Аймгийн Алдарт уяач Б.Бадраа: Өнөөдрийнх шиг ингэж баярлаж байcнаа санахгүй байна

А.Тэлмэн
2015 оны 9-р сарын 15 -нд

АХ-ын 94 жилийн ойн баяр наадамд хурдан хязаалангаа айргийн дөрвөөр давхиулсан Өмнөговь аймгийн Засаг дарга, аймгийн Алдарт уяач Б.Бадраатай "Говьшанхын хурд-5" уралдааны үеэр уулзаж  ярилцсанаа уншигч танаа хүргэж байна.
-Тав дахь удаагийн говийн бүсийн наадам өргөн дэлгэр боллоо. Бэлтгэл ажил эртнээс хангагдсан бололтой?
-“Говьшанхын хурд” говийн бүсийн уралдааныг УИХ-ын гишүүн Бат-Эрдэнэ санаачлан зохион байгуулж ирснийг сэтгүүлчид та бүхэн мэдэх байх. Тав дахь удаагийн уралдаан  Өмнөговь аймгийн баяр наадамтай давхцсанаараа онцлог бөгөөд илүү өргөн цар хүрээтэй болсон. Миний бие ахалсан зохион байгуулах комисс хоёр сарын хугацаанд бэлтгэл хангаж, баяр наадам маань өргөн дэлгэр сайхан боллоо. Байгаль эх, тэнгэр хурмаст бидний баярыг хуваалцаж, их сайхан өдрүүд тохиосныг тэмдэглэх нь зүйтэй байх. Мөн баяр дээр баяр нэмж, Өмнөговь аймаг маань Хөдөлмөрийн Гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдаж, Төрийн хан хуурч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Ц.Цэрэндорж гуай маань Ардын жүжигчин цол хүртэн, 45 иргэн төрийн шагналаар шагнагдлаа. Ийм сайхан баярт мэдээтэй Өмнөговьчууд баяр наадмаа өргөн дэлгэр сайхан зохион байгууллаа.
-Өргөн дэлгэр сайхан наадам болсон. Аймгийнхаа бөхчүүдийг тусад нь барилдуулж, цолонд хүргэх барилдааныг таныг санаачилсан гэх юм билээ?
-Энэ барилдааныг санаачлах болсон нь их учиртай. Өнгөрсөн жилийн аймгийн баяр наадмаар улсын цолтой бөхчүүд ирж, “бөхийн жүжиг” гээчийг дэглэсэн юм. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр улсын цолтой бөхчүүд дагуулж ирсэн залуучуудаа аймгийн цолонд хүргэхийн тулд жүжиг найруулсан. Нэг талаараа бүхэл бүтэн аймгийн ард түмнийг басамжилсан энэ түүх дахин давтагдахгүй байх үүднээс.Нөгөө талаараа нутгийн сайхан ирээдүйтэй залуусаа дэмжиж, урам өгөх үүднээс бид ярилцаж байгаад ийм шийдэлд хүрсэн юм. Тэрхүү зорилго маань биелж, ард түмэн сэтгэл хангалуун байгаад бид баяртай байгаа. Аймгийн Арслан Мажигсүрэн маань түрүүлж, хурц Арслан цол хүртэн, аймгийн заан нэг, аймгийн харцага нэг, аймгийн начин тав төрлөө шүү дээ. “Говь шанхын хурд” говийн бүсийн уралдааныг санаачлан зохион байгуулдаг болсноос хойш Өмнөговийн адуу чанаржиж, уяачид нь чадваржсан.
-Тийм шүү. Ялангуяа сүүлийн жилүүдэд Өмнөговьчууд одтой сайхан наадаж буй?
-Аймагтаа Засгийн газрын тогтоолт бүсийн наадмыг тогтмол зохион байгуулснаар уяачдын маань идэвх сэргэж, дор бүрнээ адуугаа чанаржуулахад анхаарч тэр хэмжээгээрээ амжилт үзүүлэн, хурдан хурц хүлгүүд олноор төрж байна. Зөвхөн морин спорт гэлтгүй манай аймагт үндэсний сурын харваа мөн маш сайн хөгжиж байгаа. Манай Өмнөговийн харваачид улсад дээгүүр бичигддэг. Шагайн харваанд гэхэд Өмнөговийн харваачид хоёр жил дараалан улсын Аварга болж, улсын Гарамгай мэргэн, Дархан мэргэн цолыг хүртлээ. Энэ мэтчилэн манай аймагт үндэсний спортын төрлүүд тэгш сайхан хөгжиж байгаа.
-Эрийн гурван наадам төр түвшин байхын бэлгэдэл гэдэг.
-Тэгэлгүй яахав. Төр улс түвшин байсан жилүүдийн баяр наадам өргөн дэлгэр, маргаан мэтгээнгүй сайхан болдог байсан тухай судлаачид ярьдаг шүү дээ. Манай аймагт морин уралдаан, сурын харваа сайн хөгжиж байгаа ч сүүлийн жилүүдэд улсын цолтой бөх төрсөнгүй. Тиймээс дээр дурьдсан орон нутгийн бөхчүүдийн барилдааныг тусад нь зохион байгуулж байга юм.
-Нутагтаа болсон Засгийн газрын тогтоолт наадамд Өмнөговийн уяачид амжилт арвин сайхан наадлаа. Нутгийн дэвжээгээ хамгаалан амжилттай наадсан уяачдын нэг нь та. Сүүлийн үед хурдан моринд нэлээдгүй шимтэх болжээ дээ?
-Манай уяачид дор бүрнээ одтой сайхан наадацгаалаа. Миний хувьд энэ жил сайхан нутгийн уул ус, сайн аав ээжийн буян заяа түшин одтой сайхан наадаж, улсын баяр наадмаас хоёр айраг хүртсэн. Үүний дараа нутагтаа болсон “Говь шанхын хурд-5” говийн бүсийн уралдаанаас нэг түрүү, гурван айраг хүртлээ. Хурдан хүлгүүд маань ийн хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд наадамчин олноо баясган нутгийн нэр дуурсгаж байгаа нь төрж өссөн нутгийнхаа ард түмнийхээ төлөө ажилласан хичээл зүтгэлийн минь үр дүн юм. Монголчууд эртнээс сайн санааны үзүүрт шар тос хэмээн бэлгэшээсээр ирсэн шүү дээ. Миний бие Өмнөговь аймгийн Засаг даргаар найман жил ажиллах хугацаандаа түмэн олонтойгоо хамтран багагүй зүйлийг хийж бүтээлээ. Говийнхон их ажилсаг хичээнгүй хүмүүс шүү дээ. Бидний тэрхүү хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж, илүү ихийг бүтээхийн урам зоригийг бэлэглэлээ.
 -Таны нэртэй морьд сүүлийн жилүүдэд их сайн давхиж байгаа шүү дээ?
-Монгол хүн, тэр тусмаа эр хүнийг мориноос салгаж ойлгохын аргагүй юм. Би сүүлийн жилүүдэд хурдан моринд нэлээд хорхойсч сонирхдог болоод байгаа. Урд шөнө гэхэд л  уяаныхаа ойролцоо очиж хоноод, өглөө морио гаргах гэж нэлээдгүй хөөрцөглөлөө. Миний адуу голдуу МУ-ын Тод манлай уяач А.Батсүхийн адууны угшилтай. Сүхбаатар аймгийн Засаг дарга Батсуурь бид хоёр нэг намын гишүүд. Мөн нэгэн зэрэг сонгогдон аймгийн дарга болсон. Хоёулаа адилхан морь сонирхдог гээд ижил тал олонтой. Тиймээс Батсуурьтайгаа ярьж байгаад Сүхбаатараас адуу авсан. Тухайлбал өнөөдрийн их насны морьдын уралдаанд түрүүлсэн Төвгөр саарал, айргийн гуравт хурдалсан Ембүү хар морьд маань Сүхбаатар аймгийн адуунууд. Өөрийн чинь хэлсэнчлэн сүүлийн жилүүдэд одтой сайхан наадаж байгаа минь уяач Тангаа буюу Батсүхтэй маань холбоотой. Би зөв хүнээ түшсэн гэж боддог. Бидний ганзага нийлж, морьд маань ч амжилттай сайхан давхиж байна. 
-“Говь шанхын хурд-5” говийн бүсийн уралдаанд Ембүү хар хадуураагүй бол хол түрүүлэх байлаа?
-Миний соёолон бас айрагдсан ч ажил амжихгүй байсаар байгаад эхний таван соёолон орсны дараа очсон. Шүдлэнг өндөлзөж байгаад л үзлээ, хоёр шүдлэн долоо, наймаар орлоо. Газар газраас ирсэн тэр олон алтан тууртын өмнө долоо, наймаар ороход сайхан л байна. Морийг машинаар дагахгүй, машин уралдуулахгүй, морио л уралдуулна гээд уриалчихсан болохоор их насны уралдааныг холоос жаахан дурандаж байгаад, асарт сууж хүлээсэн. Телевизээр ч морь гарч миний Ембүү хар тархинд, Төвгөр саарал гурав, дөрвөөр л давхиж байгаа харагдсан. Ембүү хар гарсан цагаасаа л өнгөлсөн ч барианы доохон ирээд хадуурч хашаа хүрээд дахин эргэж гуравт хурдаллаа. /хоёрын морь хасагдсан/ Цаанаасаа л миний морь түрүүлэх учиртай байсан юм байлгүй түрүүлж ирсэн морь зурхай дээр гэнэт гэдрэг ухарч саатан, Төвгөр саарал маань түрүүлж зурхай даван, Ембүү хар маань хадуурсан ч гэсэн араас нэхсээр айрагдлаа. Ганц би гэлтгүй наадамчин олон цөм сэтгэл түгшин харж байлаа. /инээв/
-Улсын наадмаас хоёр айраг хүртэхдээ ингэж догдолж байв уу?
-Үгүй шүү. Өнөөдрийнх шиг ингэж их баярлаж байснаа санахгүй байна. Сэтгэл догдлуулсан ховорхон сайхан уралдаан боллоо. Газар газраас ирсэн 175 их насны хурдан морьд уралдахад миний хоёр морь нэг нь түрүүлж, нөгөө аман хүзүүнд давхина гэдэг бол ховорхон тохиолдол юм.
-Наадамчин олон танаас дутахгүй сэтгэл нь хөдөлж байх шиг байсан. Хол хадуурсан ч аман хүзүүднэ гэдэг аргагүй хурдан хүлэг юм.
-Харин тийм. Хүмүүс морь хадуурчихлаа гэж шуугиад л дараа нь орох ёстой нь орлоо гээд л баярлаж байсан. Ембүү хар маань өмнө нь улсын наадам, өөр ганц хоёр наадамд явж байсан ч үүн шиг дээгүүр амжилт гаргаж байгаагүй. Говь шанхынхаа хурдад л сайхан амжилттай давхилаа.
- Улс, бүсийн наадмаас хичнээн айраг, түрүү хүртээд байгаа вэ? Улсын Алдартын болзлыг биелүүллээ гэх юм билээ?
-Тэглээ. Улсын цолны болзол үндсэндээ хангагдлаа. Би өөрөө зав чөлөөгүй ажилтай, үргэлж адуу мал гээд яваад байж чадахгүй. Монгол улсын Тод манлай уяач Агваансамдангийн Батсүх, Агваансамдангийн Төгсбат, Өмнөговь аймгийн МСУХ-ны тэргүүн Б.Амарсанаа гээд хэдэн сайхан дүү нар, найз нөхөд байна. Эд нарынхаа буянаар уяач гэсэн энэ сайхан алдар нэрийг хүртэн, аймагт нутаг орныхоо, аав ээжийнхээ нэрийг гаргаж сайхан баярлуулж яваадаа баярладаг. Энэ дашрамд танай сэтгүүлээр дамжуулан уяач дүү нартаа, найз нартаа “баярлалаа, та нарынхаа хүчээр ийм амжилт гаргаж яваа шүү” хэмээн талархлаа илэрхийлмээр байна. 
-Уралдааны замд унаач хүүхдийн авхаалж самбаа их чухал гэдэг. Уралдаанч хүүхдүүдээ танилцуулаач?
-Хөөрхөн хүүхдүүд бий. Тэр нь илүү, тэр нь дутуу гэх юм байхгүй. Манай Тангаа манлайг дагаад хэдэн сайхан залуучууд, хүүхдүүд байдаг. Тэд маань л миний морьдыг унадаг. Харин сүүлийн үед хүүхдүүд маань том болж, мориноос хасагдах гээд биднийг сандаргаад л байна.
/инээв/
- Ингэхэд “Говьшанхын хурд-5” уралдаанд хэдэн аймгийн уяачид ирсэн байсан бэ?
-Дундговь, Дорноговь, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Дорнод, Хөвсгөл, Говь-Алтай зэрэг олон аймгийн морьд ирсэн сурагтай байна. Засгийн газрын тогтоолт бүсийн уралдаан учраас уяачид маань ихээхэн ач холбогдол өгдөг л дөө. Монголд цуутай хурдан хүлгүүдээс гэх юм бол Тод манлай уяач Бат-Эрдэнийн Улс халзан азарга ирсэн. Ер нь нас болгонд энэ цагийн хурдан хүлгүүд уралдаж, улсын баяр наадмаас дутуугүй олон морьд оролцлоо. Бид говь нутгийнхаа хөрсийг хамгаалж, шороо тоос босгохгүй, наадамчин олноо хүндэтгэх үүднээс машин дагуулаагүй. УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд цөм асраас наадамчин түмэнтэйгээ хамт уралдаанаа үзсэн.
-Бай шагнал өндөртэйд тооцогддог юм билээ. Энэ жилийн тухайд түрүү хүлгээ хэрхэн мялаасан бол?
-Түрүүлсэн морио арав, түрүү бөхөө таван сая төгрөгөөр мялаасан. Бай шагналын тодорхой хэсгийг аймгийн төсвөөс гаргаж, Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгж байгууллага, нутаг орноо гэсэн сэтгэлтэй хүмүүсийн хандив дэмжлэгээр ихэнхийг нь бүрдүүлсэн дээ.
-Баяр наадмын дундуур, цаг заваа гарган ярилцсанд танд баярлалаа. Өмнөговьчуудын хийморь өөдөө байж, ажил үйлс нь өөдлөн дэвжиж байх болтугай.
-Баярлалаа. Тэр ерөөл бат сайхан оршиг.

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна