МУ-ын Алдарт уяач З.Дамдинсүрэн: Манайх гурван үеэрээ улс, аймгийн цолтой уяачид

Тэлмэн
2015 оны 5-р сарын 26 -нд

Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Зодовын Дамдинсүрэнг эрхэм уншигч та бүхэнтэйгээ уулзуулж байна. 1996 онд тухайн үеийн болзлын дагуу төрийн хишиг хүртсэн буурал уяач өдгөө Улаангом сумнаа аж төрдөг юм билээ.
-Увс аймгийн Зүүнговь сумыг хэзээнээсээ хурдтай хэмээдэг. Хурдан хүлгүүд тэнцдэг нутаг усныхаа талаар манай уншигчдад ярьж өгөөч?
-Манай сум их элсэрхэг, Тэс голын сав нутаг л даа. Дээр үеэсээ дамжиж ирсэн Тэс угшлын хурдан адуутай. Нэлээн том  биетэй, мах багатай адуу байдаг юм. Сэрвээний өндөөр ялгахад зарим нь эрлийз гэдэгт орохоор. Шалтгаан нь ус, ургамлаасаа болдог юм болов уу гэж боддог.
-Байгаль, газарзүйн чухам ямар онцлог нөлөөлж байна вэ?
- Манай нутагт Цагаан гол, Баян нуур гэж гол, нуур бий, Өгөөмөр гэж жижиг уул бий. Элсэн дотор байгаа учраас бид нар Өгөөмөр хайрханаа шүтдэг. Усны эх элснээс шүүрч гардаг, маш сайхан цэвэр тунгалаг, хүйтэн ус байдаг. Манай нутгийн өвлийн 40-50 градус хүйтэнд хөлдөхгүй, бүлээвтэр шахуу. Зуны 40-50 градус халуунд их хүйтэн. Бас өвс бэлчээр нь маш онцлог, тэжээллэг, амтлаг хээтэй өвстэй. Манайхан хээтэй л гэж хэлдэг юм. Унага төрсөн өдрөөсөө эхлээд тэр их элсийг давж бэлчээрт хүрнэ. Бэлчээрээсээ эргээд элс даван ус руу гүйнэ. Тэр чанараараа унаганы бие, булчин их багаасаа хөгждөг болов уу гэж би хувьдаа бодож байна. 
-Говийн адуу цээжний бяр ихтэй гэдэг. Тэс адууны бие галбирын онцлог юу вэ?
-Урдуураа бол цээж өргөн, нэлээн том толгойтой, хоншоор нарийн биш, хамар энэ тэр бол их сайхан адуу байдаг. Элстэй учраас их том тавагтай. Зүсний хувьд ихэвчлэн хээр, хүрэн гээд бараандуу.
-Баруун талынхан их морийг илүүд үзэж сайн адуугаа морь болгох нь элбэг. Танай энд?
-Тийм шүү. Энэ манайхны алдаа бадйсан байх. Үүнийг давтахгүй юм шүү гэсэн бодрол өгч байгаа. Одоо бол өөр л дөө.
-Нутгийн домог болсон цуутай ямар хүлгэд байсан бэ?
-Унаа тэрэг байхгүй мориороо л амьдарч байсан тэр үед өдөртөө аймаг руу мориор орж байсан түүхтэй. Манай сум аймгийн төвөөс 134 км шүү дээ. Онцгой бас цуутай хурдан хүлгүүд байсаан байсан. Дээхэн үед Жумарган хэмээх Иш гэдэг хүний хээр морь аймгийн наадамд 11 удаа түрүүлж байсан гэдэг. Миний мэдэхийн Гөлгөн гэдэг хүний шар морийг би өөрөө хүүхэд байхдаа унаж, аймагт хоёр удаа түрүүлж, хоёр удаа айрагдаж байлаа. Банпилын зээрд морь, Зундуйн зээрд морь, Гомбосүрэнгийн халиун морь, Хийрайвын  хээр гээд цуутай хүрдан хүлгүүдтэй хүмүүс байсан.
- Цэрэнжээ гуай нутгийнхаа адууг улсад айрагдуулж, түрүүлгэн Увсын адуу хурдан гэдгийг нотолсон. Газар холдоо улсад очихгүй байгаагаас биш улс, бүсийн наадамд дүүрэн багтах адуу гэж танайхан адуугаа үнэлдэг юм билээ?
-Би ч тэгж боддог юм. Даанч хол юм даа. Очлоо гэхэд бэлчээр таарахгүй хэцүү. Тэнд нутаг ус бэлчээрт нь дасах асуудал байна, тэр нутагт тохируулан уяж сойх нь байна. Цэрэнжээ бол тэнд нутаглаж байгаа учраас амжилттай байгаа байхгүй юу.
-Тэгвэл Дамдинсүрэн алдартын ямар хурдан хүлгүүд байв. Таны нэрийг гаргаж байсан хурдан хүлгүүдийнхээ талаар ярьж өгөхгүй юу?
-Энэ хугацаанд дандаа унаган морио давхиулж өдий хүрсэн. Би нэгдлийн жолооч байсан хүн. Малын тоо хязгаартай учраас тав зургаан л морьтой. Тэр морьд маань бүгд хурдан. Тэрийгээ уяж наадамд хөтөлж яваад л хоёр гурван түрүү, хоёр гурван айраг хүртдэг байлаа. Миний морьд бүгд цагаан зүсмийнх. Манайхан цагаан бор морийг улаан гэдэг. Адууныхаа зүсээр Улаан морьт гэж нэршсэн дээ.
-Улаан морьт Дамдинсүрэн гэгдсэнийг бодоход улаан морьд танд олон айраг, түрүү авчирчээ дээ?
-Аа тийм. Ахад нь их олон улаан морьд байлаа. Тоолбол 10 гаруй тооны улаан морьд их сайн давхиж, олон айраг, түрүү авчирсан байдаг юм. Онцгой олон айраг, түрүү авсан нэг адууг нь дурсахад надад нэг жижиг улаан морь байсан юм. Даагандаа сумандаа айрагдаад, таван настайдаа сумандаа түрүүлээд, за тэгээд их насандаа Тариалан, Наранбулаг, өөрийнхөө суманд олон түрүүлж, айрагдаж байсан. Тэгээд ер нь морь уяж сойно гэдэг чинь гэр бүлээрээ л хийх ажил шүү дээ. Ах нь олон хүүхэдтэй хүн. Хөвгүүд маань морь унаж, охид, гэр бүлийн хүн маань арын ажлыг хийнэ. Гэр бүлийн хүн, үр хүүхдүүд маань надад тусалдаг байсан болохоор миний ажил үйлс бүтэмжтэй байж, амжилттай сайхан нааддаг байсан гэж ах нь боддог юм.
-Тэгэлгүй яахав. Ихэнх уяачид дээдсээсээ уламжлан морь уясан байдаг юм билээ. Таны дээдэст хусуур бүсэлж, хурд хөтөлсөн хүн байв уу?
-Миний аав морь малаа цэвэрхэн эдэлдэг, уяа сойлгыг нь аятайхан тохируулчихдаг, нутаг усандаа нэртэй хөдөлмөрч нямбай хүн байсан юм. Харамсалтай нь намайг 12 настай байхад 1952 онд бурхны оронд явсан. Тэгээд би аавынхаа тэр хөдөлмөрч чанар, сургаалийг нь өөрийнхөө бие сэтгэлд өрлөг болгож бага ч гэсэн өөртөө хэрэгжүүлж ажиллах гэж оролдон, 1953 онд 13 настайдаа морио өөрөө уяж сойгоод унаж уралддаг байлаа. 1958 оноос суманд морио айрагдуулан урам орж, их баярлаж билээ. 1961 онд сумынхаа АХ-ын 40 жилийн ойгоор морь түрүүлгэж, дараа нь аймаг байгуулагдсаны 30 жилийн ойгоор бас нэг морио түрүүлгээд л уяж сойх ажилдаа эргэлт буцалтгүй орсон доо. Энэ бол аавын маань ач буян шүү дээ.
-Дунд сургуульд байхдаа л анхны айраг, түрүүгээ авсан юм байна шүү дээ?
-Тийм. Би дөрөвдүгээр анги л төгссөн, боловсролгүй хүн дээ. Аав маань намайг дөнгөж дөрөвдүгээр анги төгсдөг жил өнгөрчихсөн юм. Тэгээд л цаашаа сурч чадаагүй. Тэрнээс биш сурвал сурах л байсан байх.
Дараа нь яахав айлын хүүхдүүдээр унуулсан. Сүүлд хүүхдүүдээрээ унуулж амжилт их өссөн. Яг одоо бол гурван үеэрээ морь малаа уяж сойгоод наадмаасаа айраг, түрүү хүртсээр л явна даа, ах нь. Дөрөвдэх үе маань одоо морь унаж эхэлж байна. Энийгээ хувьдаа их амжилт гэж үзэж байгаа юм. Тэрнээс биш улсын хэмжээнд бол бага амжилт л даа. Төр, түмний маань буян гэж нутаг ус, хангай дэлхийдээ мөргөж, дөрвөн аав ээжийнхээ заяа сахиусанд залбирч явдаг юм.
- Унаган улаан зүсмийн адуугаар их сайхан наадсан гэж та дурссан. Тэр адууны дээд удам угшилын талаар?
- Хоёр талын аавын маань л адууны угшил даа. Тэс нутгийн сав газрын адуу л гэж хэлэгдэнэ. Нэгдлийн үед азарга адуутай байж болохгүй болохоор айлын сайн азарганд хоёр гурван гүүгээ тавьдаг байхгүй юу. Азарга худалдаж авах шаардлага байхгүй л байсан. Зүүн аймгаас нэг азарга аваад хоёр гурван жил болж байна. Манай энд хүйтэн болохоор ирсэн жилээ жоохон турж гардаг юм байна лээ. Бэлчээрийн хувьд тэжээллэг шимтэй өвстэй болохоор одоо дажгүй ээ. Одоо үр төлүүд нь сайхан уралдаж байна.
-Нэгдлийн жолоочийн завгүй алба ажлыг яаж зохицуулж наадамладаг байсан юм бэ?
-Явнаа явна. Гурав хоног дотор очиж ирчих газарт морио хөтлөөд л явна. Бас чөлөө, амралт аваад ч явж байлаа. Гэхдээ энэ амжилтанд хүрэхэд миний зам тийм дардан байсангүй. Би 60-аад оноос намын гишүүн байсан хүн. Хатуу чанга дүрэм журамд баригдаж наадам хэсэж зугаа цэнгэл хөөлөө гэж шүүмжлүүлж, нутаг орны нэр гаргалаа гэж магтуулж ч явсан. Морь уях сонирхол маань юунд ч дийлдэхгүй дуртай зүйл минь байсан учраас л өдий хүрлээ. Тэгэхэд Улсын Алдарт уяач болно, уяач хүний хөдөлмөрийг дэмждэг байгууллага бий болно гэж зүүдлээ ч үгүй л явсан даа. Хожуу ММСУХ гэж 1995 онд байгууллагдаж, 1996 онд цагаан сарын баяраар надад улсын Алдарт уяач гэсэн цол хүртээсэн юм.
-Та тэр үед аймаг, сумын чанартай наадмаас хичнээн айраг, түрүүтэй байсан бэ?
-Тэгэхэд надад 40 гаруй түрүү, айраг бол олон л байлаа. Аймгийн наадмаас гэхэд зургаан айраг, түрүүтэй.
-Анзаарахад аль насны адуу гол төлөв айрагдуулж, түрүүлгэсэн байх юм бэ?
-Их нас, бага нас л уяж байсан. Би азарга нэг их уяагүй. Их нас, бага нас тэр дундаас соёолон морины айраг, түрүү олныг авсан. Одоо бол соёолон морин дээр улсууд шавчихаад явуулдаггүй. Дээр үед тийм байгаагүй ээ.
-Улсын наадам, улс, бүсийн чанартай наадамд очиж байв уу? Ер нь ЗГ-ын тогтоолт наадмуудад айраг, түрүү хүртэж байсан уу?
- Баруун аймгийн бүсийн наадамд очиж байсан. Ховд, Говь-Алтай, Завханы Тэлмэнд очиж байсан удаатай. Манай энд тооцогддог наадам бол зөвхөн бүсийн их хурд. Өөр улсын чанартай наадам байхгүй. Тэрэнд аман хүзүү, айраг, наймаар гээд гурван айраг хүртэж л байлаа. Манай энд 2005 онд “Баруун бүсийн аймгуудын Их хурд” бүсийн наадам болоход би хязаалан морь аман хүзүүнд хурдлуулсан. Дараа нь Ховд аймагт болсон даншиг наадамд шүдлэн морь наймаар оруулсан. Увс аймгийн 80 жилийн ойд үрээ, хязаалан, даага гэсэн бага гурван нас айрагдуулж байсан.
-Улсын наадамд зорьж очих юмсан гэдэг бодол байдаг уу?
- Аа тэр бодолгүй яахав. Бодлоос салахгүй л дээ.
-Уяач хэмээн цоллуулж яваадаа бахархаж бардамнахаас аргагүй хийморьтой наадсан наадмын дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Би аймагтаа дөрвөн морь хөтөлж ирээд хоёрыг нь айрагдуулаад, нэгийг нь түрүүлгэж байсан түүх бий. Тэр зун аймгийн наадам будилаад их насны морь эргээд зугтчихсан учраас нэг нь хоосон үлдсэн юм. Тэгээд маргааш нь Тариалан сумын ойд нөгөө морио хөтөлж очоод түрүүг нь авсан. Ингээд би дөрвөн морь хөтөлж ирээд хоёрыг нь айрагдуулж, хоёрыг нь түрүүлгэж байлаа. Энэ бол бахдалтай сайхан наадам.  Малчин сумын тэгш ойд таван морь аваачаад хоёрыг нь түрүүлгээд, хоёрыг нь аман хүзүүдүүлж, нэгийг нь гурваар давхиулсан. Энэ бол бас сайхан тохиолдол. Цагаанхайрханы модны үйлдвэрийн ойд хоёр морь аваачаад нэг нь түрүүлээд, нэг нь хоёрт ирж байсан түүх байна. Наранбулагийн ойд хоёр морь аваачаад их насны морь түрүүлээд, таван настай соёолон морь маань аман хүзүүдсэн. Давст суманд их насны морь хөтөлж аваачаад хоёрт ирж байсан. Адуугаа дандаа л хөтөлж явна. Энэ чинь миний зүтгэл, хөдөлмөрч чанар гэж боддог. Ховд аймгийн Мянгад сумын Алтанхөхий уулын төрийн тахилга наадамд хязаалан, даагатай очоод хоёуланг нь аман хүзүүнд хурдлуулж байлаа. Энэ мэтээр очсон газар бүртээ сайхан наадаж байсан даа.
-Адуугаа хөтлөөд явахад холын сумдад хэд хоноод хүрэх вэ? Зуны халуун, бороо усанд морь хөтөлж явахад бэрх биз?
-Холхон суманд бол гурван өдөр явна. Алтанхөхий явахад бол яг гурван өдөр болно. Өөрийн дуртай юм болохоор халуун, хүйтнийг тоохгүй шүү дээ. Дунд үедээ бол мотоцикльд аар саар юмаа ачаад явдаг байв.
Шөнөд нь морьдоо амраагаад өдөр нь газар дөхнө. Манай нутгийн халуунд ялаа тийрэгнээд их аюултай. Цайвар зүсний морь улаан халзан болтол хазна. Зүүнговь сумаас Улаангом хүртэл ямар ч айл амьтан байхгүй эзгүй хээр, худаг олж усалсан болоод л явахад морины гэдэс гүзээ, суга цавь улаан халзан болчихдог. Дээр нь юм нөмөргөхгүй бол тийм айхтар бүдүүн тийрэгтэй. Манайхан тийрэг гэж ярьдаг юм.
-Манай нутагт бол хөхтүрүү гэдэг. Тэр бас адууны уяа сойлгонд нөлөөлнө биз?
-Хөхтүрүү, ногоон толгой гэж аюултай амьтан бий. Моринд яаж сайн байхав. Их хатгуулахаар гэдэс нь хавдчихдаг. Зогсох арга байхгүй, яваад л байна. Харин шөнө тийрэг хэвтэхээр морио идүүлчихээд, тойруулж утаа тавьчихаад манааж хононо. Өвсгүй газар бол чөдөрлөчихөөд хараад хононо доо.
-Аль газрын наадам илүү сайхан болох шиг байдаг вэ?
-Наадмууд бүгд л сайхан болно л доо. Гэхдээ би Малчин сумын наадам сайхан болдог гэж үздэг. Наадам сайхан болно гэдэг чинь зохион байгуулалт сайн, будилаан энэ тэргүй уралдаанаа хийчихдэг, үйлчилгээ сайтай, хоол унд элбэг байхыг л хэлнэ шүү дээ.
-Очсон газрынхан Зүүнговийн Улаан морьт ирж байна гээд л хүндэтгэлтэй хүлээж авдаг байв уу?
-Тэр нь их сайхан. Морь хөтлөөд явж байгаа хүнийг ард түмэн их хүндэлнэ, айлууд их зочломтгой сайхан хүлээж авдаг. Тэгээд бас айл болгонд ч буухгүй л дээ. Энэ боломжийн айл юм шиг байна гэсэн айлдаа л буухаас биш, морины босоо цагаан хийморь гэж бас байна.
-Ер нь хурдан морь гэдэг хүүхдийн зулай шиг л эмзэг байдаг гэж хүмүүс ярьдаг. Тэр утгаараа их л олон цээр сахих ёстой гэдэг?
-Аан тийм. Одоо ингээд хэлчихэж болж байна уу, үгүй юу. Бэлэвсэн айлаас бас хичээдэг. Болж өгвөл тийм айлаар орохгүй, согтуу хүн амьтантай нэг их таарахгүйг хичээж явдаг. 
-Танай Зүүнговийн наадам хэр өтгөн болдог вэ?
-Өтгөн болноо. Аймагтаа бол Тэс, Зүүнговийн адуу байнгын айраг, түрүүтэй ноёлдог байлаа. Хаана л наадам болно тэр хоёр сумын морь айраг, түрүү авч байсан. Одоо бол бүх сумд хурдтай болж байна. Зүүн аймгаас адуу их зөөж байна, эрлийз болоод өөр янз бүрийн угшилтай адуунууд их авчирч байна.
-Хуучны арга барилаараа уяж байна уу? эсвэл шинэ цагийн уяагаар нэмэлт тэжээл өгч байна уу?
-Хуучнаараа уяж байна. Гэхдээ арай л шинэ цагийн уяагаар уясан морьдын амжилтанд хүрч чадахгүй байна. Тийм болохоор тэжээж эхлээд байгаа. Яг үнэнийг хэлэхэд тэжээлийн учрыг нь ч олж чадахгүй л байх шиг. Хуучнаар уябал амар л байна. Тэгэхээр бас өвөлжин тэжээж байсан адуунд тамираар хүрэхгүйн зовлон хэцүү.
-Одоогийн уяачид та нарын үеийн уяачдын хэмжээнд уяж чадаж байна уу?
-Одоо харахад өдөр нь их ажиллаж байна. Янз бүрийн тарилга хийнэ, тэжээл өгнө ч гэх шиг. Шөнө нь бол ерөөсөө ажиллахгүй байнаа. Бидний үеийнхэн чинь дөрвөн сараас эхлээд хээр хононо. Тэр үед Майн баяраар морь уралдуулдаг байлаа. Тэрэнд морио уралдуулах гээд дөрвөн сараас хээрээр гэр хийнэ.  Том ойнууд бол дандаа намар болно. Ялангуяа сангийн аж ахуйнууд тариагаа хурааж дууссаны дараа ойгоо хийдэг. Намар орой ес, арван сард хээр хоноход даараад л, шөнөжин гал түлээд суугаад хононо шүү дээ.
-Наадмын сураг дуулаад л хэд хоногийн өмнө морио барьдаг вэ?
-Янз янз л байна. Өмнө нь наадамд явж ирсэн бол 20 хоногийн өмнө, эхний наадам бол 30 хоногийн өмнө барина. Хавар бол нэмэгдэл тэжээл гэж байсан биш, тарган оруулах хэрэгтэй учраас хэдхэн хоног сойгоод л уралдуулдаг. Харин зундаа их олон хоног сойно. Хавар нь Майн баяр, зун долоон сард наадам, намар САА-н ой гээд цөөхөн уралдаан болно. Социолизмийн үед овоо тахилга гэж байгаагүй. 
-Тэр үеийн бай шагнал ч одоогийнхтой харьцуулалтгүй биз?
-Бай шагнал бага л даа. Сүүлийн үест томоохон наадмууд нь угалзтай монгол гутал өгөх юм уу, эсвэл нэг даага өгнө. Бүр том бай өглөө гэхэд бага насны морь өгдөг байв шүү. Би бол мориноос нэг их орлого олно гэж бодоо ч үгүй, олоо ч үгүй. Ерөөсөө зарлага л гардаг. Сүүлийн үедээ л мотоцикль, зурагт, хивс их цуглуулж байлаа.
-Байны морь нэмэгдээд малын тоо толгой илүү гарч бас төвөг болдог байв уу?
-Үнэнийг хэлэхэд тэрийг авчраад хэдэн төгрөгнөөс хүнд өгчихдөг байсан. Малын тоонд хязгаарлагдаж хүнд бас морь өгч л явлаа.
-Олон жил морь уяад ирэхээр айраг, түрүүнд орох морийг мэдэрдэг болчихдог. Таны хувьд?
-Тэрийг бол би дотроо л өнөөдөр тэр юм дуулгах байх гэж бодохоос биш хэлж үзээгүй ээ би. Хүн болгон л морио түрүүлж, айрагдуулах гэж олон хоног хөдөлмөрлөдөг болохоор тэрийг товойлгож ярих дургүй л дээ. Яахав дотроо бол бодож л байлаа. Одоо ч би хэлэхээс илүүгүй боллоо доо. Манай хүүхдүүд л уяж байна.
-Та хэдэн хүүтэй вэ?
-Ах нь 12 хүүхэдтэй. Хүүхдүүд бүгд сургууль соёлоо төгсөөд  ажил алба хашиж байна. Би хөгшинтэйгээ хоёулаа үлдсэн. Төв рүү орж ирээд хоёр гурван жил болж байна. Мал маллаад мянгат малчин болж үзлээ, сум болоод аймгийн Сайн малчин цол ч хүртлээ. Адуу овоо хэдэн юм байнаа, 60-70 орчим.
-Хэдэн онд Алтангадас одонгоор шагнуулсан бэ?
-2008 онд.
- Уяач хүнд заавал байх ёстой чанар, үүрэг хариуцлага юу вэ?
- Эрийн гурван наадмын нэг морио уяж хурдлуулан наадамчин түмнээ баярлуулах,  уяач гэдэг алдрыг сэвтүүлэлгүй авч явах, дээр нь дээд үеэс уламжлагдаж ирсэн адууны өв соёлыг хойч үедээ өвлүүлж үлдээн, зааж сургах ёстой. Би ч өөрийн хэмжээнд залуустаа зааж сургаж явдаг болохоор нутаг орныхондоо   хүндлүүлж явна.
-Танаас уяаны эрдэм суралцсан хэр олон залуучууд байна вэ. Тэдгээрээс цолтой хичнээн уяачид байна  вэ?
-Аймгийн алдарт уяачид хэд хэд төрсөн шүү. Манай нэг дорын хүүхдүүдээс Баараа, Пүрэвжав, Лхагвасүрэн гээд залуучууд Аймгийн Алдарт уяач болцгоосон. Миний хүү  Аймгийн Алдарт уяач, ач хүү маань бас Аймгийн Алдарт уяач.
-Энэ жил төрийн наадамд Тод манлай Даваахүү гуайн хүү азарга түрүүлгэсэн. Дараа нь Даваахүү гуай “өөрөө морь түрүүлгэхээс илүү үр хүүхдүүд морь түрүүлгэх чинь илүү сайхан байдаг юм байна” гэж ярьж байна билээ. Танд бас тийм мэдрэмж төрөх үү?
-Тэгэлгүй яахав. Үе дамжсан уяачийн авч байгаа айраг, түрүү учраас их баярлана. Тэгээд бас хүнд зарсан морь давхивал бас их баяртай байдаг даа. Дээр ярьсанчлан цөөн тоо толгой малтай үед нутагтаа болон гадагшаа сум руу морь өгсөн удаатай. Тэр морьд сайн давхиж байсан. Түүнээс биш ямар нэгэн төрлийн наймаанд их муу, хөдөлмөрөөрөө л өдий хүрсэн хүн.
-Танай нутгийн эмээл өөрийн гэсэн онцлогтой гэх юм билээ. Таных ямар эмээл вэ?
-Энэ Амрааны Баядын битүү ястай эмээл. Нөгөөдөх нь битүү ясгүй, зөвхөн хоёр бүүргэндээ ястай. Бугын  эврийг зүсэж хийсэн. Халх эмээлийг бодвол жоохон цул бүүрэгтэй гэхүү дээ. Бүүргийг бол дандаа модны ур, үндсээр, хоёр хавтасыг нь том хус модоор хийдэг. Эмээл, хөөрөг, гаанс гээд баяд эр хүний хэрэглэдэг  зүйлүүд бүгд бий. Ташуур л харин сүүлийн үеийнх.
-Нутгийн бас нэг заншил сайн мориныхоо дэлийг нь засдаггүй гэж дууллаа?
-Дэлийг нь засдаггүй, дэлэнд нь гар хүрдэггүй юм. Өөрөөр хэлбэл их шүтэж, биширч байгаагийн хэлбэр. Мөн морио дээдэлж дэлэнд нь хадаг уядаг байлаа.
-Увс аймгийнхан бугуйлчаараа алдартай. Та хэр сайн бугуйлч вэ?
-Бугуйлддаг л байлаа. Ер нь бугуйлдаггүй хүн манай энд байхгүй.
- Хурдан морь нэлээд олон жил цоллосон гэсэн байхаа. Танай удам сударт дуулж хуурддаг,  ерөөл магтаал хэлдэг, бэлэн цэцэн үгтэй тийм хүмүүс байсан уу?
- Манай удамд сайхан ерөөлч магтаалч хүмүүс байсан юм билээ. Би ч бас дууны жоохон авъяастайдаа морь цоллож байлаа. Тэгэхэд морь цоллогч цөөн байсан болохоор очсон газарт цоллоод өгөөч гэвэл татгалздаггүй л байв. Одоо бол хүүхдүүд хүртэл цоллож байна. Манай энэ хавийн аялгуу халх дуунаас шал ондоо. Түүгээрээ л өөр байгаа байх.
-Бидний урилгыг хүлээн авч энэ хол зорьж ирэн ярилцсан танд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь таныг болон үр хүүхэд, ач зээ нарыг чинь өнө мөнхөд ивээж явах болтугай гэсэн бэлгэтэй сайхан ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе.
-За баярлалаа. Монголынхоо нийт уяачдад уясан хүлгийнх нь босоо цагаан хийморь ивээж айраг, түрүү хүртэж явах болтугай. Гол дээр нь төрсөн унага болгон нь босоо төрж, унаач хүүхдүүд нь золбоолог хийморьтой, авхаалж самбаатай, эрүүл энх байх болтугай гэж ерөөе.
А.Тэлмэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна