдаа их ороо баригддаггүй, баригдахаараа их булгидаг адуу байсан гэнэ лээ. Надад ирээд нэг удаа тэгж ааль гаргаагүй ээ. Аргагүй халхын хурдан адуу байсан. Уяа нь зөв ч байсан, буруу ч байсан давхиж л байдаг. Надаас өөр олигтойхон хүнд таарсан бол олон түрүүлэх байсан байх. Соёолон азарга анх улсын наадмын аман хүзүүдэхдээ Эрдэнэчулууны том шаргатай уралдаж байсан юм. Дараа жил хавчиг азарга түрүүлэхэд нь Раашийн хүрэн аман хүзүүдэж байсан. 2002 онд долоотой азарга уяхгүй гэж байсан тэвчилгүй тарган уралдуулаад зургаагаар давхиулж, давхар уяагаар Дундговь аймгийн 60 жилийн аман хүзүүдүүлсэн. Тэгээд 2003 онд найман настайдаа азарга Хэнтий аймгийнхаа 80 жилийн ойд аман хүзүүдээд, Боржигоны бүсэд уралдуулахаар очоод үлийн нүх цөмөрч хөлгүй болгочихсон. Түүнээс хойш дахин уралдаагүй ээ. Дөрвөн жил уралдахдаа улсын чанартай уралдаанд нэг түрүүлж, гурав айрагдсан.
-“Их хурд-2”-т уралдсан билүү?
-Тэгсэн. Уг нь 17-д орсон ч 20-д ирсэн гэсэн үнэмлэх өгсөн.
-Наймтайгаасаа нь хойш дахин уралдуулаагүй ч олон сайхан төл аваа байлгүй. Эцгийн энд хүрэх адуу байна уу?
-Төлийнх нь төлүүд нь хурдалж байна аа. Алаг азарганы өөрийн төлүүд охин голдуу. Таван эр адуу гарсаны нэг нь Өвөрхангай руу гарсан, нэг нь Хэнтийн Баян-Овоод бий. Бас нэг нь Бэчээрэйн Далайд бий. Нөгөө Хэнтийн Дадалд Санжаагийн Одхүүд байдаг. Би өөрөө хүрэн үрээгээр нь азарга тавьсан. Төлийнх нь төлүүдээс нь энэ жил уянаа. Хүнд өгсөн төл азаргануудаас нь гарсан адуунууд хурдан байгаа дуулдана лээ. Дадалын Отгонсүрэнд нэг хавчиг хээр алаг азарга бий. Тэр нь эцэгтэйгээ ер нь их адилхан шүү.
-Алаг азарга тань хэд хүрсэн бэ?
-Миний адуу Эрүү Лхагваагийнд байдаг байсан юм. 14 настай байхад нь Лхагваа авчирч өгөөд, тэгээд Баян-Овоогийн нутагт байж байгаад хортой өвс идсэн юм уу яасан юм, 12 сард тарган сайхан азарга маань гурав хоног хар чацга алдаж байгаад бурхандаа явчихсан.
-Таныг улсын наадамд морь түрүүлгэж, сумынхаа нэрийг гаргана хэмээн ам гарч түүндээ хүрсэн гэдэг юм билээ. Үнэхээр тийн ам гарсан юм уу?
-Тэгээд хэлчихсэн тал бий. Би 1990-1993 онд Дадалын нэгдлийн даргаар ажиллаж байсан юм.Даргархаж албархаж сүйд болдоггүй, олныхоо дунд байдаг болохоор нутгийнхан надад сайн л даа. Тэгсэн 1994 онд хонины байтай сунгаан хийх сураг гараад. Би тэр хавар нь Батноровоос хавчиг азарга, хязаалан үрээ хоёр авчраад сумынхаа наадамд нөгөө хоёрыгоо түрүүлгээд, хувьчлалаар авсан нэг даагаа гурваар давхиулчихсан байсан. Эхнэртээ шөлний хонь авчирч өгье гэж бодоод нөгөө гурвыгаа аваад очлоо. Тэгсэн тэр багийн залуучууд морь малаа хөөх нь хөөгөөд, чирэх нь чирээд миний морьд аман хүзүүдэн, хонио авч чадсангүй ээ. Сунгааны дараа жаахан юм татаж суухдаа шар хөдөлсөн юм уу даа. “Та нар радиогоо чанга дээр нь тавиад сайн сонсож байгаарай, зургаа долоон жилийн дараа Хан уулын ард, Хатан туулын хөвөөнд Дадал гэдэг нэрийг Дарамхай нь гаргах нь уу, та нар гаргах нь уу” гээд хэлчихсэн юм. Тэрнээс зургаан жилийн дараа улсын баяр наадамд алаг соёолонгоо аман хүзүүдүүлж, дараа жил нь түрүүлгэн нутгийнхаа нэрийг гаргаж байлаа. 2001 онд би дотроо түрүүлчих байх гэсэн итгэлтэй байсан. Ямар сайндаа долоон сарын 8-нд “Моннис”-ийн захирал Чулуунбаатар, ах Чулуунзориг, Чулуундорж, Жаргалсайхан нарт нь “азарга түрүүлгэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч ирдэг юм гэсэн шүү. Та нар бэлтгэлтэй байгаарай” гэж хэлж байсан юм.
-Нэг гал уяанд морьдоо уядаг байсан юм уу?
-Би Заамар суманд байдаг Хайлаастын улсын алтны үйлдвэрийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт хангамжийн инженерээр ажилладаг байсан юм. Моннис хувьчилж авсны дараа нэг жил ажиллаад гарсан л даа. Тэгсэн алаг азарга айрагдсаны дараа “та манай компанийн нэр дээр морио уралдуулж байгаач. Сарын 100 мянган төгрөгөөр цалинжуулж байя” гэсэн юм. Тэгээд л би тэдэнд тэгж өмнө нь сануулж байгаа нь тэр.
-Азарга түрүүлээд ирсний дараа юу гэсэн бэ?
-Чулуунбаатар нь ирсэн, Чулуунзоригт нь Хятадад ажлаар явж байна гэсэн.
-Түрүүлэхийг мэдэж байж. Харин аман хүзүүддэг жил нь хэр итгэлтэй байсан бэ?
-Шөнө морио идүүлж яваад Босоожамсрангийнд орж “маргааш миний алаг үрээ ганцхан адууг дийлэхгүй дээ” гэж хэлсэн.
-Нэг адуу дийлэхгүй гэдэг нь шаргыг хэлж байсан юм уу?
-Тийм. Эрдэнэчулууны шаргыг хэлж байсан.Би чинь тэр үед алба хашдаг, дөрөвдүгээр сарын 17-ноос эхэлж тэжээгээд зургаан сарын 1 нд 100 мянган төгрөгийн бооцоот уралдаанд аман хүзүүдүүлсэн. Тэгээд тэрнээс хойш зургадугаар сарын 24-нийг хүртэл тавьчихсан. Тэр хооронд тэжээл өгсөн бол шаргыг хадуурах хооронд юу ч болоо билээ.
-2010 оны зүүн бүсийн уралдаанд хүрэн халзан азарга айрагдуулсан. Тэр хаанахын адуу вэ?
-Төв аймгийн Эрдэнэ сумын уугуул Ганбаатар гээд хуурай дүүгийн азарга. Би уяж өгсөн юм. Харин 2009 оны Дүнжингаравт би нэг хавчиг азарга дөрөвлүүлсэн. Бас Лхагваагийн адуу л даа. Шүдлэн үрээ авч байсан юм. Хориод шүдлэн үзүүлээд “дуртайгаа ав” гэхээр нь би цавьдар үрээ сонгосон. Тэрийгээ соёолонд том уралдаанд давхиулаагүй, жижиг наадмуудад арав гаруй түрүүлж, айрагдсан. Хавчиг азарга Дүнжингаравд дөрөвлүүлсэн. Уг нь бараг түрүүлчихээр хурдан байсан ч бас жаахан будилаад араас хөөсөөр байгаад дөрөвлөсөн. Дүнжингаравын дараа Даш-Өлзий гуайд зарчихсан. Хэрэв тэрэнтэйгээ байсан бол ганц хоёр айраг авах л байсан байх. Даш-Өлзий гуайд очоод улсад наймлаад, дараа жил нь Их хурдад арваар давхисан.
-Алаг азарганы эзэн уяачийн гараагаа хэдий үеэс эхэлсэн бэ?
-Манай аав, хоёр төрсөн дүү нь бүгд морь уядаг. Миний хоёр нагац ах бас морь уяна. Уяачдын дунд өссөн хүүхэд хурдан морь унахгүй байна гэж юу байхав.Долоон настайгаасаа эхлээд Дадалын аль хурдан гэсэн морьдыг зайдан унаж, уралдсан даа. Тавдугаар анги төгстлөө хурдан морь унаж, зургадугаар анги төгссөн жилээ нэгдлийн адуунаас шүдлэн үрээ сургаж уяад сумын наадамд аман хүзүүдүүлж байлаа.
-Өөрөө унасан уу?
-Өөрөө моринд томдоод хасагдчихсан болохоор шүдлэн өөр хүүхдээр унуулсан. Тэрний дараа жил долдугаар анги төгссөн зунаа хязаалан үрээ түрүүлгээд, хоёр их морио нэгийг нь түрүүлгэж, нөгөөг нь аман хүзүүдүүлсэн.Тэгээд есдүгээр анги төгсөөд нэг их морь аман хүзүүдүүлж, 10 дугаар ангиа төгсөөд Улаанбаатарт оюутан болж ирсэн дээ.
-Ямар сургууль төгссөн бэ?
-Хөдөө аж ахуйн их сургуулийг мал зүйч, зоотехникчээр төгссөн. Манай дээд талын буюу 1975 оны төгсөлтөөс шар Даваа, Содномцог хоёр уяач болсон. Манай төгсөлтөөс болохоор нөгөө ангийн Гантөмөр, Пүрэвдорж бид гурав уяач болох шив дээ. Гантөмөр гэдэг нь Аж үйлдвэрийн гавъяат ажилтан сая Манлай уяач болдог Туваанжав гуайн хүү.
-Пүрэвдорж гэдэг улсын Алдарт уяач мөн үү?
-Тийм байх. Нэгдлийн даргаар ажиллаж байсан.
-Оюутан байхдаа зуныхаа амралтаар морь уяж байв уу?
-Уяад айрагдуулна, түрүүлгэнэ ш дээ. Би ер нь азтай хүн байгаа юм.
-Нэлээд шартай айхтар унаач байсан болов уу гэж бодогдох юм?
-Ер нь л унаснаа айрагдуулж, түрүүлгэнэ шүү. Манай Дадалд Буриадуудын хойноос авчирсан Бурхан гээд алдартай хурдан хээр морийг унаж байсан Дорж гэж өвгөн байлаа. Тэр буурал надад анх морь хэрхэн уяхыг зааж өгсөн хүн. Дунд сургуульд байхдаа их морь түрүүлгэж, айрагдуулсан гэж дээр ярьсан шүү дээ. Тэр үед Дорж гуай 60 гарчихсан өвгөн надад бүх уяаг нь зааж өгсөн юм. Тэр хүнээс нэлээд зүйл сурсан шүү.
-Нэгдлийн үед та ямар ажил алба эрхэлж байсан юм бэ?
-1976 онд их сургуулиа төгсөөд гадаад худалдааны Монгол экспорт нэгдэлд Орос руу гаргах адууг бэлтгэдэг байсан. 15 жил тэнд ажилласан. Эхний зургаан жил зоотехникчээр ажиллаж, хашаанд нь үзлэг хийн, тарга хүчийг нь шалгадаг байлаа. Тэгээд гурван янзын үнээр худалддаг байсан юм. Тэгээд сүүлд нь яахав дарга нь ухаантай болсон.
-Тэр он жилүүдэд Монголын сор болсон адуунуудыг гаргасан гэдэг юм билээ?
-Үнэн, үнэн. Жилд 60-80 мянган адуу Оросын Улаан-Үдийн мах комбинат руу явдаг. Шаардлагад тэнцүүлэхийн тулд 15-20 хувийн запастайгаар тэр үеийн нэгдлийн адуунаас бэлтгэдэг байлаа. Бараг аравхан хувь нь азарга, хөгшин морь гүү ирнэ. Бусад нь дандаа нэгдлийн залуу морьд үрээ, байдас байдаг байсан.
-Газар газраас ирсэн тэр сайхан адуун дунд авчихаар хурдан шинжтэй юм олон л байсан байлгүй. Та тэндээс адуу мал авч байгаагүй юу?
-Авбал шоронд орно ш дээ. Ганц ч адуу аваагүй. Тэгээд ч би тухайн үед Улаанбаатарт амьдардаг. Тэр үед адуу аваад хаана ч тавихав. Би Баян сумын Мааньтын адуу баазад ажилладаг. Тэнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор гээд найман аймгийн адуу ирдэг. Сэлэнгэ аймгийн адуу баазад Архангай, Булган, Завхан, Хөвсгөл гээд дөрвөн аймгийн адуу ирдэг байсан. Говь-Алтай, Ховд аймгаас болохоор нэг жил бэлдээд, газар хол гээд дахин бэлтгээгүй юм. Хоёр газраас жилдээ 12 аймгийн 60-80 мянган адуу Орос руу гардаг байлаа. 1990 оноос амьд адуу мал худалдах нь зогссон доо.
-Тэр олон аймгийн адуунаас хаанахын адуу арай илүү ялгардаг байсан бэ?
-Хэнтий, Сүхбаатарын адуу илт ялгарна. Аль ч талаараа илүү. Хэнтий, Сүхбаатарынхан гүүгээ барьдаггүй болохоор адуу нь чилгэр сайхан л даа.
-1990 онд нутагтаа очоод нэгдлийн даргаар гурван жил ажилласан гэсэн. Тэр албаа өгөөд л морь уясан уу?
-Би улсын наадамд дөрвөн жил л явсан.Тэгээд яахав өөрийн амьдралаа хөөгөөд компани энэ тэр гээд зав ч гараагүй. Миний зорилго бол Дадал гэдэг нэрийг гаргах л байсан. Түүндээ ч хүрсэн. Улс, бүсийн наадмаас нэг түрүү, зургаан айраг авсан. Улсын Алдарт уяач болоход ганц айраг дутуу. Нас яваад ирэхээр түүнийгээ гүйцээгээд цолоо авчих юмсан гэж бодогддог л юм байна.
-Хүүхдүүд морь уях уу?
-Уяхгүй ээ, уяхгүй. Тус тусдаа гараад Улаанбаатарт амьдарцгаадаг. Харин 12 настай байхад нь Норовлингоос авчирсан хүү маань л хэдэн малаа малладаг. 12 настай сургууль соёлд ч сураагүй айлын хүүхэд манайд урвачихаж байсан юм. Одоо бол 22 настай том залуу. Тэр хүүдээ хашаа хороо, мал хуй бэлтгээд хөдөө байгаад байгаа юм.
-Таны морийг унадаг байсан юм уу?
-12 настай ч гэсэн бичиг үсэгт тайлагдуулъя гээд зургаан настнуудтай нэг ангид оруулсан. Тэгээд дөрөвдүгээр анги төгсөөд мал дээр гарч, мал маллаж байна. Энэ хүүгээ авгай хүүхэдтэй болгож, айл болгох санаатай зүтгээд байна. Дан монгол адуугаар наадах боломжгүй болох байх гээд хүний азарганд гүү тавьж, ганц нэг төл авлаа.
-Ингэхэд та ер адуу малны наймаа хийж байна уу?
-Дүнжингаравт айрагддаг азаргаа Даш-Өлзий гуайд 15 саяар зарсан. Миний амьдралдаа үнэ хүргэж зарсан адуу тэр. Энэ хавиараа ганц хоёр саяар үрээ, байдас зардаг л даа. Түүнээс биш яг хурдлуулаад зарсан нь тэр цавьдар азарга л байна.
-Сая Дүнжингаравын үеэр таныг "Эрдэнийн очир" одонгоор шагнаж, хүү тань шагналыг чинь авч байгаа харагдсан. Одонгоо харав уу?
-Харж амжаагүй л явна. Хүүгээ ирэхээр нь харьж байгаад үзнэ дээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж явах болутгай.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна