Аймгийн Алдарт уяач Д.Рагчаа: Аавын талын эрчүүд адуунд дуртай, сайн уяачид байдаг

А.Тэлмэн
2015 оны 6-р сарын 22 -нд

Завхан аймгийн Сонгино сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Рагчаатай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Харьцангуй залуу Алдарт байна. Аймгийн Алдарт уяач гэдэг орон нутагтаа ханасан цол шүү дээ. Хэдэн онд энэхүү цолны эзэн болж байв?
-2012 онд аймгийн Алдарт уяач болсоон. Ний нуугүй хэлэхэд цолоо авахдаа жаахан санаа зовж байсан шүү.
-Болзол нь биелчихсэн бол авахаас яахав?
-Наймдугаар анги төгсөөд ээжтэйгээ хөдөө гарч мал малласан. Тэр жил сумын 70 жилийн ой тохиож таараад хоёр үрээ уяж уяачийн гараагаа эхэлж байлаа. Түүнээс өмнө хүүхэд байхдаа Догсомжав ахынхаа шарга халзан морийг даага, шүдлэнд нь унаж айрагдуулсан. Мөн сумын Алдарт уяач Цэдэн-Иш гуайн Тэсээс авсан хонгор морийг даага, шүдлэн, хязааланд нь унаж айрагдуулж байлаа.
-Удам дамжсан уяачдын нэг гэж сонссон. Үгүй байх нь ээ?
-Манай өвөө, аав бүгд л морь уядаг байсан улс. Аавын сартай хонгор морь Цэцэн-Уул, Сантмаргаз болон тойргийн хэдэн суманд даага, шүдлэн, хязаалан, соёолон дараалан түрүүлчихээд,нийлсэн хойноо дахиад тав түрүүлсэн. Энэ хавийн дархан хүлгүүдийн нэг л дээ. Мөн нэгдлийн адуунаас хонгор үрээ сургаж уяад хязаалан, соёолон сумандаа түрүүлгэж, Нийгмийн хонгор гэдэг хурдан адуу болгосон юм билээ. Хонгор морийг түрүүлэхэд байнд нь ирсэн хээр даагыг мөн уяж сумандаа айрагдуулж, түрүүлгэж байсан гэж манай ээж, нутгийн ах дүү нар ярьдаг юм. Өвөөгийн дүү, Санараг гэж хүн зүүн аймгаас адуу авчирч адууныхаа угшлыг сайжруулж олон шарга адуутай болсон юм гэнэ лээ. Ер нь манай аавын талынхан адуунд дуртай, сайн уяачид. Намайг зургаан настай байхад аав маань бурхан болсон учраас би сайн мэддэггүй юм. Бид эцэг эхээс есүүлээ. Би айлын отгон хүү. Таван хүүгээс гурав нь хотод байдаг. Догсомжав гэдэг ах маань “Энхтайван” нэгдэл гэж байхад арав гаруй жил адуу малласан. Би араас нь залгаж малчин болж, морь уяж байгаа нь энэ.
-Нийгмийн хонгор, сартай хонгор нэгдлийн адуунууд уу?
-Өвөө, аав хоёр адуугаа нийгэмчлээд 2-3 адуутай  л үлдсэн юм гэнэ лээ. Нэг удаа идэшний адууны бичиг  цохуулж аваад очтол адуучин нь “тэрийг ав” гээд хээр гүү зааж. Нөгөөхийг нь хүнсэндээ хэрэглэх гэтэл өөрийнх нь адууны гүү байж л дээ. Тэгээд “энэ жил өнжөөчихье” гээд идэлгүй үлдээсэн юм гэсэн. Тэр нь хавар унагалж эр хонгор унага гарч, эх нь хөгшин гүү байсан болохоор намар нь үхчихсэн гэсэн. Тэгэхээр Нийгмийн хонгор, мөрийний хээр “Энхтайван” нэгдлийн адуу ч уг гарлаараа өвөө, аав хоёрын маань нийгэмчилсэн адууных болж таардаг.
-Гурав дахь үеийн уяачийн уясан хүлгэд хэзээнээс давхиж эхэлсэн бэ?
-16-тайгаасаа уяачийн гараагаа эхэлсэн. 2003 онд Цэцэн-Уулын Цэгээн нуурын захад Рэнчин гуай Хөдөлмөрийн баатар болсныхоо мялаалганд зориулж 100 даага уралдуулахад шарга гүүний төл хүрэн үрээгээ уяж дөрвөөр давхиулж байлаа. Гэнэт саналаа, өмнө нь сунгаанд түрүүлээд, сумын баярт зургаалсан байсан юм байна. Түүнээс хойш 11 жил дараалан сум, бүсийн наадамд морьдоо айрагдуулж байна даа. Тэр хүрэн үрээ шүдлэн болдог хавар хоёр хүн ирчихээд зарчих гээд гуйгаад байхаар нь мал төллүүлээд завгүй байсан болохоор өгөөд явуулчихсан. Түдэвтэйд очоод жижиг наадмуудад олон айрагдсан гэнэ лээ. Түүний дараа манай унаган борогч гүүнээс бор унага гарч, даагандаа 2004 онд сумынхаа баярт айрагдаад, Түдэвтэй сумын наадам, бэсрэг наадмуудад уралдаж таван медаль авсан. Тэр бор үрээ соёолон болтлоо хаана ч тавьсан айраг, түрүү алдаагүй. Морин соёолон сумынхаа баяр наадамд аман хүзүүдээд, Шар нуруу багийн мянган адууны баярт түрүүлж, Түдэвтэйн бооцоот уралдаанд гурваар, Баян-Айраг багийн мянган адууны баярт дөрвөөр давхиад, Нөмрөгийн сургуулийн ойд долоогоор орсон. Бүдүүн морь болоод сумынхаа АХ-ын баярт нэг түрүүлээд, Зүүнхангай суманд очиж гурваар давхисан. Тэгээд хөлөнд нь гэм суугаад уяхаа байсан даа. Түүний дараа бас нэг бор үрээ  даагандаа тав түрүүлж, шүдлэндээ айрагдаад, одоо арав дотор давхиж байгаа сайхан бор морь болсон.
-Хурдан хонгор азаргатай гэж байсан. Тэр хаанахын адуу вэ?
-Сартай хонгор азарга бий. Удам угшил нь гэвэл бас их түүхтэй. Манай ах нэг намар агт туухаар болж би хоёр морь авчраад зарах гэтэл “Нэгийг нь л авъя. Нөгөөхийг нь юу гэхэв” гээд аваад явсан. Тэгсэн нөгөө морио зүүн аймгаас ирсэн агтны шүдлэн үрээгээр солиод ирэв. Хонгор халзан үрээ намар ирээд өвлийн зуднаар их муудаж, өргөсөөр онд оруулсан юм. Тэгээд зун хязаалан үрээ уяж Баянхайрханы баярт аман хүзүүдүүлээд, сумынхаа сургуулийн ойгоор түрүүлгэсэн. Соёолондоо бооцоот уралдаан, Түдэвтэйн хангайн бүсийн уралдаанд хоёуланд нь түрүүлээд аймгийн баяр наадамд очиж таваар давхисан. Дараа нь сумын наадамд түрүүлэхэд нь хүмүүс хөлсийг нь авах гэж дайрч байгаад хөлийг нь доголгочихсон. Түүнээс хойш уралдаагүй ээ.
-Төлүүд нь уралдаж байна уу?
-Энэ жил хоёр хонгор, нэг хонгор халзан даага сойж байгаа. Хавар овооны тахилгад гурвуулаа цувж ирсэн. 2008-2009 оны үед юм уу даа. Манай ээж ХААН банкны таван сая төгрөгийн азтан болж, сая 800 мянган төгрөгөөр нь Баян-Өлгийн баруун бүсийн даншигт гурван морь айрагдуулсан Шоовдор гэж хүнээс Төв аймгийн гаралтай гүү авч өгсөн юм. Тэр гүүг хонгор азаргандаа хураалгаад энэ жил эр төл гарлаа. Ирэх жилээс уяна даа. 
-Аймгийн Алдарт уяач цол авахдаа хичнээн айраг түрүүтэй байсан бэ?
-Аймгийн баяр наадмын нэг түрүү, хоёр айраг. Сумынхтай нийлвэл 40 гаруй айраг, түрүү авсан байна лээ.

"Тод магнай" сэтгүүл №54

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна